| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0792/З |
| Дугаар | 221/МА2026/0213 |
| Огноо | 2026-03-31 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2026/0213
“Б” ХХК -ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Б” ХХК
Хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09- ний өдрийн 11/105 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг буюу хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч компанид “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгохыг хариуцагчид даалгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0120 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0792/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09- ний өдрийн 11/105 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг буюу хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч компанид “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгохыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0120 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3, 27.3.3, 28 дугааp зүйлийн 28.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Б" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаар албан бичиг буюу хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Б" ХХК-д "Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгохыг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н давж заалдах гомдолдоо:
“...Б” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт, нэгж талбарын 1780300303 дугаартай, 1840 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар Барилгын ажлын зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргасан. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний тухайд Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл, Зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг үндэслэн олгодог.
"Б" ХХК нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаж Барилгын ажлын зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргасан ч маргаан бүхий байршилд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 60 дугаартай албан бичиг, "Г" СӨХ-ны 2025 оны 07 дугаартай албан бичгээр сургууль, цэцэрлэг, авто зогсоол, ногоон байгууламж болгуулах тухай хүсэлтийг тус тус ирүүлсэн. Уг албан бичгүүд дээр үндэслэж 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11/105 дугаартай "хариу хүргүүлэх тухай" албан бичгийг тус компанид хүргүүлсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0120 дугаартай шийдвэрийн 3 дахь хэсгийн 3.8-д хариуцагчийн татгалзал болох 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаар “Хариу хүргүүлэх тухай" албан бичиг хууль бус байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0120 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/23 дугаар захирамжаар Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 488 дугаар тогтоол, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01-218/6764 дугаартай албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК -д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн хаягт байрлах 1810 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ[1].
2.2. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08/14/25-1 дугаар албан бичгээр[2] Нийслэлийн Засаг даргад хандан “...Манай компани 2025 оны 2 дугаар сард барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсэж хүсэлт гаргасан. Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 11/73 тоот[3] албан бичгийг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 29-07 дугаар сарын 30-ны өдрүүдэд барилгажих талбайг стандартын дагуу хашаалах ажил хийгдсэн болно. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсэхэд хуульд зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно” заалтын дагуу ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гаргаж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргахад Хот байгуулалт, хотын стандартын газраас 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаар албан бичгээр “...Тус газарт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 60 дугаартай албан бичиг, “Г” СӨХ-ны 2025 оны 07 дугаартай албан бичгээр "тус газарт сургууль, цэцэрлэг, авто зогсоол, ногоон байгууламж болгуулах тухай" хүсэлтийг тус тус ирүүлсэн байна. Иймд Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т (Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно) гэж заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.” гэх хариуг өгсөн байна.[4]
2.3. Тус маргаан бүхий актын үндэслэл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаар албан бичигт[5] “...барилгын түр хашааг барьсантай холбогдон, оршин суугч, иргэдээс гомдол, санал ирүүлж байна. Иймд дүүргийн Засаг даргын А/474 дүгээр захирамж болон иргэдийн санал хүсэлтийн дагуу цаашид тус байршилд нэн тэргүүнд тулгамдаж байгаа сургууль, цэцэрлэг, авто зогсоол, ногоон байгууламжийн зориулалтаар болгох саналыг дэмжинэ үү.”, “Гэрэлт өргөө” СӨХ-ны 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар албан бичигт[6] “...Иймд тус байрны оршин суугчид Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд туслалцаа үзүүлэн, оршин суугчдын санал хүсэлтийн дагуу 1810 м.кв газарт барилга бариулахгүйгээр нийтийн эзэмшилд авч, цаашид тус байршилд нэн тэргүүнд тулгамдаж байгаа авто машины зогсоол болгох саналыг дэмжиж өгнө үү.” гэж тус тус дурджээ.
2.4. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно.”, 27 дугаар зүйлийн 27.3-т “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана”, 27.3.3-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон”, 28 дугаар зүйлийн 28.7-т “Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 28.5-д зааснаас гадна нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг тогтоох ажиллагаа явуулж болно.” гэж тус тус хуульчилсан.
Барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлийг Барилгын тухай хуульд тодорхой заасан буюу олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон байх, эсхүл зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд шаардлагатай гэж үзвэл нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг тогтоох ажиллагаа явуулсан байхыг хуулиар тодорхой зохицуулсан байна.
2.5. Маргаан бүхий Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсан “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийн үндэслэл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 60 дугаар, “Г” СӨХ-ны 2025 оны 07 дугаартай албан бичгүүд нь тус тус саналын шинжтэй байх төдийгүй олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн болохыг эрх бүхий байгууллага тогтоосон гэх шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.
2.6. Тодруулбал, олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоогоогүй, мөн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг тогтоох ажиллагаа явуулаагүй байхад саналын шинжтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 60 дугаар, “Г” СӨХ-ны 2025 оны 07 дугаар албан бичгүүдийг үндэслэж Хот байгуулалт, хотын стандартын газраас 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаар албан бичгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсан нь хууль бус болжээ.
2.7. Хот байгуулалт, хотын стандартын газраас 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаар албан бичгээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсан нь хууль бус болох нь тогтоогдсон хэдий ч зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхэд Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм, журамд нийцсэн холбогдох баримтыг бүрдүүлж өгөх, эрх бүхий байгууллагаас хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхээс шууд зөвшөөрөл олгохыг даалгах боломжгүй гэж үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0120 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3, 27.3.3, 28 дугааp зүйлийн 28.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаар албан бичиг буюу хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Б” ХХК -ийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, "Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгохыг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгасугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА