Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2026/0214

 

 

 

 

 

 

 

 

В.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч: В.Г

Хариуцагч: Стандарт, хэмжил зүйн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0129 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч В.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0671/З

ТОДОРХОЙЛОХ нь:     

1. Нэхэмжлэгч В.Гоос Стандарт, хэмжил зүйн газрын даргад холбогдуулан “Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0129 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.Гоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. …Дээрх анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хуульд нийцэхгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тухайлбал анхан шатны шүүхээс дүгнэхдээ хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа түүнд дурдсан нийт 8 зөрчил гэх үйл баримтыг нотолж, тогтоож чадаагүй, үндэслэлгүй болохыг зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн. нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлгүйгээр, харин дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар нэхэмжлэгч В.Гийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

Нэхэмжлэгчийн хувьд ажлаас үндэслэлгүйгээр халагдах сахилгын шийтгэл ногдуулан, ажлаас чөлөөлөгдөн, улмаар шүүхэд нэхэмжлэлээ гарган маргаж явсаар 7 сар гаруй хугацаанд ажилгүй болж, цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарч хохирч байхад шүүхээс дахин 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" заасан хуулийн зорилтод нийцэхгүй.

3.2. Өөрөөр хэлбэл төрийн албаны маргааны тухайд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, хариуцагчаас хуульд нийцэхгүй шийдвэрийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа энэхүү захиргааны хэргийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь дээрх хуулийн зорилготод нийцэх ба харин ийнхүү захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэснээр хариуцагчийн зүгээс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа цуцалж, хүчингүй болгож, улмаар бусад төрлийн сахилгын шийтгэл ногдууллаа гэж бодоход нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бусад шаардлагууд болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн асуудал, мөн үүнээс улбаалан үндэслэлгүйгээр   тасарсан ажилласан байдал зэрэг нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй, ойлгомжгүй хэвээр үлдэж байна

3.3. Мөн хэрэв хариуцагчаас шүүхийн шийдвэрт заасан хугацаанд шинээр захиргааны акт гаргахгүй тохиолдолд тушаал нь хүчингүй болох хэдий ч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй хоцрох ба бодит байдал дээр хариуцагчаас буруугаа хүлээн зөвшөөрч шууд олгох боломжгүй.

Нөгөө талаас нь бодоод үзвэл шүүхийн шийдвэрт дурдсанчлан сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзээд өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд нэхэмжлэгч тэрхүү шинэ захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин шүүхийн маргаан эхлэх, мөн энэ тохиолдолд сахилгын шийтгэлтэй маргах шаардлага үүсэх ба мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний асуудлаа хэрхэн шийдвэрлүүлэх нь ойлгомжгүй, тодорхойгүй хэвээр үлдэх, эсхүл өөр төрлийн сахилгын шийтгэлийг ногдуулсныг хүлээн зөвшөөрлөө гэж үзэхэд дахиад л цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөрөө нэхэмжлэгч нь хохирч үлдэх, уг асуудлаар дахин шүүхийн маргаан үргэлжлэх зэрэг үр дагавартай болохыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

3.4. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-т “...гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй, үүнийг шинэ акт гаргахдаа шалгаж тогтоох шаардлагатай" гэж дурдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс анх сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг батлан гаргахын өмнө холбогдох бүх нөхцөл байдлыг нотолж тогтоосны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгосон хөдөлмөрлөх эрх үүрэг, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан нэмэлт баталгаа зэргийг хөндсөн шийдвэрээ гаргах ёстой байтал өдий 7 сарын хугацаанд шүүхээр маргасны эцэст, шүүхээр алдаагаа дүгнүүлсний үндсэн дээр тэрхүү нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийсний үндсэн дээр дахин шийдвэрээ гаргах ёстой гэх агуулгаар шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан, хууль зөрчсөн шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан гэж үзэж байна

3.5. Цаашилбал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 27-т "Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд, хариуцагч захиргааны байгууллага нь зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагаврыг харьцуулан харгалзаж үзээгүй, ногдуулсан халах сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон эсэхийг шүүх дүгнэх боломжгүй байх тул..." гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл уг дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-т "Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд  гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй", 106 дугаар зүйлийн 106.4-т "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна", 106.5-т "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй", 106.7-т "Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана" гэж тус тус заасантай нийцэхгүй.

3.6. Учир нь шүүхээс уг хэрэгт хамааралтай гэх бүхий л баримтуудыг хариуцагчаас шаардаж, тайлбар, баримтаа гаргаж өгөх боломжийг нь олгосон ба хэрэгт тушаалыг гаргахад үндэслэл болгосон бүх баримтууд авагдсан байхад тэдгээрийг үндэслэн шүүхээс сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон эсэхэд, цаашлаад хууль болоод холбогдох сахилгын шийтгэл ногдуулах тухай журамд нийцэж байгаа эсэх зэрэгт дүгнэлт хийх бүрэн боломжтой байхад шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

3.7. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т "Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална", Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019.04.04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.6-т "Төрийн жинхэнэ албан хаагч /цаашид "албан хаагч" гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна", 2.4-т "Энэ журмын 2.1-д заасан гомдол, мэдээлэл, баримтын дагуу шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ", 2.4.1-т "гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах", 2.4.2-т "шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах", 2.4.3-т "шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах", 2.4.4-т "гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох", 2.4.5-т "цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах", 2.6-т "Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана", 2.7-т "Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй" гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хууль бус гэж нэхэмжлэгчийн зүгээс маргасан боловч уг асуудлын талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

3.8. Дээрх журмын агуулгаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахын өмнө заавал шалгаж тогтоосны үндсэн дээр түүнийхээ шинж байдалд нь тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулах ёстой, хэрэв шалгаж тогтоох ажиллагааг хийсэн боловч тогтоогдоогүй бол сахилгын шийтгэл ногдуулахгүй, мөн шалгаж тогтоох ажиллагаа хэрхэн хийх, цаашлаад зөрчилд холбогдогчийн эрхийг хэрхэн эдлүүлэх вэ гэдэг асуудлыг зохицуулжээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас дээрх журмын дагуу нэг ч хяналт шалгалтын ажиллагаа хийгдээгүй, эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь олгоогүй, шалгаж тогтоогдсон гэх боловч тэдгээр нь холбогдох баримтгүй, баримтууд нь зөрүүтэй, нийт 8 зөрчлийн талаар дурдах боловч нэг нь ч хөдөлбөргүйгээр, баттай баримтаар, эргэлзээгүйгээр тогтоогдоогүй болох нь нотлогдож байх ба энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн боловч зарим талаараа дутуу дүгнэлтийг хийж, мөн үндэслэлгүй шийдвэрийг гаргасан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Шүүхийн шийдвэрт шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэсэн боловч энэхүү шүүхийн шийдвэр нь хариуцагч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд халдсан шийдвэр болсон.

3.9. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 22-т дурдсанаар "...сахилгын шийтгэл ногдуулах шаардлагатай" гэх агуулгаар дүгнэснээс хархад хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах эсэх нь түүнд хуулиар олгосон эрх хэмжээний асуудал байхад хүндэдсэн гэх үндэслэлээр өөр сахилгын шийтгэл ногдуулахыг даалгасан шинжтэй шийдвэр байх бөгөөд шүүхээс хэрвээ сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзвэл түүнийг хууль бус гэж үзэж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх ёстой ба түүнд үндэслэн хариуцагч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс зөрчилд тохирох сахилгын шийтгэлийг ногдуулах эсэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал байхад шүүхээс ийнхүү дахин шалгаж шинээр дахин шийдвэр гаргахыг даалгасан шинжтэй шийдвэрийг гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй.

3.10. Цаашлавал Стандарт хэмжил зүйн газрын даргын 2025.07.18-ны өдрийн Б/117 дугаар тушаалд дурдагдсан зөрчлүүд үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд дүгнэхэд бүрэн боломжтой байхад ямар шалтгаанаар шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Эдгээрээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна" гэж заасан хуулийн урьдач нөхцөл хангагдаагүй буюу нэхэмжлэгчийг гаргасан гэх зөрчлүүд нотлогдож тогтоогдоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдож байхад хуульд нийцэхгүй захиргааны актыг хүчингүй эрхэм зорилготой байна", Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "Шүүх дараах
4.1.2.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх; 4.1.3. хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх; гэж тус тус заасан эрхэм зорилгод нийцэхгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.25, 4.2.6-д тус тус заасны хэрэглээгүй, хуульд нийцэхгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026.02.02-ны өдрийн 128/ШШ2026/0129 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. ...0129 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 10-т "... нэхэмжлэгчийг маргаан бүхий тушаалд нийтдээ 8 зөрчил гаргасан гэж буруутгасан ба үүнийгээ хариуцагч нь дотоод аудитын газрын дүгнэлт бусад баримтуудаар тогтоогдсон гэж тайлбарлан маргах боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зарим зөрчлийг гаргасан болохыг зөв шалган тогтоогоогүй байна." гэжээ.

Гэтэл хариуцагчаас маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийн буруутай үйлдлүүдийг 4 хэсэг болгон, буруутай үйлдэлд тус бүрд хяналт шалгалт
хийж 4 үйлдэлд буруутгадаг. Шүүхээс ч захиргааны шийдвэр дэх нэхэмжлэгчийн буруутай үйлдлүүдийг 8 бус 4 хэсэг болгон дүгнэсэн байгаа ба 0129 шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсгийн 11-т "Удирдах албан тушаалтны хууль ёсны албан томилолтоор ажиллуулах тухай шийдвэрийн дагуух албан үүргээ биелүүлээгүй, дээд шатны албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаагүй,", 14-т "харин ажлын цагийг үр дүнтэй ашиглаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг цалгардуулж тасалсан зөрчлийн хувьд:...", 18-т "Баталгаажуулалтын гэрчилгээг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргаагүй байхад хүсэлт гаргагч аж, ахуйн нэгж байгууллагад олгосон...", 19-т "Газрын даргын баталсан тушаалаас зөрүүлсэн..." албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж шүүхээс буруутай үйлдэл бүрийг зөв тусгаарлан дүгнэсэн байгаатай шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь хэсэг зөрүүтэй байна.

4.2. 0129 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт "... хэрэгт авагдсан баримтаас үзэхэд томилолтоор ажиллуулах тухай дээрх тушаал нь томилолтоор явах өдрөөс өмнө батлагдаж гараагүй, тушаал хугацаандаа гараагүй болох нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн албан ёсны удирдах албан тушаалтны хууль ёсны тушаалыг санаатайгаар биелүүлээгүй, зөвлөгөө мэдээллээр хангаагүй гэж зөрчлийг гаргасан гэж буруутгах үндэслэлгүй байна." гэж дүгнэжээ.

Гэвч албан томилолтоор ажиллуулах тухай А/94 дүгээр тушаал 2025.04.11 ний өдөр боловсруулагдан батлагдсан ба хавтаст хэрэгт Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025.04.11-ний өдрийн "Албан томилолтоор ажиллуулах тухай" А/94 дүгээр тушаал нотлох баримтын шаардлага хангуулан авагдсан.
Дээрх тушаалын дагуу Ажлын хэсэгт томилогдсон гишүүдийн нэг, гэрч Ч.Ө албажсан А-94 тушаалыг 2025.04.11-ний өдөр хүлээн авсан, агентлагийн даргын өгсөн үүргийн дагуу нэхэмжлэгчийн гар утас руу 2025.04.12-ны өдөр залгаж томилолтоор ажиллуулах талаар мэдэгдсэн, харин нэхэмжлэгч шүүх хуралдааны үед Ч.Ө албан томилолтоор ажиллах болсон талаар мэдэгдсэн, явах ёстой байснаа мэдэж байсныгаа үгүйсгэдэггүй.

4.3. Нэхэмжлэгчийг албан томилолтоор ажиллах үүргээ биелүүлээгүй болох талаар хяналт шалгалтаар тогтоогдсон ба албан томилолтоор ажиллаагүй тул томилолтын зардал олгогдоогүй талаарх санхүүгийн баримт хэрэгт мөн авагдсан байдаг. Мөн гэрч С.О А/94 дүгээр тушаалын төслийг 2025.04.11-ний өдөр хянасан, агентлагийн дарга бүрэн эрхийн хүрээнд томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталдаг, тус тушаал 2024.04.11-ний өдөр баталгаажсан талаар мэдүүлсэн байдаг. Дээрх гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтууд нь гэрч Б.У-ын мэдүүлгийг үгүйсгэдэг. Гэрч Б.У-т агентлагийн даргаас нэхэмжлэгчийг томилолтоор ажиллуулахгүй гэж хэлсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүйн зэрэгцээ Б.У-ын тухайд яаралтай ажлын шаардлагаар тушаал батлагдан гарсны дараа тушаалын төсөлтэй нөхөж танилцах, нөхөж гарын үсэг зурах тохиолдол байдаг, Б.У нь албан хаагчийг албан томилолтоор ажиллуулах ажиллуулахгүй байх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш, А/94 тушаалын төсөл боловсруулагдан батлагдах үед гэрч Б.У, санхүүгийн хэлтсийн дарга нар ажлын байранд байгаагүй, байгууллагын тэмцээнд дээр байсан зэрэг тайлбар мэдээллийг шүүх үнэлээгүй дүгнэлт гаргасан нь хэргийг бүх талаас нь бүрэн дүгнээгүй гэж үзэж байна.

Мөн гэрч Б.У А/94 тушаалыг 2025.04.11-ний өдөр гараагүй гэж гэрчийн мэдүүлэг өгөөгүй, мэдүүлгээс батлагдсан тушаалын төсөлд нөхөж гарын үсэг зурсан байхыг үгүйсгэхгүй мэдүүлгийн зөрүүтэй байдал байсныг шүүх үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна.

4.4. 0129 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 15-д "Харин ажлын цагийг үр дүнтэй ашиглаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг цалгардуулж тасалсан зөрчлийн хувьд: 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хуанлийн 105 хоногийн хугацааны цаг ашиглалтын цахим систем болох "able cloud" -ийн тайлангаас ажиллавал зохих 73 өдрөөс ажилласан 29, хоцорсон 45, ажиллаагүй 44, тасалсан 20 өдөр нийт цаг ашиглалт 30.25 хувьтай болох нь тогтоогдсон байна." гэж дүгнэсэн.

Гэтэл дээрх шийдвэрийн 17-д "... нэхэмжлэгч ажлаа үнэхээр бодитоор тасалсан эсхүл ажилласан боловч цагаа бүртгүүлэх үүргээ зөрчсөн эсэхийг ялгаж тогтоох шаардлагатай." гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлтээ үгүйсгэсэн шийдвэр гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн ажлын цаг ашиглалт хяналт шалгалтад хамаарах хугацаанд 30.25 хувьтай байсан нь байгууллагын үйл ажиллагаанд мөрддөг Хөдөлмөрийн дотоод журам, Ажлын цаг ашиглалтын журам болон холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь хяналт шалгалт, хэргийн оролцогчдын тайлбар, нотлох баримт, үзлэгийн тэмдэглэл, систем хариуцагч байгууллагаас ирүүлсэн тайлбар, мэдээлэл болон шүүхийн дүгнэлтээр тогтоогдсоор байтал дахин тогтоох үйл ажиллагаа хийх нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

4.5. 0129 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 18-т "Баталгаажуулалтын гэрчилгээг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад аж ахуйн нэгжид олгосон... Хариуцагчаас "Б ш х" ХХК-д олгохоор газрын даргаас тушаал гараагүй байхад стандартын гэрчилгээг олгосон гэж нэхэмжлэгчийг буруутгадаг боловч тухайн аж ахуйн нэгж тус гэрчилгээг авсан эсэх нь тодорхойгүй, ямар байдлаар олгосон гэдгийг тогтоогоогүй,..." гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн сонсох ажиллагааны тэмдэглэлд Б ш х ХХК-д хамаарах Халал баталгаажуулалтын гэрчилгээг агентлагийн даргын тушаал гараагүй байхад "... Зөвхөн цахимаар С сайд руу хүргэсэн. Тэгээд тэр хүн нь цааш нь өгсөн бололтой юм билээ..." гэж хэлсэн нь хэрэгт авагдаж, нотлох баримтаар үнэлүүлсээр байтал ийнхүү дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт гэж үзэж байна.

4.6. Мөн гадаад улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлоход Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг авдаг ба хариуцагчаас албан бичгээр тус Мал эмнэлгийн ерөнхий газарт 2 удаа албан бичиг явуулсны хариуд 2025.12.15-ны өдрийн 01/1384, 2025.12.19-ний өдрийн 01/1415 дугаар албан бичгүүдийг ирүүлснийг хавтаст хэрэгт мөн авхуулж, үнэлүүлсэн.
Дээрх албан бичгүүдэд гадаад улсад мах экспортолсон ААНБ-ын мэдээлэл болон холбогдох сертификатуудыг хавсаргасан ба Б ш х ХХК нь 2024 онд 7.9 тонн, 2025 онд 54 тонн халал аргаар бэлтгэсэн хонины мах экспортолсон талаар болон холбогдох сертификатыг хүргүүлсэн байдаг. Аж ахуйн нэгж байгууллага нь гадаад улс руу Халал аргаар бэлтгэсэн мах гаргах тохиолдолд халал баталгаажуулалт хийлгэсний үндсэн дээр мах бэлтгэж, нийлүүлэх боломжтой, тушаал шийдвэр гараагүй байхад Б ш х ХХК- д хамаарах Халал баталгаажуулалтын гэрчилгээг тус компанитай хамаарал бүхий Сэргэлэн гэх сайдад цахимаар илгээсэн гэж мэдүүлсээр байтал ямар байдлаар олгосон гэдгийг тогтоогоогүй гэж дүгнэх үндэслэлгүй юм

4.7. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхийн Б/117 дугаар тушаалаар чөлөөлөгдөж ажил хүлээлцэхдээ Байгалийн баталгаажуулалтын гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй ба шүүх хуралдааны явцад эх хувийн нотариатаар батлуулсан хувь гэж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус гэрчилгээг ажлаас чөлөөлөгдсөн албан хаагч биедээ авч явах, байгууллагын гэрчилгээт тооцоот баримтыг хувьдаа ашиглах, тооцоо нийлэхгүй байх, хүлээлгэж өгөхгүй байх нь бас нэгэн зөрчил цаашлаад гэмт хэргийн шинжийг агуулж байхыг үгүйсгэхгүй ба тухай маргаан бүхий захиргааны шийдвэрт "Баталгаажуулалтын гэрчилгээг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад хүсэлт гаргагч аж, ахуйн нэгж байгууллагад олгосон" үндэслэлээр буруутгаж зөвхөн хяналт шалгалт хийж, тогтоосон болно. Өөрт хадгалах ёсгүй албаны баримтыг авсан гэх зөрчил нь шүүхийн шатанд шинээр илэрсэн тул холбогдох хууль тогтоомжийн дагуу мөн шийдвэрлүүлэх болно.

4.8. 0129 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 19-т Газрын даргын баталсан тушаалаас зөрүүлсэн зөрчлийн хувьд хэрэгт авагдсан 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд "... аж ахуйн нэгжүүдэд олгогдох ёстой гэрчилгээний нэр, тухайн аж ахуйн нэгжийн хаяг, хамрах хүрээний нэр зэргийн зөрүүлэх байдлаар нэхэмжлэгчийн удирдаж байсан хэлтсээс бэлтгэгдэж, газрын даргадаа танилцуулсан, ... тогтоогдож байна." гэж дүгнэсэн. Энэ нь нэхэмжлэгчийг хариуцсан нэгжийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй зөрчлийг тогтоосон. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн хариуцан ажиллаж байсан Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын даргын Албан тушаалын тодорхойлолт авагдсан ба баталгаажуулалтын гэрчилгээг хянах, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, нэгжээс гарах баримт бичгийг хянан үүрэг нь нэгжийн даргад байдаг.

4.9. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл тус бүрд хяналт шалгалт хийн холбогдох нотлох баримтыг цуглуулж, үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгчийн зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн байдлыг харгалзан үзэж хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тохирсон шийтгэлийн сонгож, сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байтал анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг захиргааны шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.            

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2.1. Нэхэмжлэгч В.Гоос Стандарт, хэмжил зүйн газрын даргад холбогдуулан “Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2.2. Маргаан бүхий 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3,-37.1.6, 37.1.7, 37.1.8, 37.1.13, 37.1.15, 37.1.16, 37.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам", Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны А/101 дүгээр тушаалаар баталсан "Стандарт, хэмжил зүйн салбарын хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.2, 8.1.1, 8.1.3, 8.3.1, 8.3.7, 8.4.7, 9.2.1, 9.4.3, 10.1.9, 11.1, 11.1.4, 11.2. 11.2.7, 11.3.2 дахь заалт, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 16, 2025 оны 05 дугаар сарын 22, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хяналт-шинжилгээ хийсэн дүгнэлтүүдийг тус тус үндэслэн, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Г нь удирдах албан тушаалтны хууль ёсны албан томилолтоор ажиллуулах тухай шийдвэрийн дагуух албан үүргээ биелүүлээгүй, дээд шатны албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаагүй, ажлын цагийг үр дүнтэй ашиглаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг цалгардуулж тасалсан, баталгаажуулалтын гэрчилгээг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад хүсэлт гаргагч аж, ахуйн нэгж байгууллагад олгосон, газрын даргын баталсан тушаалаас зөрүүлсэн, нэгжийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч В.Гийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/94 дүгээр Албан томилолтоор ажиллуулах тухай тушаалыг биелүүлээгүй, тус томилолтын дагуу Архангай аймагт очиж ажиллах дээд шатны албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, зөвлөгөө, мэдээллээр хангаагүй” гэх зөрчлийн тухайд:

3.1. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Албан томилолтоор ажиллуулах тухай” А/94 дүгээр тушаалаар “...Архангай аймагт үйл ажиллагаа явуулж хүнсний зах, алт, үнэт эдлэлийн худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд 2024 оны 04 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх ажлын хэсгийг нэхэмжлэгч В.Г нарын нэр бүхий 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

3.2. Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дээрх А/94 дүгээр тушаалын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, В.Г нь ...албан томилолтын дагуу үүрэг гүйцэтгээгүй, даргын хууль ёсны тушаал, шийдвэрийг биелүүлээгүй, дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаагүй... нь албан үүргээ биелүүлээгүйд тооцогдоно, ...даргын тушаал, хууль ёсны шийдвэрийг биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн сахилгын хариуцлага ногдуулах үндэслэлтэй хэмээн үзжээ.

3.3. Нэхэмжлэгчээс ...Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга болон намайг томилолтоор явахгүй болсон, өмнө нь бүсийн зөвлөгөөнд оролцож байсан албан хаагчид оролцох болсон гэж мэдэгдсэн бөгөөд холбогдох журамд үйл ажиллагаанд хамаарах нэгжийн дарга танилцсан байхаар зохицуулсан байдаг тул надад тушаалын төсөл болон тушаалыг танилцуулаагүй, ...тушаал томилолтын дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш гарсан гэж ойлгож байгаа ...хэнээс хэзээ өгсөн, ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаагүй гэж буруутгах болсныг ойлгохгүй байна” гэж, хариуцагчаас “...Албан томилолтоор ажиллуулах тухай газрын даргын тушаал албажиж, Ажлын хэсгийн бүрэлдэхүүний гишүүнээр ажиллах тухай шийдвэрийг Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга Ч.Өлзийсайхан 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 55 минутад В. Ганзоригийн 99052740 дугаарт холбогдон мэдээлсэн боловч нэхэмжлэгч В.Г нь тус тушаалаар хүлээлгэсэн албан томилолтоор ажиллах үүргээ биелүүлээгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.

3.4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/94 дүгээр тушаалын төсөлтэй Захиргаа удирдлагын газрын албан тушаалтан 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, Санхүүгийн хэлтсийн албан тушаалтан 04 дүгээр сарын 14-ний өдөр танилцсан байх бөгөөд тус төсөлд нэр бүхий 6 албан тушаалтныг томилолтоор ажиллуулахаар тусгасны дотор нэхэмжлэгч В.Г-ийн нэр тусгагдаагүй байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Шийдвэрийн төсөлд санал авах дагалдах хуудас” гэх А/94 дүгээр тушаалын төслийн хяналтын хуудасны хуулбараар тогтоогдож буйгаас үзэхэд уг тушаал хугацаандаа гараагүй, тухайн томилолтоор зайлшгүй явах талаар нэхэмжлэгчид албан ёсоор танилцуулсан гэж үзэхээргүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийг албан ёсны удирдах албан тушаалтны хууль ёсны тушаалыг санаатайгаар биелүүлээгүй, зөвлөгөө мэдээллээр хангаагүй гэх зөрчлийг гаргасан гэж буруутгах үндэслэлгүй, ...удирдах албан тушаалтан нь доод шатны албан тушаалтнаа томилолтоор ажиллуулахаар болсон тохиолдолд өөрийн томилолтоо ажиллуулах тушаалаа томилолтын хугацаа болохоос өмнө албан ёсоор гаргаж, тухайн албан тушаалтанд танилцуулах ёстой ба төсөл нь тушаалын огнооноос сүүлд зурагдсан, нөхөж гаргасан тушаалыг биелүүлээгүй, зөвлөгөө, мэдээллээр хангаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй...” гэх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

4. Ажлын цагийг үр дүнтэй ашиглаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг цалгардуулж тасалсан гэх зөрчлийн тухайд:

4.1. Стандарт, хэмжил зүйн газар Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэгч В.Г-ийн цаг ашиглалтын байдалд хяналт шинжилгээ хийсэн тухай дүгнэлтээр: “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд нэгжийн дарга нарын цагийг биеэр хяналт хийж бүртгэхэд 4 хоног ажил тасалсан, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хуанлийн 105 хоногийн хугацааны цаг ашиглалтын цахим систем болох able cloud-ийн тайлангаас ажиллавал зохих 73 өдрөөс ажилласан 29, хоцорсон 45, ажиллаагүй 44, тасалсан 20 өдөр нийт цаг ашиглалт 30,22 хувьтай маш хангалтгүй ажилласан ...төрийн албан хаагч нь ажлын цагийг хуульд заасан хэм хэмжээнд үр дүнтэй ашиглах үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд ёс зүйн болон сахилгын хариуцлага тооцох үндэслэлтэй” гэж дүгнэжээ.

4.2. Нэхэмжлэгчээс “...миний бие албан тушаалын чиг үүргээ бүрэн биелүүлж ажилласан тул гүйцэтгэлийн үнэлгээ маш сайн үнэлэгдэж, сар бүр гар дээр олгодог цалин хөлс маань ямар нэгэн тасалсан хоног, хоцорсон цаг хасалгүйгээр бүтэн олгогдож байсан. ...гадаадад томилолтоор явсан, гадуур ажилтай байсан өдрүүдийг ажил тасалсан мэтээр оруулсан...” гэж, хариуцагчаас “... нийт цаг ашиглалт маш хангалтгүй ажилласан нь тогтоогдсон, ...нэхэмжлэгч нь газрын албан хаагчдын цагийн бүртгэлийн балансыг баталгаажуулахдаа бүтэн ажилласан мэтээр өөрийн ажилласан цагийн балансыг баталгаажуулж нягтлан бодогчид хүргүүлсэн нь ноцтой зөрчил болно. ...гадуур ажилтай байсан тохиолдолд цаг ашиглалтын журмын дагуу холбогдох тайлбараа хийж бүртгэлээ өөрөө хийлгэх ёстой...” гэж тус тус  тайлбарлан маргасан.

4.3. Хэрэгт авагдсан цаг ашиглалтын цахим системийн дэлгэрэнгүй бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч нь нийт ажиллавал зохих өдрийн бүртгэл бүрэн бус зарим өдөр ажлын цаг эхлэх 8:30-д, тарах цаг болох 5:30-д бүртгүүлсэн байх хэдий ч ихэнхдээ цагийн бүртгэл нь дутуу эсвэл хоцорсон, эрт явсан байдлаар бүртгэл нь хийгдсэн төлөвтэй байна. Хэдийгээр нэхэмжлэгчээс зарим өдрүүдэд гадуур ажилтай байсан, ...гадаадад томилолттой байсан гэж тайлбарлах боловч байгууллагын дотоод журамд заасны дагуу удирдах дээд шатны албан тушаалтнаасаа зөвшөөрөл авч гадуур ажилласан цагаа нөхөн бүртгүүлээгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг тухайн өдрүүдэд ажлаа тасалсан эсхүл гадуур ажилтай, албан ёсны томилолттой байсан эсэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ талуудын тайлбарыг шууд үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд маргаан бүхий уг үйл баримтад шүүхээс шууд дүгнэлт өгөх боломжгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “...хуанлийн 105 хоногийн ажиллавал зохих 73 ажлын өдрөөс ажиллаагүй 44 өдөр байгаа нь бодит байдал дээр төрийн албаны үйл ажиллагаа шууд тасалдах үр дагаврыг үүсгэх ба ийнхүү 44 өдөр ажилдаа ирээгүй байдлыг хариуцагчаас мэдээгүй, хянах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй ба зөвхөн дотоод аудитын газраас дүгнэлт гарах үед мэдэгдсэн байх нь бодит байдалд нийцэхгүй, үүнийг ажлаа үнэхээр бодитоор тасалсан эсхүл ажилласан боловч цагаа бүртгүүлэх үүргээ зөрчсөн эсэхийг ялгаж тогтоох шаардлагатай” гэх дүгнэлт зөв байна.

5. Баталгаажуулалтын гэрчилгээг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад аж ахуй нэгжид олгосон, газрын даргын баталсан тушаалаас зөрүүлсэн, нэгжийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх зөрчлийн тухайд:

5.1. Анхан шатны шүүхийн “...Хариуцагчаас “Б ш х” ХХК-д олгохоор газрын даргаас тушаал гараагүй байхад стандартын гэрчилгээг олгосон гэж нэхэмжлэгчийг буруутгадаг боловч тухайн аж ахуй нэгж тус гэрчилгээг авсан эсэх нь тодорхойгүй, ямар байдлаар олгосон гэдгийг тогтоогоогүй, харин нэхэмжлэгчээс гэрчилгээний эх хувь надад байсан ба Авлигатай тэмцэх газарт өгсөн гэх тайлбараас үзэхэд өөрт хадгалах ёсгүй албаны баримтыг авсан гэх зөрчил гаргасан гэж үзээд байгаа эсэх, эсхүл Стандарт, хэмжил зүйн газар Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтэд дурдсанаар нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтын 2.1-д заасан бүтээгдэхүүн, үйлчилгээ, аюулгүйн тэмдэг, тогтолцооны баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй, үүнийг шинэ акт гаргахдаа шалгаж тогтоох шаардлагатай. ...аж ахуй нэгжүүдэд олгогдох ёстой гэрчилгээний нэр, тухайн аж ахуй нэгжийн хаяг, хамрах хүрээний нэр зэргийг зөрүүлэх байдлаар нэхэмжлэгчийн удирдаж байсан хэлтсээс бэлтгэгдэж, газрын даргадаа танилцуулсан, зөрүүтэй байдлаар гэрчилгээ тухайн аж ахуй нэгжүүдэд олгогдоогүй нөхцөл байдал тогтоогдож байна” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

5.2. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.1-48.1.6 дахь заалтуудад сануулахаас эхлээд төрийн албанаас халах зохицуулалтыг тусгаж, мөн хуулийн 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж,

   Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д “Төрийн албан хаагч /цаашид “албан хаагч” гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.2-т “...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид “шалгагч” гэх/ шалган тогтооно”, 2.4-т “...шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ: 2.4.5. цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээг хийж, дүгнэлт гаргах”, 2.5-д “Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар  дараах дүгнэлтийн аль нэгийг гаргаж, ...”, 3.1-д “Шалгалт албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт, баримт материалыг ... томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулах ...”,  6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулна” гэх зэргээр төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.

5.3. Хариуцагч нь маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй нь маргаан бүхий актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 37 болон 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон хориглох заалтыг зөрчсөн зөрчилд хамаарч буй талаар захиргааны байгууллагаас шалгаж тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдэх, тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй гэж үзэхээр байх бөгөөд талууд зөрчлийн шинж байдлыг зөрүүтэй байдлаар тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй.

Тодруулбал, ...Архангай аймагт томилолтоор ажиллаагүй, удирдах албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй, зөвлөгөө, мэдээллээр хангаагүй гэх зөрчлийг зөв шалгаж тогтоогоогүй, ...цаг ашиглалтын байдал, ажил тасалсан эсхүл бодитоор гадуур байгууллагыг төлөөлөн ажиллаж байсан эсэх, газрын дарга тушаал гараагүй байхад гэрчилгээг “Б ш х” ХХК-д олгосон зөрчил гаргасан, эсхүл байгууллагад байх ёстой баримт бичгийг өөртөө хадгалсан зөрчил гаргасан эсэх, газрын даргын баталсан тушаалаас зөрүүлж бэлтгэсэн гэрчилгээ, баримт бичгийг хянаагүй нь ноцтой үр дагаварт хүргэсэн эсэх, эдгээр нь ноцтой зөрчил мөн эсэхийг харьцуулан, зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.

5.4. Өөрөөр хэлбэл, энэхүү тохиолдолд, нэхэмжлэгчийн гаргасан яг ямар зөрчлийг сахилгын зөрчил гэж үзсэн болох, уг зөрчлийг бодитоор гаргасан эсэхийг холбогдох журамд зааснаар шалгаж тогтоох үүрэг захиргааны байгууллагад хадгалагдах тул маргаан бүхий актад үндэслэл болгож, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон зөрчлийг шалган тогтоох, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг холбогдох журмын дагуу дахин явуулах нь зүйтэй. Энэ  нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

7. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж маргаан бүхий актыг  түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА

        ШҮҮГЧ                                                      Ц.САЙХАНТУЯА

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН