Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн туслах Г.Нямаа

Улсын  яллагч Ж.Очирбат

Иргэний нэхэмжлэгч: Д.Маам, Н.Энхмаа

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч Г.Лхам, Д.Дарьсүрэн

Шүүгдэгч Б.Батсуурь, Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн нарыг оролцуулан Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсгүүдэд зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Б.Батсуурь, Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн нарт холбогдох эрүүгийн 201612000133  тоот  хэргийг  2017 оны  01 сарын 31-ний  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 1 сарын 15-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн  Дэрэн  сумын 2-р баг, Гандангийн 1-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан, Цахар овгийн Бат-Эрдэнийн Батсуурь /РД:НЗ75011573/

            2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 8 сарын 21-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн  Дэрэн  сумын  1-р баг, Цантын 5-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Боржигон овгийн  Жамъянгийн  Түмэнжаргал /РД: ЗЖ74082112/

            3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 6 сарын 10-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн  Дэрэн  сумын  4-р багт оршин суух, улсаас авсан  гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Тайж овгийн Цэрэннадмидын Очирсүрэн /РД: ЗЖ73061017/

Шүүгдэгч Б.Батсуурь нь 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн  Дэрэн сумын 2 дугаар баг “Саруул Дугант”-ын 1-2 тоотод Н.Ичинхорлоотой хувийн  таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,  шүүгдэгч Б.Батсуурь, Ж.Түмэнжаргал Ц.Очирсүрэн  нар нь бүлэглэн 2015.12.30-наас 31-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 3-р баг, “Замт хөтөл” гэх газраас Д.Мөнхдүүрэнгийн  3 тооны хонийг хулгайлж 420000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр улсын яллагч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын  тайлбар болон  хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

1.Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт  хэргийн  талаар:

 

Шүүгдэгч Б.Батсуурь 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар баг “Саруул Дугант”-ын 1-2 тоотод Н.Ичинхорлоотой хувийн  таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох  нь хохирогч Н.Ичинхорлоогийн  “намайг 2016 оны 5 сарын 28-ны өдрийн 18 цагийн үед сумын төв дээр гэртээ ганцаараа байхад манай хүргэн  Батсуурь гаднаас согтуу орж ирээд эхнэр хүүхэд хаана байна гэж асуусан. Би яаж мэдэх юм бэ гэтэл миний өөдөөс  ална, хядна, дэвсэнэ шүү гээд  миний нүүр рүү баруун гараараа 2 удаа, зүүн гарлуу гараараа цохисон. Мөн  миний багалзуурыг шахаж, цээж хэсэгрүү гараараа цохиж зодсон. Би гомдолтой байна.  Миний зүүн гарын шуу хэсэг  яс нь цуурсан гэмтэл авсан. Эмчилгээнд зардал гараагүй” гэх  мэдүүлэг  /хх-ийн  28-29/,  насанд хүрээгүй гэрч Б.Лхагватогтохын “...2016 оны 5-р сард өдрийг нь санахгүй байна, ээж, дүү бид 3 гэрийн гадаа очсон  чинь эмээ гэрт уйлаад, орилоод байсан. Аав согтуу орилоод байхаар нь айгаад ороогүй, тэгээд ээж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/, гэрч И.Бямбарагчаагийн “Би гэрлүүгээ очтол Батсуурь чанга чанга дуугараад байгаа сонсогдсон. Би айгаад гэртээ  орж  чадахгүй  байж байтал ээж Ичинхорлоо хүн байна уу  гээд хашгирсан. Тэгээд цагдаа дуудсан  чинь ирээд Батсуурийг аваад явсан. Гэртээ ортол манай ээж уйлсан, нүүр нь хөхөрсөн, хамраас нь цус гарсан, зүүн гар ямар ч мэдээгүй болчихлоо гэж байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 48-рт/, Дундговь аймгийн  шүүхийн  шинжилгээний албаны 2016.06.02-ны өдрийн 243 дугаартай “...Н.Ичинхорлоогийн  биед зүүн гарын чигчий хуруу талын шуу ясны хугарал, дух хацар, шанаа, шуунд цус хурсан зөөлөн  эдийн  гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг  удаан  хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 62/, шүүгдэгч Б.Батсуурийн  шүүхийн  хэлэлцүүлэгт  өгсөн “2015 оны 5 сарын 28-ны өдөр намайг гэрт ороход хадам ээж Ичинхорлоо байхаар нь эхнэр хүүхдээ  асуусан. Тэгтэл архичин минь зайл гэж хэл амаар доромжлоод байхаар нь цээж рүү нь 2 удаа цохиод, гар луу  нь цохьсон. Хадам ээж Н.Ичинхорлоог зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсандаа гэмшиж байна...”  гэх мэдүүлэг  болон  бусад бичгийн  баримтуудаар тогтоогдож байна.

 

2. Бусдын эд  хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн  талаар:

 

Шүүгдэгч  Б.Батсуурь, Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн  нар нь бүлэглэн 2015.12.30-наас 31-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 3-р баг “Замт хөтөл” гэх газраас Д.Мөнхдүүрэнгийн  3 тооны хонийг хулгайлж 420000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох  нь  хохирогч  Д.Мөнхдүүрэнгийн “...Би 2015 оны 12 сарын 30-ны өдөр отроор Дэлгэрхангай суманд явсан юм. Тэр өдөр манай эхнэр төврүү тоглолт үзэхээр явлаа гэж ярьж байсан. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 12 сарын  31-ний өдөр утсаар яриад хашааны гадаа нэг хонины гэдэс цувуулаад хаясан хонь амьд байна гэсэн. Тэгээд малаа тоолтол манай малнаас 3 тооны хонь дутсан байна гэж хэлсэн. Буруу талын чих нь араасаа ганзага зөв нь эрхэм чихлээстэй 3 тооны хонь байсан. Нэг эр хонь, нэг эм хонь, нэг төлөг дутсан  байна гэж хэлж байсан. Хамгийн  сүүлд 2015 оны  12 сарын 30-ны өдөр сум явахдаа малаа хотондоо хашаад явсан гэж байсан. Эр хонио 180000, эм хонио 150000, төлөгөө 90000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, гэрч Н.Дэлгэржаргал, Д.Мөнхжаргал нарын  “...2015 оны 12 сарын  30-ны өдөр сумын төврүү тоглолт үзэхээр явсан. Тэгээд замын талд явж байхад цагаан  өнгийн  жижиг тэрэг өөдөөс гарч ирээд зогссон. Тэгээд би хажуу талаар нь ороод зогстол Түмэнжаргал, Батсуурь 2 нилээд согтуу байдалтай явж байсан. Тэгээд тоглолт үзэж дуусаад 05 цагийн үед хөдөө гэртээ ирээд амарцгаасан... Босоод хашаанаас малаа гаргатал нэг хонь хэвтээд үлдсэн, очоод хартал гэдсийг нь цоолоод хагас гэдэс нь гараад хөлдсөн  байсан.” гэх мэдүүлэг  /хх-ийн 42, 43/ шүүгдэгч Б.Батсуурь, Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн  нарын  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн “ ... 2015 оны 12 сарын 30-наас  31-нд шилжих шөнө бүлэглэн  Д.Мөнхдүүрэнгийнхээс  3 хонь хулгайлсандаа гэмшиж байна ....” гэх  мэдүүлэг болон хэрэгт  авагдсан  бусад  бичгийн болон эд мөрийн баримтуудаар тогтоогдож  байна.

 

3. Шүүгдэгч Б.Батсуурийн  урьд ял шийтгүүлсэн байдлын  талаар:

 

Шүүгдэгч Б.Батсуурь нь Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2000.08.01-ний өдрийн 151 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар  30000 төгрөгөөр торгох ялаар /хх-ийн 141-рт/,

- Төв аймаг дахь  Сум дундын шүүхийн  2003.05.13-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  181 дүгээр зүйлийн  181.2.1, 181.2.4 дэх хэсэгт  зааснаар 3 жил 20 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006.02.14-нд ялын хугацаа  дуусч суллагдсан /хх-ийн 133-135-рт/

- Дундговь аймаг  дахь Сум дундын  шүүхийн  2013.12.17-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн  98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын  хугацаагаар  баривчлах, мөн  хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан  хөнгөн  ялыг  хүндэд нь багтааж жинхэнэ эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоон, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014.12.17-ны өдрийн шүүгчийн  захирамжаар Эрүүгийн  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3.1, 74.5-д зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 27 хоногийн ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан /хх-ийн 135-140-рт/ болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дээрхи тэнсэн суллагдсан  8 сар 27 хоногийн хугацаа 2015 оны 9 сарын  13-ны  өдөр  дууссан  ба  энэ  өдрөөс  эхлэн  түүний  ялтай  байдал буюу Эрүүгийн  хуулийн  78 дугаар  зүйлийн  78.2.3 дахь хэсэгт заасан 5 жилийн  хугацаа тоологдох  ба 2015.8.11-ний  өдөр  батлагдсан  Анхны  ардчилсан  сонгууль болж байнгын  ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн  ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх  тухай  хуулийн  6 дугаар  зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүний  ялтайд  тооцогдох  хугацаанаас үлдсэн хугацааг   хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

4.Шүүгдэгч нарын  гэм буруу, оногдуулах  ял шийтгэлийн  талаар:

 

Эрүүгийн  байцаан шийтгэх  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн  хэлэлцүүлэгт  судлагдсан  дээрхи баримтуудыг үндэслэн  шүүгдэгч  Б.Батсуурийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт  хэргийг, шүүгдэгч Б.Батсуурь, Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн нарыг  бүлэглэн, тээврийн  хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт  хэргийг  тус  тус  үйлдсэн   гэм буруутайд тооцлоо.

 Шүүгдэгч  нарын  үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн  аюулын хэр, хэмжээ, шүүгдэгч  нарын  хувийн  байдлыг харгалзан Эрүүгийн  хуулийн  98 дугаар  зүйлийн  98.1 дэх  хэсэгт  заасан ялаас  хорих  ялыг сонгож шүүгдэгч Б.Батсуурьт, Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан  ялаас  хорих  ялыг  сонгон шүүгдэгч Б.Батсуурь, Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн  нарт  оногдуулахаар  шийдвэрлэлээ. Шүүгдэгч  нарын хувийн  байдал, эд  хөрөнгийн  байдлыг харгалзан  эд  хөрөнгө  хураах  нэмэгдэл ял  хэрэглэх  шаардлагагүй  гэж  шүүх үзлээ.

Шүүгдэгч  Б.Батсуурь нь бусдын бие махбодид  хүндэвтэр гэмтэл  санаатай  учруулах гэмт  хэргийг өндөр настан, биеэ хамгаалж чадахгүй  хүний  эсрэг  үйлдсэн  нь Эрүүгийн  хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.6 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх, шүүгдэгч Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн нар нь гэмт  хэрэг  үйлдэж  учруулсан  хохирлоо  сайн  дураараа  нөхөн  төлсөн  нь Эрүүгийн  хуулийн  55 дугаар  зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан  ял  хөнгөрүүлэх  нөхцөл байдал болж  байна.

Шүүгдэгч нарын  өмгөөлөгчөөс   Б.Батсуурь, Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн  нар бусдын эд  хөрөнгийг  хулгайлахад хохирогчийн  хайхрамжгүй  байдал нөлөөлсөн нь ял хөнгөрүүлэн  үзэх нөхцөл байдал болно гэсэн тайлбарыг  гарган мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй байна.  Учир нь: Хохирогч Д.Мөнхдүүрэнгийн мал нь тухайн үед хороондоо хашаатай  байсан ба гэрт нь хүн  байгаагүйг хохирогчийн  хайхрамжгүй үйлдэл гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн  хуулийн  57 дугаар  зүйлийн  57.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч  Б.Батсуурьт Эрүүгийн  хуулийн  98 дугаар  зүйлийн  98.1, 145 дугаар  зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан  хорих  ялыг хөнгөнийг  нь  хүндэд  нь багтааж, шүүгдэгч Б.Батсуурийн  биечлэн  эдлэх  ялыг  тогтоолоо.

Шүүгдэгч  Б.Батсуурь, Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн нар нь  хүндэвтэр гэмт хэрэг  үйлдсэн  байх тул тэдэнд оногдуулсан  хорих ялыг Эрүүгийн  хуулийн  52 дугаар  зүйлийн  52.5 дахь хэсэгт зааснаар  жирийн  дэглэмтэй  хорих  ангид  эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн  эд  хөрөнгөгүй болохыг дурдав.

 

5.Хохирол төлбөр, иргэний  нэхэмжлэл, бусад  асуудлын талаар:  

 

Шүүгдэгч Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн  нар нь  хохирогч Д.Мөнхдүүрэнд 420.000 төгрөг төлсөн гэх боловч энэ  талаархи  баримт  хэрэгт  авагдаагүй байна.  Хохирогч Д.Мөнхдүүрэн   хэргийн  материалтай танилцаад 42.000 төгрөг  хүлээн авсан /хх-ийн 146/ бичсэн боловч шүүх хуралдааны  зар  мэдэгдэхэд хохирлоо бүрэн  авсан, санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн  байх  тул хохирогч Д.Мөнхдүүрэнгийн  хохирол бүрэн төлөгдсөн  байна  гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн  нар нь  хохирогч Д.Мөнхдүүрэнд 420.000 төгрөг төлсөнийг болон хохирогч Н.Ичинхорлоо нь шүүгдэгч Б.Батсууриас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдлаа.

Шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч /хх-ийн 34/ Б.Энхмаа нь шүүгдэгч Б.Батсууриас эрүүл мэндэд учирсан хохирлоо хавтаст хэрэгт өгсөн баримтын

хэмжээгээр нэхэмжилнэ гэх ба хавтаст хэргийн 212-226 дугаар хуудсанд нийт 341.500 төгрөгийн  баримт  авагдсан  байна.

Шүүгдэгч Б.Батсуурь нь 2016.6.28-ны  өдөр иргэн Б.Энхмаатай хувийн таарамжгүй  харьцааны улмаас маргалдаж  улмаар зодон бие махбодид нь хөнгөн  гэмтэл учруулсан  болох нь хэрэгт авагдсан Н.Энхмаагийн  хохирогчоор өгсөн  мэдүүлэг, Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2016.07.01-ний өдрийн  297 дугаартай “...Н.Энхмаагийн  биед тархи доргилт, бугалга, мөрөнд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусдад зодуулсан  гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг  тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын  шатанд буюу 2017.1.19-ний өдөр Прокурорын 04 дугаартай тогтоолоор хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш эрүүгийн  хариуцлагад татах хугацаа  өнгөрсөн гэсэн  үндэслэлээр Б.Батсуурьт холбогдох “Б.Энхмаагийн  бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэх  хэргийг хэрэгсэхгүй болгосон  нь үндэслэлтэй байна.

Иймд иргэний нэхэмжлэгч Б.Энхмаад учирсан хохирол буюу 341.500 төгрөгийг шүүгдэгч Б.Батсууриас гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Энхмаад олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Батсуурь, Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн нар нь  бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэрэг  үйлдэхдээ Д.Маамын эзэмшлийн 68-06 ДУА улсын дугаартай “Nissan pulsar” маркийн автомашиныг ашигласан ба мөрдөн байцаагчийн 2016.8.31-ний  өдрийн тогтоолоор хураан авсан  байна.

Шүүгдэгч Д.Түмэнжаргал нь дээрхи тээврийн хэрэгслийг  ашиглахдаа эзэмшигчээс нь зөвшөөрөл аваагүй болох нь иргэний нэхэмжлэгч Д.Маамын шүүх хуралдаанд өгсөн  “2015 оны 12 сарын 30-ны өдөр  миний хүү тоглолт үзэх гээд явсан.  Тэгээд үзвэрээ дуусаад эргэж ирсэн. Машинаа хураалгахдаа хулгайд ашигласан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг, гэрч Ц.Цэрэнпүрэвийн “ би 2015.12.30-ны өдөр 19 цагийн үед сумын төвд тоглолт үзэх гээд байж байтал Түмэнжаргал ах ирээд машинаа өгчих, хөдөө яваад Очирсүрэнг аваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд машины түлхүүрээ өгсөн. Тэгээд 01 цагийн үед машинаа би өөрөө гэрээс нь очиж авсан” гэх мэдүүлгээр /хх-ийн 40-рт/ тогтоогдож байна.

Иймд уг тээврийн  хэрэгсэлийг хурааж  улсын  орлого болгох  боломжгүй бөгөөд  иргэний  нэхэмжлэгч Д.Маамд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт  эд мөрийн  баримтаар шүүгдэгч Ж.Түмэнжаргалын жолооны үнэмлэх, Д.Маамын  эзэмшлийн 68-06 ДУА улсын дугаартай “Nissan pulsar” маркийн автомашины гэрчилгээ зэргийг  хураан  ирүүлжээ.

68-06 ДУА улсын дугаартай “Nissan pulsar” маркийн автомашиныг иргэний  нэхэмжлэгч Д.Маамд буцаан  олгохоор шийдвэрлэсэн  тул эд мөрийн баримтаар  хураагдсан  гэрчилгээг Д.Маамд буцаан олгох нь  зүйтэй.  Мөн  шүүгдэгч Ж.Түмэнжаргалын жолооны  үнэмлэхийг эд мөрийн баримтаар хурааж  ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул  эзэмшигчид нь буцаан  олгохоор  шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Түмэнжаргалын  холбогдсон Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн  145.2 дахь хэсэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан ба эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх  талаар заагаагүй тул жолооны үнэмлэхийг  эд мөрийн баримтаар хурааж  авах шаардлагагүй юм.  

Шүүгдэгч Б.Батсуурь, Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн нарын бусдаас хулгайлсан 3 хонь нь  420.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. /хх-ийн 68/  Эрүүгийн  хуулийн  49 дүгээр  зүйлийн  49.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон  эд зүйл буюу түүний  үнийг заавал хураана” гэж  заасан  байх тул 420.000 төгрөгийг  шүүгдэгч Б.Батсуурь, Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн  нараас хувь тэнцүүлэн  гаргуулж  улсын  орлогод  оруулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч  Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн нар нь  гэмт хэргийн  улмаас  учруулсан хохирлоо төлсөн, гэм хорыг арилгасан  байх  тул тэдэнд оногдуулсан  хорих  ялыг биечлэн  эдлүүлэх  шаардлагагүй  гэж  үзэж   тэнсэж хянан  харгалзахаар шийдвэрлэлээ.

 

   Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  291, 294, 297, 299, 301 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Жамъянгийн Түмэнжаргал, Тайж овгийн Цэрэннадмидын Очирсүрэн, Цахар овгийн Бат-Эрдэнийн Батсуурь нарыг бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч Цахар овгийн Бат-Эрдэнийн Батсуурийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай параламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсуурийн ялгүй болох хугацаанаас үлдэх хугацааг  хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн  хуулийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн, Б.Батсуурь нарт тус бүрт нь эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн  хуулийн  98 дугаар зүйлийн  98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсуурьт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн  хуулийн  57 дугаар зүйлийн  57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсуурьт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, шүүгдэгч Б.Батсуурийн  биечлэн эдлэх ялыг  2 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн  хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн, Б.Батсуурь нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нар нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Н.Ичинхорлоо нь шүүгдэгч Б.Батсууриас хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн нар нь хохирогч Д.Мөнхдүүрэнд 420000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсууриас 341.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Энхмаад олгосугай.

8. Эрүүгийн  хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн, Б.Батсуурь нараас гэмт хэрэг  үйлдэж олсон эд зүйлийн  үнэ 420.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс нь 140.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 68-06 ДУА улсын дугаартай “Nissan pulsar”  маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Д.Маамд буцаан олгосугай.

9. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн Ж.Түмэнжаргалын “А,B” ангиллын 534380 дугаартай жолоочийн  үнэмлэхийг  шүүгдэгч Ж.Түмэнжаргалд, 68-06 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Д.Маамд тус тус буцаан олгож,  хуулбарлан, хуулбарыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай. 

10. Эрүүгийн хуулийн  61 дүгээр зүйлийн  61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Түмэнжаргал,  Ц.Очирсүрэн нарт оногдуулсан  2 жил 6 сарын  хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Дундговь аймгийн  Цагдаагийн газарт даалгасугай.  

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Түмэнжаргал, Ц.Очирсүрэн нарт урьд авсан  бусдын  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Батсуурьт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан  сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 12.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт  шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү,  иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Г.МӨНХБАТ