| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2023/0097/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/94 |
| Огноо | 2023-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч О.Амаржаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Амаржаргалд холбогдох 2332000000110 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1987 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг мандал сумын 6 дугаар баг, 37 дугаар байрны № 07 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхлэдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чорос овогт Отгонжаргалын Амаржаргал. /РД:МЭ87012477/
Шүүгдэгч О.Амаржаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө үүрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутагт байрлах Хараа амралтын орчимд голын эрэг дээр хамтран амьдрагч Г.Анартүвшингийн толгой, нүүрэн тус газарт гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Амаржаргалын өгсөн …. ... 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 22 цагт Хараа гол дээр найз нарын очсон. Тэгээд бид нар тэнд архи уусан. Шөнө 02-03 цагийн орчимд би хамтран амьдрагч Анартүвшинг Лхамаатай юм яриад сууж байхад нь очсон. Анартүвшин согтсон байна надад авчирч өгөөрэй гэж би Лхамаад хэлчихээд явсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Лхамаа, Анратүвшин хоёр алга болсон байсан. Би тухайн үед согтолт их байсан. Анартүвшинг би хайсан боловч олоогүй учир их бухимдсан. Гэгээ орох үед Анартүвшинг 150-200 метр зайд олж харсан. Тэгээд Анартүвшин дээр очоод хаачаад ирэв гэж маргалдаад түүнийг цохиж зодсон. Хана нь цохисноо сайн санахгүй байна. Миний буруу гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Г.Анартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд жоохон сууж байгаад гэгээ орох үед нөгөө хэд рүүгээ алхаж байтал Амаржаргал үгийн зөрөөгүй миний нүүрэн дундуур гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би яагаад намайг цохиод байгаа юм бэ гэсэн чинь Мөөжгийн дуудсан цагдаатай уулзаад ирсэн үү гээд гараараа намайг цохиод байсан. Тэгээд найзууд болох Лхамаа, Оюунаа, Тоогийн нар ирж салгасан. Тэгээд намайг төв рүү авч явна гээд байхаар нь би явахгүй гэж хэлсэн чинь Амаржаргалын найз Тулгаа гэх залуу нь одоо асуудалгүй хүргээд өгчихнө гэж хэлсэн. Тэгээд машин дотор ороод суугаад явж байсан чинь Амаржаргал үсдээд толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Би уйлаад намайг Амаржаргал хайраа гэж хэлээд дахиад цохиод байсан. .... Амаржаргал миний толгой руу цохисон цээж рүү цохисон, хөл рүү өшиглөсөн, ихэвчлэн толгой руу цохиод байсан. Баруун нүд хөхөрсөн, зүүн чих гадна талдаа хөхөрсөн, өвдөг орчимд хөхөрсөн байдалтай байсан гэх мэдүүлэг /Хх-н 07-08 дугаар хуудас/
Гэрч Г.Лхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2023 оны 08 дугаар сарын 09-ний үүрээр 04 цагийн үед байх Амаржаргал өөрийнхөө найз охин болох Анартүвшинг хайгаад надаас чамтай хамт байсан чи Анарыг олж ир гээд нэхээд миний гарнаас барьчихаад байсан. Би болохоор надтай хамт хамгийн сүүлд байсан, тэгээд майхны хажууд суугаад үлдсэн гэж хэлсэн. Тэгээд байж байтал Анартүвшинг Амаржаргал өөрөө харсан вюм шиг байсангүйгээд яваад өгсөн. Тэгтэл Анартүвшинг Амаржаргал гараараа нэлээд хэдэн удаа нүүр хэсэгт нь цохиод байсан. Би бол цохиж байхыг нь яг харсан. Тэгээд Анартүвшин Амаржаргал хоёр луу Оюун-Эрдэнэ, Тогтохмаа, Түвшинбаяр бид нар очиж болиулсан. Тэгсэн чинь Амаржаргал болихгүй та нар манай эхнэрийг цагдаатай унтууллаа шинжилгээг нь өгүүлнэ та нар зайл гээд янз бүрээр хараагаад байсан. Тэгээд Амаржаргал Анартүвшинг авч явна гээд Амаржаргалын найз Тулгаа гээд залуу машинтай ирчихсэн байсан.. Бид нар явуулахгүй гээд байж байсан чинь Анартүвшин таталт өгөөд Тулгаа нь голоос ус авчирч нүүр лүү нь цацаад гайгүй болсон. Тулгаа нь одоо би аваад явчихъя, би өөрөө хариуцаад аваад явчихна, ямар нэгэн асуудал болгохгүй гээд байхаар нь Анартүвшинг өгч явуулсан. Бид нар Хараа голын эрэг дээр буюу Хараа амралтын хажууд байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 10 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн № 148 ...... Дүгнэлт:
1.Г.Анартүвшингийн биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн чих, баруун хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чих, баруун хөлийн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаанд сарниулна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх /Хх-н 23-24 дүгээр хуудас/
Шүүгдэгч О.Амаржаргалын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 45 дугаар хуудас/
Шүүгдэгч О.Амаржаргалын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 46 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Амаржаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө үүрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутагт байрлах Хараа амралтын орчимд голын эрэг дээр хамтран амьдрагч Г.Анартүвшингийн толгой, нүүрэн тус газарт гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч О.Амаржаргалын хохирогч Г.Анартүвшингийн толгой, нүүр хэсэгт гараараа цохиж зодсон үйлдэл нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, хохирогчийн хүсэл сонирхлын эсрэг хүч хэрэглэсэн гэр бүлийн хүчирхийллээс болсон байх ба хохирогчийн биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн чих, баруун хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.Амаржаргалын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 05 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Г.Анартүвшин нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Амаржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Чорос овогт Отгонжаргалын Амаржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Амаржаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Амаржаргал нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 05 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Амаржаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, О.Амаржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Амаржаргалд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.