Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2258

 

                             

 

 

 

 

 

 

                               2020         06         22

 

 

 

 

 

 

                       

                      101/ШШ2020/02258

 

                                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Т

 

Хариуцагч: М.Б

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 15,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т нь Б 2014.10.01-ний өдөр 15 сая төгрөгийг сарын 7%-ийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн байна. Зээлийн гэрээний 1 хугацаа дуусахад зээл болон хүүг бүрэн төлж дуусгаагүй бөгөөд удаа дараа шаардуулсаны эцэст 2015.02.16-ны өдөр баталгаа гаргах бичиг үйлдэн өөрийн өмчлөлийн газрын гэрчилгээгээ үлдээсэн байна. Гэвч М.Б нь зээл болон зээлийн хүүнд нийтдээ 7 200 000 төгрөгийг л төлсөн байдаг ба баталгаа гаргаснаас хойш 2019.12.14-ний өдөр 300 000 төгрөгийг төлсөн байна. Тогтохбаяр нь М.Бээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардан утсаар ярьж, мессэж бичихэд байнга удахгүй төлнө, нийтэд нь 25 сая төгрөг болгоод өгье, эсхүл энэ газрыг аваарай гэх мэтээр хариу өгч байсан боловч өнөөдрийг хүртэл бүрэн төлж дуусгаагүй байна. Иймд М.Бээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл болох 10 500 000 төгрөг, алдангид түүний 50% болох 5 250 000 төгрөг нийт 15 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь надтай утсаар яриад зарим төлбөрийг төлөөд эвлэрнэ гэж ярьсан. Иймд хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь 2013 онд 15 сая төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлсэн. Хугацаа дуусахад бүрэн төлөөгүй. Улмаар баталгаа бичиж өгөөд газрын гэрчилгээ өгсөн байдаг. Зээлээсээ 7 200 000 төгрөг төлсөн. Үлдсэн хэсгийг төлнө гэсэн боловч төлөөгүй. Мөн нэмж 300 000 төгрөг төлсөн. Иймд алдангийн хамт 15 750 000 гаргуулж өгнө үү. Утсаар ярихдаа 1/3 төлөөд эвлэрнэ гэсэн боловч төлөөгүй. Иргэний хуулийн 281-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Алдангийг гэрээнд заасан байгаа юм гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Т нь зээлийн гэрээний үүрэгт нийт 15,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хариуцагчид 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Мөн шүүх хуралдааны товыг хариуцагчийн өөрийн тодорхойлсон хаягын дагуу шуудангаар хүргүүлсэн боловч буцаагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. Улмаар шүүх хуралдааны товыг хариуцагчийн гар утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Иймд дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээ байгуулжээ. Улмаар зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөг олгогдсон болох нь мөн өдрийн мөнгө хүлээлцсэн актаар тогтоогдож байна. /хэргийн 10, 9 дүгээр тал/

Хариуцагч нь энэ үйл баримтыг үгүйсгэж маргаагүй. Түүнчлэн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний дагуу баталгаа үйлджээ. /хэргийн 8 дугаар тал/

Иймд зээлийн гэрээ байгуулж, зээл олгогдсон байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хүчин төгөлдөр болжээ.

Уг зээлийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 20 хувийн хүү төлөхөөр тохиролцож байгуулсан байна. Үүнээс тооцвол хариуцагчид үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 3,000,000 /15,000,000*20%/ төгрөг, нийт 18,000,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл олгосноос хойш нийт 7,500,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Хариуцагч нь үүнээс илүү төлбөр төлсөн эсэх талаар маргаагүй тул хариуцагчийн төлсөн төлбөрийг 7,500,000 төгрөг гэж үзнэ. Иймд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 10,500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

            Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь  тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 7 дугаар тал/ Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.7-д зааснаар дахин тоологдож эхэлсэн байна.

 

            Зээлийн гэрээний 5.2-т заасан агуулгаас үзэхэд зохигчид зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

Гэрээний хугацаа дууссанаас хойш алданги тооцогдох хоног нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 5 жил, 95 хоногийн хугацаа хэтэрсэн. Энэхүү хугацаанд алдангийг тооцвол хоногт 37,500 төгрөг, нийт хугацаа болох 1,920 хоногт 72,000,000 төгрөгний алданги тооцогдоно. Гэвч нэхэмжлэгч нь алдангид 5,250,000 /10,500,000/2/ төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн байна.

 

            Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.Бээс зээлийн гэрээний үүрэгт 15,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Тт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 236,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД