| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2023/0125/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/118 |
| Огноо | 2023-11-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Ч.Булган нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Булганд холбогдох 2332000000142 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, №37-11 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Авзага овогт Чулуундаваагийн Булган /РД:МБ86052330/
Шүүгдэгч Ч.Булган нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, 37 дугаар байрны № 2 дугаар орц 11 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Энхцэцэгтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хоолойг нь боож газарт унагаж, таваг шидэж, шүүрээр нуруу хэсэгт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Булганы өгсөн ….2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэртэйгээ таарамжгүй харилцааны улмаас болж биед нь санаатайгаар гэмтэл учруулсан.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр маргаан үүсэхэд би аяга угааж байгаад байхад угааж байсан аягаа газар савж хагалсан, эхнэртэй хэрүүл хийж байсан. Тэгээд угааж байсан аягаа хагалсан. Тэгээд маргаан даамжраад миний нүүр лүү алгадаж миний толгой руу шүүрээр цохиход шүүр хугарсан. Хугарсан шүүрээ нуруу нь шидсэн.Намайг үргэлжүүлэн цохиход нь дахиад цохивол тэвчихгүй шүү гээд хоолойноос нь базаад дагзаар нь унагаасан. Тэгээл эхнэр уйлаад толгой хавдчихлаа гэсэн очоод барьж үзэхэд хавдсан байсан. Тэгээд өвчин намдаах эм уулгаад, толгой дээр нь мөс тавьсан.Тэгээд хэсэг сууж байгаад би 2 хүүхдээ үнсээд гараад явсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Л.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай нөхөр Булган их ширүүн зантай, архидан согтуурсан үедээ миний биед халдаж удаа дараа зодож байсан. Хүүхдүүдтэй харилцахдаа хүртэл ширүүн байдаг. Уржигдар өдөр 16 цагийн орчим гэртээ ажлаасаа ирээд хоол, цай хийж байхад манай нөхөр уурлаад байсан. Танай ажил дандаа амралтын өдөр арга хэмжээ зохион байгуулдаг гэх мэт үглээд намайг үг хэлэх гэхээр шууд дуугүй бай гээд байсан. Хэсэг уурлаж байгаад гартаа барьсан аягаа газар савж шидэж хагалсан. Тэгэхээр нь би уурлаад цохиж автал нөхөр босож ирээд чамайг илүү юм яриад байвал би ална шүү гээд миний хоолойг боогоод газар луу савж унагаасан. Тэгээд миний толгой өвдөөд эрүү сонин болоод ярьж чадахгүй байж байтал манай нөхөр ирж миний толгойг хараад аймаар хавдсан байна гээд хүйтэн жин тавьж өгөөд 1 эм өгөөд "би гарлаа гэртээ байвал чамайг алах юм байна" гэж хэлээд гарсан. Тэрнээс хойш би юм санахгүй байна....Миний нуруу луу хогийн шүурээр 1 удаа цохьсон. Мөн хоолойноос боож байгаад газарт савж унагаасан, боосны улмаас эрүү хэсэг ярьж болохгүй өвчтэй байсан. ...Анх 2008 онд намайг жирэмсэн байхад зодож байсан. Тэрнээс хойш архидан согтуурах болгондоо миний биед халддаг байсан. Ингэж ухаан алдтал зодож байгаагүй ээ. Сүүлд 08 сард Солонгос улсаас ирээд согтуу байхдаа охин Энхжинг "миний өөдөөс юм ярьлаа" гэх шалтгаанаар зодсон. ...Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна гэх мэдүүлэг /Хх-н 09-12 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Элбэрэлийн мөрдөн шалгаж ажиллагаанд өгсөн: Тухайн өдөр цаг хэд болж байсныг би сайн мэдэхгүй байна. Ээжийг ажлаасаа ирээд хоолоо хийж байхад аав, ээж хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед аав цагаан өнгийн таваг авч газар шидэж хагалсан. Тэгээд ээжийг хоолойноос нь боогоод, хацар луу нь 1 удаа алгадсан. Өөр юу болсныг би сайн мэдэхгүй байна. Би том өрөөндөө дүүгийн хамт зурагт үзээд сууж байсан. Тэгээд аав бүх хувцсаа аваад би явлаа гээд гарч явсан. Тэгэхэд ээжийн хоолой нь сонин аажуухан дуугараад байсан. Тэрний дараа ээж татаад бүх бие нь чичрээд байсан. Тэгэхээр нь би эгч Энхжин рүү залгаад "ээж нэг сонин байна" гэж хэлээд дуудсан. Энхжин эгч манай эмээ рүү залгаж мэдэгдсэн байсан. Жижгээ "Энхээ" эгч ирээд тэгээд эмнэлэг ирээд ээжийг авч явсан. Аав архи уугаагүй эрүүл байсан.Аав ээжийн хацар луу нь 1 удаа алгадсан.Аавыг байхад ээж сэрүүн хоолой нь аажуухан дуугарч байсан. Аавыг гарсаны дараа ээж чичрээд татаад байсан гэх мэдүүлэг, /Хх-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч Л.Энхээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би тухайн өдрийн 18 цагийн орчим гэртээ байж байтал манай ээж Жаргалсайхан руу эгч Энхцэцэгийн том охин Энхжин залгаж "уйлаад" ээж татаад байна та хурдан ороод ирээч гэж хэлээд утсаа салгасан. Манай гэр эгчийн гэрийн хажууд байдаг тул би гараад эгч Энхцэцэгийн гэр лүү ороход манай эгч том өрөөндөө хамаг бие нь татаад салгалсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Юу болсон талаар нь охин Элбэрэлээс асуухад "манай ээжийг аав боож унагаасан, таваг шидсэн, ээжийг газарт унагаасан" гэж хэлж байсан. Энэ хооронд манай эгч огт ухаан ороогүй таталт өгөөд л хэвтээ байсан. Түргэний эмч ирэхэд манай эгч татсан хэвээр байж байгаад тариа хийлгээд эмнэлгийн байгууллага авч явсан. Намайг гэр лүү нь ороход 2 бага хүүхэд нь байсан. Том өрөөний газарт эгч татсан байдалтай хэвтэж байсан өөр хүн байгаагуй ээ. Эгч Энхцэцэгийн зүүн гарын дунд хуруунаас цус гарсан байдалтай байсан. Мөн эгчийн нуруу нь хөхөрчихсөн байсан сүүлд нь яасан талаар асуухад нөхөр нь шүүрээр цохьсон байсан гэх мэдүүлэг, /Хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №193 ...... Дүгнэлт:
1."Л.Энхцэцэгийн биед толгойн хуйхны дор цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /Хх-ийн 23-24-р хуудас /
Хохирогч Л.Энхцэцэгийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 51 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ч.Булганы Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 52 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Булган 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, 37 дугаар байрны № 2 дугаар орц 11 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Энхцэцэгтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хоолойг нь боож газарт унагаж, таваг шидэж, шүүрээр нуруу хэсэгт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Л.Энхцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-12 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Элбэрэлийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дугаар хуудас/, гэрч Л.Энхээгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №193 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Ч.Булганы хохирогч Л.Энхцэцэгийн хоолойг нь боож газарт унагаж, таваг шидэж, шүүрээр нуруу хэсэгт нь цохиж, маргалдсан нь гэр бүлийн хүчирхийллийн харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд биед толгойн хуйхны дор цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Булган нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ч.Булганы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Булганд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 05 сарын хугацаанд 05 хувааж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Л.Энхцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Булган нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Авзага овогт Чулуундаваагийн Булганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Булганыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Булган нь 500000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 05 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Булган нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Булган нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Булганд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.