Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/137

 

 

                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох 2316000000153 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны *** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг ***** сумын **-р  багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Б овогт Ц-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б-г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:   

Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ***** сумын нутаг дэвсгэр И гэх газар “...хаваржаанаас нүү...” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн улмаар хохирогч Д.Б-г зодож, түүний биед баруун 6, 7 дугаар хавирганы цууралт, баруун ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, нүдний алимны цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Хохирогч Д.Б-н шүүх хуралдаанд өгсөн “... Намайг хонинд явж байхад Д.Б хүүхэдтэйгээ ирээд “...би маргааш нүүлээ. Та нүүх юм уу...” гэсэн. Би нүүхгүй гэсэн чинь намайг өшиглөөд зодож эхэлсэн ... Эм  уугаад гайгүй болсон. Цохиулсан нүд бүрэлзээд байгаа. Сэтгэл санааны хохиролтой байна... Шүүгдэгчээс нийт 7,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Үүнээс утасны хохирол 630,000 төгрөг төлөгдсөн. Эмчилгээнд 2,500,000 төгрөг зарцуулсан. Сэтгэл санааны хохирол 2,500,000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Шүүгдэгч Ц.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...Би хонинд явж байгаад Д.Б-тай таарсан. Д.Б манай  буудлын хажууд буусан байсан. Өмнө нь “...манай бууцнаас хол буучих...” гэж хэлж байсан. Түүнээс болоод маргалдсан... Утасны төлбөр болон 185,000 төгрөг төлсөн ... Утасны хохирол 630,000 төгрөг төлсөн...”  гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед байх би аав Б-н хамтаар хонио эргүүлэхээр явж байсан юм. Гэтэл И гэх буудлын хажууд Б ах, Ц ах, Г гэх 3 хүн хамт сууж байсан. Тэгэхээр нь бид 2 очиж, мэнд ус мэдэлцээд С ахыг аав “...хаваржааны хажууд ойрхон буусан байсан тул та одоо нүүгээд намар ирж буухгүй юу...” гэж хэлсэн юм. Гэтэл аавын урдаас “...чи хол очиж хуц, зайл...” энэ тэр гээд “...миний 2 адууг чи хулгайлсан, зөн билгийн тулаанд үзүүлсэн чамайг авсан гэж байна...” гэж хэлээд доромжилсон тул аавын уур хүрээд мотоциклоосоо бууж очоод нүүр лүү нь 2 цохисон. Хамраас нь цус гараад салсан юм... Хамар нь шалбарсан харагдаж байсан. Өөр гэмтэл шарх гэх зүйл ажиглагдаагүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/

4. Гэрч А.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед байх Д.Б, Г нарын хамт малынхаа бэлчээрт сууж байтал Б ах хүү Б-н хамт ирсэн. Тэгээд буудал бууцны асуудлаас болоод Б Б нар нь хэрэлдээд эхэлсэн. Гэтэл Б нь мотоциклоосоо бууж ирээд Б-н гуя руу нь 1 удаа өшиглөөд автал Б урдаас нь заамдаад авахаар нь “...боль боль...” гээд салгасан юм... Харин намайг явсны дараа дахин хэрэлдээд зодоон болсон гэсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

5. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Эрхэмбаярын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11108 дугаартай “... Д.Б-н биед баруун 6, 7 дугаар хавирганы цууралт, баруун ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, нүдний алимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Машинд мөргүүлэх үед үүсэх боломжтой...” гэх агуулга бүхий дүгнэлт. /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Б-н үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Говь-Алтай аймгийн ****** сумын ****-р багийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “...Ц-н Б нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт тус багт мал маллан амьдардаг нь үнэн болно...” гэх агуулга бүхий албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын санд 180,000(нэг зуун наян мянга) төгрөг төлсөн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн шүүхэд гаргаж өгсөн хохирлын баримтууд, утасны төлбөрт 630,000 (зургаан зуун гучин мянга) төрөг шилжүүлсэн гэх ХААН банкны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон ********* регистрийн дугаартай Д овогтой Б-н сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг тогтоов. Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн ...” гэх агуулга бүхий Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Хохирогч Д.Б-н нэхэмжлэлээс шүүгдэгчийн учруулсан хохирол, хор уршигтай холбоотой зайлшгүй гарах зардалд хамаарах эсэхийг тогтоох боломжгүй, тодорхой бус  өмгөөлөгчийн хөлс 2,000,000 (хоёр сая) төгрөг, МИАТ-аар зорчсон гэх 404,300 (дөрвөн зуун дөрвөн мянга гурван зуу)  төгрөгийн баримт, “Дуб” ХХК-ийн нэр үйлчилгээ нь тодорхой бус 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн баримт, үзлэгийн 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн баримт, нэр үйлчилгээ нь тодорхой бус 700,000 (долоон зуун мянга) төгрөгийн НӨАТ-ын баримт мөн нэр үйлчилгээ нь тодорхой бус Улсын гуравдугаар эмнэлгийн 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн баримт, “Долгион” мэдрэлийн хувийн эмнэлгийн 100,000 (нэг зуун мянга) төгрөгийн баримт, Голомт банкны 8,000 (найман мянга) төгрөгийн баримт зэрэг нийт 3,662,300 (гурван сая зургаан зуун жарган хоёр мянга гурван зуу) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Харин “Бамбайн үндэс” эмийн сангийн НӨТ-н баримт, “Дуб” ХХК-ийн рентгений зураг авхуулсан баримт, “Ай ти” лабораторийн НӨТ-н баримт, “Грандмед” эмнэлгийн НӨТ-н баримт, “Хангарьд” эмийн сангийн НӨТ-н баримт, “Царам тэнгэр” ХХК-н эмийн сангийн НӨТ-н баримт,  Улсын нэгдүгээр эмнэлгийн төлбөрийн баримт,  “Монос” эмийн сангийн НӨТ-н баримт, Улсын гуравдугаар төв эмнэлгийн  НӨТ-н баримт, тус эмнэлгийн төлбөрийн баримт, зорчих тасалбар захиалсан баримт зэрэг нийт 699,391 (зургаан зуун ерэн есөн мянга таван зуун ерэн нэг)  төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай гэж шүүх үнэлээд үүн дээр  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 2,750,000(хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгөөр тооцон хохирлын нийт төлбөрийн хэмжээг 3,449,391 (гурван сая дөрвөн зуун дөчин есөн мянга гурван зуун ерэн нэг) төгрөгөөр тогтоолоо. Үүнээс шүүгдэгчийн хохирогчид төлсөн 630,000 (зургаан зуун гучин мянга) төгрөгийг хасаад 2,819,391 (хоёр сая найман зуун арван есөн мянга гурван зуун ерэн нэг)төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Тодруулбал, Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5(тав) дахин нэмэгдүүлснээс 12,99(арван хоёр зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулжээ.  Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр тогтоогдсон зэрэглэлийн аль хэсэгт хамаарч байгаагаас шалтгаалан нөхөн төлбөрийг хэмжээг шүүх тогтоох зохицуулалт гэж хоёрдмол утгагүйгээр ойлгогдохоор байна. Иймээс шүүх “....нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулгатай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзээд Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000(таван зуун тавин мянга) төгрөгийг  5(тав) дахин нэмэгдүүлж хохирогч Д.Б-н сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 2,750,000 төгрөгөөр тогтоосон болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохиролд 630,000(зургаан зуун гучин мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 180,000(нэг зуун наян мянга) төгрөгийг тус тус төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 8(найм) хуудас баримтыг хэрэгт  хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт Ц-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 600(зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Б-с хохиролд 2,819,391 (хоёр сая найман зуун арван есөн мянга гурван зуун ерэн нэг) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б-д олгож, 3,662,300 (гурван сая зургаан зуун жаран хоёр мянга гурван зуу) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохиролд 630,000(зургаан зуун гучин мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 180,000(нэг зуун наян мянга) төгрөгийг тус тус төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 8(найм) хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА