Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 25

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0030/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
            Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга
            Улсын яллагч: Я.Сансар        
       Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Ганхуяг
       Шүүгдэгч: Г.Мөнхзул нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мөнхзулд холбогдох 201723000015 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1982 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгонд оршин суух, урьд ял шийтгэлгүй,  улсаас авсан гавьяа шагналгүй , Урианхан овогт Ганболдын Мөнхзул /РД: СТ82111211/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: 

Шүүгдэгч Г.Мөнхзул нь өөрийн эзэмшлийн 85-13 ХЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан  2016 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Биндэр сумын Жамба гэх газарт нутаглах иргэн Д.Алтансүхийн өвөлжөөний хашаанаас нарсан шургааг 120 ширхэг, улиасан шургааг 60 ширхэг, хар модон шургааг 6 ширхэгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 948.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
  


ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Мөнхзул нь өөрийн эзэмшлийн 85-13 ХЭА улсын дугаартай пронтер маркийн автомашиныг ашиглан  2016 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Биндэр сумын Жамба гэх газарт нутаглах иргэн Д.Алтансүхийн өвөлжөөний хашаанаас нарсан шургааг 120 ширхэг, улиасан шургааг 60 ширхэг, хар модон шургааг 6 ширхэгийг хулгайлж 948.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:  

        Хохирогч Д.Алтансүхийн:…..  манай өвөлжөө Биндэр сумаас урагш 80 км газарт байдаг юм. 2016 оны зун өвс муутай байсан болохоор зусландаа гарахдаа өвөлжөөнөөсөө 20 гаран км зайтай гарсан. Тэгээд хааяа өвөлжөөгөө очиж эргэдэг байсан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өвөлжөөн дээрээ очиход манай өвөлжөөний хашаа хороо барьсан 6 метрийн урттай шургааг мод, 2 метрийн урттай хөл хийж байсан шургааг, өвсний хашаа зэрэг алга болсон байсан. Би эхлээд хэн авсныг мэдээгүй байсан сүүлд сонсоод байхад Тахилт тосгоны харъяат Ганзориг, Мөнхзул нар авсан талаар сонсоод тэдэнтэй уулзахад өөрсдөө хэргээ хүлээж манай өвөлжөөний модыг аваад явсан талаараа хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30 хуу/
Гэрч Н.Наташаагийн:... сураг сонсоход Ганзориг гэдэг нөхрийн хамт айлын хашаа саравч юм шиг байсан, надад манай хүү Мөнхзул ярихдаа машинтайгаа очиж тэр хашаа саравчийг ачиж ирсэн, тэгээд Ганзориг хулгайлсан модноос нь авсан гэж ярьсан үйлдсэн хэргийнх нь талаар тодорхой сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37 хуу/ 
Б.Ганзориг сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ:... Мөнхзулынхаар очсон, тэгээд ойр зуурын юм яриад хашаа саравч барьж байгаа талаар ярьж байтал Мөнхзул 4, 5 хоногийн өмнө хойшоо өвөлжөөний газар луу явж айлын хашаа саравч хулгайлсан гэж надад хэлсэн. Тэр үед би саравчаа засаж янзлаад хэдэн шургааг хэрэгтэй байсан болохоор тэр хулгайлсан шургаагнаас нь 60 орчим шургааг авсан. Мөнхзул хулгайлсан шургаагаа өвөлжөөний хойно буулгаж орхисон байсан. Би Мөнхзулаас авсан шургаагаараа 5 байр өвсний хашаа 1 хана барьсан одоо манай өвөлжөөн дээр байгаа... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51-52 хуу/
Яллагдагч Г.Мөнхзулын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16 хуу/
Шүүгдэгч Г.Мөнзулын тээврийн хэрэгсэл ашиглан  бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан шууд санаатай гэмт хэрэг байна.
Энэ хэргийн улмаас хохирогч Д.Алтансүхэд нийт 948.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд хохирогч алдсан эд зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Мөнзул нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 85-13 ХЭА улсын дугаартай Kia, BONGOFRONTIER маркийн автомашиныг ашигласан нь шүүгдэгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул уг автомашиныг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан учраас шүүгдэгч Г.Мөнзулын  эзэмшлийн эд хөрөнгө болох 215 толгой мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож,  85-13 ХЭА улсын дугаартай Kia, BONGOFRONTIER маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг нь харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг нь харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Урианхан овогт Ганболдын Мөнхзулыг тээврийн хэрэгсэл ашиглан бусдын  эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхзулын эд хөрөнгийг хураахгүйгээр 03  сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 85-13 ХЭА улсын дугаартай пронтер маркийн автомашиныг хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй. 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт 215 толгой мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгч Б.Мөнхзулын эзэмшлийн 85-13 ХЭА улсын дугаартай Kia, BONGOFRONTIER маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
 
   6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мөнхзулд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.


          
 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.ГАНЗОРИГ