Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 111/ШШ2017/0038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийншүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүгч Ч.Оюунсайхан, Ц.Сувдмаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******ы нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******т холбогдох “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн“Тогтоол хүчингүй болгох тухай”91 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх орон нутгийн өмчийн газраас зохион байгуулсан "Баянхонгор сумын 1-р багиин нутаг дэвсгэрт байрлах "Нийгмийн халамж, үйлчилгээнии хэлтсийн хуучин дугуй барилга"-г худалдах дуудлага худалдааны сонгон шалгаруулалтыг сониноос олж мэдээд тус дуудлага худалдаанд оролцохоор шийдвэрлэж холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлэн өгсөн билээ.

Ингээд тус барилгыг худалдах дуудлага худалдаа 2016 оны 9 сард зохион байгуулагдахад нь оролцож хамгийн өндөр үнийн санал өгсөн тул би худалдан  авахаар болсон. Тус дуудлага худалдаагаар хөрөнгийн анхны үнийг 21.228.200 /Хорин нэгэн сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун төгрөг/-р тогтоосон байсан.

Миний үнийн санал 22.228.200 /Хорин хоёр сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун төгрөг/-р байсан тул худалдан авсан.Дараа нь Баянхонгор аймгийн ИТХ, түүний нарийн бичгийн дарга “Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах тухай” 2016 оны 9 сарын 01-ний өдөр №32/2016 тоот гэрээг байгуулж үнийг төлсөн. Ингээд холбогдох бичиг баримтыг нь өөртөө шилжүүлэхээр аймгийн ИТХ-д хандаж улмаар Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1а/439, 438 тоот алба бичгүүдийг авч үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн 2017 оны 03 сарын 16-ны өдөр гэрчилгээний №*******, улсын бүртгэлийн Ү-******* тоот гэрчилгээг авсан.Тухайн үл хөдлөх хөрөнгийн доор байх 1034 м2 газрыг Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 31-ны өдрийн А/99 тоот захирамжаар өөрийн нэр дээр шилжүүлж гэрчилгээний 0******* тоот гэрчилгээг 2017.02.23-ны өдөр гаргуулж авсан.Ингээд төлөвлөж байсан үйлдвэрлэл үйлчилгээгээ эрхлэн явулахаар бэлтгэл ажлаа хийжбайтал Баянхонгор аймгийн ИТХ-н 2017.06.19-ны өдрийн 16/344 албан бичгээр "Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 18 дугаар тогтоолын дагуу хуучнаар нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ашиглагдаж байсан "Ахмад настны цогцолборын барилгын дуудлага худалдаанд оролцож уг барилгыг 22.228.200 төгрөгөөр худалдан авсан байна. Дээрх тогтоол нь хууль зөрчиж шийдвэр гаргасан байна гэх үндэслэлээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 сарын 31-ны өдрийн №91 тоот тогтоолоор хүчингүй болгосон тул шийдвэрийг таньд хүргүүлж байна" гэх утга бүхий албан бичгийг 2017 оны 06 сарын 23-ны өдөр надад ирүүлсэн. Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 сарын 31-ны өдрийн №91 тоот тогтоол нь миний өмчлөх эрхийг зөрчиж хууль бус тогтоол болсон байна. Миний нэр дээр газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө шилжсэн байхад төрийн байгууллага хүч түрэн миний өмчлөх эрхэд халдсан.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь энэ тогтоолыг гаргахдаа надад мэдэгдээгүй, ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн гэдгээ тодорхойлоогүй.

Тус тогтоолоор Үндсэн хуулийн 62.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй, Хурлын бүрэн эрхэд хамаарах заалтыг барьж гаргасан нь ойлгомжгүй илт хууль бус тогтоол гаргасан.Мөн хурлын бүрэн эрхийн заалтуудыг барьж тогтоол гаргасан нь миний өмчлөх эрхэд ноцтойгоор халдаад байна.Иймд: Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 сарын 31-ны өдрийн №91 тоот "Тогтоол хүчингүй болгох тухай" тогтоол нь илт хууль бус тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Миний бие Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон нутгийн өмчийн газраас зохион байгуулсан Баянхонгор аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх нийгэм халамж үйлчилгээний хэлтсийн хуучин дугуй барилгыг худалдах дуудлага худалдааны сонгон шалгаруулалтыг сониноос мэдээлэл авч тус дуудлага худалдаанд оролцохоор шийдэж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Тус барилгыг худалдах дуудлага худалдаанд 2016 оны 9 дүгээр сард зохион байгуулахад оролцож хамгийн өндөр үнийн санал өгсөн тул худалдан авахаар болсон. Дуудлага худалдаагаар хөрөнгийн анхны үнэлгээг 21.228.200 төгрөгөөр тогтоосон байсан. Тогтоосон үнэ 22.228.200 төгрөгөөр худалдаж авсан. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах тухай 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 16 тоот гэрээ байгуулж үнийг төлсөн. Холбогдох бичиг баримтыг өөрт шилжүүлэхээр Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан улмаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тогтоолоор улсын бүртгэлийн Ү******* тоот гэрчилгээг авсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн дор байх 1034 м.кв-т газрыг Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр А/99 тоот захирамжаар өөрийн нэр дээр шилжүүлж, ******* тоот гэрчилгээг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гаргуулж авсан. Төлөвлөж байсан үйлдвэрлэл үйлчилгээ явуулахаар бэлтгэж, бэлтгэл ажлаа хийж байтал Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 344 тоот албан бичгээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2016 оны 18 тоот тогтоолын дагуу хуучнаар нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс ажиллаж байсан ахмад настны цогцолборын барилгыг дуудлага худалдаанд оруулж уг барилгыг 22.228.200 төгрөгөөр худалдаж авсан байна. Дээрх тогтоол нь хууль зөрчиж шийдвэр гаргасан байна. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон тул шийдвэрийн хүргүүлж байна гэх утга бүхий албан бичгийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр надад ирүүлсэн. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр тогтоол миний өмчлөх эрхийг зөрчсөн хууль бус тогтоол гаргасан байна. Миний нэр дээр газар эзэмших, үл хөдлөх хөрөнгө шилжсэн байхад төрийн байгууллага өмчлөх эрхэд халдсан. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргахдаа надад мэдэгдээгүй, ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэдгээ тодорхой заагаагүй, тус тогтоолоор Монгол улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ойлгомжгүй хурлын бүрэн эрхэд хамаарах заалтыг баримтлан тогтоол гаргасан нь миний өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж байна. Иймд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр “Тогтоол хүчингүй болгох тухай”тогтоол нь хууль бус тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:“Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоол нь Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь заалтыг үндэслэсэн байх боловч дээрх хуулийн 77 дугаар зүйлийн 77.4. “Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнахаас гадна орон нутгийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд өмчийн төлөөлөгчийг томилж түүний үйл ажиллагааг чиглүүлнэ.” гэсэн заалтыг үндэслээгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.1-77.2.4 дэх заалтууд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бүрэн эрх хамаарах бөгөөд тухайн жилийн орон нутгийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах жагсаалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар батлах ёстой.

Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоол нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бүрэн эрхэд халдаж, орон нутгийн өмчөөс 2016 онд хувьчлах хөрөнгийн жагсаалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар хэлэлцүүлээгүй, хууль зөрчиж гарсан тогтоол юм.

Иймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасны дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор дээрх тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд энэхүү 91 дүгээр тогтоол нь ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэн эрхийн хүрээнд гаргасан тогтоол гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 тогтоол нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсгийг үндэслэж гарсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77.2.4 дэх хэсэгт иргэдийн хурлын тэргүүлэгчид нь тухайн хуралдааны чөлөө цагт энэ хуулийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн. Тухайн хуулийн заалтыг үндэслээгүй учир хурлын хуралдааны бүрэн эрхэд халдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.1-77.2.4 дэх хэсгүүд нь хурлын хуралдааны хурал бүрэн эрхэд хамаарах заалтууд байгаа. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 тогтоол нь хурлын хуралдааны бүрэн эрхэд халдаж хувьчлах хөрөнгийг жагсаалтыг тэргүүлэгчдийн хурлаар баталсан. Иймд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар хурал бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 91 тоот тогтоолоор 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* дүгнэлтдээ:

”Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр“Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн орон нутгийн өмч болох Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хуучин дугуй барилгыг худалдах дуудлага худалдаанд оролцож, ******* 22.228.200 төгрөгөөр хамгийн их үнийн санал гаргаж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 32/2016 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байна.

Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1а/438 дугаар Аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг,Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1а/439 дугаар Аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн албан бичиг, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/99 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” захирамжийн дагуу Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дүгээр гэрчилгээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, улсын бүртгэлд бүртгүүлж, тухайн барилгын хууль ёсны өмчлөгч болжээ.

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...барилгыг хувьчилсан тогтоол Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн хурлаас гараагүй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар “Хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолыг үндэслэж хувьчилсан юм.” гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсгэсэн хууль ёсны актыг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар “Хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолыг гэж үзлээ.

Учир нь Хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар ”Хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолыг үндэслэж дуудлага худалдаа явуулсан байна.

Гэтэл Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолоор 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолыг Аймгийн хурлын хуралдаанаар хэлэлцүүлээгүйгэх үндэслэлээр хүчингүй болгожээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасны дагуу тухайн хуралд тогтоолоо өөрчлөх, хүчингүй болгох нийтлэг бүрэн эрх хадгалагдах хэдий ч тухайн тохиолдолд нэхэмжлэгчээс хамаарахгүй буюу уг барилгыг анх хувьчлахдаа хууль бусаар хувьчилсан, орон нутгийн өмчийг хувьчлах эсэхийг зөвхөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэдэг байтал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4 дэх заалтыг зөрчиж, хурлын эрх мэдлийг хэрэгжүүлсэн шийдвэр гаргасан байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагч ...хамгийн их үнийн санал өгсөн ******* хуульд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй... гэж тайлбарлах боловч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэлээ болгоогүй байх тул шүүх энэ асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр“Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, хувийн хэргийн бүрдүүлэлт, нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй болох нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1а/513 дугаар албан бичгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засагзахиргаа,нутагдэвсгэрийннэгжийнудирдлагань...хууль дээдлэх зарчим баримтална.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаар, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар албан бичгүүдэд хуучин барилгыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төв болгон ашиглах шааардлагатай байх тул Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар “Хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байсан хэдий ч бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх шаардлагыг харгалзалгүй маргаан бүхий актыг гаргажээ.

Учир нь нэхэмжлэгч *******д уг барилгын өмчлөх эрхийг баталгаажуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, уг барилгын доорхи газрыг эзэмших эрхийг баталгаажуулж, 0******* дугаар гэрчилгээг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр тус тус олгосон байдлыг нягтлаагүй буруутай байна.

Мөн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний хуралдааны тэмдэглэл хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өдөр хүртэл ёсчлогдон гараагүй бөгөөд энэ нь Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуралдаанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдөөс хэн, хэн суусныг мэдэхгүй байна. Хурлын тэмдэглэл өнөөдрийг хүртэл гараагүй байгаа.” гэх тайлбар зэргээс үзвэл Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хамтын шийдвэр гэж үзэх боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “дуудлага худалдаа явуулсан талаарх бүх баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэх” тайлбар гаргасан, хэргийнболон бусад оролцогч нар дуудлага худалдаа явуулсан болонхувьчлах тогтоол гараагүй талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 25 дугаар зүйлийн 25.4 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай”91 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ

                                          ШҮҮГЧИД Ч.ОЮУНСАЙХАН

                                                    Ц.СУВДМАА