| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/02706/И |
| Дугаар | 2340 |
| Огноо | 2020-06-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2340
|
2020 06 29 |
101/ШШ2020/02340 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш СӨХ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Р.О холбогдох
Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 807,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш СӨХ-ны төлөөлөгч К.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын “Иргэний хууль”, ”Орон сууц хувьчилалын тухай хууль”, ”Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-д заасны дагуу нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн /ДӨЭХ/ эзэмшилт, ашиглалт, засвар үйлчилгээ хийх ажлыг оршин суугчдын өмнөөс хууль ёсны байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ хариуцаж гүйцэтгэхдээ шаардагдах хөрөнгийн санг бүх гишүүдийн хурлаас баталсан тоо хэмжээгээр cap бүр суугчдаас авах замаар бүрдүүлэх хууль, журамтай билээ. Манай СӨХ нь 2002 оны 11 дүгээр сараас эхлэн байгуулагдаж өөрийн ажил үүргийг зохих хууль журамд заасныг үндэслэн явуулж байгаа болно. СӨХ-ны харъяа байруудад амьдран сууж байгаа зарим оршин суугчдаас Монгол улсын дээр заасан зохих хуулиудын заалтуудыг зөрчиж СӨХ-ны мөнгийг төлөхгүй, үүргээ биелүүлэхгүйгээс болж олонхын эрх ашиг зөрчигдөж, /ДӨЭХ/-ийн засвар үйлчилгээ тогтоосон хугацаанд график төлөвлөгөөний дагуу хийгдэхгүй, үйлчлэгч, жижүүрүүдийн ажлын хөлс дутуу олгогдох зэрэг сөрөг үр дагавартай байна. Манай СӨХ-ны харьяа тоотын оршин суугч Р.О нь 2016 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны СӨХ-ны мөнгийг төлөхгүй байгаа бөгөөд эдгээр төлбөрийг төлж барагдуулахыг шаардаж, шаардах хуудас, нэхэмжлэл өгч байсан боловч тэд иргэнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа болно. Иймд бид түүнээс Монгол улсын “Иргэний хууль”-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг удирдлага болгон 2017/4-12/+2018/1-12/+2019/1-12/+2020/1-3/ 3 жилийн СӨХ-ны мөнгөний дутуу төлөлт болох 807,400 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэн гаргуулж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна.
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 2017.4-2020.3 хүртэлх хугацаанд 807,400 гаргуулна. Хариуцагч нь 46а байрны 1 тоотын эзэмшигч болох талаар 2017.10.27-нд ирж орон сууцны эзэмшигч гэж хэлээд 2014.8-2015.12 дуусталх хугацааны төлбөрт 376,550 төлсөн. Үүнээс хойш СӨХ мөнгө төлөөгүй. Удаа дараа шаардаж байсан. Энэ байрны өмчлөгчөөс би мөнгө авах тул асуудлыг шийднэ гэж тайлбар хийдэг. Гэтэл энэ хугацаанд орон сууцны конторт бусад төлбөрөө төлсөн байдаг. Гагцхүү СӨХ-н төлбөрийг төлөөгүй. 2016 оноос төлбөрөө төлөөгүй боловч хөөн хэлэлцэх хугацааг үндэслээд 2017.3 сар хүртэл хугацааны төлбөрөөс татгалзаж байгаа юм. Тэгээд 36 сарын хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа юм. Хариуцагч нь энэ байрыг албан ёсоор эзэмшиж байгаа юм. Энэ талаар ИХ-д заасан байгаа. Энэ байрыг эзэмшиж байгаа тул хариуцах ёстой. СӨХ бол дундын эзэмшлийн талбайг хариуцаад л явж байгаа юм. СӨХ үүргээ биелүүлээд л явж байна. Аргагүй эрхэнд хөөн хэлэлцэх хугацаагаар зарим төлбөрөөс татгалзсан гэв.
Хариуцагч Р.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ш СӨХ-ны нэхэмжилсэн 807,400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ байрны эзэмшигч, өмчлөгч нь би биш. Байрны эзэн нар нь аман хэлэлцээр хийгээд би байрыг нь түрээслэх байдлаар амьдарч байна. Ш СӨХ нь энэ айлын амьдарч байсан төлөөгүй СӨХ-ны төлбөрийг О надаас нэхэмжилж байна. СӨХ-ны төлбөрөө огт төлдөггүй айл юм байна лээ. Иймд би энэ айлын төлдөггүй СӨХ-ны төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй болно.
Би нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Энэ байр нь манай найз Бийн байр бөгөөд өмчлөгч нь хүү Дний нэр дээр байдаг. Тэд гадаадад эмчилгээнд явах боллоо гээд байраа хятадуудад түрээслүүлсэн. Чи гэр ойрхон юм чинь эргэж тойрч байгаарай гэж хэлсэн. Улмаар би байрыг нь эргэж тойроод явдаг байсан. Гэтэл 2017 онд СӨХ-н төлбөр гээд байна гэнэ. Манайх СӨХ-н төлбөр өгдөггүй тул очоод уулзаач гэсэн. Ингээд би 2017 онд очиж уулзсан. Гэтэл К нь СӨХ-н төлбөр төлөөгүй гэсэн. Уг нь байр нь нөхрийнх нь байр бөгөөд СӨХ-н төлбөрөө төлдөггүй байсан юм байна. Тэгээд би Бд эргээд хэлсэн. Тэгэхэд намайг 300 хэдэн мянгыг тушаачих гээд надад өгсөнийг нь би аваачиж тушаасан. 2018 оны сүүлээр гадаадад хагалгаанд орж ирээд дахиад явах болсон гээд надаас мөнгө зээлээч байрыг хариуцаж байгаарай гэсэн. Байрны ашиглалтын зардлыг төлөөд явдаг юм байна лээ. 2019 оны 10 сараас эхлээд өмнөх хүмүүсийг нь гаргаад би орсон. Б нь манай байрыг хариуцаж амьдарч байгаач гэсэн тул би мөнгө зээлдүүлээд байранд нь орсон. Гэтэл байнга л СӨХ-н мөнгө нэхдэг байсан. Би дахиад СӨХ-тэй уулзахад өмнөх төлбөрүүдээ надтай яриад байсан. Би энэ мөнгийг өгөхгүй. Харин суусан хугацаанаасаа хойшхи хэсгийг төлж болж байна гэсэн. Гэтэл өмнөхөө төл гээд ойлголцож чадаагүй. Б байраа зарна гэсэн боловч үнээ нэмсэн тул авахаа больсон. Гэтэл Б хилийн хоригтой болчихоод ирж чадахгүй байгаа юм. Уг байр нь бас банкны зээлийн барьцаанд тавьсан байдаг. Би Бтай холбогдоход хүлээж бай, би байраа зараад л мөнгийг нь төлнө гэдэг. Би танихгүй айлын төлбөрийг төлөхгүй. Харин Батзаяад энэ талаар уламжилж хэлье. Би төлбөр төлөх үндэслэлгүй тул байнга гадаа нэр дурдаад байгаа нь нэр төрд халдаж байна. 2019 оны 10 сараас эхэлж амьдарсан тул үүнээс хойшхи хугацааны төлбөрийг төлөхийг зөвшөөрнө гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш СӨХ нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 807,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Р.О нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед өөрийн оршин суусан гэх 2019 оны 10 сараас хойшхи хугацааны төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өмнөх төлбөр болох 376,550 төгрөгийг төлж, уг орон сууцны эзэмшигч гэсэн тул үлдэх төлбөрийг төлөх ёстой гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, тоотод хаягт байрлах орон сууцны өмчлөгч биш гэж маргасан. Улмаар хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт авагдсан ХУР системээс авсан баримтаар хариуцагч нь уг орон сууцны өмчлөгч биш болох нь тогтоогдож байна. /хэргийн 27-28 дугаар тал/
Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.7-д зааснаар СӨХ-ны гүйцэтгэх захирал нь өөрийн хариуцан ажиллаж буй орон сууцны өмчлөгчийн талаар бүртгэл хөтлөх эрх, үүрэгтэй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг уг орон сууцыг эзэмшиж байгаа тул СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан зохицуулалт нь эзэмшигч өөрийн эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй саадыг арилгуулахаар бусад этгээдээс өмчлөгчийн адил шаардах эрх бөгөөд харин мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үүргийг шууд хүлээхгүй юм.
Эдгээрээс дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх орон сууцны өмчлөгч биш байх тул нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д нийцэхгүй.
Гэвч хариуцагч нь тухайн орон сууцанд оршин суусан гэх 2019 оны 10 дугаар сараас хойшхи хугацааны зардлыг төлөхийг зөвшөөрч байх тул энэ хугацаанд холбогдох зардал буюу тухайн хугацаанд хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь талуудын диспозитив зарчимд нийцнэ.
Энэхүү хугацаанд дээрх 1 тоот орон сууцны өмчлөгч нь СӨХ-ны төлбөрт сар бүр 23,150 төгрөг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан Ш СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19/01 дүгээр тогтоол, түүний 3а дугаар хавсралтаар тогтоогдож байна. /хэргийн 9-10 дугаар тал/
Хариуцагч нь энэхүү төлбөрийн мөнгөн дүнгийн хэмжээний талаар маргаагүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг дээр дурдсан 2019 оны 10 дугаар сараас өмнөх хугацаанд уг орон сууцанд оршин сууж байсан эсэх талаар маргасан боловч өөрийн тайлбарыг нотлоогүйг дурдах нь зүйтэй.
Улмаар хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн төлбөрийг тооцвол 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг дуусталх хугацаа нь 8 сар тул нийт 185,200 төгрөгний төлбөр тооцогдоно.
Иймд хариуцагчаас 185,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч нь бусад хугацаанд холбогдох төлбөрийн талаар зохих этгээдэд холбогдуулан дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Р.Оаас 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 185,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 622,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,206 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД