Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/78

 

    2023           11         06                                     2023/ШЦТ/78

           

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 157/2023/0064

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн  шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Т холбогдох эрүүгийн 2340000000055 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянаад   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Л.Т

 

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Л.Т 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвд өөрийн амьдардаг хашаандаа иргэн Г.Э зээлсэн 40,000 төгрөгөө өг гэж хэлсний улмаас түүнтэй маргалдаж, хоолойг боож, түлхсэнээс газарт унаж, баруун чихний дэлбэнгийн дотор дээд хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Л.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:     

        

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Т, хохирогч Г.Э нар нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвд өөрийн амьдардаг хашаандаа иргэн Г.Э зээлсэн 40,000 төгрөгөө өг гэж хэлсний улмаас түүнтэй маргалдаж, хоолойг боож, түлхсэнээс газарт унаж, хохирогч Г.Э баруун чихний дэлбэнгийн дотор дээд хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо. 

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

 

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

 

-Хохирогч Г.Э 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би нөхөр Мөнхбатын хамтаар Хэнтий аймгаас Бор-Өндөр суманд ирээд 5 хонож байна. Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед Л.Т  гэх залуугийн хашаанд тоотыг нь яг сайн мэдэхгүй байна манай нөхөр М, Л.Т гийн мотоциклыг нь янзлаад сууж байсан. Би 2021 онд Л.Т  гэх залууд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь бэлнээр 40.000 төгрөг зээлүүлсэн юм. Би тэр мөнгөө Л.Т гээс нэхээд одоо удчихлаа чи тэр мөнгийг маань өгөөч гэхэд би өгье гээд хэлчихээд 1-2 минутын дараа чи чаддаг юм бол хууль журмаар нь яваад олж аваарай гээд уурлаад намайг заамдаж аваад хоолой боогоод түлхээд өөрөө миний дээрээс газарт хамт унасан. Би босоод иртэл миний баруун чихний ар талаас цус гарч байсан. Би гайхаад нөхөртөө юун цус гараад байгаа юм гээд харуулсан чинь чихний ар талд чинь зүсэгдсэн байна яаралтай эмнэлэгт очиж үзүүлсэн нь дээр гээд би нөхрийн хамтаар эмнэлэгт очиж 7 оёдол тавиулсан. Л.Т  намайг заамдаад хоолой боогоод дээрээс дарж унахад би гэрийн даруулганаас зүүлттэй байсан төмөрний ирмэг дээр унацан юм шиг байна лээ. Л.Т  бол нилээн согтолттой байсан. Өдөр 12 цагийн үед очиход л уучихсан байсан. Намайг 40.000 төгрөгөө нэхлээ гээд уурлаад чи хууль журмаар нь  яваад аваарай гээд л шууд заамдаж аваад хоолой боогоод дээрээс дараад унасан. Өөр бол маргалдах юу ч болоогүй. Миний баруун чихний ар хэсэгт язарсан шарх үүсэж би 7 оёдол тавиулсан. Надад өөр гэмтэл авсан зүйл байхгүй. Би нэгдсэн эмнэлэг дээр 7 оёдол тавиулаад боолт хийлгэж байгаа. Одоогоор эмчилгээнд зардал гарсан зүйл бол алга. Би цаашдаа эмчилгээ хийлгэвэл баримтаа цуглуулаад гаргаж өгнө. Би гомдолтой байна. Цаашид эмчилгээнд зарцуулсан баримтаа цуглуулаад мөнгөн дүнгийн нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/

-Хохирогч Г.Э 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл ч байхгүй. Бид хоёр уул нь найзууд байгаа юм. Надад эмчилгээ хийлгэсэн ямар нэгэн баримт бичиг байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

-Гэрч С.М 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр 12 цагийн үед эхнэр Э хамтаар Л.Т  гэх залуугийн гэрт нь очоод найзынх нь мотоциклийг янзалж өгсөн юм. Намайг очиход Л.Т  нилээн согтолттой архи уучихсан байсан. Гадаа намайг мотоциклыг нь янзлаад сууж байхад манай эхнэр Энхтуул, Л.Т д хандаж би чамд 2 жилийн өмнө 40.000 төгрөг зээлүүлсэн. Тэрийгээ одоо авъя гэхэд би өгнө гэж байснаа гэнэт уурлаад чадахгүй хууль шүүхээрээ аваарай гэж ярьж байгаад гэнэт эхнэр орилох шиг болоод намайг эргээд харахад Л.Т  манай эхнэрийг заамдаад газраас босож байсан. Би юу болчив гээд салгасан чинь чамд хамаагүй пязда минь зайл гэсэн. Би салгатал эхнэр миний чих эвгүй болчихлоо гэхээр нь би хартал баруун чихний ар талд нь язарсан цус гарч байхаар нь унахдаа юманд цохисон юм шиг байна гэж бодсон. Тэгтэл эхнэр наад Л.Т  чинь намайг заамдаад хоолой боогоод түлхээд дээрээс дарж унасан гэхээр нь би цагдаа дуудсан юм. Тийм л зүйл болсон. Манай эхнэрийн баруун талын чихний ар хэсэгт язралт үүсэж 7 оёдол тавиулсан. Өөр бол гэмтэл шарх учраагүй. Намайг өмнөх өдөр нь таараад мотоцикль янзалж өгөөрэй гэхэд нь очсон юм. Л.Т  нилээн согтолттой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09ий өдрийн 477 дугаартай:

  1. Г.Э баруун чихний дэлбэнгийн дотор дээд хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/

-Яллагдагч Л.Т гийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад санал хүсэлт байхгүй. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Т гийн хувийн байдлын талаар:

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа. 

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Т нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн, шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 10 дугаар сарын 09ий өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №477 дугаартай  дүгнэлтээр хохирогч Г.Э эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл  тогтоогдсон.        

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Л.Т нь хохирогч Г.Э зээлсэн 40,000 төгрөгөө өг гэж хэлсний улмаас түүнтэй маргалдаж, хоолойг боож, түлхсэнээс газарт унаж, баруун чихний дэлбэнгийн дотор дээд хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Т г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

 

1.5. Хохирол, хор уршиг

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд мэдүүлсэн тул шүүгдэгч Л.Т бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч: “Шүүгдэгч Л.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Л.Т нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.     

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүгдэгч Л.Т г гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.    

Шүүгдэгч Л.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.Т д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Т д оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино. 

 

2.3. Бусад асуудлын талаар

 

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т г 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т д оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгний торгох ялыг 3 (гурван)  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Л.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭНХМАНДАХ