| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0144/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/141 |
| Огноо | 2023-11-22 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д-д холбогдох 2316000000181 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1**** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймаг ***** сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газарт нярав ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говь-Алтай аймаг ******* сумын ***** багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, Ш овогт М-н Д.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Д нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны шөнө согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн ******* сумын төвд байрлах ******-н буудалд хохирогч С.Б-н Самсунг-А4эс/Samsung A4s/ загварын гар утсыг авч газарт шидэн дээрээс нь дэвсэн дэлгэцийг нь хагалж, 688,000 (зургаан зуун наян найман мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч М.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “...Би архи уухаараа амархан тасарчихдаг учраас тухайн үед Б гэх хүнтэй маргалдсан... С.Б-н хохирлыг бүрэн барагдуулсан... Тухайн үед гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруутай үйлдлээс болсон. Тухайн гаргасан үйлдэлдээ харамсаж байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/
2. Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Орондоо ороод амрах гэж байхад гаднаас танихгүй 2 залуу, 3 охин аймгаар ирсэн пиздаануудыг ална гээд ороод ирсэн. Тэгээд би та нар юун хүмүүс вэ? больцгоо гэж хэлэхэд ширээн дээр байсан миний гар утсыг аваад газарт шидээд дэвссэн ... Одоо гар утсаа барьж байгаа. Хэвийн ажиллагаатай байгаа. Миний гар утсыг М.Д засаж өгсөн... Надад гомдол санал байхгүй, М.Д нь миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/
3. Гэрч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Нэг залуу та нарыг ална гэж орилоод Б-н ширээн дээр байсан гар утсыг аваад газарт шидээд дэвсчихсэн юм. Тэгээд тэр хүмүүс салгаад аваад гарсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/
4. Ашид-Билгүүн ХХК-н 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-921/4707 дугаартай “...Samsung A-04S загварын гар утсыг 688,000 (зургаан зуун наян найман мянга) төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн объектив шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгодог. Яллах дүгнэлтэд шүүгдэгчийн үйлдлийг “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжтэй гэж тусгасан. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн гар утасны дэлгэц хагарсан бөгөөд дэлгэцийг солиулан засварлаад зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар хохирогч мэдүүлсэн тул шүүх эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч М.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-д 688,000 (зургаан зуун наян найман мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нь С.Б-н утсыг засварлуулж, хохирлыг бүрэн арилгасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт М-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Д-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА