Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 67

 

С.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01414/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 536 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нарт холбогдох

“75.054.256 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн №01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

          Хариуцагч Б.Ө-, Г.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Б.Ө-, Г.Э-, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, О.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч С.Г-ас:

...С.Г- би Булган аймгийн Орхон сумын Ар мэргэн хэмээх газарт 0,99 м.кв газар эзэмшдэг бөгөөд манай эзэмшлийн зэргэлдээ газарт хөрш Ж.Энхцоожийн хувийн орон сууцыг барьж байсан Б.Ө- гэх хүн 2015 оны 03 дугаар сард над руу залгаад би сүүлийн үеийн технологиор сэргээгдэх эрчим хүч ашиглан халаалтаа шийддэг байшин барьдаг хүн байна, ийм технологиор танай хөршийн байшинг барьж байгаа, маш богино хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлөөр чанартай байшин барина, танайх газар дээрээ байшин бариулах уу гэж санал тавихаар нь Б.Ө- болон түүний эхнэр Г.Э-тэй уулзахаар тохирч барьж байгаа байшинг нь очиж үзэн ... гэх зэргээр маш их итгэл, үнэмшил төрүүлэн ярихаар нь эхнэр бид 2 барилгын нийт өртгийг 120.000.000 төгрөгөөр тохирсон. Ажил эхлэх урьдчилгаа 50 хувийг төл гэсэн тул тэдэнд дараах байдлаар төлсөн ... нийт барилгын 50 хувь болох 60.000.000 төгрөгийг эхний ээлжид төлсөн. Барилгын суурь тавигдаж торх босч эхэлмэгц барилгын нийт өртгийн 30 хувийг нэмж төлөхийг дахин шаардсан тул манай эхнэр Дэлгэрмаа дараах байдлаар мөнгө шилжүүлсэн. ... 36.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Үүний дараа нэмэлт ажлын хөлс гэж ... тэдэнд нэмж нийт 5.000.000 төгрөгийг бас өгсөн. ...Дээрх байдлаар миний бие нь барилгын нийт өртгийн 80 хувьтай тэнцэх 96.000.000 төгрөг, нэмэлт ажлын хөлс гэж 5.000.000 төгрөг буюу 101.000.000 төгрөгийг Б.Ө-ийн шаардсаны дагуу төлсөн боловч байшингийн цутгалтыг хийгээд, дээврийг хагас дутуу хийж, дээврийн төмрийн урд талыг хийгээд, хойд талыг нь хийгээгүй, хаалгагүй, цонхгүй, байшингийн урд талынх нь шавардлагыг хийлгүйгээр ажлаа хаяад 2015 оны 08 дугаар сараас хойш алга болчихсон. Энэ өдрөөс хойш Б.Ө-, Г.Э- нар нь биднээс зугтах болж, бид 4 удаа хаягаар нь очиход гэртээ байхгүй, утсаар нь залгахаар утсаа авдаггүй, бараг бүтэн жилийн турш хөөцөлдөж байж 2016 оны 05 дугаар сард арай хийж олж уулзахад барилгыг чинь 2016 оны зундаа багтааж гүйцээж барьж өгнө гэж амлаж гэрээний хугацааг сунгаж нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, уг нэмэлт гэрээгээр Г.Э- нэмэгдэж түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр гэрээний хугацааг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Гэтэл Б.Ө-, Г.Э- нар нь нэмэлт гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг барьж дуусгах үүргээ дахин биелүүлээгүй, барилга нэг жилийн өмнөх орхисон байдлаараа байгаа. Нэмэлт гэрээ хийснээс хойш утсаа авахгүй байгаа, гэрийн хаягаар нь очиход гэртээ байгаа мөртлөө хаалгаа тайлж өгдөггүй ийнхүү 2 дахь жилдээ биднийг дахин чирэгдүүлж, хохироож, байгаа ба цаашид барилгын ажлыг дуусгах талаар ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт болсон тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар Б.Ө-, Г.Э- нараас дараах үндэслэлээр 47.860.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд: 1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2-т зааснаар гэрээт хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас нийт 101.000.000 төгрөг төлсөн боловч үүрэг гүйцэтгэгч нь 70.000.000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 31.000.000 төгрөг, 2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээний 1.2, 3.1.2-т заасныг баримтлан гүйцэтгэх ёстой 54.000.000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 %-иар тооцон, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд нийт 16.200.000 төгрөгийн алданги, 3. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч нь ажлаа дутуу орхиж явсны улмаас Орхон, Дархан-Уул аймгийн хооронд Б.Ө-, Г.Э- нартай уулзахаар ирж буцсан шатахууны зардал 660.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Б.Ө-, Г.Э- нараас нийт 47.860.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн шавардаагүй орхисон гадна талын хөөсөнцөр нь удаан хугацааны явцад бутарч унаж эхэлсэн. Мөн дутуу орхисон дээврийн мод нь нар салхинд гандаж муудсан, дотор хана нуралт өгсөн, гадна дотор хана тэгш бус далий тул дахин засах шаардлагатай байгаа болно гэжээ.

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нараас:

...Миний бие болоод нөхөр Б.Ө- бид иргэн С.Г-ын барилгыг барьж өгөхөөр урьдчилгаа болгон 101.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн 2016 оны 05 дугаар сарын 21-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, хийгдсэн ажлыг 70.000.000 төгрөгийн гүйцэтгэлтэй, 31.000.000 төгрөгийн ажил хийгдээгүй байна. Бид 3 дугаар сард нэхэмжлэгч нартай уулзсан. С.Г-тай уулзахаас өмнө Энхцоожийн байшинг бариад дуусч байсан. Би нэхэмжлэгч С.Г-ас 101.000.000 төгрөг авсан. Би С.Г-ын байшинг барихаас гадна Эрдэнэтийн төвд өөр хүний барилга дээр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Гэтэл Эрдэнэтийн төвд барьж байсан төлбөрөө хийгээгүй барилгын гүйцэтгэл болон С.Г-ын байшингийн гүйцэтгэл хоёр давхцаж Эрээн хотоос ирэх материал саатсан. Энэ бол 25.000.000 төгрөгийн асуудал. Би төлсөөр байгаад 8.000.000 төгрөг үлдсэн. Эрээн хотоос ирэх материал нь 8.000.000 төгрөг байсан. Би энэ талаар нэмэлт гэрээ байгуулах үед ярьж байсан. Энэ мөнгийг төлбөл материалаа авах боломжтой. С.Г-ын байшингийн хувьд торх бүтэн босч, дээврийн ажил дутуу байсан. Байгаа материалаа ашиглавал ажил дуусах боломжтой байсан. Нэхэмжлэгч тал Г.Э- бид хоёртой зөвшилцөөд 8.000.000 төгрөг өгье гэсэн боловч 8.000.000 төгрөгөөс гадна ажилчдын цалин хөлсний асуудал тулгарсан. Мөн давхар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд над дээр 15.000.000 төгрөгийн өр үүсч данс хаагдсан тул нэхэмжлэгч С.Г-ын байшинг дуусгах боломжгүй болсон. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр 15.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ байдал 2 жил үргэлжилсэн. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зөөврийн халаагуур хийх техникийг боловсруулж патент авч, санхүүгийн эх үүсвэртэй болсон тул С.Г-ын байшинг барьж дуусгах боломжтой болсон. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. 79.000.000 төгрөгийн гүйцэтгэл хийгдээд 30%-ийн үлдэгдлээ аваад ажлаа хийх гэж байгаад ажил зогссон. Дутуу хийсэн зүйлээ бид нэмэлт хөрөнгө шаардахгүйгээр өөрсдөө хийх боломжтой. Тэгэхээр 79.000.000 төгрөгийн ажил хийгдсэн. Бохирын шугамын гаргалгаа, дотор сантехникийн шугам, гараашнаас машин угаалгын шугам зэрэг бүгд суусан байхад шинжээчийн дүгнэлтэд огт тусгаагүй. Техникийн нөхцөл өгч байж шийддэг шийдлийн дагуу шинжээчийн дүгнэлтээ гаргасан байсан тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэлт гэрээ байгуулахдаа энэ байдлаар ярилцсан. Барилга дууссаны дараа 24.000.000 төгрөгийн төлбөр хийгдэж, барилгыг хүлээлгэн өгөх ёстой байсан. 101.000.000 төгрөгөөс 79.000.000 төгрөгийг хасаад 22.000.000 төгрөг үлдэнэ. Би 30.000.000 төгрөгийг буцааж өгөх боломжтой. Ажлын төсөл байхгүй учраас шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй байсан гэжээ.

            Нэхэмжлэгч С.Г- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

...Зохигчдын 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээ-ний 3.1.2-т Гүйцэтгэгч тал нь барилгын энэ гэрээний 2.1-т заасан хугацаанд түлхүүр гардуулж өгөх нөхцөлөөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бол талууд харилцан тохиролцож барилгын зураг төслийн дагуу дутуу баригдсан хэсэгт үнэлгээ тогтоох буюу эсвэл хөндлөнгийн мэргэжилтнээр үнэлгээ тогтоолгож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 05 хувийн алданги тооцож гүйцэтгэгч тал алданги төлнө. гэж заасныг баримтлан нэхэмжлэгч талаас цаашид барилгыг гүйцээж барихад хэдэн төгрөг зарцуулагдах талаар мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргасныг шүүх хангаж, Арлын Ам ХХК-ийг томилж шинжээчийн дүгнэлт гаргасан. Барилга угсралтын Арлын Ам ХХК-ийн гаргасан дүгнэлтээр маргаан бүхий амины орон сууцанд 49.760.133 төгрөгийн ажил хийгдсэн, цаашид 77.480.819 төгрөгийн ажил хийгдэж байж нийт 127.480.819 төгрөгийн төсөвт өртгөөр манай байшинг барьж дуусгах тухай дүгнэлт гарсан байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2-т зааснаар хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно гэж заасныг баримтлан гэрээт хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас нийт 101.000.000 төгрөг төлсөн боловч үүрэг гүйцэтгэгч нь 49.760.133 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 51.239.867 төгрөгийг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр 77.480.867 төгрөгийн ажил дутуу буюу нийт 127.480.819 төгрөгийн төсөвт өртгөөр барилга баригдаж дуусахаар дүгнэсэн боловч талууд нэмэлт гэрээ байгуулахдаа барилгын төсөвт өртгийг 125.000.000 төгрөгт багтааж барихаар харилцан тохиролцсон тул 125.000.000 төгрөгөөс орон сууцанд хийгдсэн 49.760.133 төгрөгийг хасаж, цаашид барилгыг гүйцээж барихад шаардагдах 75.239.867 төгрөгийн үнийн дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээ-ний 1.2, 3.1.2-т заасныг тус тус баримтлан хоног тутамд 0,5 хуувиар тооцон, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 120 хоногийн хугацаанд нийт 45.143.920 төгрөгийн алданги нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нар шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Дархан сумын 12 дугаар багийн 23 дугаар байр, 17 тоотод оршин суугч иргэн Б.Ө-, Г.Э- бид нэхэмжлэгч Орхон аймгийн Согоот багийн 11 дүгээр байр 48 тоотод оршин суугч иргэн С.Г-ын нэхэмжилж байгаа 92.143.787 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид барилгын ажлын гүйцэтгэлийг нүүр нүүрээ харж сууж байгаад нэг бүрчлэн тооцож 70.000.000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч тооцоо нийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өмгөөлөгчдийн холбооны дарга П.Батжаргал хуулиар нэр сүрээ далайлган нэмэлт гэрээ гэгчийг хийгээд үүнийхээ дагуу алданги тооцож 16.200.000 төгрөг нэхэмжилж байсан бол одоо хууль зөрчиж хийсэн шинжээчийн дүгнэлт юм. Мөн барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1-д зааснаар дүр үзүүлсэн хийсэн гэрээ гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус бөгөөд өмнө нэхэмжилсэн 47.800.000 төгрөгөөс алданги хэмээх 16.200.000 төгрөг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс С.Г-ын нэхэмжилсэн 92.143.787 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин С.Г-ас авсан санхүүжилтийн үлдэгдэл 31.097.032 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Нэхэмжлэгч С.Г- нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

...Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлийг баримтлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нийт 75.054.256 төгрөгийг дараах 5 үндэслэлээр нэхэмжилж байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан гэрээт хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас нийт 101.000.000 төгрөг төлсөн боловч үүрэг гүйцэтгэгч нь 69.163.439 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 31.836.561 төгрөгийг нэхэмжилж байна.

2. Шинжээчийн дүгнэлтээр 49.823.473 төгрөгийн ажил дутуу буюу нийт 118.981.912 төгрөгийн төсөвт өртгөөр барилга баригдаж дуусахаар дүгнэсэн байх тул 118.981.912 төгрөгөөс орон сууцанд хийгдсэн 69.163.439 төгрөгийг хасаж, цаашид барилгыг гүйцээж барихад шаардагдах 49.823.473 төгрөгийн үнийн дүнгээс тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.4, талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээ-ний 1.2, 3.1.2-т заасныг тус тус баримтлан нийт 24.911.736 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

3. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг болон хуулийн бусад зохицуулалтыг баримтлан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Шинжээчийн дүгнэлт дээрх хүснэгтийн тооцооллоос харахад хариуцагч нь ханын ажил хийхдээ 140.620 төгрөгийг цалингийн үргүй зардал, дээврийн ажлыг хийхдээ нийт 3.416.753 төгрөгийг материал, тээвэр, цалингийн үргүй зардлыг тус тус гаргасан буюу нийт 3.557.373 төгрөгийг үргүй зардлыг гаргасан байна. Иймд хариуцагч нь барилгын ажлыг гүйцэтгэхдээ чанарын доголдолтой ажил гүйцэтгэсний улмаас нэхэмжлэгч талд 3.557.373 төгрөгийг үргүй зардал гаргасан байх ба эдгээр ажлыг дахин хийх шаардлага тулгарч байгаа тул Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.3-д заасныг тус тус баримтлан 3.557.373 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ...Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, инженер техникийн ажилтны цалин, нэмэгдэл цалин нийлээд 5.663.509 төгрөгийн цалингийн зардал барилга барих явцад гараагүй тул хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн 5.663.509 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

4. ... Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 1.536.697 төгрөг бөгөөд инженер техникийн ажилтны цалин 1.542.140 төгрөг, нэмэгдэл цалин 3.356.423 төгрөг, ажлын багаж, хувцас, хэрэгсэл 1.899.917 төгрөг буюу нийт 8.335.177 төгрөг нь нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн мөнгөн дүнд орж байгаа тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 8.335.177 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

5. Үүрэг гүйцэтгэгч нь ажлаа гүйцээлгүй хаяж явсны улмаас Орхон, Дархан-Уул аймгийн хооронд Б.Ө-, Г.Э- нартай уулзахаар ирж, буцсан болон шүүхэд ирж буцсан шатахууны зардал 760.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч Б.Ө-, Г.Э- нар шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Иргэн Б.Ө-, Г.Э- бид иргэн С.Г-ын өөрийн эзэмшлийн Орхон аймгийн Ар мэргэн гэх газар нутагт 2 давхар амины орон сууц барьж өгөхөөр тохиролцож 2015 оны 03 дугаар сард барилга угсралтын гэрээ хийж графикийн дагуу 101.000.000 төгрөгийн санхүүжилт авсан. Уг санхүүжилтээр суурийн блок болон бохирын ажил, барилгын бүтээцийн ажлыг хийж материал болон, ажлын хөлс, тээвэр зарцуулалтад зарцуулан дуусгасан. 2015 оны 08 дугаар сард тухайн үед барилгын материалын болон ажиллах хүчний үнийн өсөлт, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалан бидний төлөвлөсөн санхүү нь уг барилгад хүрэлцэхгүйгээс болж барилгын ажил зогсож улмаар удаан хугацаагаар үргэлжлээгүй. Ингээд барилга захиалагч бидний хооронд маргаан үүсч нэлээд удсан. Гэтэл С.Г- Дэлгэрмаа нар 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд нэг газар уулзахаар дуудсан. Гэтэл өмгөөлөгч П.Батжаргал биднийг яагаад барилгыг нь барьж дуусгахгүй байгаа төлөөр ярилцаж, бид учир байдлаа ч бас хэлсэн. Бид барилгад орсон материал ажлын хөлс тээвэр зарцуулалтын тооцоог нэг бүрчлэн гаргаж өгөхөд тээвэр зарцуулалт, хоол хүнсийг та нар зарцуулах ёстой гэж хасаад 79.000.000 төгрөгийн зардал тооцоо гарсан. Гэтэл П.Батжаргал нэмэлт гэрээ хийх санал тавьж, бид гэрээг хийхгүй гэтэл биднийг дарамталж байгаад нэмэлт гэрээг хийлгэсэн. Бид уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар ...дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч С.Г- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

...Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл дээр ор үндэсгүй худал зүйлийг бичсэн байна. Г.Э- Б.Ө- нар нь өөрсдөө 2016 оны 08 дугаар сард дуусгана гэж гуйж хугацаа өгөх хүсэлт гаргасны дагуу энэхүү гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд Б.Ө-, Г.Э- нарын санал бүрэн тусгагдсан тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. ...Бид хариуцагч талын хэлж байгаагаар 31.000.000 төгрөгийн ажил үлдсэн гэж тохиролцсон. Гэхдээ хариуцагч нар алга болоод зугтаасан учраас ажлыг чанаржуулахын тулд нэмэлт гэрээндээ алданги тооцохоор тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмэлт гэрээг байгуулахдаа хариуцагч нарыг айлган сүрдүүлээгүй. Өмнө нь бид тохиролцсон. Хариуцагч нар өөрсдөө тооцоогоо гаргасан. Бид хүнээр бодуулсан гээд хийгдсэн ажлын үнийг 70.000.000 төгрөг болгоё гэж хэлсэн. Хариуцагч нарын хариуцлагыг нь өндөржүүлье гэж алдангийн талаар гэрээнд тусгасан. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Нэхэмжлэгч С.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Г.Э-, Б.Ө- нараас дараах 5 үндэслэлээр нийт 69.400.847 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд:

1.Би 2015 онд Б.Ө-тай гэрээ хийсэн. Б.Ө- над руу утсаар залгаад сүүлийн үеийн байшин захиалгаар барина. Би танай хөршийн байрыг барьж байгаа, танайх байшин бариулах саналаа өгч болно гэсэн санал тавьсан. Тэгээд би Б.Ө-ийн барьж байгаа барилгыг очиж үзсэн. Гэрээ байгуулах үед Б.Ө- төлбөрөө бэлнээр хийгээд орон сууцыг барихад шаардлагатай бүх материал зардлыг манай талаас гаргана, орон сууц 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бэлэн болж, байрны түлхүүрээ гардуулан өгнө гэж надад итгэл үнэмшил төрүүлсэн. Нийт үүнээс барилгын ажил эхлэхэд Б.Ө-т урьдчилгаа төлбөрийн 50 хувийг шилжүүлсэн. Үлдсэн төлбөрийн 50 хувиас 30 хувийг Б.Ө- бэлнээр өгчих гэсэн учраас бэлнээр өгсөн. Маргаан бүхий амины орон сууцад 69.163.439 төгрөг зарцуулагдсан ба цаашид барилгыг гүйцээж барихад хувь хүнээр бариулах тохиолдолд 49.823.473 төгрөгийн зардал шаардлагатай ба нийт 118.986.912 төгрөгийн төсөвт өртгөөр манай байшинг барьж дуусгах тухай дүгнэлт гарсан байна. Хэрэв барилгын компаниа бариулж дуусгасан тохиолдолд 73.806.166 төгрөг нэмж зарцуулах шаардлагатай байсан. Манай талаас 101.000.000 төгрөг Б.Ө-т төлсөн боловч Б.Ө- нь 69.163.439 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 31.836.561 төгрөгийг нэхэмжилж байна.

2.Шинжээчийн дүгнэлтээр 49.823.473 төгрөгийн ажил дутуу буюу нийт 118.981.912 төгрөгийн төсөвт өртгөөр барилга баригдаж дуусахаар дүгнэсэн байх тул 118.981.912 төгрөгөөс орон сууцад хийгдсэн 69.163.439 төгрөгийг хасаад цаашид барилгыг гүйцээж барихад шаардагдах 49.823.473 төгрөгийн үнийн дүнгээс тооцож, нийт 24.911.736 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

3.Шинжээчийн дүгнэлтийн хүснэгтийн тооцооллоос харахад хариуцагч нь ханын ажил хийхдээ 140.620 төгрөгийн, дээврийн ажлыг хийхдээ нийт 3.416.753 төгрөгийн материал, тээвэр, цалингийн үргүй зардлыг гаргасан буюу нийт 3.557.373 төгрөгийн үргүй зардал гаргасныг нэхэмжилж байна. Ханыг дахин өрөхөд орох материалын болон тээврийн зардал ороогүй болно.

4.Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй бөгөөд инженер техникийн ажилтан ажиллуулаагүй ба багаж хэрэгсэлд огт зарлага гаргаагүй, нэмэгдэл цалин өгөх нь байтугай үндсэн цалингаа ч барилга барьсан хүмүүстээ өгөөгүй зугтсан байдаг. Иймд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 1.536.697 төгрөг, инженер техникийн ажилтны цалин 1.542.140 төгрөг, нэмэгдэл цалин 3.356.423 төгрөг, ажлын багаж, хувцас хэрэгсэл 1.899.917 төгрөг буюу нийт 8.335.177 төгрөг нь манай талаас хариуцагчид шилжүүлсэн мөнгөн дүнд орж байгаа тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж дээрх 8.335.177 төгрөгийг гаргуулах,

5.Үүрэг гүйцэтгэгч нь ажлаа гүйцэтгээгээгүй орхиж явсны улмаас бид Орхон, Дархан-Уул аймгийн хооронд Б.Ө-, Г.Э- нартай уулзахаар ирсэн, буцсан болон шүүхэд ирж буцсан шатахууны зардал 760.000 төгрөгийг тус тус Б.Ө-, Г.Э- нараас нэхэмжилж байна гэв гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргалаас:

...Би Г.Э-, Б.Ө- нарт анх 101 сая төгрөгийг өгсөн. Дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

- Үүрэг гүйцэтгүүлэгч талаас 101 сая төгрөгийг үүрэг гүйцэтгэгчид төлсөн боловч үүрэг гүйцэтгэгч нь 69.163.439 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 31.836.561 төгрөг,

- Шинжээчийн дүгнэлтээр 49.823.473 төгрөгийн ажил дутуу буюу нийт 118.981.912 төгрөгийн төсөвт өртгөөр барилга баригдаж дуусахаар дүгнэсэн байдаг. Тэгэхээр цаашид барилгыг гүйцээж барихад шаардагдах 49.823.473 төгрөгийн үнийн дүнгээс тооцож, нийт 24.941.736 төгрөгийн алданги,

- Хариуцагч нь барилгын ажил гүйцэтгэхдээ чанарын доголдолтой ажил гүйцэтгэсний улмаас нэхэмжлэгч талд 3.577.373 төгрөгийн үргүй зардал гаргасан байх ба эдгээр ажлыг дахин хийх шаардлага тулгарч байх тул хариуцагчаас 3.577.373 төгрөгийг гаргуулах,

- Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 1.536.697 төгрөг, инженер техникийн ажилтны цалин 1.542.140 төгрөг, нэмэгдэл цалин 3.356.423 төгрөг, ажлын багаж хэрэгсэл, хувцас, 1.899.917 төгрөг буюу нийлээд 8.335.177 төгрөг нь Б.Ө- руу шилжүүлсэн мөнгөн дүнд орж байгаа тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 8.335.177 төгрөгийг гаргуулах,

- Үүрэг гүйцэтгэгч нь ажлаа гүйцэт дуусгаагүй хаяж явсны улмаас Орхон, Дархан-Уул аймгийн хооронд Б.Ө-, Г.Э- нартай уулзахаар ирж, буцсан болон шүүхэд ирж, буцсан шатахууны зардал 760.000 төгрөг нийт 69.450.847 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн 5 шаардлагын хуулийн үндэслэлийг тодорхойлсон тайлбарыг хэлье гээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа огноо алдаатай бичсэн байсан. Энэ техникийн шинжтэй алдаа учраас залруулга хийх боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. 31.836.561 төгрөг нь С.Г-ын амины орон сууцыг барих барилгын ажлын төсөвт зарцуулагдаагүй. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад 31.836.561 төгрөгийг тодорхой тусгасан. 31.836.561 төгрөгийг хариуцагч нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн учраас 31.836.561 төгрөгийн асуудалд тайлбар хэлэх шаардлагагүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тодорхой заасан. С.Г-ын захиалгаар барилга баригдах үед гүйцэтгэгч талаас шаардагдах төлбөрийг нэхэмжилсэн. С.Г- Б.Ө-т барилга барихад шаардлагатай төлбөрийг өгсөн. Тиймээс гэрээнд заасан 96 сая төгрөг бидэнд өгсөн гэсэн тайлбарыг хариуцагч тал гаргах шаардлагагүй. 101 сая төгрөгөөс 69.163.439 төгрөгийн барилгын ажил хийгдэж, цаашид барилгыг дуусахад шаардлагатай төсөвт 49.823.373 төгрөг шаардлагатай гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. Тэгэхээр 49.823.373 төгрөгийн төлбөрөөс хоног тутам 0,5 хувийн алданги 24.911.736 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6-т зааснаар нэхэмжилсэн. С.Г-, Б.Ө-, Г.Э- нарын хооронд хийсэн нэмэлт гэрээний утгаас харахад хариуцагч нарт хүч хэрэглэж гэрээ хийсэн зүйл харагддаггүй. Тиймээс талуудын хооронд хийсэн нэмэлт гэрээний дагуу тогтоосон хугацаанд Б.Ө-, Г.Э- нар С.Г-д алданги төлөх ёстой. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан хугацаанд барилгын ажил явагдахгүй болсон тохиолдолд үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан хариуцлага хүлээнэ гэж тодорхой тусгасан. Түүнээс хариуцагч нарт хүч хэрэглэж, нэмэлт гэрээг хийсэн зүйл байхгүй. Шүүх энэ байдлыг анхаараасай гэж хэлмээр байна. 3.557.373 төгрөгийн үргүй зардал гаргасныг нэхэмжилсэн. Энд ойлголцлын зөрүү яваад байх шиг байна. Үүнийг шинжээчийг шүүх хуралдаанд гэрчээр асуухад тодорхой болох учраас тайлбар гаргахгүй түр орхиё гэв.

17.406.590 төгрөгийн ажиллах хүчний нийт зардал гэж тооцсон тооцсоноос харахад 8.335.177 төгрөг нь зарцуулагдах ёстой зүйлдээ зарцуулагдаагүй байна. Үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, Б.Ө-, Г.Э- нараас гаргуулна. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлсөн гэж хариуцагч тал тайлбар гаргаж байна. Гэтэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлсөн гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Ажлын хувцас, багаж хэрэгсэл авсан гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгч байгаа боловч хариуцагчид шүүхэд гаргасан анхны тайлбартаа Цоож гэдэг хүнтэй тооцоо нийлж тооцоог гаргасан гэсэн байдаг. Энэ хэрэг жил гаруй хугацаанд шүүхэд хянагдаж байна. Тэгэхэд энэ хооронд яагаад тэдгээр баримтаа гаргаж өгөөгүй юм. Тэгээд өнөөдөр шүүх хуралдаанд тооцоо нийлсэн гэх бөөн цаас гаргаж өгч байна. Эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг шүүх анхаарах байх. Тиймээс хариуцагч нарын 8.335.177 төгрөгийг төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. 760.000 төгрөгийн хувьд 2015 оны 8 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл С.Г- маш олон удаа нааш, цааш явсан. Харин ч Давж заалдах шатны шүүх хурал орсноос хойших замын болон бусад зардлаа нэхэмжлээгүй. Тиймээс 760.000 төгрөгийг хариуцагч Б.Ө-, Г.Э- нараас гаргуулах хуулийн үндэслэл байна гэжээ.

Хариуцагч Б.Ө- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай талаас 6-10 сарын хугацаанд барилгын ажлыг дуусгаж өгч болно. Хэрэв нэхэмжлэгч тал манай саналыг хүлээн авбал эвлэрэхэд бэлэн байна. Хэрэв үлдсэн барилгыг бариулахгүй гэх тохиолдолд үлдэх 31.836.561 төгрөгийг манай талаас нэхэмжлэгчид буцаан өгөх боломжтой байна гэжээ.

            Хариуцагч Г.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. 2015 онд С.Г-ын амины орон сууцыг барьж өгөхөөр Б.Ө-тай гэрээ хийсэн байдаг. С.Г-, Б.Ө- нарыг гэрээ хийхэд би оролцоогүй. С.Г-ас мөнгө авсан, өгсөн асуудалд маргах зүйлгүй. С.Г-ас гэрээний дагуу 96 сая төгрөгийг авсан. С.Г-, бидний хооронд байгуулагдсан нэмэлт гэрээгээр 5 сая төгрөгийг С.Г-ас авсан. Нэмэлт гэрээгээр өгсөн 5 сая төгрөгийг инженер техникийн ажилчдын цалин, нэмэгдэл цалин гэж тооцож өгсөн. С.Г-ас нийт 101 сая төгрөг авснаас гүйцэтгэсэн ажлын 69.163.439 төгрөгийг хасаад үлдэх 31.836.561 төгрөгийг манай талаас төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.

2. Нэхэмжлэгч тал тухайн барилгыг цаашид барьж дуусахад 49.823.473 төгрөгийн зардал гарна гэж яриад байна. Бид С.Г-ас 101 сая төгрөг авсан болохоос 118.986.912 төгрөгийг аваагүй. С.Г- өөрөөс нь огт аваагүй мөнгийг бодож, хүүд 24.911.736 төгрөгийн алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 31.836.561 төгрөгөөс хоног тутам 0,5 хувийн алданги тооцлоо гэхэд 15.918.280 төгрөгийн алданги болж байна. Гэтэл С.Г- нь 49.823.373 төгрөгөөс алданги бодож 24.911.736 төгрөг болж, зөрүү үүсээд байгаа юм. 101 сая төгрөгөөс С.Г-, Б.Ө- нарын хооронд байгуулагдсан гэрээнд тусгагдсан дүн нь 96 сая төгрөг. Хэрэв гэрээнд тусгагдсан 96 сая төгрөгөөс С.Г-ын нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг тооцоод үзвэл нэхэмжлэлийн шаардлага буурна. Нэмэлт ажлын гэрээнд тусгагдсан 5 сая төгрөгөөс алданги тооцоогүй байж бидний огт аваагүй үнийн дүнд алданги тооцоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 101 сая төгрөгөөс гүйцэтгэсэн ажлыг хийхэд гарсан зардал 69.163.439 төгрөгөөс тооцох, гэрээнд тусгагдсан 96 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын зардал 69.163.439 төгрөгийг хасаад тооцоо бодохоор өөр дүн гарна гэв.

3. 3.557.373 төгрөгийн үргүй зардал гаргасан гэж яриад байна. Шинжээч ...ханыг өрөхдөө шалны шороог сайтар шахаагүйн улмаас цууралт үүссэн байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. 3.577.373 төгрөгийн үргүй зардал гаргасан гэж нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралдаанд шинжээч гэрчээр мэдүүлэг өгөх учраас гэрчээс тодруулж байгаад тайлбараа гаргана гэв.

4. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8.335.177 төгрөгийг нэхэмжилж байх шиг байна. С.Г- хуулийн этгээд биш хувь хүн учраас татвар төлөхгүй гэсэн тайлбар гаргаад байна. Гэтэл бид хувь хүний орлогын албан татвар төлсөн. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1.536.697 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. С.Г-ын амины орон сууцыг барихад 18-20 ажиллах хүч авч ажиллуулсан. Тиймээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн татварыг хасах үндэслэл байхгүй. Барилгын суурийг тавих ажлаас эхлэн инженер техникийн ажилтан ажиллуулсан. Инженер техникийн ажилтан барилгыг барьж байгаа ажилчдад шаардлагатай үед хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. Барилгыг барьж байгаа ажилчдад өгч байсан 5.600.000 төгрөгийн цалинг цалин тавиагүй гэсэн үндэслэлээр нэхэмжилж байх шиг байна. Гэтэл бид ажилчдад цалинг өгч байсан. Цалин тавьж байсан гэдгийг нотлох зорилгоор тооцоо нийлж, тооцоо нийлсэн баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн ажлын багаж, хувцас хэрэгсэл 1.899.917 төгрөг тооцоонд орсон. Барилга барих тохиолдолд хувцас хэрэгсэл, багаж зайлшгүй шаардлагатай. Тиймээс 1.899.917 төгрөгийг төлөхгүй.

5. Үүрэг гүйцэтгэгч нь ажлаа гүйцэтгээгээгүй орхиж явсны улмаас бид Орхон, Дархан-Уул аймгийн хооронд Б.Ө-, Г.Э- нартай уулзахаар ирсэн, буцсан болон шүүхэд ирж буцсан шатахууны зардал 760.000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргахад 760.000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Тухайн үед 760.000 төгрөгийг нэхэмжилж байхад 4 удаагийн үйлдлээр нааш, цааш явсан байсан. Тэгэхээр 760.000 төгрөг болох ямар ч боломж байхгүй. С.Г- тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн зардлаа ирсэн, очсон унааны зардалд оруулаад байна. Манай талаас шүүх хуралдаанд ирж, очсон гэх тодорхой унааны зардлыг төлөхөд татгалзахгүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд 96.000.000 төгрөгөөс 69.163.439 төгрөгийг хасаад үлдэх 26.836.561 төгрөгийн зөрүү төлбөрийг хүлээн зөвшөөрнө. С.Г-тай байгуулсан нэмэлт гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 536 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 344 дүгэр зүйлийн 344.1, 355 дугаар зүйлийн 355.2.2-д зааснаар хариуцагч Г.Э-, Б.Ө- нараас 31.836.561 төгрөг, алданги 15.918.485 төгрөг, доголдол арилгахтай холбоотой зардалд 3.557.373 төгрөг, нэмэгдэл цалин 3.356.423 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1.536.697 төгрөг тус тус гаргуулан С.Г-д олгож, 16.551.731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн 01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Б.Ө-, Г.Э- нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банк төрийн сан 190000941 тоот дансанд тушаасан 397.250 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Худалдаа хөгжлийн банк төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 246.418 төгрөг, хариуцагчаас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 59.270 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 56.205.539 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 438.978 төгрөгийг хариуцагч Б.Ө-, Г.Э- нараас гаргуулж нэхэмжлэгч С.Г-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Г-ас шинжээчийн зардал 1.600.000 төгрөгийг гаргуулан Барилгын төсөвчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нар  давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт өгсөөр байхад хүсэлтийг хүлээн авалгүй, бүрэлдэхүүнгүй шүүх хурлыг явуулж өмгөөлүүлэх эрхийг хангаагүй.

2. ...Шинжээчээс нийт 87.255.741 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байтал анхан шатны шүүх шууд зардлын дүн буюу 69.236.768 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд аливаа ажил, бизнесийн үйл ажиллагааг ашиг харахгүйгээр хийж гүйцэтгэх боломжгүй. Иймээс 101.000.000 төгрөгөөс гүйцэтгэсэн үүргийнхээ үнийн дүнг 87.255.741 төгрөгийг хасахаар 13.744.259 төгрөгийг буцаан төлөх үүрэг үүсэж байна. Харин анхан шатны шүүхээс буцааж төлөх дүнг 31.836.561 төгрөг гэж буруу дүгнэж гаргасан.

3. Шүүхэд хариуцагч нь 19.690.000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцон өгсөн тухай нотлох баримтыг гаргаж өгсөөр байхад нэмэлт ажлын хөлс болох3.356.423 төгрөгийг огт нотлох баримт байхгүй хэмээн хариуцагчаас буцаан хасч тооцсон нь шүүхийн шийдвэрт тодорхойгүй байна.

4. Шүүх хуралд гэрчээр оролцсон Б.Батчулуун доголдлыг арилгахдаа заавал буцаан буулгах шаардлагагүй хүчитгээд дахин ашиглах боломжтой гэсээр байтал энэ тухай шүүх хурлын протоколд тэмдэглээгүй, огт хийгдээгүй ажил хэмээн доголдол арилгуулахаар 3.577.373 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж байгаа нь үндэслэлгүй.

5. Г.Э-ийг хариуцагчаар татаж нэмэлт гэрээнд заанаар тухайн төлбөрийг төлж барагдуулахаар шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй бөгөөд үндсэн гэрээнд эрх үүрэг хариуцлагыг тусгаагүй нөхцөлд нэмэлт гэрээгээр үүрэг хүлээсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

6. үндсэн гэрээнд алданги тооцох зохицуулалт байхгүй бөгөөд харин хүчээр хийсэн нэмэлт гэрээнд алданги тооцохоор заасныг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дахин хянаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Г-ын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шинжээчийн зардал 1.600.000 төгрөг гаргуулж Барилгын төсөвчдийн холбоонд олгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваан хариуцуулна гэж зааснаар шинжээчийн зардлыг хариуцагчаас гаргуулах хуулийн зохицуулалт байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгч С.Г- болон хариуцагч Б.Ө- нь 2015 оны 6 дугаар  сарын 17-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ  байгуулж уг гэрээгээр нийт 129.9 м.кв талбайтай 2 давхар байшин болон 21.6 м.кв талбай бүхий гарааж болон барилгын гаднах тохижилтыг  120.000.000 төгрөгт багтаан барьж өгөх гэрээ байгуулжээ.

Талуудын гэрээний гурав дахь хэсэгт тохиролцсон тохиролцооноос үзвэл байшин барих материалын болон ажиллах хүчний зардал хөлс нь уг гэрээний үнэ болох 120.000.000 төгрөгт багтсан байхаар тохиролцжээ гэж ойлгогдохоор байгаа бөгөөд талууд энэ тал дээр маргаагүй байна.

Гэрээний хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 8-аас хойш 2015 оны 8 дугаар сарын 8 хүртэл 120 хоног байхаар тохирч захиалагч нь гэрээнд заасан мөнгийг үе шаттайгаар шилжүүлэх  үүргийг хүлээсэн байна.

Ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэт гүйцэтгээгүй тул талууд ажлын гүйцэтгэлийг 54.000.000 төгрөг байна гэж тохиролцож гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа болон гэрээний хариуцлагыг нэмэгдүүлэх талаар нэмж тохиролцож гүйцэтгээгүй ажлыг нэмж гүйцэтгүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 21-ны өдөр нэмэлт гэрээг байгуулжээ.

Уг гэрээгээр  барилгын ажлын нэмэлтийг хийж 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлийг тохиролцсоноос гадна гэрээний үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс /хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгож/ хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр, гэрээний хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор гэрээнд хамтран ажил гүйцэтгэгч Г.Э-ийг  гэрээний нэг тал болгон оролцуулж гэрээний үүрэг хүлээлгэхээр тохиролцсон байна.

Дээрх нэмэлт гэрээний агуулга нь хуульд харшлаагүй  болон талуудын эрх ашигт хохирол учруулахааргүй, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хийсэн гэрээ байх тул уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн  үндэслэл нь тогтоогдоогүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул захиалагч тал гэрээг цуцалж шилжүүлсэн мөнгөнөөс ажлын гүйцэтгэлд зарцуулагдаагүй хэсгийг буцааж авах, хохирол төлүүлэх талаар шаардлага гаргажээ.

Хоёр талын гэрээнд үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болох бөгөөд уг зөрчлийг арилгуулахаар  захиалагч тал нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй байна.

Нэмэлт гэрээ байгуулах үед хийсэн ажлын өртгийг 54.000.000  төгрөгөөр талууд тохиролцсон хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг үнийн дүнг маргаснаар шүүхэд  шинжээч томилуулах  хүсэлт гаргажээ.

Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцүүлэн гаргасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт болон дүгнэлтийн талаар шүүхэд өгсөн шинжээчийн мэдүүлгийг шүүх маргааныг шийдвэрлэх гол нотлох баримт  болгожээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэсэн ажлын үр дүн нь 69.163.439 төгрөг гэж тогтоосныг талууд  маргаагүй байна.

Харин гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бодогдох  алданги болон хүлээлгэн өгсөн барилгын доголдлыг арилгахад гарах зардал, ажлын нэмэгдэл хөлс,  ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөхөд зарцуулах  мөнгө зэрэг шинжээчийн үнэлгээгээр тодорхойлогдсон  зардлын  төрөл түүний үндэслэл болон хэмжээний талаар талууд маргажээ.

Захиалагч тал гэрээгээр 120.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч 101.000.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч талд шилжүүлсэн.

Дээрх мөнгөнөөс 69.163.439 төгрөгт оногдох ажлыг хийж 72.3 хувийн гүйцэтгэлтэй барилгыг захиалагч тал хүлээн авсан үйл баримт хэргийн материалаар тогтоогдсон байна.

Ажил гүйцэтгэгч тал нэмэлт гэрээ байгуулснаас хойш материалын болон бусад зардалд захиалагч тал мөнгө шилжүүлээгүй нь ажлыг гүйцэтгэж дуусах боломжгүй болгосон гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж тайлбараа нотлоогүй байна.

Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйд  тооцох юм.

Ийм учраас нэмэлт гэрээний 3.1.2-д зааснаар ажил гүйцэтгэгч талд гэрээний хариуцлага хүлээлгэж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох үндэслэлтэй байна.  Харин  ийнхүү тооцохдоо анхны гэрээний үүргийг гүйцэтгээгүй үеэс биш харин нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх хугацаа хожимдуулсан үеэс  гэрээг цуцалж  шүүхэд нэхэмжлэл гаргах үе хүртэл гэрээний үүргийн биелэлтийг хангах аргыг гэрээний нэмэлт үүргийн хувьд хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь талууд анхны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тохиролцоогүй байжээ.

Өөрөөр хэлбэл 2016 оны 8 дугаар сарын 1-ээс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 52 хоногийн хугацаагаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 31.836.561  төгрөгөөс   гэрээнд заасан хувиар алдангийг тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гүйцэтгэсэн үүргийн доголдлыг арилгахад 3.557.373 төгрөгийн зардал зарцуулагдах талаар болон ажиллах хүчний нэмэлт зардалд 3.356.423 төгрөг, тэдэнд олгох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос төлөх 1.536.697  төгрөгийг шинжээчийн дүгнэлтээр тооцоолон гаргаж ирснийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй бөгөөд энэ талаар талуудын харилцан мэтгэлцсэн тайлбарууд нь нотлох баримтаар нотлогдохгүй тул доголдлыг арилгах зардлыг хариуцагчаас гаргуулж харин нэмэгдэл ажлын хөлс болон даатгалын шимтгэлтэй холбоотой гаргасан нэхэмжлэгчийн гаргасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг буруу хэрэглэж шинжээчийн зардлыг нэхэмжлэгчид 100 хувь хариуцуулсан гэх гомдол нь үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлыг хүлээн авч энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хариуцагч тал Г.Э-ийг нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцах үндэслэлгүй гэж маргасан боловч талуудын байгуулсан хүчин төгөлдөр нэмэлт гэрээгээр түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний хариуцлагыг түүнд оногдуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 536 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... хариуцагч Г.Э-, Б.Ө- нараас 31.836.561 төгрөг, алданги 15.918.485 төгрөг, доголдол арилгахтай холбоотой зардалд 3.557.373  төгрөг, нэмэгдэл цалин  3.356.423 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1.536.697 төгрөг тус тус гаргуулан С.Г-д олгож, 16.551.731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...хариуцагч Г.Э-, Б.Ө- нараас 43.387.439 төгрөг гаргуулж С.Г-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26.063.408 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “... нэхэмжлэлийн шаардлага хангагдсан дүн болох 56.205.539 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 438.978 төгрөгийг...” гэснийг  “нэхэмжлэлийн шаардлагыг хангагдсан дүн болох 43.387.439 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 374.978 төгрөгийг” гэж,

4 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Г-ас шинжээчийн зардал 1.600.000 төгрөг гаргуулан”  гэснийг  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2. ,56.3-д заасныг баримтлан  нэхэмжлэгч С.Г-ас шинжээчийн зардалд 608.000 төгрөг, хариуцагч Г.Э- Б.Ө- нараас шинжээчийн зардалд 992.000 төгрөгийг тус тус гаргуулан  Барилгын төсөвчдийн холбоонд олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч С.Г-ын өмгөөлөгч П.Батжаргалын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.550 төгрөгийг, мөн хариуцагч Б.Ө-, Г.Э- нарын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 438.500 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ОЮУНЦЭЦЭГ       

                                                    ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА

                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ