| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0853/З |
| Дугаар | 221/МА2026/0237 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2026/0237
2026 04 09 221/МА2026/0237
“Б” ХХК нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүн: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Б
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Б.О, Г.Х
Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв
Нэхэмжлэлийн шаардлага:
“Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 38/03-39 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2025/0853/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч нарт холбогдуулан “Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 38/03-39 дүгээр актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 38/03-39 дугаар актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлэн үзээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
3.1. “Б” ХХК нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэгсдэд иж бүрдэл хоолоор үйлчилсэн тухайд:
Дээрх Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан “Эмнэлзүйн хоол эмчилгээний заавар батлах тухай” А/440 дүгээр тушаалын дагуу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 16416 хэвтэн эмчлүүлэгчдийн нэг өдрийн хоолны зардлыг 11000 төгрөг байхаар тохиролцож, 180,576,000 төгрөгийн иж бүрдэл хоолоор үйлчилсэн байдаг. Гэтэл актаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хоолны тооцоог 8,000 төгрөгөөр нийлүүлсэн гэж үзэж, зөрүү 3,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзсэн нь буруу болсон.
3.2. Төв эмнэлэгт хоол нийлүүлсэн тухайд:
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 382 тоот албан бичгийг ирүүлж бидний зүгээс эмчлүүлэгчдийн хоол үйлдвэрлэлийг тасалдалгүй үзүүлэх зорилгоор 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, дотор, хөнгөвчлөх тасгуудад зөөврийн хоолоор 6394 хэвтэн эмчлүүлэгчийн нэг өдрийн хоолыг 8,000 төгрөгөөр тооцон, нийт 51,152,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байтал уг төлбөрийг бүхэлд нь илүү төлбөр авсан гэж үзсэн. Уг нөхцөл байдал нь 1 дүгээр хавтаст хэргийн 23-31 дүгээр талд байгаа “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн хоолны бүртгэл” баримтаар нотлогдож байна. Мөн сувилагчийн дэвтрийн 2 дугаар хавтсаар нотлогдож байна.
3.3. Хүүхдийн тасагт хоол нийлүүлсэн тухайд:
Хүүхдийн өвчлөл нэмэгдэх улирлаар хүүхдийн эмнэлгийн ачаалал ихэсч ахмадын салбар эмнэлэгт 2024 оны 01 дүгээр сард 715, 12 дугаар сард 373, нийт 1088 хүүхдэд нэг өдрийн хоолыг 8,000 төгрөгөөр тооцон, нийт 8,704,000 төгрөгийн хоолны үйлчилгээг үзүүлсэн болно. Гэтэл улсын байцаагч нарын актаар 57 хүүхдэд нэг өдрийн хоолыг 8,000 төгрөгөөр тооцож 456,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Энэ нөхцөл байдал нь 1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар тал, 117-118 дугаар тал, 166 дугаар талд авагдсан “Ахмад настан болон хүүхдийн тасгийн хоолны бүртгэл” баримтаар болон сувилагчийн дэвтрийн 1 дүгээр хавтасны 81-86 дугаар талд авагдсан “Сувилагчийн мэдээ” баримтаар тус тус нотлогдож байна.
3.4. Ажилчдын хоолны тооцоог буруу бодсон тухайд:
Мөн жижүүр эмч, асрагч нарын хоолыг хөнгөлөлттэй үнээр 2023 оны 01 дүгээр сараас эхлэн 5000 төгрөгөөр тооцон үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд 2024 онд нийт 1409 эмч, ажилчдын 7,045,000 төгрөгийн хоол олгосон. Гэтэл хяналт, шалгалтын явцад 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 8,000 төгрөгөөр, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 11,000 төгрөгөөр буруу тооцож дүгнэсэн. Бодит нөхцөл байдал дээр хөнгөлөлттэй үнээр буюу 5,000 төгрөгөөр үйлчилдэг болно. Тус баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 58-69 дүгээр тал, 168-179 дүгээр талд авагдсан Баянгол дүүргийн “Ахмад настны эмнэлгийн хоолны бүртгэл” баримтаар нотлогдож байна.
3.5. Нэхэмжлэгч байгууллага нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний тооцоог жил бүр нийлдэг. Үүний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь 21,280,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан тул “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г үйлдсэн болно. Гэтэл шалгалтын хүрээнд тус өмнөх жилийн үлдэгдэл тооцоог хянан шалгаагүй, тооцоонд оруулаагүй. Тус баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна.
3.6. Харин улсын байцаагч нар нь бодит нөхцөлийг тогтоолгүйгээр санхүүгийн анхан шатны баримт бүрэн бүрдээгүй нөхцөлд сувилагчийн мэдээг үндэслэн гүйцэтгэлийг зөвшөөрч, нэгтгэлийг гаргах үедээ хүүхдийн тасаг болон төв эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн тоог оруулаагүй, дутуу шалгалт хийсэн бөгөөд 11,000 төгрөгөөр тооцох ёстой хоолны зардлыг 8,000 төгрөгөөр тооцон зөрүүтэй төлбөрт болон 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 24/122 дугаар гэрээнд тус тус үндэслэж “Б” ХХК-ийн хоолны тооцоолол дээр хариуцлагагүй хандаж Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус зөрчиж акт үйлдсэн байдаг.
Дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Баянгол дүүргийн Ахмад настны эмнэлгийн хоолны бүртгэл, Нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн хоолны бүртгэл баримтуудаар нотлогдож байгаа болно.
3.7. Шүүхээс хэвтэн эмчлүүлэгчдийн хоолны бүртгэлийг өдөр болон сараар гаргасан тус баримтыг “хэвтэн эмчлүүлэгч нар нэхэмжлэгчийн үйлчилсэн хоолыг хэрэглэсэн эсэх нөхцөл байдлыг тогтоох ёстой” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь тус бүртгэлийг “Б” ХХК эмнэлгүүдэд хоолоо хүлээлгэж өгсний дараагаар гарын үсэг зуруулж хоолны тоогоо гаргадаг болно. Тэрхүү баримтад Ахмад настны эмнэлгийн дарга тамга дарж баталгаажуулж, улмаар захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар шалгалтын явцад нэхэмжлэгч компаниас анхан шатны баримтыг гаргуулж үндэслэл болгох ёстой байсан.
3.8. Түүнчлэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд дотоод хяналтаар ажиллаж байсан С.Б нь 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “Эмнэлгийн зүгээс Нийслэлийн Өмчийн харилцааны газрын гэрээ сунгагдаагүй тохиолдолд хамтран ажиллах гэрээг хийдэггүй бөгөөд үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын гэрээ дүгнэн сунгах хүртэл түр гэрээ хийж ажилласан. Түр гэрээ хийсэн үед Эрүүл мэндийн сайдын А/440 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхийг эмнэлгүүдэд үүрэг болгосон. Сайдын тушаалыг хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр тоног төхөөрөмжөө хангаж 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иж бүрдэл хоолоор үйлчилж ирсэн” гэж тайлбарласан. Тус тайлбар нь маргаан бүхий 24/100, 24/122 дүгээр гэрээний бодит хэрэгжилтийг нотолж байна.
Гэтэл тайлбарыг шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсгийн 18-т гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тогтоосон заалтын хэрэгжилтийн бодит хугацааг тодруулж, агуулгыг тайлбарлан тогтоох ажиллагаа хийгдээгүй, гэрээнээс өөрөөр талууд тохирсон болохыг тогтоох ёстой гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Уг баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх талд авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргах нь гэсэн баримтаар тодорхойлогдох болно.
3.9. Хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 38/03-39 дугаар актыг шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргах бөгөөд хяналт шалгалт хийгдсэн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэргийн материалд авагдсан. Уг баримтаар акт нь эрх зүйн зөрчилтэй, илүү төлбөр аваагүй нь тогтоогдож байх тул шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгох ёстой байсан.
Иймд нэхэмжлэгч болон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргаж өгсөн баримт нь тухайн цаг үеийн баримт бичиг мөн болно. Тэрхүү баримтыг санхүүгийн анхан шатны баримт гэж үзэх боломжтой тул шүүх түүнийг үнэн зөв, эргэлзээгүй байдлаас огт дүгнэж үзсэнгүй.
3.10. Гомдлын бусад үндэслэлийн тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5, 8, 12-т “А/440 дугаар тушаал, 382 тоот албан бичиг, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, “Б” ХХК-иас гаргаж өгсөн анхан шатны баримтуудыг авч үндэслэсэн хэдий ч дүгнэлт хэсгийн 14-т “хариуцагчаас хэргийн нөхцөл байдлыг шалгаж тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй тул доорх зөрчлүүдийг арилгаж, дахин шинэ акт гаргах шаардлагатай” гэсэн нь ойлгомжгүй, зөрүүтэй байна. Учир нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн анхан шатны баримтуудаар хариуцагчийн буруутай үйлдэл болох маргааны гол үйл баримтыг шүүх тогтоосон атлаа хариуцагчийн үйлдсэн актад дүгнэлт өгөхгүй байгаа нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй байгааг харуулж байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан нотлох зарчмын хүрээнд талуудын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримт, мэтгэлцээний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Мөн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байх ёстой. Гэтэл шүүхээс уг зарчмуудыг ноцтой зөрчиж шийдвэрийн дүгнэлт хэсгийн 14-т нотлох баримтыг үндэслэхгүй байх цаашид тодруулж шинэ акт гаргах тухай дүгнэлт хийсэн нь буруу байна.
Учир нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-т “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй” гэж, 10.9.11-т “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж акт үйлдсэн улсын байцаагч нарын үйлдэл нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар тухайн захиргааны акт бүхэлдээ хууль бус болно. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.”
4. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүх “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг цуглуулах, үнэлэх журам болон санхүүгийн анхан шатны баримтад тавигдах хууль ёсны шаардлагыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч тал нотлох баримт гаргаж өгөх хуулийн үүргээ биелүүлээгүй тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т “Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэх, хадгалах үүргийг аж ахуйн нэгжид хүлээлгэдэг. Шүүх нэхэмжлэгчийг санхүүгийн анхан шатны баримтаа хуулийн дагуу бүрдүүлсэн эсэх, байгууллагын салбар эмнэлгээс гаргасан баримт санхүүгийн албан ёсны баримт болох тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй юм.
4.2. Санхүүгийн тэмдэг, хууль ёсны төлөөллийн зөрчлийг шүүх үнэлээгүй тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Ахмадын эмнэлгийн тэмдэгтэй бичиг баримтууд нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй байна. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар баримтад түүнийг зөвшөөрсөн этгээд (төсвийн шууд захирагч) тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
Баянгол дуүргийн Эрүүл мэндийн төвийн салбар нэгж болох Ахмадын эмнэлгийн дарга асан нь байгууллагын нэгдмэл удирдлагын зарчмыг зөрчиж, төвийн даргад мэдэгдэж зөвшөөрөл хүсэх ёстой байтал эрх хэмжээнээсээ хэтэрч тэмдэг дарж өгсөн баримтууд хууль бус юм.
Шүүх эрх бүхий бус, салбар эмнэлгийн дарсан тэмдэгтэй бичгийг, төрийн байгууллагын албан ёсны санхүүгийн бүртгэлээс дээгүүр үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг үнэн зөв, бодит талаас нь үнэлэх зарчмыг зөрчлөө.
4.3. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 777 хуудас архивын баримтыг үнэлээгүй тухайд:
Баянгол дүүргийн төвөөс тус шүүхийн 01/8658 тоот бичгийн дагуу 5 хавтас, 777 хуудас бүхий “Сувилагчийн мэдээ” нь MNS 5140-2:2021 стандартын дагуу хөтлөгдсөн, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг хянах цорын ганц хууль ёсны архив юм. Шүүх энэхүү баримтыг “бүрэн бус" гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч талын стандартад нийцэхгүй, эргэлзээтэй тэмдэгтэй баримтыг үндэслэл болгосон нь логик зөрчилтэй бөгөөд илт нэг талыг барьсан дүгнэлт болсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч нарт холбогдуулан “Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 38/03-39 дүгээр актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
3. Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 38/03-39 дүгээр актаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын “Б” ХХК-тай байгуулсан эмнэлгийн гал тогооны үйл ажиллагааг хариуцан хамтран ажиллах гэрээний дагуу тайлант 2024 оны хугацаанд хоолны тооцоонд нийт 186,737,000 төгрөг шилжүүлэх ёстой байтал Эрүүл мэндийн төвийн дарга, ахлах нягтлан бодогч нар 246,572,000 төгрөг шилжүүлж, гүйцэтгэлээс 59,835,000 төгрөгийг илүү шилжүүлсэн зөрчилд холбогдуулан “Б” ХХК-иар илүү шилжүүлсэн 59,835,000 төгрөгийг нийслэлийн төсвийн орлогод буцаан төлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Анхан шатны шүүх “...хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас үзэхэд ахмад настны эмнэлэг, ажилчдын хоолны тооцоог шалгахдаа мөн адил санхүүгийн анхан шатны баримт бүрэн бүрдээгүй нөхцөлд сувилагчийн мэдээг үндэслэн гүйцэтгэлийг зөвшөөрч тооцсон атлаа хүүхдийн тасаг, төв эмнэлгийн хоолны гүйцэтгэлийг ижил нөхцөлд хүлээн зөвшөөрөөгүй, ийнхүү адил төрлийн үйлчилгээний гүйцэтгэлийг шалгахдаа ялгаатай шалгуур хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчим, мөн 4.1.4-т заасан эрх тэгш байдлыг хангах зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй ... 2 төрийн байгууллагаас нэг нь нөгөөгийнхөө төсөвтэй холбоотой үйл ажиллагааг шалгах нэрээр нэхэмжлэгчээс бодитоор хийсэн ажлыг нь үгүйсгэж байгаа эсхүл ямар ч үйлчилгээ үзүүлээгүй атлаа төсвөөс хууль бусаар төлбөр авсан үйл баримтын аль нь болохыг эцэслэн тогтоогоогүй нь захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг зөв хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийж маргаан бүхий актыг хариуцагчаас дахин шинэ акт гартал 4 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
5. Учир нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Б” ХХК-тай байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар хүүхдийн эмнэлгийн гал тогооны үйл ажиллагааг хариуцан хамтран ажиллах” 24/100 дугаар гэрээ байгуулж, уг гэрээгээр 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2023 оны гэрээг дүгнэн сунгагдах хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлэгчдийн хоолны нэг өдрийн зардал 8000 төгрөг байхаар, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар хүүхдийн эмнэлгийн гал тогооны үйл ажиллагааг хариуцан хамтран ажиллах” 21/122 дугаар хоёр дахь гэрээгээр Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/440 дүгээр тушаалыг үндэслэн иж бүрдэл хоолоор үйлчилсэн хугацаанаас эхлэн Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2023 оны гэрээг дүгнэн сунгагдах хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлэгчдийн хоолны нэг өдрийн зардал 11.000 төгрөг байхаар тогтсон байх боловч нэхэмжлэгчээс “...2024 онд “Б” ХХК нь нийт 26452 хэвтэн эмчлүүлэгч, эмч ажилчдад хоолоор үйлчилсэн” гэж, хариуцагч нараас “...19027 хүнд хоолоор үйлчилсэн” гэж тус тус зөрүүтэй тайлбарлаж байгаагаас үзэхэд анхан шатны шүүхийн “шүүх нь өөрөө санхүүгийн аудит хийж, гүйцэтгэлийг шинээр тогтоох, нарийвчилсан тооцоолол хийх замаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул энэхүү хэрэгт хоолны үйлчилгээний бодит гүйцэтгэлийг эмнэлгийн бүртгэл, тасгийн тайлан, төсвийн гүйлгээ, гэрээний хэрэгжилтийн хугацаа зэрэг олон талт баримтад тулгуурлан иж бүрэн шалгах шаардлагатай энэхүү ажиллагааг шүүх өөрөө нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломж, эрх хэмжээний хүрээнээс хэтэрсэн” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
6. Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Б” ХХК-тай байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар хүүхдийн эмнэлгийн гал тогооны үйл ажиллагааг хариуцан хамтран ажиллах” 24/100, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21/122 дугаар гэрээний Нийтлэг үндэслэлд “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ахмадын салбар эмнэлэгт амт, чанар сайтай, эмчилгээний шаардлага хангасан халуун хоолоор хугацаанд нь үйлчлэх...” гэж заасан атлаа гуравдагч этгээд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “...Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Ахмадын эмнэлгийн тэмдэгтэй бичиг баримтууд санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй байна. Баянгол дуүргийн Эрүүл мэндийн төвийн салбар нэгж болох Ахмадын эмнэлгийн дарга асан нь байгууллагын нэгдмэл удирдлагын зарчмыг зөрчиж, төвийн даргад мэдэгдэж зөвшөөрөл хүсэх ёстой байтал эрх хэмжээнээсээ хэтэрч тэмдэг дарж өгсөн баримтууд хууль бус юм” гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд маргаан бүхий актын тооцоолол нь тодорхойгүй, хэвтэн эмчлүүлэгч болоод эмнэлгийн ажилтнуудад нийлүүлсэн хоолны тооцоог төв, салбар, тасаг бүрээр тулган тооцох шаардлагатай байна.
7. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар “Дотоод аудит, хяналт шалгалтын удирдамж”-аар байгууллагын үйл ажиллагаа нь төсөв, санхүү, өмч хөрөнгөтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан заавар, журамтай нийцэж буй эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийх зорилгоор Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд төлөвлөгөөт бус аудит, хяналт шалгалт хийсэн бөгөөд Дотоод аудитын улсын ахлах байцаагч 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;” гэж заасныг үндэслэн илүү шилжүүлсэн төлбөрийг төсөвт төвлөрүүлэхээр нэхэмжлэгч “Б” ХХК-д 38/03-39 дүгээр акт тогтоосон байгааг анхаарах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн гуравдагч этгээд төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ