Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 14

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж, Т.Энхмандах, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Л.Гансүх, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, С.Цэмбэлмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

гэрч Б.Ариунжаргал, Н.Нарантуяа, Л.Өлзийжаргал,

Иргэдийн төлөөлөгч А.Сэргэлэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шүүх бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр шилжүүлж ирүүлсэн Л.Гансүхэд холбогдох эрүүгийн 201223010069 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Чоносон овогт Лувсанбалдангийн Гансүх /РД:КЮ65033174/, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1965 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тусгай холбооны консчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уурхайчины 13-09 тоотод оршин суух, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Л.Гансүх нь 2012 оны 08 дугаар сарын 10-наас 2012 оны 08 дугаар сарын 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт орших 38 дугаар байрны ар талд талийгаач Л.Эрхэмбаяртай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь тоосгоор цохиж гавлын суурь ясны хугарал, тархины няцралын улмаас тархины эд зөөлөрч үхжин, тархины эд хатингаршиж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал, олон эрхтэний дутагдалд оруулсан гэмтлийг учруулан танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Гансүх нь 2012 оны 08 дугаар сарын 10-наас 2012 оны 08 дугаар сарын 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт орших 38 дугаар байрны ар талд талийгаач Л.Эрхэмбаяртай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь тоосгоор цохиж танхайн сэдэлтээр санаатай алсан талаар нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдохгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1. Шүүгдэгч Л.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэргийг огт хийгээгүй. Хэргийн газарт ч байгаагүй. Талийгаач Эрхэмбаяр гэдэг хүнтэй огт уулзаагүй. Намайг энэ хэрэгт холбогдуулж 5 жил шалгаж хохироож байгаад туйлын гомдолтой байна. Энэ хэргийн талаар анхнаасаа Өлзийбаяр гэдэг хүн гүжирдэж, худлаа яриа зохиож, үүндээ архины хамааралтай Ариунжаргал, амьдралын боломж тааруу Нарантуяа, Мөнхбайгаль, дараа нь Өлзийжаргал нарыг гэрчээр татаж, худлаа гүжирдлэгэ зохион байгуулсан. Энэ хэргийг хийгээгүй болохоор энэ хэргийн талаар Өлзийбаяр гэдэг энэ хүн зохион байгуулаад байгаа гэдгийг хэлж байна. Энэ хэрэг гарсан 10-наас 11-нд шилжих шөнө би ээжийндээ хоносон. Намайг ээжийндээ хоноход эрүүл саруул ээж минь,  Дархадын бөө Чулуунбаатар гэдэг өвгөн ирж хоносон байсан. Энэ хүмүүс бүгд мэдүүлгээ өгсөн. Манай ээж шатрын спортын мастер, Монгол туургатны шатрын их мастер цолтой хүн байдаг. Чулуунбаатар гэдэг хүн нь Монгол улсын тэргүүн зайран өргөмжлөлтэй нэр хүндтэй хүмүүсийн мэдүүлгүүд байсаар байтал энэ хэрэгт намайг холбогдуулж, нэг нутаг усны хүмүүс нийлж худлаа гүжирдэж, олон жил шалгаж, зовоож байгаад харамсаж байна. Нарантуяа ТҮЦ-д сууж байсан гэдэг. Мөнхбайгаль нь гурвалжин байрны урд талд байсан гэдэг. Ариунжаргал нь хойд талд байсан гэж яриад байгаа. Урд талд байсан хүн хойд талд байсныг харж худлаа зүйл ярисан. Нэг ч үнэн үг байхгүй, худлаа гүжирдлэгэ зохион байгуулж байна. Намайг олон жил зовоож байна. Цагдан хориулж бие сэтгэл, эрүүл мэндээр зовоож хохироож байгаад гомдолтой байна.

 

2. Хохирогч Л.Өлзийбаяр шүүхийн шатанд мэдүүлэхдээ: Эрхэмбаяр нь миний отгон дүү. Миний дүүгийн амь насыг Л.Гансүх хохироосон гэж бодож байна. Л.Гансүхийн төрсөн эгчээс би 8 сард торх худалдаж авсан. Энэ талаар Ариунжаргал гэдэг хүн огт мэдэхгүй. Дүүгээ зодуулсан гээд ухаангүй эмнэлэг дээр байхад би цагдаа дээр очиход цагдаа нар Гансүхийг хайхаар шуурхай албаны хүмүүс гарсан гэж хэлсэн. Орой нь манай нэг танидаг хүн Ариунжаргал байсан юм бол Ариунжаргал бүгдийг нь хэлнэ гээд намайг дагуулаад Ариунжаргалынд очсон. Ариунжаргал жижиг өрөөнийхөө паарны дэргэд, шартсан бололтой хэвтэж байсан. Ариунжаргалаас миний дүүг хэн ийм болгосон бэ гэж асуухад өндөр Гансүх, манай талийгаач дүү, ногоон Ганбаатар 3 цуг 1 шил архи аваад явж байсан гэсэн. Манай дүү Ариунжаргалыг 38-ийн ард очиж цуг архи ууя гэхэд Гансүх Ариунжаргалыг яв гэж загинасан байсан. Тэгэхээр нь Ариунжаргал араас нь дагаад явсан гэсэн. Ариунжаргалыг байхад намайг чөтгөр, шулмас Өлзий эгч манай торхыг бага үнээр худалдаж авсан гээд Гансүх манай дүүтэй муудсан гэсэн. Үүнийг Ариунжаргал нэг барилга байшингаас болж муудсан гэж хэлсэн. Үүнээс үндэслэж би Гансүхийг хардсан. Ариунжаргал намайг Гансүхийн эгчээс торх худалдаж авсан гэж мэдэхгүй. Энэ хүн бол миний дүүгийн амь насыг хөнөөсөн. Одоо болтол хэргээ хүлээхгүй, намайг элдвээр доромжилж, гүжирдлэгэ зохион байгуулсан гэж хэлдэг. Энэ талаар би шалгуулж, намайг энэ хэрэгт ямар хамааралгүй гэж прокурор дүгнэлт гаргаж өгсөн. Би энэ хэрэгт дүүгийнхээ амь насыг хохироосон хүнийг олох гэж явсан болохоос биш, энэ хүнийг гүтгэж яваагүй. Гансүхийн дүү бид нарыг Цагдаагийн байгууллага дээр байцаалт өгч байхад манай дүү Өлзийжаргалтай маргалдахдаа танай дүү амнаасаа болж алуулсан бол хохь чинь гэж хэлж байсан. Энэ хүн бол ялт ч үгүй миний дүүгийн амь насыг хөнөөсөн. Миний дүү зүгээр гэрээсээ гараад явсан. Энэ хүн Ариунжаргалыг СД-тэй орж ирсэнийг хүртэл мэддэг. Ариунжаргал юу бариад явж байсан бэ гэхээр Бор-Өндөрийн шүүх хурал дээр саарал ууттай СД бариад явж байсан гэж энэ хүн өөрөө хэлдэг. Энэ хүн ялт ч үгүй миний дүүгийн амь насыг хохироосон. Өнөөдрийг хүртэл өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, намайг элдвээр доромжилдог. Миний дүү бүтэн 3 сар хэвтэрт байсан. Ах дүү нартайгаа хамт харж, амь насыг нь аварч чадаагүй алдсан. Дүүгээ сэргэхэд нь утсан дээр бичлэг хийж дүүгээсээ өндөр Гансүх миний дүүг зодсон уу? гэж асуухад толгой тохидог. Өөр хүн миний дүүг цохиж, зодсон уу? гэхэд үгүй гэж толгойгоо тохидог. Энэ талаар гадна дотны 5, 6 хүн харж байсан. Цогоо гэдэг хүн миний дүүг зодсон уу гэж асуухад үгүй гэж толгойгоо сэгсэрдэг. Ариунжаргал, Ганбаатар хоёр байсан уу гэж асуухад тийм гэж толгойгоо тохидог. Ийм байхад хэргээ хүлээхгүй байгаад би үнэхээр их гомдож явдаг. Энэ хүн миний дүүгийн толгой руу тоосгоор цохиж, миний дүү тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан. Оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс гээд нийт 14,315,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хүн дандаа Өлзий авгай ингэдэг, тэгдэг гэж хэлдэг. Үнэхээр миний дүүг алаагүй юм бол ах дүү хамаатан садан нь гэрч нарын гэрт очиж, чи битгий Өлзий авгайгийн үгэнд ороорой, мах, хувцас өгнө гэж хэлж явахгүй. Гэрч нар үүнийг гэрчлэх байх. Тийм учраас би энэ хүнд маш их гомдолтой байна. Торхны талаар ярьж өмнө нь маргалдаж байсныг нь хүртэл хүмүүс ярьдаг. Тийм учраас энэ хүн миний дүүг алсан. Тал тоосгоор цохисоныг нь хүртэл Ариунжаргал гэдэг хүн гэрчилдэг. Миний дүү надтай олон жил хамт амьдарсан. Дүүгээ орох оронтой болгоно гээд Гансүхийг эгчээс нь торх авна гээд дүүгийнхээ жоншны мөнгө болох 1,500,000 төгрөгийг нь шууд данс руу шилжүүлсэн. 8 дугаар сарын 15-ны өдөр үлдсэн мөнгийг нь шилжүүлэх ёстой байхад энэ хэрэг гарсан. Миний хувьд амьдрах гэж ядарч явахад машин тэрэг хөлсөлж, зохион байгуулсан гэж Гансүх дандаа гүтгэдэг. Надад ийм чадал байхгүй. Энэ хэрэг гарсанаас хойш Ариунжаргалыг манайхаар орж гардаг болсон гэдэг. Энэ хэрэг гаргахаас өмнө манайхаар орж, гардаг байсан. Гансүхийн ар гэрийнхэн шиг Ариунжаргалд үг зааж өгдөгтэй адилхан би үг зааж өгөөгүй. Үнэн шударгаар хуулийн байгууллагаар шийдүүлэхийн тулд бүх чадлаараа өдий хүртэл явж байна. Үүнээс биш би энэ хүний мууг үзэх гэж яваагүй. Миний дүүгийн амь насыг ялт ч үгүй энэ хүн хөнөөсөн. Олон гэрч нарын тодорхой мэдүүлэг байдаг. Ариунжаргал цагдаа дээр хоол, ундгүй 3 хоног байцаагдаж байгаад гарч ирээд Гансүх рүү чи толгой руу нь тоосгоор цохиж алаа биз дээ гэж хэлж байсан гэдэг. Үүнийг харсан гэрч хүртэл мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт байгаа. Үүнд би маш их гомдолтой байна. Энэ хүн цохиж миний дүү тархиндаа хүнд гэмтэл авсан. Өмнө нь миний дүүд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Толгой өвдлөө гэж нэг ч удаа гэртээ хэвтэж байгаагүй. Миний амьдралд миний дүү жоншинд явж олон удаа тус болж байсан. Маш их гомдолтой байна гэв. 

 

3. Гэрч Б.Ариунжаргал шүүхийн шатанд мэдүүлэхдээ: 2012 оны 8 дугаар сарын 10-аас 11-ний шилжих шөнө үүрээр намайг 51 дүгээр байрнаас гараад явж байхад Гансүх, ногоон Ганбаа, Эрхэмээ 3 хойноосоо ирж байсан. Би урдаасаа хойшоо явж байсан. 43 дугаар байрны гадаа энэ гуравтай таарсан. Эрхэмээ жоншноос ирлээ гээд энгэртээ нэг шил архи хийчихсэн явж байсан. Архиа хаана очиж уух вэ гээд 38 дугаар байрны ард очиж архиа ууж байгаад өндөр Гансүх, Эрхэмээ хоёр хоорондоо барилга байшингаас болж маргалдаж, ноцолдсон. Эрхэмээ чи манай эгчийг чөтгөр шуламаар нь дуудлаа гэхэд Гансүх Эрхэмээг заамдаад цементен дээр унагасан. Тэгээд Эрхэмээ эргэж босож ирээгүй. Гансүх надад 5000 төгрөг байна. ТҮЦ-ээс нэг шил архи авъя гэхэд нь цуг дагаж яваад Нараа эгчийн ТҮЦ-ээс архи авъя гэхэд архи байхгүй гэхээр нь баруун тал руу эргэж Саруул эгчийн ТҮЦ-нд очоод 5000 төгрөг байна нэг шил архи өгчих, 1000 төгрөгийг нь дараа өгье гэхэд Гансүх ТҮЦ-ний ар талд зогсож байсан. Архиа аваад Ганбаа ахынд очиж, уусан. Өглөө 7 цаг 10 минутын автобус ирж байхад Нараа эгч урдаасаа ирж байсан. Нараа эгчид Гансүх Эрхэмээг зодчихсон гэж хэлээд Нараа эгч хойшоо яваад, би урагшаа гэртээ очоод унтаж байтал орой нь Өлзий эгч манайд ирж Эрхэмээ эмнэлэгт ухаангүй байгаа юу болсон бэ гэж асуухад Гансүх Эрхэмээг зодчихсон гэж хэлсэн. Хөлгөөтэй намайг унтаж байхад орж ирсэн. Тэгээд намайг цагдаа руу аваад явсан. Цагдаа дээр очиход Цэнд-Аюуш гэдэг байцаагч надаас асуухад Өлзий эгчийн хажууд Гансүх Эрхэмээг зодсон гэж хэлсэн. ... Талийгаач хар жинсэн өмд, хар куртиктэй, үдээстэй шар гуталтай би жоншноос ирлээ гээд явж байсан. Намайг цуг явъя гэхээр нь би дагаж явсан. Би тэр архинаас уугаагүй гэв.

 

4. Гэрч Н.Нарантуяа шүүхийн шатанд мэдүүлэхдээ: Би ажилгүй учраас амьдралын шаардлагаар ТҮЦ-д суудаг байсан. Ариунжаргал 5 цагийн үед 5000 төгрөгтэй ирээд нэг шил архи авъя гэхэд би байхгүй гэсэн. Ариунжаргалын дараа шээс хүрээд байхаар нь гартал ТҮЦ-ний ард Гансүх зогсож байсан. Ариунжаргал баруун тийшээ явсан. Ариунжаргалын араас Гансүх явсан. Хаанаас архи авсаныг нь би мэдэхгүй. Даариймаа эд нар намайг гэртээ авчраад цагдаад өгсөн мэдүүлэг чинь хэвээрээ биз дээ мэдүүлэг чинь өөрчлөгдвөл хот руу өгнө. Надад хувцас, өөх өгнө гэхээр нь би дараа нь асуудал болно гээд авч чадахгүй гээд аваагүй. Б.Ариунжаргал нь 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 5 цагийн үед ирсэн ТҮЦ-нд ирсэн. Ирэхдээ Гансүхтэй хамт ирсэн. Тэгээд би Ариунжаргалыг явсаны дараа бие засах гээд гарахад Гансүх, Ариунжаргал хоёр баруун тийшээ явж байсан. Би ТҮЦ-дээ янз бүр ажилладаг. Заримдаа хоночихдог, заримдаа явчихдаг байсан. Тухайн үед ТҮЦ-ний ард Гансүх байсныг харсан. Тэгээд өглөө нь Б.Ариунжаргалтай мөн таарсан. Би хойшоо явж байсан. Ариунжаргал хойноосоо урагшаа явж байсан. 7 цаг 10 минутын автобус ирж байсан. Манай нөхөр хот тохижуулалтад ажилладаг. Манай нөхөр гарын үсэг зурж чадахгүй. Би өглөө болгон очиж гарын үсэг зурдаг. Гарын үсэг зурж өгөх гээд явж байгаад 37 дугаар байрны ар талд Ариунжаргалтай таарсан. Тэгэхэд Ариунжаргал Эрхэмээ өнгөрчихсөн гэсэн. Би яасан бэ гэсэн чинь Гансүх тоосгоор цохичихсон гэж хэлсэн.

 

5. Гэрч Л.Өлзийжаргал шүүхийн шатанд мэдүүлэхдээ: Тэр орой болсон асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Маргааш өглөө нь гэртээ унтаж байтал Өлзий эгчийн хүү Отгонбаяр манайд ирж Эрхэмээ ах хүнд зодуулаад эмнэлэгт ухаангүй байна гэж хэлсэн. Би гэрээсээ гараад үүдэнд талийгаач ногоон Ганбаатай таарахад Ганбаа та Эрхэмээг ухаангүй эмнэлэг дээр байгааг мэдсэн үү гэхэд би дөнгөж сая сонсоод гарч байна гэж хэлээд цаашаа явж байтал Гансүх согтуу миний араас нэг зүйл хэлээд байсан. Би яараад энэ хүний үгийг үг гэж тоогоогүй. Эмнэлэг дээр очтол манай дүү ухаангүй байсан. Мядаг эгчтэй замд таараад нь юу болсон бэ гэсэн чинь шөнө хаалга балбаад нээсэн чинь Гансүх согтуу ус гуйхаар нь муу архичингууд минь зайл гээд хөөсөн гэж хэлсэн. 2 хоногийн дараа Цэнд-Аюуш байцаагч намайг дуудсан. 3 хоног эмнэлэг дээр дүүгээ сахиад нойргүй байж байтал Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотоос хамаатан садан ирээд намайг гэртээ хариад амраад ир гээд би гэртээ очоод удаагүй байхад дүү чинь муудлаа гээд эргээд дуудсан. Би яараад гараад явж байгаад айлын хашаа мөргөөд уруулаа сэтлээд, цусаа гойжуулаад эмнэлэг дээр ирээд оёдол тавиулж байхад энэ Гансүх гэдэг хүн манай дүүг ухаангүй эмнэлэг дээр байхад дүүдээ зодуулчихсан гэж байсан. Бас Гансүхийн төрсөн дүү нь цагдаа дээр байцаалт өгөөд явж байхад танай дүү амнаасаа болж зодуулсан бол хохь чинь гэж хэлж байсан. Одоо энэ хүмүүс улаан нүүрээрээ сууж байна. Одоо эд нарын бах нь ханаж байгаа байх. Цагдаа дээр байхад Гансүх машины цонхоор цээж нүцгэн орилж байхад Өлзий гэдэг цагдаа байсан. Буяндэлгэр гэдэг байцаагчийн дэргэд Гансүх, Ганбаатар хоёр намайг байхад Ганбаатар надад Өлзийжаргал эгчийн дэргэд үнэн байдлаа хэлье Гансүх намайг дарамтлаад байсан. Өмнө нь 3-4 байцаалтанд худлаа мэдүүлэг өгсөн. Одоо би үнэн мэдүүлэг өгье гээд  37 дугаар байрны ар талд бид нар архи ууж байсан. Гансүх Эрхэмээ муудсан гэж хэлсэн. Манай дүү толгойдоо гэмтэл авсаны дараа 7-8 хоногийн дараа. Байцаалтууд надад хүрэхгүй байсан. Дандаа Гансүхийн гэр бүлийн үгээр яваад байсан. Надад үг хэлэх боломжийг аль ч шүүх өгөөгүй. Харин одоо надад үг хэлэх боломж өгч байгаад баярлаж байна. Би ах дүү нараа иртэл эгч бид хоёр дүүгээ нойр хоолгүй сахисан. Улаанбаатар хотод сэхээнд байхад эмч нар эмчилгээгүй гэж хэлэхэд дүүгээ Бор-Өндөр рүү авч явсан. Юм ярих болон хөдлөх чадвар байгаагүй. Харин сүүлийн хэд хоног толгой тохидог болсон. Гэмтэл аваад 2 сар гарны дараа бичлэг хийсэн. Дүүгээ сахиж байсан учраас ядраад сайн санахгүй байна. Цогоотой архи уусан уу гэж асуухад үгүй гээд толгой сэгсэрч байсан. Гансүхтэй архи уусан уу гэж байхад нүд нь сонин болоод толгой тохиж байсан. Өөр юм болоогүй гэв.

6. Гэрч Э.Октябрь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...01 цагийн орчим Эрхэмбаяр ах сэрээд гарлаа гээд гарсан. Тэр үед ээж намайг ахынхаа араас хараадах гэхээр нь би том өрөөний баруун тийш харсан цонхоор харахад хойшоо гараад явж байсан. Эрхэмбаяр ах гарахдаа хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй. Тэгээд бид нар унтсан. Тэгээд өглөө 08 цагийн орчим унтаж байхад эмнэлэгийн жолооч Ганбат ах над руу утасдаад Эрхэмбаяр ах чинь эмнэлэг дээр ухаангүй ирээд байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 дугаар хуудас/

7. Гэрч Д.Энхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2012.08.10-ны өдөр жоншны ачилт хийх гэж ирсэн Нямдаваа гэх хүний машинаар бүгдээрээ бүрмөсөн ажлаа зогсоож гэр бараагаа буулгаад ажлын багаж хэрэгсэл, компрессор, хөнжил пүүгээгээ аваад бууж ирсэн..., ...Машин дээр Эрхэмбаяр бид хоёр суугаад кабенд Төмөрбек эхнэртэйгээ сууж Бор-Өндөр хотод 17 цаг болж байхад орж ирсэн..., дараа нь 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг Эрхэмбаяр, Төмөрбек бид гурав манай гэрт уусан..., ...манайхаас 20 цаг өнгөрөөгөөд Эрхэмбаяр, Төмөрбек бид гурав гарсан..., ...Мортын даваа ХХК-ийн дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Ерөөл архи аваад... ...Эрхэмбаяр, Төмөрбек бид гурав хувааж уусан..., ...Манайхаар 2012.08.10-аас 11-нд шилжих шөнө нь Эрхэмбаяр дахиж эргэж ирээгүй. Манайд байхдаа болон Төмөрбекийнд Эрхэмбаяр нь хүнтэй маргалдаж муудалцаагүй. Цохилцож зодолдсон асуудал болоогүй. Бид нартай байхдаа Эрхэмбаярын бие зүгээр, эрүүл байсан... гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 30, 35-37 дугаар хуудас/

8. Гэрч Ө.Төмөрбек мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Ихбаяр ах 2012.08.10-ны өглөө Нямдаваа гэдэг жолоочтой том ачааны чүргүүлтэй машин явуулсан байсан. Тэр машин нь бидний жонш хийж байгаа газар 2012.08.10-ны 16 цагийн үед ирсэн. Ирэхээр нь Эрхэмбаяр, Энхбаят бид гурав тэнд хийсэн байсан 10 гаран тонн жоншоо чүргүүл дээр нь ачаад машины толгойн ачаан дээр нь 9 тонн пигэм буюу жоншны хаягдал шороо ачаад дээр нь хөнжил пүүгээ хэрэглэж байсан багаж хэрэгслээ ачаад Бор-Өндөр хот руу хөдөлсөн...,  ...Машины кабенд жолооч Нямдаваа, би эхнэртэйгээ сууж, Эрхэмбаяр, Энхбат хоёр машины дээр сууж явсан..., Дорноговиос яваад Бор-Өндөр хотод 17 цаг өнгөрч байхад орж ирсэн. ...Тэгээд Эрхэмбаяр, Энхбат бид гурав шполоо Энхбатын хашаанд нь хураачихаад гурвуулаа Энхбатын гэрт нь орж авч очсон нэг шил архиа хувааж уусан..., ...Энхбат бид хоёр мөнгө нийлүүлж байгаад 0.5 литрийн Ерөөл нэртэй архи... ...дэлгүүрээс авсан...архиа Эрхэмбаяр, Энхбат бид гурав хувааж уусан..., ...Эрхэмбаяр манай гэрт үлдэж 30-аад минут болоод харина гэхээр нь эхнэр бид хоёр хүргэж өгсөн. Тэгэхэд 22 цаг өнгөрч байсан байх. Би эхнэртэйгээ Эрхэмбаярыг Бор-Өндөр хотын цагдаагийн тасгийн урд талын нийтийн байранд байдаг эгч Өлзийгийнд нь хүргэж өгсөн... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 32-34 дүгээр хуудас/

9. Гэрч Р.Ренчинмядаг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2012.08.10-наас 11-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад манай кридороор хүн түчигнээд байсан. Хэн түчигнээд байсныг нь мэдэхгүй. Манай урд талын хаалганы хар хочтой Ганбаатарынх л шуугилдаад байсан. Би 2012.08.10-наас 11-нд шилжих шөнийн 03-04 цагийн хооронд сэрж цай уусан учир нь унтуулахгүй кридороор хүн түчигнээд унтуулахгүй байсан юм. Тухайн үед пиздаанууд унтуулахгүй байна гэж нөхөр Доржоодоо хэлж байсан. 2012.08.11-ний өглөө унтаж байхад манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь тавьж өгөхөд Ногоон хочтой Ганбаатар нь дүү Энхээ болон өндөр Гансүх нартай орж ирээд манай гэрт орны модон рам авчирч өгсөн. Ногоон Ганбаатар нь халамцуу архи уусан байсан. 2012.08.10-ны орой Ганбаатарынд кино үзчихээд гарахад архи уугаагүй байсан. Өндөр Гансүх нь архи уусан байсан эсэхийг анзаараагүй. Манай гэрийн хаалган дээр зогсож байсан. Би 2012.08.11-ний өглөө 08 цагийн үед хар хочтой Ганбаатарын гэр рүү ороход ногоон Ганбаатар, хар Ганбаатар, өндөр Гансүх, төгсөн Ганбаа, Нямаа гэх хүнтэй 5-лаа сууж байсан, архи харагдаагүй. Би тэд нарт хандаж та нар шөнө архи уугаад хүн унтуулахгүй, амгалан тайван байдал алдагдууллаа гэж загнасан. Тэгэхэд хар Ганбаатар нь манай охин алга болчихоод охиныгоо эрээд гэж байсан. Хар хочтой Ганбаатарынд 2012.08.10-наас 11-нд шилжих шөнө 3-4 хүн байх шиг чимээ гарч байсан. Яг юу ярьж байгаа талаар хэл нь ойлгогдохгүй байсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х.-ийн 38-40 дүгээр хуудас/

10. Гэрч Д.Доржоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

 ...2012 оны 08 сарын 11-ний өглөө манай хаалгыг хүн тогшисон. Цаг харахад өглөөний 07 цаг болж байсан. Хаалга тавихад Ногоон хочтой Ганбаатар нь дүү Энхээ болон өндөр Гансүх нартай орны модон рам барьсаар орж ирсэн. Ногоон хочтой Ганбаатар нь архи үнэртүүлсэн байсан. Өндөр Гансүх нь архи уусан байсан эсэхийг мэдэхгүй. Удалгүй гараад явчихсан. Манай эхнэр Ренчинмядаг нь 08 цагийн үед хар хочтой Ганбаатарынх руу орсон. Яагаад шөнө шуугиад байсан талаар нь загнах гэж орсон. Манай эхнэр орж ирээд хар Ганбаатарын гэрт ногоон Ганбаатар, Гансүх нар сууж байна гэж байсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 41 дүгээр хуудас/

11. Гэрч Г.Доржпалам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2012.08.10-ны орой гадаа харанхуй болчихсон байх үед манай гэрийн хаалгыг хүн тогшисон. Би гэрийнхээ хаалгыг нээхэд Ариунжаргал үүдэнд зогсоод Энхсайхан ах байна уу гэж хэлсэн. Би хариуд нь байхгүй гэр рүүгээ явчихсан гэж хэлээд гэрийнхээ хаалгыг хаачихсан юм. 2012.08.10-ны орой 22 цагийн үед манай гэрийн хаалгыг дахин тогших үед нь нээхэд Ариунжаргал нь хар хочтой Ганбаатарын охинтой хамт орж ирээд өлсөөд байна идчихээр юм байна уу гэхээр нь би хоол хийж байгаа мах гарсан гэж хэлээд гэрийнхээ гал тогооны өрөөндөө 3-лаа орж суусан юм. Ариунжаргал нь гурилтай шөлтэй хоол хийсэн тэр үед Энхсайхан ахын авч өгсөн 0.5 литрийн Ерөөл нэртэй архинаас үлдсэн байсныг нь гурвуулаа хувааж уусан. Ариунжаргал, хар хочтой Ганбаатарын охин 2 нь архи уусан байсан эсэхийг нь мэдэхгүй. Тэр хоёр хоол идэж байгаад гарсан. Бид гурав гал тогооны өрөөндөө сууж байсан. Ариунжаргал, Ганбаатар ахын охин хоёр нь манайд хоол идэж дуусчихаад гараад явсан. Цаг хэд болж байсныг нь санахгүй байна. Би гэртээ үлдээд зурагт үзээд байж байтал манай гэрийн хаалгыг хүн балбасан. Би хаалга нээхэд хар хочтой Ганбаатар нь их ууртай манай хүүхэд хаана байна гэж гэр рүү орж ирээд гэр дотор явж тойруулж харж байгаад гараад явсан. Хаалга дээр Ариунжаргал зогсож байсан. Цаад талд нь 1-2 хүн байх шиг байсан. Хэн гэдгийг нь харанхуйд харж чадаагүй. Түүнээс хойш гэртээ байж байгаад унтаад үлдсэн. ..2012.08.10-наас 2012.08.11-нд шилжих шөнө манай гэрээр Гансүх, Эрхэмбаяр нар орж ирээгүй. .. гэсэн мэдүүлэг /1-р х.х.-ийн 44 дүгээр хуудас/

12. Гэрч Г.Хандсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...манай нөхөр Гансүх 2012.08.10-ны өглөө 06-07 цагийн үед Бор-Өндөр сумын 1-р хэсэг, Уурхайчны 13-08 тоотод байх гэрээсээ гараад явсан. Гарахдаа Фриндс баарны Алтанхуягийн байранд засварын ажил хийж байгаа юм. Эртхэн очиж тэдний байранд засвар хийнэ гээд явсан. Гэрээсээ гарснаас хойш өнөөдөр буюу 2012.08.11-ний өдрийн үедийн цайны үед /цагийг нь сайн мэдэхгүй байна/ усны машины жолооч Мөнхөөгөөр гэртээ согтуу хүргүүлж ирсэн. Одоо гэртээ унтаж байна. 2012.08.10-наас 11-нд шилжих шөнө манай нөхөр Гансүх хаагуур хэнтэй юу хийж явсан талаар мэдэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 47-р хуудас/

13. Гэрч С.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би гэртээ 2012.08.10-наас 11-ний шилжих шөнийн 04 цагийн үед унтаж байхад хар хочтой Ганбаатар нь манай гэрийн хаалгыг балбахаар нь гэрийнхээ хаалгыг онгойлгосон хар хочтой Ганбаатар нь манай гэрийн хаалгыг балбахдаа Ганбаа хаалгаа гээд байсан. Манай гэрт орж ирээд хар хочтой Ганбаатар нь охин алга болчихлоо ханиндаа цагдаа руу явъя гэсэн. Би гадуур хувцасаа өмсөж гэрээсээ хар хочтой Ганбаатартай хамт гарахад Ариунжаргал нь хар хочтой Ганбаатарын гэрээс нь гарч ирсэн. Ариунжаргал, хар хочтой Ганбаатар бид нар 37-р байр руу очсон. Ариунжаргал нь Ганбаатарын охин нь энэ айлд байгаа гэж хэлж байсан. Ариунжаргалын зааж өгсөн айлын хаалгыг балбахад хаалгаа нээж өгөхгүй байхаар нь хар хочтой Ганбаатар бид хоёр Бор-Өндөр сумын цагдаагийн тасаг руу ирсэн. Тухайн үед шөнийн 4 цаг өнгөрч байсан цагдаа дээр ирэхэд цагдаа Мөнх-Эрдэнэ байхаар нь хар хочтой Ганбаатар нь цагдаад хандаж манай охин алга байна гэж хэлчихээд буцаад гарсан. Дахин хар хочтой Ганбаатар бид хоёр 37-р байр руу шууд явж Ариунжаргалын зааж өгсөн айлын хаалгыг дахин балбасан. Тэгтэл нэг залуу хаалгыг нь онгойлгох үед хар хочтой Ганбаатар нь гэр рүү нь орж охин хаана байна гэж байсан. Өөдөөс нь байхгүй, манайд юу гэж байдаг юм гэж байсан. Гэрт нь хар хочтой Ганбаатарын охин байхгүй болохоор нь бид хоёр гэрээс нь гарч гэр рүүгээ явцгаасан. Гэрийнхээ коридор руу ороход хар хочтой Ганбаатарын охин нь коридортоо архи уусан байдалтай ганцаараа зогсож байсан. Тэр үед нь хар хочтой Ганбаатар нь охиноо оръё гээд гэр рүүгээ аваад орсон. Би араас нь гэр рүү нь орж унт унт гэж хэлчихээд гэр рүүгээ орсон. Хар хочтой Ганбаатарын гэрийнх нь өөдөөс нь харсан хаалга бол манай хаалга юм. Би гэртээ ороод унтах гээд байж байхад манай өөдөөс харсан хаалгатай хар хочтой Ганбаатар нь гэртээ чанга чанга бархираад байснаа чимээгүй болсон. Удалгүй хар хочтой Ганбаатарын хаалгыг гаднаас нь хэн нэгэн тогшиж байсан. Хүчтэй тогшиж байсан. Ганбаатарынх нь хаалгаа тавьж өгөхгүй байсан. Хаалгыг нь тогшисон хүн бол удаан хаалгыг нь тогшоод байсан. Хар хочтой Ганбаатар нь гэрийнхээ хаалгыг тавьж өгч хаалгыг нь тогшиж байсан хүн хамт гэр рүү нь орсон. Би удалгүй унтаад өгсөн. 2012 оны 08 сарын 11-ний өглөөний 06 цаг 30 минут гэж босож 41-р байр руу дүү Энхтөрийн хамт явсан. Явахдаа 37-р байрны урд талаар явсан. 41-р байрны хойд талаасаа 2 дахь орцонд модон орны рам байсныг авч дүү Энхтөрийн хамт өргөөд гэр рүүгээ буцаж явж байхад өндөр хочтой Гансүх нь 37-р байрны зүүн урд талд таарсан. Гансүх нь би өргөлцөөд өгье гээд орны модон рамыг өргөж өгсөн. Модон орны рамыг хар хочтой Ганбаатарын хойд талын айл болох Доржоогийнд оруулж өгсөн. Доржоогийнд ор оруулж өгөхдөө Гансүх, дүү Энхтөрийнхөө хамт оруулж өгчихөөд гэрээс нь гарч хар хочтой Ганбаатарын гэр рүү Гансүх, Энхтөрийн хамт ороход хар хочтой Ганбаатар нь охиныхоо хамт гэртээ сууж байсан. Гэрийнхээ орыг хураагаагүй байсан. Гансүх, Ганбаатар бид 2-ын араас Нямсүрэн, үүлэн нүдтэй Ганбаатар нар орж ирж Монгол стандарт нэртэй 0.75 литрийн архи ууцгаасан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 49 дүгээр хуудас/

14. Гэрч Д.Алтай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би 2012.08.10-ны шөнө 24 цагийн үед телевизороор Олимпийн сагсан бөмбөгийн тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтыг үзээд байж байхад манай урд талын айл болох Өлзийбаярынхаас Өлзийбаяр гэдэг хүүхэн “зайлаа зайл гичий минь” гээд маргаад орилоод байгаа сонсогдсон. Нөгөө Өлзийбаярын өөдөөс маргаж байгаа хүнийх нь дуу дуулдахгүй байсан. Нэг их түчигнэсэн, хүн амьтан ноцолдсон чимээ гарахгүй байсан. Ингэж байгаад л би унтчихсан. Намайг унтсанаас хойш юу болсныг мэдээгүй... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 52 дугаар хуудас/

15. Гэрч Ч.Нямсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би хамгийн сүүлд Гансүхтэй яг хэдэн сарын хэдний өдөр таарсанаа санахгүй байна. Сүүлийн үед жаахан архи уугаад байгаа болохоор өдөр судраа мартаад байна. Ямарч байсан 8 дугаар сарын эхээр байх нэг өглөө байрнаас гараад явж байгаад өндөр Гансүхтэй таарсан. Тэр нь 09 цаг өнгөрч байхад юм. Тэгээд би Гансүхтэй хамт хар Ганбаатарын гэрт орсон.  Тэр тааралдах үед ногоон Ганбаатар цугтаа явж байсан юм. Бид гурав хамт орсон юм. Ороход хар Ганбаатар байсан ба хойд талынх нь орон дээр нэг хүн унтаж байхад нь хэн бэ гэж асуухад манай охин унтаж байгаа юм гэсэн. Тэгээд бид дөрөв 0.75 литрийн шилтэй архи уусан. Ууж байхад төгсөн Ганбаа гэх Бор-Өндөрийн залуу орж ирсэн. Одоо санаж байхад бид нарын нийлж архи уудаг өдөр манай Бор-Өндөрийн Эрхэмбаяр ухаангүй олдсон өдөр юм байна. Төгсөн Ганбаа орж ирэхдээ энэ хойно замын хойд талд ухаангүй хүн байна. Хажууд нь хоёр цагдаа байна гэж байсан. Бас би өдөр судрыг нь сайн санахгүй байна. Намайг ямар ч байсан өглөөгүүр 09 цаг орчим бүдүүн Чинбаатай хамт Энх-Амарын гэрт ороход өндөр Гансүх сууж байсан. Бид хоёр ороод байж байхад Энх-Амар нэг шил архи гаргаад бид нар хувааж уусан. Архи ууж байхад Алтанхуяг гэх залуу орж ирээд Гансүхээр юм хийлгэнэ гээд аваад гарсан. Тэр үед нь архи ууж байсан болохоор Гансүх намайг хамт явъя гээд бид гурав хамт гараад 42 дугаар байрны 2 давхарт 1 өрөө байранд очсон. Тэгтэл Алтанхуягийн хийлгэх ажил их байсан учир Гансүх намайг та явж бай их ажилтай юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би гараад явсан. Маргааш өглөө нь Гансүхтэй таарсан. Хар Ганбаагийн гэрт очиж архи уусан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 61-62 дугаар хуудас/

16. Гэрч Э.Азбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 ...2012.08.10-ны 17 цаг өнгөрч байхад Бор-Өндөр суманд орж ирж Бор-Өндөр сумаас урагш байрлах жоншны талбай дээр ирж зогссон. Би жоншны талбай дээрээс ганцаараа явган Бор-Өндөр сумын 1 дүгээр хэсэг геологийн байранд байрлах гэртээ ирж хоол унд бэлдэж байсан. Оройн 20 цаг өнгөрч байх үед манай нөхөр Төмөрбек нь Эрхэмбаяр ах, Энхээ нартай орж ирээд манай гэрт хоол идэж цай ууж сууцгаасан. Манайд ирэхээсээ өмнө Эрхэмбаяр ах, Энхээ, Төмөрбек нар архи уучихсан байсан. Хаана уусныг нь мэдэхгүй. Энхээ ахыг эхнэр нь утсаар дуудаад байх шиг байсан. Энхээ нь манай гэрээс 21 цагийн үед гэр рүүгээ явлаа гээд гараад явсан. Манай гэрт Эрхэмбаяр ах үлдэж манай нөхөртэй хамт юм ярьж, гитар тоглож сууж байгаад гэр рүүгээ явъя гэж Эрхэмбаяр нь хэлэхээр нь нөхөр бид хоёр Эрхэмбаяр ахыг хүргээд өшье гэхэд за гээд нөхөр бид хоёр хөнжил пүүгээг нь өргөж Эрхэмбаяр өөрөө цүнхтэй хувцасаа үүрч Бор-Өндөр сумын 2 дугаар хэсэг, 21-р байрны 3 дугаар давхарт байрлах эгчийнд нь оруулж өгсөн. Гэрийнх нь хаалгыг тогшиход эрэгтэй хүүхэд хаалга тавьж өгсөн. Бид гурав гэр рүү нь ороход 2 өрөө байр байсан. Бид нар шууд том өрөө рүү нь ороход 2 эрэгтэй хүүхэд орон дээр ор засчихсан хэвтээд зурагт үзэж байсан. Харин эгч нь том өрөөндөө газраар ор засчихсан хэвтэж байсан. Эрхэмбаярын эгч нь Эрхэмбаярт хандаж ирчих вүү гэж хэлээд хүүхдүүддээ хандаж Эрхэмбаярт ор засаж өг. Эрхэмбаярыг унт, унт гэж байсан. Нөхөр бид хоёр Эрхэмбаярын гэрт 30-40 минут болсон байх, эгчтэй нь болон Эрхэмбаяртай юм ярьж цай ууж суусан. Эрхэмбаярыг гэрт нь оруулахад ямар нэгэн хэрүүл болоогүй байсан. ..Нөхөр бид хоёр Эрхэмбаярыг 2012.08.10-ны орой хүргэж өгсөн. Үүнээс хойш Эрхэмбаяртай уулзалдаагүй. Манай гэрт Эрхэмбаяр ирээгүй. Нөхөр бид хоёр Эрхэмбаярын гэрээс гарч шууд гэр рүүгээ явж гэртээ очиж унтсан. Гэртээ унтаж байх үед манай гэрийн хаалгыг хэн нэгэн тогшиж балбаагүй... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 70-72 дугаар хуудас/

17. Гэрч Ц.Дугарсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би 2012.08.11-ний өглөө 07 цагийн үед Бор-Өндөр сумын 2-р хэсэг Ногоон талбайн урдаасаа 3 дахь гудамж хамгийн зүүн үзүүрийн хашаанд байх гэрээсээ гараад явж байтал Бор-Өндөр сумын төв хойд хөндлөн асфальтан замын хойно байх ацтай шонгийн зүүн талд нэг эрэгтэй хүн толгой нь ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэр хүнийг хэн гэдгийг нь мэдэхгүй. Би дэргэд нь очиж хараагүй бөгөөд тэр хүний хэвтэж байгаа газрын урдах шороон замаар баруун тийшээ явж байсан юм. Тэр хүн эгц дээшээгээ харсан байдалтай хоёр хөлөө жийсэн байдалтай, хоёр гар нь биеийн дагуу байрлалтай байсан. Толгой тархи нүүрнээс нь цус гарсан байсан эсэхийг мэдэхгүй юм. Би 100 орчим метрийн зайнаас хараад л өнгөрсөн. Тэр хэвтэж байгаа хүний хажууд янз бүрийн зүйл харагдаагүй... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 73 дугаар хуудас/

18. Гэрч Д.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн тасаг дээр жижүүрт гарсан. Намайг 2012 оны 08 сарын 11-ний өглөө 07 цаг 10 минутанд иргэн Дугарсүрэн орж ирээд Дэлхийн зөнгийн ногоон талбайн хойно замын хойд талд согтуу юм уу ухаан алдсан хүн хэвтэж байна. Би холоос харсан чинь нүүр ам нь цус болчихсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би ерөнхий жижүүр Манлайбаярт хэлчихээд ганцаараа яваад очсон чинь дэлхийн зөнгийн ногооны талбайн хойно үйлдвэр явдаг засмал замын хойд талд ертөнцийн зүгээр толгой нь хойд зүгт харсан, толгой нүцгэн нүүр нь нилэнхүйдээ цус болсон байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Цус нь хатсан байсан. Мөн баруун мөрний орчим бага зэрэг цус гарч хөрсөн дээр хатсан байсан. Мөн газрын хөрсийг толгойгоороо үрсэн юм шиг мөр гарсан байсан. Уг хүн нь дээгүүрээ хар өнгийн юүдэнтэй курткатай, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, шар өнгийн богино түрийтэй гуталтай байсан. Тэр хүний хойноос баруун зүгт 20 орчим см зайд гандсан ногоон өнгийн саравчтай малгай байсан. Тэр хүн амьсгаатай байсан. Хурхираад унтаж байгаа юм шиг байсан. Тэгээд би түргэн дуудаад байж байтал удалгүй ирээд аваад явсан. Тэр хүн Бор-Өндөр хотын харъяат Эрхэмбаяр болох нь тогтоогдсон юм. ...Намайг очиход талийгаач Эрхэмбаярыг  чирч зөөсөн шинжтэй ул мөрийг анзаарч хараагүй. Одоо олон жил болсон болохоор сайн санахгүй байна. Намайг очиход Эрхэмбаяр хөдөлгөөнгүй, цээж нь хэржигнэж дуугараад ухаангүй хэвтэж байсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 74 дүгээр хуудас, 5-р х.х-ийн 235 дугаар хуудас/

19. Гэрч Л.Зоригт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би өглөө нэгдсэн эмнэлэг дээр жижүүр эмчийн ажлаа хүлээж авах байсан болохоор өглөө 09 цагийн орчим ажил дээрээ ирсэн. Намайг ирэхэд Бор-Өндөр хотын харъяат Эрхэмбаяр гэх хүн ухаангүй хүргэгдэж ирээд байсан ба манай гэмтлийн их эмч амралттай байсан болохоор мэс заслын их эмч Ганхуяг үзлэг хийгээд байж байсан. Уг хүн нь дух, хоёр хацар, хамар хэсэгт арьс нь өнгөц зулгарсан байдалтай байсан. Өөр биед нь ил харагдах шинэ шарх сорви огт байгаагүй. Тэгээд Ганхуяг эмч үзэж дуусаад өвчтөний түүх нээж эмчилгээ заагаад явсан. Ганхуяг эмч онош тогтоосон ба онош нь тархины битүү гэмтэл гэсэн онош тавьсан байсан. Би заагдсан эмчилгээг хийж өвчтөний биеийн байдлыг хянаж байхад өдөр нь гайгүй байж байгаад оройхон 18 цагийн орчим өвчтөн маань жаахан эвгүй болж эмх замбараагүй хөдөлгөөн хийж эхэлсэн. Тэгэхээр нь би тайвшруулах, унтуулах тариа хийгээд биеийн байдал тогтворжсон...гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 76-77 дугаар хуудас/

20. Гэрч Ш.Энх-Амар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би 2012 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн орчим Бор-Өндөр хотын 39 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэнд сууж байхад Гансүх урд талаасаа буюу 44, 45 дугаар байрны зүгээс ирж байсан. Тэгээд надтай уулзаад бид хоёр нэг шил архи ууя гэж ярилцаад 40 дүгээр байрны үүдэнд байдаг Нараа гэх хүүхний түцнээс нэг шил архи авсан. Тэгээд гэр рүүгээ орох гэхэд Нямсүрэн, Чинбат нар тааралдаад цуг орсон. Тэгээд архи бүгдээрээ хувааж уусан. Тэгээд намайг байж байтал манай орцонд байдаг Алтанхуяг гэх залуу орж ирээд Гансүхээс юм хийлгэнэ гээд орж ирсэн. Тэгээд Гансүх, Нямсүрэн хоёр цуг гарсан. Би ажилдаа яваад Чинбат гэр рүүгээ орсон. Чинбатын гэр нь 40-р байранд байдаг юм. Тэгээд тэрнээс хойш дахин Гансүх болон Нямсүрэн, Алтанхуяг нартай эргэж тааралдаагүй... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 79, 80 дугаар хуудас/

21. Гэрч И.Нэргүй мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2012.08.11-ний өглөө 07 цаг 10 минутын орчим ухаангүй хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн..., ...ухаангүй хүн авчирсан ба уг хүний баруун дух болон шанаа хэсгээс нь цус гарсан байдалтай ба уг цус нь нилээн удаад хатсан байдалтай байсан. Мөн цус болсон хэсэгт нь шороо наалдсан. Цус шороо холилдсон байсан..., ...Тэгээд Ганхуяг эмч үзэж эмчилгээ хийсэн байх. Ганхуяг эмч үзээд толгойны баруун хэсэгт үүссэн жижиг шарханд оёдол тавих шаардлагагүй юм байна гэж байсан. Тэгээд би буугаад явсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 82-83 дугаар хуудас/

22. Гэрч Л.Дарьмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Манай дүү Гансүх нь тэр хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр буюу 2012 оны 08 сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим ээжийн гэрт согтуу ирсэн гэсэн. Тэгээд орж ирээд унтаж байгаад маргааш өглөө нь буюу 2012.08.11-ний 07-08 цагийн хооронд босоод явсан байсан гэж ээж маань хэлж байсан. Учир нь манай ээж Мөнхөө өглөө 07 цагийн орчим босож бие засахад Гансүх унтаж байсан гэсэн. Тэгээд ээж эргэж хэвтээд 08 цагийн орчим буцаж сэрэхэд Гансүх босоод явсан байсан гэсэн. Энэ тухай манай ээж болон манай нөхөр надад хэлсэн... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 86, 87 дугаар хуудас/

23. Гэрч Ж.Чулуунбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Гансүх нь 2012.08.10-ны өглөөний 10 цагийн үед архи уугаагүй эрүүл ирсэн. Тэр үед нь Гансүхийг ээж нь загнаж байсан. Тэгснээ гэрийнхээ зүүн орон дээр унтсан. Унтахдаа 2012.08.10-ны өдөржин унтаад 2012.08.10-наас 11-ний шилжих шөнө хүртэл унтаад 2012.08.11-ний өглөө 07 цаг болж байх үед босож гэрээсээ гараад явсан. Өндөр Гансүх нь 2012.08.10-наас 11-ний шилжих шөнө гэрээсээ огт гараагүй. Ээж нь хоол хийсэн байсан хоолоо Гансүх нь босож идээгүй унтсаар л байсан. Гансүх нь 2012.08.09-нөөс 10-ны шилжих шөнө гэртээ хоносон. 2012.08.10-ны өглөө гарчихаад удалгүй орж ирсэн. Ирэхдээ ээжээсээ мөнгө өг архи авч ууна гэхээр нь ээж нь загнаж байсан. 2012.08.10-наас 11-нд шилжих шөнө Гансүхийн гэрт хүн ирээгүй... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 92-93 дугаар хуудас/

24. Гэрч М.Энхбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Энэ Мөнхөө гэх хүн бол миний малыг харах гэж байсан Дагдандоржийн хадам ээж нь байсан. Би тэдний гэрт нь 2012 оны 08 дугаар сарын 09-ний орой ирж хоносон юм. Намайг хоноход Дагдандоржийн эхнэр болох Дарьмаа гэх хүн байхгүй хөдөө явсан байсан байх. Тэгээд маргааш нь буюу 2012 оны 08 сарын 10-ны өдөр Дагдандорж ахын гэрт байж байхад өдөр 14-15 цагийн үед Мөнхөө гэх хүний хүү болох Гансүх гэх согтуу орж ирсэн. Тэгээд орж ирээд унтаж байсан. Би Дагдандоржийн гэрт зурагт үзээд сууж байгаад унтсан. Би хамгийн сүүлд Гансүхийг 20 өнгөрч байхад ээжийндээ байж байхад нь гарсан. Тэрнээс хойш би хараагүй. Маргааш өглөө нь би 07 цагийн орчим боссон. Босоод шууд бие зассан. Хашаанд ямар нэгэн хүнтэй тааралдаагүй. Буцаж ороод зурагт үзээд сууж байхад Мөнхөө эгч орж ирээд Гансүх явсан байна гэж хэлсэн. Би хэзээ гарсан талаар сайн мэдэхгүй байна. Тэр шөнө их бороотой шөнө байсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 94-95 дугаар хуудас/

25. Гэрч Г.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2012 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн орчим эмнэлэг дээр цус алдсан хүн ирээд байна гэж эмнэлгээс дуудсан..., ...Уг хүний дух болон хацар орчимоор нь шалбарсан гэмээр өнгөцхөн зураасан зулгаралтууд байсан..., ...Би бодохдоо газар унасан юм байх л гэж бодсон. Тэгээд би боолт хийгээд ил шарханд нь уусмал түрхээд явсан. Тэгээд их эмч Ганхуяг онош тодруулахаар хянаад үлдсэн. Уг өдөр амралтын өдөр байсан болохоор би гэртээ харьсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 97 дугаар хуудас/

26. Гэрч И.Дагдандорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2012 оны 08 сарын 10-ны өдөр хадам ээж болон хадам ээжийнд ирээд байсан Чулуунбаатар гэх Улаанбаатар хотоос эмчлүүлэхээр ирээд байсан хүн бид гурав даалуу тоглоод сууж байхад эхнэрийн төрсөн дүү Гансүх нь өдөр 16 цагийн орчим орж ирсэн. Орж ирэхдээ нилээн халамцуухан байсан ба ганцаараа ирсэн. Орж ирээд л хадам хөгшний унтдаг байсан зүүн талын орон дээр унтаад өгсөн. Тэгээд бид нар тоглож байгаад дуусаад би жаахан гадуур явж байгаад орой 21 цагийн орчим хадам хөгшиний гэрээр ороход Гансүх нөгөө унтаж байсан орон дээрээ унтаж байсан. Тэгээд би гэртээ орж унтсан. ..Маргааш өглөө нь 08 цагийн орчим сэрсэн. Хадам ээжийнхээр 09 цагийн орчим орсон. Ороход Гансүх байхгүй байсан. Яасан талаар нь асуухад өглөө босоод явсан байна гэж хадам ээж хэлж байсан. Хамгийн сүүлд 21 цагийн орчим ороход л лав унтаж байсан. Өглөө нь явсан уу орой нь явсан уу надад мэдэх зүйл алга байна...гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 98-99 дүгээр хуудас/

27. Гэрч Б.Мөнхөө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Энэ өдөр Дагдандорж, Чулуунбаатар нар даалуу тоглоод сууж байхад миний хүү Л.Гансүх өдөр 15 цагийн орчим байх орж ирсэн. Орж ирэхдээ жаахан согтуу байсан. Тэгээд орж ирээд л зүүн орон дээр унтаад өгсөн. Тэгээд жаахан унтаж байгаад оройхон 17 цагийн орчим гарч бие засаж байсан. Тэгээд эргээд унтсан. Тэрнээс хойш эргэж гараагүй. Тэр шөнө манай гэрт хүү Гансүх миний зүүн орон дээр унтаад би наагуур нь газар унтсан. Чулуунбаатар бол баруун талын орон дээр унтсан. Гэрт бид гурав л хоносон. Би маргааш өглөө нь буюу 2012.08.11-ний 06 цагийн орчим гарч бие засахад Гансүх унтаж байсан. Эргэж орж ирээд би буцаж хэвтсэн. Тэр хооронд буцаж унтсан байсан. Тэгээд 07 цагийн орчим сэрээд босоход хүү маань босоод яваад өгсөн байсан. Би хэзээ нь гарсан талаар мэдээгүй...гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 100-101 дүгээр хуудас/

28. Гэрч А.Батбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Өвчтөн Л.Эрхэмбаярын нүүр болон духны баруун дээд хэсгээр гэмтэлтэй байсан. Ингээд Бор-Өндөр хотын эмнэлэгт Эрхэмбаяр нь эмчлэгдэж байгаад ГССҮТөвд шилжин хүргэгдсэн. Ингээд өвчтөн Эрхэмбаярын тархины зургийг комьпютер томографийн апратаар авсан зурган дээр харахад тархины баруун урд талдаа тархины суурь ясны хугаралтай, хамрын яс цөмөрч зөрсөн байдалтай байсан. Суурь ясны хугаралын харалдаа бага хэмжээний цусан хураатай байсан. Тархи их хэмжээний хавантай, баруун урд талдаа няцралттай, голын бүрдэл хазайлттай байсан. Энэ нь мохоо хүчин зүйлийн цохилт, мөргөлт, уналтаас үүссэн байх боломжтой юм. Өвчтөн Эрхэмбаярын духны баруун дээд хэсэгт зулгарсан, олон тооны шалбархайтай бөгөөд шалбархайнуудын дээд хэсэгт нь буюу толгойн зулай чамархайн уулзвар дээр шулуун хэлбэрийн, уг оромны нэг зах нь духны гол руу чиглэсэн, нөгөө зах нь чих рүү чиглэсэн байдалтай 0.5*0.3 см орчим хуйх нь дотогшоо хонхойсон оромтой байсан. Уг ором дээр язарч няцарсан шархгүй байсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 103 дугаар хуудас/

29. Гэрч Л.Должинсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...сүүл хэсэгтээ буюу нас барахынхаа өмнөхөн цөөхөн хоногийн өмнө яг хэд хоногийн гэдгийг нь мэдэхгүй байна. Эрхэмбаяр бага зэрэг ухаан орж хэл байхгүй, дохио зангаатай төдий л болсон. Тамхи татдаг байсан болохоор тамхи татах уу гэхээр гарынхаа салаанд тамхи аваад амруугаа ойртуулах төдий ийм мэдрэмжтэй болсон. Юм ярихаар дохих, толгойгоо сэгсрэх зэргийн дохио зангаатай болсон. Тэр үед нь миний төрсөн дүү Өлзийбаяр камераар бичлэг хийж Эрхэмбаяраас хэн зодсон бэ яагаад гэмтэж бэртээд ийм болсон бэ гэхээр ярьж чадахгүй дохио зангаагаар хариулсан. Заримд нь дохисон, заримд нь үгүй гэх дохио буюу толгойгоо сэгсэрч байсан. Тэр үед бичлэг хийж байхад би болон дүү Чимэдцэеэ, Өргөнбаяр, хүргэн Баяраа, Өлзийбаяр, Нараа гэх хажуу айлын хүн байсан. Өөр хэн хэн байсныг тодорхой санахгүй байна. Дүү Өлзийбаяр бичлэгээ хийнгээ Эрхэмбаяраас Гансүх зодсон уу гэж асуухад Эрхэмбаярын нүд бүлтийгээд толгой дохисон. Цогоо гэх хүнийг зодсон уу гэж асуухад толгой сэгсэрч байсан. Тэгж байсныг би тодорхой санаж байна. Мөн Ариунжаргал гэх хүнийг хамт явж байсан уу гэхэд толгой дохиж байсан гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 49 дүгээр хуудас/

30.  Гэрч Ц.Мөнхөө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...би 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэдгийг ч санахгүй байна. Ямар ч л байсан би 2-3 жилийн өмнө захын тэндээс Гансүхийг гэрт нь хүргэж өгч байсан юм. Би үнэхээр он сар өдрийг нь яг тэдэн эдэн гэж санахгүй байна...Тухайн үед Гансүх Дэлэг гэдэг хүнтэй хамт явж байсан юм. Тэгээд би Дэлэгтэй хамт Гансүхийг гэрт нь буулгаж өгсөн. Тухайн үед Гансүх Дэлэг хоёр хамт явж байсан өөр хүн байгаагүй гэсэн мэдүүлэг /5-р х.х-ийн 149, 237 дугаар хуудас/ 

31. Гэрч М.Батдэлэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...2012 оны 08 сарын үеэр санаж байна яг өдрийг нь тодорхой санахгүй байна. Би усны тэрэгний жолооч Мөнхөөтэй ойр зуурын юм яриад байж байхад Гансүх бид хоёр дээр хүрч ирээд усны тэрэгний жолооч Мөнхөөгөөс намайг гэрт хүргээд өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр нь би Мөнхөө Гансүх хоёртой цуг явсан. Ингээд Гансүхийн гэрийн гадаа буугаад Гансүх гэр рүүгээ орсон. Манай гэр Гансүхийн гэрийн хажууханд байдаг болохоор би гэр рүүгээ явган алхаад орсон... гэсэн мэдүүлэг /5-р х.х-ийн 236 дугаар хуудас/

32. Шинжээчийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар дүгнэлтэнд: ...Л.Эрхэмбаярын цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь ясны хугарал, тархины няцрал, тархины дух хэсгийн бор гадаргын эдийн зөөлрөл, тархины үхжил, гэмтлийн дараах тархины дух хэсгийн эдийн хатингаршил, тархины тураал, уушигны хурц үрэвсэл, тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл, дотор эрхтэний цус дүүрэлт, бодисын солилцооны өөрчлөлт, баруун хацар ясны нумны урд хэсгийн хугарал, баруун гайморын хөндийн дотор ханын хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, дух, баруун хацар, шанааны зулгаралт, баруун нүдний салстийн цус хуралт гэмтэл хүндрэлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн маш хүчтэй үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтэл нь биеийн нүүрэн талаас буюу нүүрний баруун хэсэгт үйлчилснээс үүсэх боломжтой. Л.Эрхэмбаярын биед урьд нь үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Л.Эрхэмбаярын цусанд этилийн спирт илэрсэнгүй. Л.Эрхэмбаяр нь АВО системээр Ав /II/ бүлгийн харъяалалтай цустай байна. Л.Эрхэмбаяр нь суурь ясны хугарал, тархины няцралын улмаас тархины эд, зөөлөрч үхжин, тархины эд хатингаршиж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал, олон эрхтэний дутагдлаар нас баржээ. Гавал тархины дээрх гэмтлүүдийг авчны дараа ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй болно... /х.х-ийн 181-185 дугаар хуудас/

33. Шинжээчийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар дүгнэлтэнд: ...Л.Эрхэмбаярын цогцосноос авсан гэх цус нь АВО системээр Ав /II/ бүлгийн харъяалалтай байна... /1-р х.х-ийн 187 дугаар хуудас/

34. Шинжээчийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаар дүгнэлтэнд: ...Л.Эрхэмбаярын цогцосноос авсан гэх цусанд спиртийн зүйл илрэхгүй байна... /1-р х.х-ийн 188 дугаар хуудас/

35. Шинжээчийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаар дүгнэлтэнд: ...Л.Эрхэмбаярын биед гавлын суурь ясны хугарал, тархины хүнд зэргийн няцрал, хамрын ясны цөмөрсөн хугарал, нүүрний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна... /1-р х.х-ийн 190, 191 дүгээр хуудас/

36. Шүүх сэтгэц гэм судлалын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар магадлагаанд: Б.Ариунжаргал нь тухайн хэрэг гарах үед сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байгаагүй байна. Б.Ариунжаргал нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай... /1-р х.х-ийн 193-194 дүгээр хуудас/

37. Шинжээчийн 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2751 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн нэр бүхий хувцаснуудад ханзралт, урагдалт, сэмрэлт, цооролт үүссэн байна. Хэмжээг үзлэгийн хэсгээс үзнэ үү.  Бусад хувцас гэмтэлгүй байна... /1-р х.х-ийн 197-199 дүгээр хуудас/

38. Шинжээчийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7446 дугаар дүгнэлтэнд: Хохирогч Л.Эрхэмбаярын гэх юүдэнтэй хар хүрэм, саравчтай ногоон малгай, хөх джинсэн өмд, хагас энгэртэй ногоон эрээн цамц зэрэг хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь А/II/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Бусад хувцасан дээр цус илрээгүй.../1-р х.х-ийн 201 дүгээр хуудас/

39. Шинжээчийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаар дүгнэлтэнд: Талийгаачийн тархины гадар хэсэг тархмал зөөлөрч үхжсэнийг тархины хатаниршил /атрофийн/ өөрчлөлт гэж дүгнэжээ. Гавал гэмтлийн улмаас тархины судас удаан хугацаагаар авчис болж тархины эдийн эдгэшгүй өөрчлөлтүүд болох тархины гадаргын тархмал үхжил, голомтлог тархины зөөлрөл үүсчээ. Энэ өөрчлөлтийн улмаас тархины тураал, хэвтрийн хатгаа, үжил халдварын хүндрэлүүд үүсч нас баржээ. Шинжээч эмч Жаргалтогтохын 2012.12.24-ний өдрийн 33 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээч эмч Жаргалтогтох Эрхэмбаярын биед үүссэн гэмтлүүдийг зөв тодорхойлсон байна. Тархины суурь ясны хугарал 3 сарын дараа хугарал тодорхойлогдохгүй байхаар болж эдгэнэ. Ясанд сорви, цагаан зураас үлдэхгүй... /2-р х.х-ийн 143-146 хуудас/

40. Шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2015.111 дүгээр дүгнэлтэнд: Яллагдагч Б.Ариунжаргалаас 2015.06.05-ны өдөр бичүүлж авсан гэх 3 хуудас гар бичмэл болон эрүүгийн 201223010069 тоот хэргийн 2-р хавтасны 183-185-р хуудсанд байгаа яллагдагч Б.Ариунжаргалын бичсэн гэх 3 хуудас гар бичмэлүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй эрүүгийн 201223010069 тоот хэргийн 2-р хавтасны 183-185-р хуудсанд байгаа яллагдагч Б.Ариунжаргалын бичсэн гэх 3 хуудас гар бичмэл нь нэг хүний гараар үйлдэгдсэн байна. Шинжлэгдэж буй эрүүгийн 201223010069 тоот хэргийн 2-р хавтасны 183-185-р хуудсанд байгаа яллагдагч Б.Ариунжаргалын бичсэн гэх 3 хуудас гар бичмэл нь яллагдагч Б.Ариунжаргалын бичигтэй тохирч байна. /5-р х.х-ийн 208-12 дугаар хуудас/

41. Шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6136 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Sony маркийн дискинд бичигдсэн  VTS_01_1.VOB гэсэн нэртэй дүрс бичлэгийн нэгдүгээр хэсэгт дүрслэгдсэн хохирогч Л.Эрхэмбаяраас асуусан асуултуудад хохирогч зөвхөн толгой дохих нэг үйлдлээр хариулж байна. Талийгаач Л.Эрхэмбаярын дүрс бүхий бичлэг дээрх үйлдэл тухайн үед үнэн зөв мэдүүлсэн эсэх, талийгаач Л.Эрхэмбаяр нь асуулт асууж байгаа хүмүүсийг нь таних боломжтой эсэх гэсэн асуултуудад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулт өгөх боломжгүй байна... /6-р х.х-ийн 173-175 дугаар хуудас/

42. Шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 тоот дүгнэлтэнд: №33 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №120 үндэслэлтэй байна. Л.Эрхэмбаярт хийгдсэн онош, эмчилгээ зохих ёсоор хийгджээ. Талийгаачийн амь насыг аврах боломж багатай. Л.Эрхэмбаярт хуучин гэмтэл үгүй байжээ. Талийгаач нь толгойн гэмтлийн алсын хүндрэл болох тархины тураал, хэвтрийн хатгалгааны улмаас нас баржээ... /6-р х.х-ийн 178-180 дугаар хуудас/

43. Шүүх сэтгэц гэм судлалын 15 тоот магадлалд: Н.Нарантуяа нь болсон асуудлын талаар зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Н.Нарантуяа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Н.Нарантуяа нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй. Н.Нарантуяа нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... /7-р х.х-ийн 50-52 дугаар хуудас/

44. Шинжээч Б.Ариунзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2013.03.01-ний өдөр бичигдсэн шинжээч эмч Батзаяа, Амартүвшин нартай хамтарсан магадлагааны дүгнэлтийг хавтаст хэрэгт авагдсан шинжилгээний хуудас болон өвчтөний түүх, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Жаргалтогтохын задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл зэргийг үндэслэн гаргасан. Л.Эрхэмбаярын биед гавлын суурь ясны хугарал, тархины няцрал, баруун хацар ясны хугарал, хамар ясны хугарал, төвөнхний мурийлт, баруун хөмсөгний дээд хэсгий шарх, баруун нүдний салстын цус  хуралт, дух, баруун хацар, шанааны зулгаралт гэмтлүүд үүссэн гэж эмнэлэгийн бичиг баримтууд дээр дурдсан байсан. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хамар, ухархай дух хэсэгт цохилтын хүч үйлчилснээс хугарал үүсч үрсэлийн суурь ясанд хүрэх хугарал юм. Уг гэмтлийг талийгаач өөрөө унахад дээрх гэмтэл үүсэх боломжгүй. 1 удаагийн цохилтын үйлчлэлээс дээш удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Хамар, хацар, ухархай нүүр хэсэгт гэмтэл хугарал үүсч, түүнээсээ тархины суурь ясанд хугарал үүссэн гэж комьпютер томографийн зурагт үзүүлсэн байна. Хүний хүч болон хүний хүчнээс давсан хүчээр үүсэх гэмтэл тодорхойлохгүй. Уг гэмтэл нь цохилтын хүчээр үүссэн болохыг тодорхойлно. Дээрх гэмтлийг авсан хүн гар хөл хөдлөх, дуу авиа гаргах үйлдэл хийх боломжтой. Харин идэвхитэй хөдөлгөөн бусад явах хөдөлгөөн хийх боломжгүй. Гавлын ясыг хугарал нь 28-аас дээш хоногт ямар ч сорвигүй эдгэрнэ. Хавтаст хэрэгт авагдсан зурагнаас харахад хугарал гэмтэл мэдэгдэхгүй эдгэрсэн байна гэжээ. /2-р х.х-ийн 150-151 дүгээр хуудас/

45. Шинжээч Т.Амартүвшин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Талийгаач Л.Эрхэмбаярын ухаангүй байх үед нь буюу нас барахаас өмнө хийсэн тархины бичлэг буюу томографийн бичлэгийн хариу дээр үндэслэн суурь ясны хугарал гэдгийг гаргасан. Талийгаачийг нас барсны дараа задлан шинжилгээгээр тархинд гэмтэл өөрчлөлтгүй гэж бичигдсэн байна. Уг гэмтэл нь ухаангүй байх үед буюу нас барахаас өмнө эмчилгээ хийлгэсэн 3 сарын дотор ямар нэг ул мөргүй эдгэрнэ. Хавтаст хэрэгт авагдсан фото зураг дээр бол харагдахгүй байсан. Тухайн үед талийгаач Л.Эрхэмбаярын биед тархины битүү гэмтэл, хамар хацар ясны хугарал, нүүрний зулгаралт зэрэг гэмтлүүд үүссэн болох нь эмнэлэгийн баримт бичиг, өвчтөний түүх зэрэгт дурдсан байна. Мөн зөөлийн гэмтэл баруун хөмсөгний дээд язарсан шарх, дух баруун шанааны зулгаралт зэрэг үүссэн байна. Талийгаачид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтэл нь хүний хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Харин цохилтын хүчийг тодорхойлох боломжгүй. Уг гэмтэл нь урдаасаа буюу нүүр хэсгээсээ арагш чиглэсэн байна. Хамрын ясны хугарал болон баруун хамарны хугарал нь тархины суур яс хүрч үргэлжилсэн хугарал байна. Уг гэмтэл нь эгц урдаасаа цохигдох буюу нүүр хэсгээрээ унахад үүсэх боломжтой. Талийгаач уг гэмтлийг аваад идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй. Жишээ нь: явах, ярих зэрэг хөдөлгөөн үйлдэл хийх боломжгүй. Уг гэмтлийг авмагцаа ухаан алдах, шокны буюу ухаангүй байдалд шилжинэ. Өөрөөр хэлбэл өөрт захирагдахгүй эмх замбараагүй хөдөлгөөн хийх боломжтой. Суурь ясны хугарал нь ямар хугарал гэдгээс хамаарч эдгэрэх байдал харилцан адилгүй. Мөн ясны нимгэн, зузаан хугаралтын ангайлтын байдлаас хамаарч эдгэрдэг. Энэ харилцан адилгүй эдгэрэл талийгаач Л.Эрхэмбаярын тархины суурь ясанд үүссэн хугарал нь гавлын урд хонхорт учирсан урд хонхорын яс нь нимгэн байдаг учир сорви болон ямар нэг мэдэгдэх байдалгүй эдгэрэх боломжтой. Учир нь талийгаач гэмтэл болсноос хойш эмчилгээ хийлгэж 3 сар орчим болсон байна. Мөн задлан шинжилгээний явцад фото зургийг авч хэрэгт хавсаргасан байсан. Зурагнаас харахад суурь ясанд ямар гэмтэл өөрчлөлт хугарал харагдахгүй байна. Ийм болохоор дахин шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзэж байна. Талийгаачийг үхэлд хүргэсэн гол шалтгаан нь талийгаачийн дух хэсэгт үүссэн тархины эдийн няцралын улмаас тархины гадар хэсгийн тархины үхжил, тархины хатангаршил, тархины эдийн эргэшгүй өөрчлөлт үүссэнээс тархины тураал, хэвтрийн хатгаа,  үжил халдварын хүндрэлүүд үүсч нас баржээ. Харин талийгаачийн суурь ясанд үүссэн гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах боловч үхэлд шууд хүргээгүй эдгэрсэн байна. Тархины суурь ясны хугарал нь үхлийн шалтгаан болоогүй байна гэжээ. /2-р х.х-ийн 152-154 дүгээр хуудас/

46. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

... Бор-Өндөр суманд очоод нэгдсэн хүн эмнэлэгийн шинжилгээний өрөөнд шинжилгээг 2012.11.10-ны 18 цагт эхэлж 21 цаг 05 минутанд дуусгасан. Шинжилгээнд оруулсан цогцос нь эрэгтэй хүний 45 орчим насны цогцос байсан. Уг цогцос нь 3 сар хэвтэрийн байдалд байсан маш их тураалтай, яс арьс мэт мөчүүдэд болон цээж хэвлийгээр гэмтэл хугаралгүй. Хэсэг газрын үзлэгээр баруун дунд чөмөгний төвгөр, ахар сүүлд хэвтрийн улмаас шархтай, яс ил гарсан байдалтай байсан ба өөр ямар нэгэн гэмтэлгүй байсан. Дотор эрхтэний үзлэгээр зөөлөн бүрхүүл ус гүйсэн мэт хавантай, тархины эд, хөхөлбий эд хушганд наалдамхай учирамхай голомтонд өөрчлөлтгүй бага тархины эд мөчирхөг бүтэцтэй, гавлын хөхөргийн суурь ясанд ямар нэгэн гэмтэл тодорхой харагдахгүй. Уушиг хавантай, дотор эрхтэнд ямар нэгэн ил харагдах гэмтэлгүй байсан. ...Иймээс талийгаачийн гавал тархи 2 удаагийн томографийн бичлэг эд эсийн шинжилгээний хариу зэргийг үндэслэн 2012.12.24-ний өдөр талийгаач Л.Эрхэмбаярын цогцсонд хийсэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Үүнд: гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь ясны хугарал, тархины няцрал, тархины дух хэсгийн бор гадаргын эдийн зөөлрөл, тархины үхжил, гэмтлийн дараах тархины дух хэсгийн эдийн хатингаршил, тархины тураал, уушигны хурц үрэвсэл, тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл, дотор эрхтэний цус дүүрэлт, бодисын солилцооны өөрчлөлт, баруун хацар ясны нумны урд хэсгийн хугарал, баруун гайморын хөндийн дотор ханын хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, дух, баруун хацар, шанааны зулгаралт, баруун нүдний салстийн цус хуралт гэмтэл хүндрэлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн маш хүчтэй үйлчлэлээр үүсгэгдэнэ.Уг гэмтэл нь биеийн нүүрэн талаас буюу нүүрний баруун хэсэгт үйлчилснээс үүсэх боломжтой. Л.Эрхэмбаяр нь суурь ясны хугарал, тархины няцралын улмаас тархины эд, зөөлөрч үхжин, тархины эд хатингаршиж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал, олон эрхтэний дутагдлаар нас баржээ. Гавал тархины дээрх гэмтлүүдийг авчны дараа ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй болно гэсэн дүгнэлтийг гаргасан. ..Задлан шинжилгээний үед суурь ясны хугарал харагдаагүй. Суурь ясны хугаралыг 2012.08.20, 2012.08.29-ний өдөр комьпютер томограпийн зургийн бичлэгийг үндэслэн гаргасан. Хацрын нум ясны хугарал, баруун чамархайн хөндийн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал баруун нүдний салстын цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, дух баруун хацар шанааны зулгаралт зэргээс харахад нэг болон 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамар ясны хугарал, хацар ясны хугарал гоймор ясны дотор ханын хугарал, буюу  тархи цус хуралт зулгаралт нь хүний гарын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин суурь ясны хугарал нь хүний нүцгэн гарын хүчнээс давсан хүчээр үүсгэгдэнэ. Уг гэмтлийг уналтаас авах боломжтой. Суурь ясны хугарал авсан хүн уг гэмтлийг авмагцаа идэвхитэй хөдөлгөөн буюу явах, ярих зэрэг үйлдэл хийх боломжгүй. ..Тухайн өвчтөний өвчин эсэргүүцэх чадвар хугарлын хэмжээ байрлал зэргээс эдгэрэлт шалтгаална. Нимгэн яснууд 28 хоногийн дотор бороолж эдгэрэх хандлагатай болдог. 3 сарын хугацаанд ямар нэг харагдах өөрчлөлтгүйгээр эдгэрдэг. Дээрх гэмтлээс өөр гэмтэл талийгаачийн биед учраагүй байсан гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 155-157 дугаар хуудас/:  

47. Шинжээч Ж.Ариунзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Би тухайн үед талийгаачийг үзээгүй болохоор хэр хугацааны дараа эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг хэлэх боломжгүй байна. ...Талийгаач Эрхэмбаярт эмчилгээ хийгдээгүй бол амьд байх боломжгүй. Хугацааны хувьд тодорхой хэлэх боломжгүй. Учир нь тухайн хүний нас хүйс, архаг суурь өвчин болон тархины гэмтэл зэргээс хамаараад янз бүр байж болно. Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь амьдрах боломж муу, хүнд гэмтэл харин эмчилгээ хийгдсэний хүчинд 2-3 сар амьд явсан байна. Суурь ясны хугарал нь үйл хөдлөлөөрөө буюу идэвхитэй хөдөлгөөн хийх жишээ нь явах, ярих, гүйх гэх мэт хөдөлгөөнүүдийг боломжгүй. Харин суурь ясны гэмтлээсээ хамаараад асуусан асуултанд толгой дохих, нүдээ аних, нээх гэх мэт хөдөлгөөнүүдийг хийх боломжтой гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 71 дүгээр хуудас/

48. Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6820 дугаартай дүгнэлтэд

1. Шинжилгээнд ирүүлсэн Sony маркийн дискинд бичигдсэн VTS_01_1.VOB гэсэн нэртэй дүрс бичлэгийн:

-Эхлэлээс 00:00:59 секунд хүртэл 00:00:59 секундын

-00:00:59-өөс 00:01:35 секунд хүртэл 00:00:35 секундын

-00:01:35-аас 00:01:44 секунд хүртэл 00:00:08 секундын

-00:01:44-өөс 00:02:57 секунд хүртэл 00:01:13 секундын

-00:02:57-оос 00:03:48 секунд хүртэл 00:00:51 секундын

-00:03:48-аас 00:05:09 секунд хүртэл 00:01:20 секундын

-00:05:09-өөс 00:05:13 секунд хүртэл 00:00:04 секундын

      -00:05:13 секундээс төгсгөл хүртэлх 00:04:55 секундийн нийт долоон хэсэг дүрс бичлэгийг нийлүүлж эвлүүлсэн байна. /8-р х.х-ийн 39 дүгээр хуудас/ болон

мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р х.х-ийн 175-180 дугаар хуудас, 3-р х.х-ийн 39-43, 3-р х.х-ийн 224-228 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р х.х-ийн 73 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р х.х-ийн 86-88, 5-р х.х-ийн 199-200 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /3-р х.х 167, 5-р х.х-ийн 221 дугаар хуудас/ зэрэг болно.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Л.Гансүхийг 2012 оны 08 сарын 10-наас 11-нд шилжих шөнө талийгаач Эрхэмбаярын толгойн тус газар нь тоосгоор цохиж, танхайн сэдэлтээр алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Шүүгдэгч Л.Гансүх нь 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ээжийнхээ гэрт очиж хоносон гэж удаа дараа мэдүүлсэн,

харин шүүгдэгч Л.Гансүхийг 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 05 цагийн орчимд 38 дугаар байрны ар талд С.Ганбаатар, Л.Эрхэмбаяр, Б.Ариунжаргал нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ Л.Эрхэмбаяртай байшингийн талаар маргалдсаны улмаас нүүрэн тус газар тоосгоор цохиж алсан байна.

 

Энэ болсон үйл баримтын талаар шүүгдэгч Л.Гансүх ...Би энэ хэргийг огт хийгээгүй. Хэргийн газарт ч байгаагүй. Талийгаач Эрхэмбаяр гэдэг хүнтэй огт уулзаагүй. 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө талийгаач Эрхэмбаяртай болон С.Ганбаатар, Б.Ариунжаргал нартай ерөөсөө уулзалдаагүй, 2012 оны 08 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Алтанхуягийн байранд засвар хийнэ гээд уг байранд байж байгаад өөрийн гэртээ очиж хоносон, улмаар маргааш нь архи уучихаад согтуу ээжийнхээ гэрийн ойролцоо ээжийндээ орох гээд явж байхад байрны эзэн Алтанхуяг гэрийнхээ түлхүүрийг надаас авсан. Ингээд би 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ээжийндээ хоносон... гэж мэдүүлдэг ба үүнийг

гэрч Р.Алтанхуягийн ...ажил хөөцөлдөн гадуур явж байгаад15 цагийн орчим бензин клонкоос бензин аваад хөдлөх гэж байхад Гансүх нилээн согтсон байдалтай гэр хороололруу гудамжруу орох гэж байсан. Тэгэхээр нь би очиж түлхүүрээ авсан... харин согтолтын хувьд бол нилээн согтуу байсан...

гэрч Г.Хандсүрэнгийн ...манай нөхөр Гансүх 2012.08.10-ны өглөө 06-07 цагийн үед Бор-Өндөр сумын 1-р хэсэг, Уурхайчны 13-08 тоотод байх гэрээсээ гараад явсан. Гарахдаа Фриндс баарны Алтанхуягийн байранд засварын ажил хийж байгаа юм. Эртхэн очиж тэдний байранд засвар хийнэ гээд явсан...,

гэрч Ж.Чулуунбаатарын ...Гансүх нь 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөржин унтаад 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө унтаад 2012 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг болж байх үед босож гэрээсээ гараад явсан. Өндөр Гансүх нь 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө гэрээсээ огт гараагүй. Ээж нь хоол хийсэн байсан хоолоо Гансүх нь босож идээгүй унтсаар л байсан... гэсэн мэдүүлэг нотолдог ба уг мэдүүлгийг 

гэрч И.Дагдандоржийн ...2012 оны 08 сарын 10-ны өдөр хадам ээж болон хадам ээжийнд ирээд байсан Чулуунбаатар гэх Улаанбаатар хотоос эмчлүүлэхээр ирээд байсан хүн бид гурав даалуу тоглоод сууж байхад эхнэрийн төрсөн дүү Гансүх нь өдөр 16 цагийн орчим орж ирсэн. Орж ирэхдээ нилээн халамцуухан байсан ба ганцаараа ирсэн. Орж ирээд л хадам хөгшний унтдаг байсан зүүн талын орон дээр унтаад өгсөн..., ...би жаахан гадуур явж байгаад орой 21 цагийн орчим хадам хөгшиний гэрээр ороход Гансүх нөгөө унтаж байсан орон дээрээ унтаж байсан...,

гэрч Б.Мөнхөөгийн ...Дагдандорж, Чулуунбаатар нар даалуу тоглоод сууж байхад миний хүү Л.Гансүх өдөр 15 цагийн орчим байх... жаахан согтуу байсан. Тэгээд орж ирээд л зүүн орон дээр унтаад өгсөн..., ...Тэр шөнө манай гэрт хүү Гансүх миний зүүн орон дээр унтаад би наагуур нь газар унтсан. Чулуунбаатар бол баруун талын орон дээр унтсан. Гэрт бид гурав л хоносон. Би маргааш өглөө нь буюу 2012.08.11-ний 06 цагийн орчим гарч бие засахад Гансүх унтаж байсан. Эргэж орж ирээд би буцаж хэвтсэн. Тэр хооронд буцаж унтсан байсан. Тэгээд 07 цагийн орчим сэрээд босоход хүү маань босоод яваад өгсөн байсан... гэх мэдүүлгүүд давхар нотлодог ба

гэрч Л.Дарьмаагийн ...Манай дүү Гансүх нь 2012 оны 08 сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим ээжийн гэрт согтуу ирсэн гэсэн. Тэгээд орж ирээд унтаж байгаад маргааш өглөө нь буюу 2012 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 07-08 цагийн хооронд босоод явсан байсан гэж ээж маань хэлж байсан...,

гэрч Ц.Мөнхөөгийн ...Тухайн үед Гансүх Дэлэг гэдэг хүнтэй хамт явж байсан юм. Тэгээд би Дэлэгтэй хамт Гансүхийг гэрт нь буулгаж өгсөн...,

гэрч М.Батдэлэгийн ...Би усны тэрэгний жолооч Мөнхөөтэй ойр зуурын юм яриад байж байхад Гансүх бид хоёр дээр хүрч ирээд усны тэрэгний жолооч Мөнхөөгөөс намайг гэрт хүргээд өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр нь би Мөнхөө Гансүх хоёртой цуг явсан. Ингээд Гансүхийн гэрийн гадаа буугаад Гансүх гэр рүүгээ орсон... гэх шууд бус мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүгдэгч Л.Гансүхийг 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө буюу гэмт хэрэг гардаг шөнө ээж Б.Мөнхөөгийн гэрт хоносон байх боломжтой гэж үзэхээр байна.

 

Харин улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт болон шүүмжлэлийн шатанд явуулсан ялын шүүмж болон өмгөөллийн үгэндээ шүүгдэгч Л.Гансүхийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Ариунжаргал, Н.Нарантуяа нарын удаа дараагийн мэдүүлэг, шүүгдэгч Л.Гансүх болон гэрч Б.Ариунжаргал нарт хийгдсэн полиграфийн шинжилгээ, Sony маркийн дискинд бичигдсэн VTS_01_1.VOB гэсэн нэртэй дүрс бичлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдож байна гэж байгаа ч шүүгдэгч Л.Гансүх нь талийгаач Л.Эрхэмбаярыг 38 дугаар байрны ард талд тоосгоор цохисоныг харсан гэх гол гэрч Б.Ариунжаргал нь тус хэрэгт удаа дараа олон удаагийн зөрүүтэй мэдүүлэг өгсөн ба худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж, Өршөөлийн хуулинд хамрагдсан байдаг бөгөөд үүнээс дүгнэхэд гэрч Б.Ариунжаргал нь үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа ба гэрч С.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн тогтвортой мэдүүлгээр давхар тогтоогддог, мөн гэрч Н.Нарантуяагийн удаа дараагийн өгсөн зөрүүтэй мэдүүлгүүд нь цаг агаарын болон цаг хугацааны хувьд эргэлзээ төрүүлэхээр зөрүүтэй байсан талаар шүүх хуралдаан дээр гэрчээр тодруулж асуухад гэрч Н.Нарантуяа нь уурлаж загнаж, орилж чарлаж, гаднах харагдах байдлаасаа сэтгэцийн өвчтэй хүн шиг зан авир гаргаж, улмаар шүүх хуралдааны танхимаас хөөгдсөн болно. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд гэрч Н.Нарантуяаг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэхэд эргэлзээ төрж байна.

 

Улмаар Л.Гансүхийг гэрч Б.Ариунжаргал ...талийгаач Л.Эрхэмбаярыг 38 дугаар байрны ард талд газар унагаан тоосгоор цохичихоод намайг дагуулаад явсан... гэж мэдүүлдэг ба талийгаач тоосгоор цохиулсан гэх газраасаа 182 метрийн зайтай байх ногооны талбай гэх газрын ойролцоогоос ухаангүй байдалтай олдсон талаар гэрч Ц.Дугарсүрэн, Д.Мөнх-Эрдэнэ нар мэдүүлсэн боловч талийгаач Л.Эрхэмбаяр нь гэрчийн цохиулж унасан гэх газраас ухаангүй олдсон газар хүртэл яаж очсон талаар удаа дараа шалгасан боловч энэ байдал нотлогдож тогтоогдоогүй байна.

 

Гэрч Б.Ариунжаргалын мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байдал үүсэж байна.

Харин С.Ганбаатарын гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлгээр гэрч Б.Ариунжаргалын мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

  

Мөн шинжээч эмч нарын мэдүүлгээр талийгаач нь суурь ясны хугарал гэх хүнд гэмтлийг авсан бөгөөд уг гэмтлийг авмагцаа идэвхитэй хөдөлгөөн буюу явах, ярих зэрэг үйлдэл хийх ямар ч боломжгүй гэсэн байна.

 

Мөн Sony маркийн дискинд бичигдсэн VTS_01_1.VOB гэсэн нэртэй дүрс бичлэг нь анхнаасаа хуулинд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж аваагүй бөгөөд 8 дугаар хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6820 дугаартай дүгнэлтэд тус бичлэгийг эвлүүлэг байна гэж дүгнэсэн байдаг. Иймд “Sony” маркийн дискинд бичигдсэн VTS_01_1.VOB гэсэн нэртэй дүрс бичлэгийн талаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байна.

 

Харин хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Л.Гансүх, гэрч Б.Ариунжаргал нарын полиграфийн шинжилгээний хувьд зөвхөн магадлалын шинжтэй бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

            Ингээд улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын ялын шүүмж, өмгөөллийн үг, тайлбар зэрэг нь дээрх нөхцөл байдлуудаар үгүйсгэгдэж, няцаагдаж байна гэж үзэхээр байна.

 

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Л.Гансүх нь 2012 оны 08 сарын 10-наас 11-нд шилжих шөнө талийгаач Эрхэмбаярын толгойн тус газар нь тоосгоор цохиж, танхайн сэдэлтээр алсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдохгүй байх тул Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоносон овгийн Лувсанбалдангийн Гансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаяр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 14.315.000 /арван дөрвөн сая гурван зуун арван таван мянга/ төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Гансүх нь нийт 236 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

Хэргийн 2 дугаар хавтасны 183-185 дугаар хуудсанд үдэгдсэн Б.Ариунжаргалын өргөдөл,

 

Хэргийн 6 дугаар хавтасны 164-168 дугаар хуудсанд үдэгдсэн Л.Гансүхийг тодорхойлсон ангийн хамт олон болон иргэн Отгон, Болор нарын 2015 оны 09 дүгээр сарын 20, 2015 оны 12 дугаар сарын 22, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд бичсэн гар бичмэл,

Sony гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 120 минутын 4.7 GB багтаамжтай DVD-1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж,

 

DELL маркийн хар өнгийн компьютерийн процессерийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн Хэлтэст өгч,

 

саарал өнгийн малгай 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, хөндлөн судалтай ногоон эрээн цамц 1 ширхэг, хул шар өнгийн хагас ханцуйтэй цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн тэлээтэй өмд 1 ширхэг, улаан өнгийн даавуун биеийн тамирын өмд 1 ширхэг, шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, хар өнгийн оймс 1 хос, цэнхэр алаг өнгийн оймс 1 хос зэргийг тус тус устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283., 284.,

286., 290 дүгээр зүйлийн 290.4., 294, 295-297., 298., 299 дүгээр

зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоносон овгийн Лувсанбалдангийн Гансүхэд холбогдох эрүүгийн 201223010069 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Л.Гансүх нь нийт 236 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаярын 14.315.000 /арван дөрвөн сая гурван зуун арван таван мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

Хэргийн 2 дугаар хавтасны 183-185 дугаар хуудсанд үдэгдсэн Б.Ариунжаргалын өргөдөл,

 

Хэргийн 6 дугаар хавтасны 164-168 дугаар хуудсанд үдэгдсэн Л.Гансүхийг тодорхойлсон ангийн хамт олон болон иргэн Отгон, Болор нарын 2015 оны 09 дүгээр сарын 20, 2015 оны 12 дугаар сарын 22, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд бичсэн гар бичмэл,

 

Sony гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 120 минутын 4.7 GB багтаамжтай DVD-1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж,

 

DELL маркийн хар өнгийн компьютерийн процессерийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн Хэлтэст өгч,

 

саарал өнгийн малгай 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, хөндлөн судалтай ногоон эрээн цамц 1 ширхэг, хул шар өнгийн хагас ханцуйтэй цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн тэлээтэй өмд 1 ширхэг, улаан өнгийн даавуун биеийн тамирын өмд 1 ширхэг, шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, хар өнгийн оймс 1 хос, цэнхэр алаг өнгийн оймс 1 хос зэргийг тус тус устгасугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2 дахь хэсэгт зааснаар Л.Гансүхэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ                      Б.БАТТУЛГА

    ШҮҮГЧИД                            Т.ЭНХМАНДАХ

                                                    Ш.ГАНДАНСҮРЭН