| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/02854/И |
| Дугаар | 2391 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С ХХК холбогдох
Зуучлалын гэрээний үүрэгт нийт 6,888,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “С” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сурталчилгаа, зуучлалын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Х ХХК нь ‘С" ХХК -ийн эзэмшлийн Miqueen хүлээн авалтын танхимыг сурталчилж, хүлээн авалтын захиалгыг зуучилж ажиллахаар тохирсон. Манай компани нь уг гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж, нийт 485 хүний, 8 хүлээн авалтын захиалгыг Miqueen хүлээн авалтын танхимд оруулсан. Энэ тухай 2017 оны 12 дугаар сарын 11, 18-ны өдрүүдэд тус компанийн ажилтан н.Мтай акт үйлдэн баталгаажуулсан. Гэрээний 3.2.-д заасны дагуу зуучлалын хөлсийг тооцоход нийт 4,592,500 төгрөг болж байна. Манай компанийн зүгээс гүйцэтгэх захирал С.Бтой удаа дараа холбогдож мөнгө нэхэмжлэхэд, "удахгүй төлнөө" гэсэн хариулт өгсөөр өдийг хүрсэн. Гэрээний 6.З.-д төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5% -тай тэнцэх алданги төлөхөөр заасан байна. Энэ заалтын дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацаагаар алдангийг тооцоход нийт зуучлалын хөлсний 50% буюу 2,296,250 төгрөг (алданги тооцох хоног 870 гаруй) болж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу нийт 6 888 750 төгрөг гаргуулна. Бид 2017 онд гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагчийн рестораныг сурталчилж, үйлчлүүлэгчид зуучлахаар тохирсон. Улмаар 8 газрыг зуучилсан. Энэ нь батлагдсан тоо. Бусад газар байсан боловч бид нэхээгүй. Энэ талаар хариуцагч талын менежертэй тооцоо нийлсэн. Гэтэл мөнгөө төлөөгүй тул 50 хувиар алданги тооцсон. Бид өөрийн бүртгэлээр л нэхэмжлэл гаргасан. 2 200 000 төгрөг болсон гэхээр нь 1 саяыг авч байя л гэсэн боловч өгөөгүй. Гэхдээ 1 саяар тохирсон зүйл байхгүй гэв.
Хариуцагч “С” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С овогтой Б 2016 оноос хойш “С” ХХК-д захирлаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай компани нь үйлчилгээ, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэл гаргасан Х компанид 2017 оны шинэ жилийн захиалга, хүлээн авалтын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Тухайн үед манай компани нь зар сурталчилгаагаар захиалгат хүлээн авалтууд хийж байсан. Гэтэл Х компани нь манай ресторанд захиалга өгсөн бусад албан газрын захиалгатай хамруулж тооцоо төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жич: Тухайн үед Х компаний хүн манай ресторанд ирэн оффист дур мэдэн орж манай компаний дотоод ажлын шинэ жилийн захиалгын самбар дээрх тэмдэглэлийг гар утсаараа зургийг нь авсан. Үүнээс үүдэж Хүрээ компани нь нийт захиалгыг өөрийн компаниар зуучлуулсан гэж андуурч мөнгө нэхэмжилж байна. Иймээс бидний тайлбарыг хүлээн авч шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх ресторан ажиллуулдаг. Нэхэмжлэгч нь үйлчлүүлэгч олж өгдөг гэхээр нь гэрээ хийсэн. Нэхэмжлэгч нь үйлчлүүлэгч олж ирдэг. Маргаан нь 2017 оны шинэ жилээр миний өрөөнд байсан үйлчлүүлэгчийн төлөвлөгөөний зургийг аваад тэрний дагуу нэхэмжлэл гаргаад байна. Уг нь 1 сая төгрөгөөр тохиролцсон боловч мөнгийг нь өгөх гээд уулзаж чадаагүй. 3 удаа үйлчлүүлэгч олж өгсөн. Манай төлөвлөгөөгөөр нэхэмжлэл гаргаад байна. 1 саяыг зөвшөөрнө. М нь манай компанид менежерээр ажиллаж байсан нь үнэн гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХХК нь С ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт нийт 6,888,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “С” ХХК нь зуучлалын гэрээний дагуу төлбөрийг төлсөн, нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 1,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ш/307 дугаар сурталчилгаа, зуучлалын гэсэн нэртэй гэрээ байгуулжээ. /хэргийн 5-6 дугаар тал/
Гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн үйл ажиллагааг сурталчлах, үйлчлүүлэгчид зуучлах бөгөөд гэрээний 3.2-т зааснаар үйлчлүүлэгчийн төлсөн төлбөрийн 10 хувийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон байна. Энэ үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь зуучлалын үйл ажиллагаа явуулсан талаар захиалга баталгаажуулах хуудас /2 ширхэг/ шүүхэд ирүүлсэн. /хэргийн 7-8 дугаар тал/ Энэхүү баримтад захиалга хүлээн авсан гэх агуулгаар менежер н.М гэж гарын үсэг зурагдсан байна. Хариуцагчийн төлөөлөгч нь н.Мөнгөнсувдыг өөрийн компаний менежерээр ажиллаж байсныг зөвшөөрсөн. Иймд эдгээр баримтад байгаа захиалгыг нэхэмжлэгчийн зуучлалын үйл ажиллагааны дагуу хариуцагч хүлээн авсан буюу орлого олсон гэж үзэх үндэслэлтэй юм.
Эдгээр баримтыг нэгтгэн тооцож үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн зуучилсаны дагуу ГТСМТТ нь 95,000 төгрөгний менюгээр 70 хүн буюу нийт 6,650,000 төгрөг, Эрүүл мэндийн төв нь 75,000 төгрөгний менюгээр 100 хүн буюу нийт 7,500,000 төгрөг, Ширэвгэр нь 135,000 төгрөгний менюгээр 30 хүн буюу нийт 4,050,000 төгрөг, Selena travel нь 115,000 төгрөгний менюгээр 50 хүн буюу нийт 5,750,000 төгрөг, O and BN нь 110,000 төгрөгний менюгээр 30 хүн буюу нийт 3,300,000 төгрөг, Хэрэглэгчид үйлчлэх төв-5 нь 95,000 төгрөгний менюгээр 65 хүн буюу нийт 6,175,000 төгрөг, Монголын оюун ухааны нь 115,000 төгрөгний менюгээр 50 хүн буюу нийт 5,750,000 төгрөг, УБТЗ 2-р анги нь 75,000 төгрөгний менюгээр 90 хүн буюу нийт 6,750,000 төгрөг, нийт 45,925,000 төгрөгний үйлчилгээ үзүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд гэрээний 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь төлбөрийн 10 хувь буюу 4,592,500 төгрөг шаардах эрхтэй юм.
Хариуцагч нь тухайн үед зуучлалын хөлсийг төлсөн гэж маргасан боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.
Гэрээний 3.1-т зааснаар хариуцагч нь зуучлалын хөлсийг 2 сар тутам төлөхөөр тохиролцсон тул сүүлийн захиалга баталгаажуулах хуудас бичигдсэнээс хойш 2 сарын дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлөх байжээ. Улмаар зохигчид гэрээний 6.3-т зааснаар хөлс төлөгдөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.
Үүнээс алдангийг тооцвол шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 836 хоногийн хугацаа хэтэрсэн тул 1 хоногт 22,961.25 төгрөг, 836 хоногт 19,195,605 төгрөг тооцогдоно. Гэвч нэхэмжлэгч нь алдангид 2,296,250 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн байна.
Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “С” ХХК-иас зуучлалын гэрээний үүрэгт нийт 6,888,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 125,170 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД