Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,

Улсын яллагч С.Болорчулуун, 

Шүүгдэгч Г.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Гэндэн овогт Ганбатын Ганбаярт холбогдох эрүүгийн 201710010036 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн  Сайншанд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг 64-35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Гэндэн овогт Ганбатын Ганбаяр /ЕЮ8106149/

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч Г.Ганбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний 12 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн гудамжинд Г.Ганбаяр, М.Ганболд нар нь архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар М.Ганболдыг цохиж зодон бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Ганбаярын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би нилээд согтсон байсан зарим зүйлийг сайн санахгүй ба 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би 08 цагт ажлаас буусан тэгээд хамт ажилладаг жижүүр Өлзийбаатарын хамт төмөр замын шилжүүлэн ачих ангид Болод болон Ганболдтой уулзаж бид нар Лувсанбатын машинд сууж дэлгүүрээс 1 литрийн Болор архи авч хувааж уусан юм. Ууж дуусаад Мөнхболдын гэрт очиж Мөнхболдыг дагуулан бид тав 750 граммын “Хар чингис” нэртэй архи авч хувааж уусан. Ууж дуусаад дахин нэг шил архи авч хувааж ууцгаасан бүгд нилээд согтсон байсан юм. Нэг мэдэхэд Ганболдтой маргалдсан ба ноцолдож зодолдсон байсан чухам хэрхэн зодолдож цохилцсоноо сайн санахгүй байна ямар ч байсан Ганболд чамайг би нэг гараараа цохиж зодно гээд байсан юм. Өөр бусад зүйлийг би сайн санахгүй байна. Өлзийбаатар, Мөнхболд хоёр байсан юм. Болод архи ууж явах үед тасарсан учир гэрт нь бид нар хүргэж өгсөн байсан юм. Би түүнтэй маргалдах үедээ гараараа л цохисон байх ямар нэг барьсан зүйл  байхгүй чухам хаана нь цохиж гэмтээснээ тухайн үед мэдээгүй юм. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өлзийбаатартай утсаар ярихад М.Ганболдын хэнгэрэг нь цоорсон  байна гэж хэлсэн. Ганболдтой ноцолдож зодолдох үед Ганболд надад гар хүрч цохиж чадаагүй харин түүнийг Мөнхболд өмөөрч миний нүүр хэсэгт нэг удаа цохисны улмаас баруун талын хөмсөгний орчимд бага зэрэг шалбарч урагдсан юм. Би эмнэлэгт үзүүлсэн ямар нэг баримт байхгүй одоо надад айхтар гэмтэл байхгүй ямар нэг санал хүсэлт байхгүй. Мөнхболд архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан юм. Би Ганболдыг ажлын шугамаар таньдаг юм өөр харьцаа холбоо гэх зүйл байхгүй. Урьд өмнө түүнтэй маргалдаж байсан болон таарамжгүй харьцаа гэх зүйл байгаагүй юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,

- Хохирогч Г.Ганболд хэрэг бүртгэлтийн шатанд: “2017 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө би 09 цагийн орчимд ажлаасаа буусан гээд Ганбаяр, Өлзийбаатар нартай утсаар ярьж уулзцагаасан юм. Бид гурав хоёр шил 750 граммын Болор нэртэй архи авч Мөнхболдыг дуудаж түүний машинд сууж байхдаа бид гурав хувааж уусан уг архийг уугаад би нилээд согтсон байсан. Би ууж суух үедээ Ганбаяртай маргалдсан байсан ба маргалдах шалтгаан нь түүний найз Энхбилэг гэх залуу биднийг ууж сууж байхад ирсэн байсан тэр залуутай би юу байна гэж мэндэлж ойр зуурын зүйл ярьсан гэтэл Ганбаяр чи яагаад манай найзыг дүү гэдэг юм чи манай найзыг илгээгч хийж байхад ажлын шугамаар мөнгө авч байсан билүү гэх зэргээр хэлж маргаан үүсгэсэн гэхдээ би зарим зүйлийг сайн санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Ганбаяр надтай зодолдъя гээд байсан түүнээс хойш чухам хэрхэн маргалдсан болон цохилцож зодолдсон талаар сайн мэдэхгүй байгаа юм. Нэг мэдэхэд гэртээ хэвтэж байсан эхнэр намайг сэрээж тэгээд эмнэлэгт хэлж ярьж үзүүлсэн юм. Түүнд зодуулж цохиулсны улмаас баруун чихний орчимд 4 оёдол тавиулсан баруун чихний орчимд мөн хавдсан мөн баруун чихний хэнгэрэг цоорсон байсан. Өөр гэмтэл шарх байгаагүй. Тухайн үед Мөнхболд эрүүл байсан ба надтай сүүлд уулзаж хэлэхдээ таныг газарт унасан хойно дээрээс чинь хөлөөрөө дэвсэж чихний орчимд чинь гэмтэл учруулсан гэж хэлсэн. Г.Ганбаяртай төмөр замын байгууллагад хамтран ажиллаад 5 жил орчим болж байна ажлын шугамаар холбоотой ажилладаг ба бие биенийгээ танина өөрөөр ямар нэг таарамжгүй харьцаа гэх зүйл байхгүй. Архи уусан байсан ба энэ үедээ ойр зуурын зүйл ярьж байгаад бие биенийхээ үгийг даалгүй улмаар маргалдан намайг цохиж гэмтэл учруулсан байсан. Тэр надад учруулсан эмчилгээний зардал болох 1,000,000 төгрөгийг бэлнээр Ганбаяр надад өгсөн одоо түүнээс нэхэмжлэx зүйл байхгүй ямар нэг гомдол санал хүсэлтгүй ба түүнтэй ярилцаж ойлголцон сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

Гэрч М.Мөнхболд хэрэг бүртгэлтийн шатанд: “2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би 10 цагийн орчимд Овоот дэлгүүрийн ойролцоо ганцаараа явж байхад Ганболд, Ганбаяр, Өлзийбаатар, Болод тааралдсан юм. Тэгээд ганц шил архи уумаар байна машинаа авчих гэж хэлэхээр нь өөрийн 86-61 ДГО улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авч тэр хэдийг суулган 3-р багийн гудамж болох Aшаагийн гудамжинд зогсож миний сууж авсан 750 граммын Алтантүрүү нэртэй архиа тэр хэд хувааж уусан гэтэл Болод нь тасарч согтсон тэгээд бид нар гэрт хүргэж өгсөн. Тэгээд Завхан дэлгүүрийн хойд талд нь дахин зогсож нөгөө ууж байсан үлдсэн архиа Ганболд, Ганбаяр хоёр уусан ба урд жолоочийн хажуугийн суудалд Өлзийбаатар согтоод унтаад өгсөн тэр хоёр архиа ууж дуусаад дахин нэг шил архи авч ууя гэж хэлсэн тэгээд Ганбаяр хүн рүү утсаар залган ярьж уулзмаар байна гэж ярьж улмаар гэрийнх нь гадаа очиж уулзсан юм. Тэгээд Билгээ гэх залуутай Ганбаяр уулзаж ганц шил архи аваад аль гэж хэлсэн тэгээд дэлгүүр орж архи авахаар орох үед хойд тал дээр Ганбаяр, Ганболд хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн ба Ганбаяр Билгээд яаж тус болж байсан юм худлаа долдигнолоо гэж түүнтэй маргалдаж Тэгээд Болортуяагийн гэрт очно гэж хэлэхээр нь гэрийнх нь гадаа очиж буулгасан гэтэл Ганболд ах Ганбаярыг чи намайг барахгүй боль гэж хэлэхэд тэр шанаан тус газар нэг удаа цохиход газарт Ганболд ах унасан гэтэл тэр дээрээс нь чихний орчимд нь нэг удаа дэвссэн дахин түүний дээрээс дэвсэх гээд байхад нь түүнийг хорьж шанаан тус газар нь 2 удаа цохиж холдуулсан тэгээд би хүргэж өгч эхнэрт нь хүлээлгэн өгсөн юм. Түүнийг Ганбаяр шанаан тус газар нэг удаа цохисон мөн унасан байхад нь чихний орчимд нэг удаа дэвссэн ба чихний хэсгээс цус гарч шанаа хэсэг нь хавдсан байсан ба чих юм сонсохгүй байна гэж хэлж байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,

  - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 64 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. М.Ганболдын биед баруун чихний хэнгэрэн хальсны цоорол, баруун чихний урд талд язарсан шарх, баруун чихний урд талын зулгаралт, баруун чихний гадна дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 17/,

- Г.Ганбаярын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 31-32/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтуудыг  судалсан болно.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Г.Ганбаярын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Г.Ганбаярын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иргэн Г.Ганболдын биедээ авсан гэмтэл нь тэдний таарамжгүй харьцаанаас үүссэн ба шүүгдэгч Г.Ганбаярын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул Г.Ганбаярыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Ганбаярыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Учир нь  Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялтай байдлын хугацаа дуусаагүй боловч  ялтай байдал нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгдэгч Г.Ганбаярт ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндүүлэх нөхцөлд, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.    

Шүүгдэгч Г.Ганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гэндэн овогт Ганбатын Ганбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Гэндэн овогт Ганбатын Ганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Г.Ганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Г.Ганбаяр нь хохирогч Г.Ганболдод эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Г.Ганбаярт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ