Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 1175

 

 

 

 

 

                                 2020        04         06

                           101/ШШ2020/01175

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК холбогдох

 

Б.М болон БХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, ЛХХК-ийн 100 хувийн хувьцаа болон ашигт малтмалын 1055А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан иргэн Б.Мт шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М нь өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг ЛХХК-ийн нийт хувьцааг, компанийн нэр дээрх тусгай зөвшөөрөл, эд хөрөнгийн хамт 5,500,000 ам.доллараар худалдахаар БХХК-ийн Захирал Тан Ихантай 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2, 6.1, 7.12-д зааснаар гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор БХХК нь урьдчилгаа 1,000,000 ам.долларыг шилжүүлэх, миний зүгээс хувьцааг тус компанийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, холбогдох байгууллагад хүргүүлэх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд хувьцааны үлдэгдэл төлбөр болох 4,500,000 ам.долларыг 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Ингээд миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ЛХХК-ийн 100 хувийн хувьцааг, тус компанийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 10559А дугаар тусгай зөвшөөрлийн хамт БХХК-ийн нэр дээр шилжүүлсэн боловч Б ХХК нь гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл зөвхөн 3,300,000 ам.долларыг төлж, үлдэгдэл 2,200,000 ам.долларын төлбөрийг төлөлгүй иргэн миний эрх ашгийг хохироосоор байна. Миний хувьд 2013 оноос хойш хувьцааны үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар БХХК-иас удаа дараа шаардаж, тус компанийн Захирал БНХАУ болон Монгол улсад 50-60 удаагийн уулзалтыг зохион байгуулсны дүнд БХХК нь 2,200,000 ам.долларын төлбөрт өөрсдийн эзэмшлийн банк болон зочид буудлын хувьцааг шилжүүлэх амлалтуудыг өгсөн боловч уг амлалтууд нь огт хэрэгжээгүй юм. Ийнхүү БХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй болох нь тодорхой болсон учир миний бие Монгол улсын “Иргэний хууль”-ийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.1, 11.2-т заасны дагуу гэрээнээс татгалзаж буйгаа 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус компанид бичгээр мэдэгдсэн болно. Уг мэдэгдлийн дагуу БХХК нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн хариу албан бичигтээ “Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн” хэмээн огт үндэслэлгүй, худал тайлбарыг өгсөн нь тус компани иргэн намайг залилан мэхэлсээр ирсэн болохыг нотолж байгаагийн сацуу “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байгааг илэрхийлж байна. Иймд Монгол улсын “Иргэний хууль”-ийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан “Монгол улсын иргэн Б.М болон БХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзаж, ЛХХК-ийн 100%-ийн хувьцаа болон ашигт малтмалын 10559А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан иргэн Б.Мт шилжүүлэхийг БХХК-д даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнээс татгалзаад компаний хувьцаа болон 10559А тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгана. Би өөрийн 100 хувь эзэмшдэг компанийг тусгай зөвшөөрлийн хамт 5.5 сая доллараар худалдахаар гэрээ байгуулсан. Гэрээний 5.2, 6.1, 7.12-д зааснаар урьдчилгаа 1 сая доллар шилжүүлж би компанийг шилжүүлэх үүрэг хүлээсэн. 2013 оны 5 дугаар сарын 5-нд үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон. Би үүргээ бүрэн биелүүлж хариуцагчид компанийг шилжүүлсэн. Хариуцагч нь 3.3 сая доллар төлж үлдэгдэл 2.2 сая долларыг төлөөгүй тул Иргэний хуулийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзаж байгаагаа 2016 оны 11 дүгээр сарын 24-нд мэдэгдсэн. Улмаар хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 4-нд ирүүлсэн бичигтээ гэрээний үүргээ биелүүлсэн гэж мэдэгдсэн. Иймд гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Нэмэлт гэрээ гэдгийг байгуулах үед би Монголд байгаагүй болох нь хилээр орж гарсан баримтаар тогтоогдож байна гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч БХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартай холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч БХХК-ийн төлөөлөгч С.Э нь маргаан бүхий хувьцаа худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй учир ямар үндэслэлээр гэрээ дуусгавар болсон гэж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлүүдийг заасан бөгөөд зохигчдын хувьд 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болох ямар нэгэн үйл баримт, үндэслэл байхгүй байхад хариуцагчийн төлөөлөгч гэрээ дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзах, эсвэл цуцалснаар гэрээг дуусгавар болгох хүсэл зориг агуулагддаг ба зохигчдын хувьд үүнээс өмнө гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах асуудлыг огт ярилцаагүй, харин нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дуусахад үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөх, хариуцагч тал өөрийн эзэмшлийн банк, зочид буудлын хувьцааг төлбөртөө шилжүүлэх зэргээр тохиролцож байсан тул гэрээ дуусгавар болох тухай ойлголт байхгүй. Мөн түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гэрээ дуусгавар болсон гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа бол үүнийгээ нотлох баримтыг гаргаж, нэхэмжлэгчийн шаардлагыг няцаах ёстой ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болно. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “...Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх... үүрэгтэй...” гэж заасан. Зохигчдын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу ЛХХК-ийн хувьцааг Б д худалдаж, БХХК нь хувьцааны үнэ 5 500 000 ам.долларыг 2013 оны 05-р сарын 05-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон. Худалдагч нь хувьцаа шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн ба худалдан авагч нь 3 3000 ам.доллар төлж, үлдсэн 2 200 000 ам.долларыг төлөх үүргээ биелүүлээгүй байгаа болно. Зохигчдын байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 9.1-т “...Худалдан гэрээнд заасан хугацаанд эсвэл тоо ёсоор хувьцаа шилжүүлэх төлбөрийг худалдагчид төлж барагдуулаагүй тохиолдолд худалдагч шилжүүлсэн хувьцаагаа худалдагчаас буцаан авах эрхтэй бөгөөд худалдан авагчийн төлсөн төлбөрийг буцаан олгохоос татгалзах эрхтэй...” гэж тохиролцсоны дагуу Б.М нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу уг гэрээнээс татгалзаж байгаагаа БХХК-ийн захирал Тан И Ханд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр мэдэгдсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т “...үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй 222.1,2-т “...үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш биелүүлээгүй бол...” үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан ба хариуцагч тал гэрээгээр тохиролцсон 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор худалдаж авсан хувьцааны үнийг төлж дуусгаагүй, үүргээ биелүүлэхийг шаардаж хийсэн удаа дараагийн уулзалт дээр өөрийн эзэмшлийн банк болон зочид буудлын хувьцааг 2 200 000 долларын төлбөрт шилжүүлэхээр тохиролцож байсан боловч үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ үйлдэл нь дээрх хуулийн заалтад нийцсэн учраас нэхэмжлэгч тал хууль болон гэрээнд заасны дагуу гэрээнээс татгалзсан болно. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “...гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний биелэлтийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй...” гэж заасан ба дээр дурдсанаар зохигчид хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 9.1-т заасны дагуу тохиролцсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “...гэрээний талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй...” гэж  заасантай нийцэж байгаа болно. Талуудын дээрх тохиролцоо нь худалдан авагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрээний үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлээгүйн үр дагаврыг сануулах, ойлгуулах зорилготой юм. Хариуцагч тал гэрээнд тохиролцсоны дагуу уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар 243.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн хувьцаагаа буцаан шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76-р зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр яаралтай товлон зарлаж өгнө үү.

Шинжээчийн тусгай мэдлэг шаардаж байгаа асуудалд шинжээч томилоогүй, өмнө нь шинжээч томилох шаардлагатай гэсэн боловч үндэслэл ижил гэж татгалзсан тул ашиг сонирхлын зөрчилтэй, шударгаар шийдвэрлэхэд эргэлзээ төрж байгаа тул шүүгчээс татгалзаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай компаний хувьцаа болон дагалдах эд хөрөнгөтэй маргадаггүй. Харин гэрээний нөхцөл биелэгдсэн эсэх талаар л маргадаг. Доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн эсэх, татгалзах эрхээ алдсан гэдэг. Гэрээний 5.5 заасан нь компаний хувьцааг тусгай зөвшөөрлийн хамт шилжүүлэх үүрэгтэй байсан. 5.5 сая доллар шилжүүлэхийг 3 хувааж шилжүүлэхээр тохиролцсон. 6.1-д зааснаар гэрээ байгуулсанаас 5 хоногийн дотор 1 сая доллар төлж, холбогдох баримтыг шилжүүлэхээр холбогдох байгууллагад хүргүүлэхээр заасан. Улмаар энэ төлбөр төлөгдсөн. Компаний эрхийг шилжүүлээд 6.6-д зааснаар 8-д заасан нөхцөл үүсээгүй бол мөнгийг шилжүүлнэ гэсэн. Гэрээний 9.2-т гэрээний зөрчлийн талаар заасан. Хариуцагчийн төлөөлөгч нь таамаг төдий зүйл ярьдаг бөгөөд нэхэмжлэгч нь хэрэгт байгаа баримтаар бичиг баримт нуун дарагдуулсан зүйл байхгүй. Хэзээ хайгуулын нөөц нь эрдэс баялгийн зөвлөлөөр орсныг анхаарах нь зүйтэй. 4-р хавтасны 69 дүгээр талд нөөцийн талаар баримтууд байдаг. 2 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан. Нэхэмжлэгч нь 3.3 сая доллар авсан буцаагаад төлье миний худалдсан зүйлийг буцааж өгөх л шаардлага тавьсан. 5.5 сая доллараар гэрээ хийчихээд 1.5 сая доллар болгосон гэдэг. Гэтэл нэмэлт гэрээ, протокол нь хуурамч юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар гарсан дүгнэлтийг үгүйсгэхгүй. 2018.2.28-ны хурлын тэмдэглэлд хариуцагч нь үлдэгдэл төлбөрөө төлөхөөр ярьсан байдаг. Хэрэв гэрээ дуусгавар болсон бол яагаад төлөхийг зөвшөөрөөд байгаа вэ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэдэг. Гэтэл энэ талаар хуулийн 225-д заасан байдаг. Энэ талаар баримтад тодорхой байдаг. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаар маргаагүй. Гэрээний дагуу хуулийн этгээд болон гол хөрөнгө болох тусгай зөвшөөрлийг худалдсан. Гэрээгээр төлбөр тооцоог хийх мөнгөн дүнг 5.5 сая доллар гэж тохиролцсон. Энд хувьцаа болон эд хөрөнгө, бүхий л эрхийн үнэ багтсан байдаг. Төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон. Анхны гэрээг байгуулаад улмаар бүртгэлийн байгууллагад шаардагдах баримт болох 200 сая төгрөгний гэрээг байгуулсан байдаг. Мөн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 4.5 сая долларыг хэзээ төлөх талаар тохиролцсон. Улмаар хариуцагч нь тусгай зөвшөөрлийн талаар шалгах ёстой байсан. Нэхэмжлэгч нь 3.3 сая доллар авсан бөгөөд үлдэгдэл 2.2 сая долларыг авья эсвэл хариуцагчийн хэлж буйгаар доголдолтой эд хөрөнгө гэх компаниа буцааж авья, мөнгийг нь буцааж өгье гэдэг. Улсын дээд шүүхийн тогтоолоор шинээр илэрсэн нөхцөлөөр авсан нь маш эргэлзээтэй болсон. Өмнөх дүгнэлт хуурамч гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй байхад хэрэг үүсгэсэн. Дээд шүүхийн тогтоолоор иргэний шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гараагүй дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож болохгүй гэж заасан. Өмнөх гарын үсэг биш гэсэн дүгнэлт хүчин төгөлдөр байгаа юм. Нөөцийг 7 сая тонн байсан гэсэн нь мэйлээр тогтоогдоно гэж байна. Гэтэл тэнд М гэж нэр байдаггүй. Мөн үзлэгээр бэхжүүлсэн баримтын орчуулга нь шаардлага хангахгүй, хаанаас юу орчуулсан нь тодорхойгүй байна. ЭБМЗ-н тайлангаар нөөцийг бүрэн тогтоогдоогүй бөгөөд нэмэгдэх боломжтой юм. Нэхэмжлэгч нь авсан мөнгөө бүрэн шударгаар илэрхийлсэн. Бусад этгээдээр дамжуулан авсан мөнгөө хүртэл хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч тал нь 1 хятад нөгөө хятад уруугаа шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгчид төлсөн мөнгө мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг төлөхийг мэдэгдэж байсан тул хуульд зааснаар гэрээнээс татгалзсан. Улмаар Иргэний хуулийн 225-д заасан татгалзаж болохгүй үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд гэрээнээс татгалзсан тул хуулийн 205-р нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч С.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Б.Мын нэхэмжлэлтэй, БХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзаж, Литимиммайнинг ХХК-ийн 100 хувийн хувьцааг, 10559А тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд уг маргаан бүхий  “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” нь өөрөө дуусгавар болсон болно. Иймд энэхүү үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шинжээч томилох хүсэлтийг хангаагүй тул шүүгчийг татгалзаж байна гэж байна. Гаргасан шийдвэр болгон дээр татгалзаж байгаа нь хэргийг шийдвэрлүүлэхгүй байх санаатай байна. Иймд өнөөдөр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Гэрээнээс татгалзах гэдэг нь үүргийн харилцааг дуусгавар болгож өгсөн авсанаа буцаах тухай зүйл юм. Шүүх гэрээнээс татгалзах журмыг хянах юм. Гэрээний үүрэгт зөрчил үүссэн эсэх талаар зөв дүгнэлт өгөх ёстой. Нэхэмжлэгч нь 2012.11.1 өдрийн гэрээнээс татгалзаж байна гэсэн. Нэхэмжлэгч нь 6 саяаас багагүй хүдрийн нөөцтэй ордод холбогдох баримтыг хүлээлгэж өгөхөөр болж хариуцагч нь 5.5 сая доллар төлөхөөр тохирсон. Нэхэмжлэгч нь анх нөөцийг 7 сая тонн гэсэн. Энэ талаар 6 дугаар хавтаст байдаг. Гэрээний 6.6-д 2013.5.5-нд үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь үүргээ бүрэн биелүүлж байж төлбөрөө шаардахаар заасан. Нэхэмжлэгч нь 6 саяаас доошгүй нөөцтэй орд хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй байсан тул хариуцагч талаас холбогдох арга хэмжээг авсан. Улмаар гэрээний үнийг буруулах талаар Иргэний хуулийн 254.2-т заасан байдаг. Улмаар холбогдох үүргийн гүйцэтгэлээс татгалзах тухай Иргэний хуулийн 209-д байх тул талууд харилцан тохиролцож захидал явуулсан. Энэ тухай шүүгчийн туслахын тэмдэглэлд үзлэг хийгдсэн байдаг. Энд нэхэмжлэгч нь гэрээнд нэмэлт оруулах шаардлага байна. Ингэхдээ 5.5-г 1.5 болгож өөрчлөх хэрэгтэй ингэхдээ цаашид нөөц тогтоосны дараа дахин үнийг харж болох талаар бичсэн байдаг. 3-р хавтасны 33, 42-47 дугаар тал,  2-р хавтасны 206 дугаар талд энэ талаар баримт байдаг. Энэ нь анх гэрээнд заасан нөөц хүрэхгүй байсныг нотолно. Улмаар гэрээний үнийг багасгаж дахин гэрээ байгуулсан. Улмаар энэ хэлцлийг дахин баталгаажуулж гэрээг дуусгавар болгосон. Ингэхдээ хариуцагчийн хувьцаа эзэмшигч нь зээлийн гэрээний дагуу зээлсэн 1 180 000 доллар шилжүүлэхээр тохиролцсон. Иргэний хуулийн 243.1 зааснаар биет байдлын доголдолгүй зүйлийг шилжүүлэх үүрэгтэй байдаг. Мөн хуулийн 204-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй болох нь 2018.2.28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог. Холбогдох баримтыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй байдаг. 2016 оны 11 дүгээр сар хүртэл хүлээлгэж өгөх баримт нэхэмжлэгчид байсан нь тогтоогддог. Эдгээрээр нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй нь тогтоогдоно. Нөөцийн тайлан дээр ордын нөөц бүрэн тогтоогдсон бөгөөд хүдрийн боломжит нөөц нь 2.2 сая тонн гэсэн байдаг. Иймд худалдсан ордын нөөц нь доголдолтой байдаг юм. 4-р хавтасны 69 дүгээр талд байх хурлын тэмдэглэлээс үзэхэд 2.2 сая тонн нөөцөөс 1.3 тонныг ашиглахаар тооцсон байдаг. Энд үйлдвэрийн нөөц нь 1.3 тонн өсөх боломжит нөөц нь 2.2 сая тонн гэдэг. Эдгээрээс нэхэмжлэгчийн анх санал болгосон орд нь нөөц болон чанар их хэмжээгээр багассан тул нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогддог. Нэхэмжлэгч нь хурал дээр шүүгчийн асуултад хариулахдаа холбогдох баримтаа шилжүүлээгүй талаар дурддаг. Эдгээр нь гэрээнд заасан асуудлыг санаатай нуун дарагдуулсан байдал юм. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225.4 өөрөө гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөлийг бүрдүүлж байна. Нэхэмжлэгч нь тухайн тайланг гаргах үед 7 сая тоннын нөөц нь 2.2 сая тонн болж буурах болсон тул санаатай нуусан байна. Нэхэмжлэгч нь нэмэлт гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг. Иймд хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй байна.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өмнөх шийдвэрийг цуцалж, албадах захирамжийг цуцалж, буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү. Одоо компани болон тусгай зөвшөөрөл нэхэмжлэгчийн нэр дээр шилжигдсэн байгаа юм. Анхан шатны шүүхийн хурал дээр хариуцагч талаас эвлэрэх санал гаргаагүй. Хариуцагч нь 3.5 саяыг төлсөн гэдэг. Нэхэмжлэгч нь 3.3 саяыг авсан гэдэг. Улмаар үнийн дүн дээр маргасан тул энэ талаар л эвлэрч болно гэсэн. 2012.11.1-ний өдрийн гэрээний 6.6-д нөөцийн талаар тодорхой заасан. Гэрээг зөрчих талаар 9 дээр байдаг. Нэхэмжлэгч нь 2012.11.1-ний өдрийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргаж байгаа юм уу эсвэл улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээгээр нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхойгүй байдаг. Нөөцийг нуун дарагдуулаагүй гэж байна гэтэл анх өгсөн баримтаар 7 сая гэсэн боловч нөөц нь дутуу байсан. Энэ нь ноцтой зөрчилд хамаарах юм. Шүүхэд нөөц тогтоосон баримтыг гаргаж өгсөн. Монгол улсад нөөцийг ашигт малтмалийн газар л тогтоодог. Улмаар лавлагаа авахад нөөцийг 2016.2.4-ний өдөр тогтоосон баримт өгсөн байдаг. Хариуцагч нь 2 асуудал тайлбарласан. Иргэний хуулийн 225.4.3-т зааснаар татгалзаж болохгүй нөхцөл үүссэн. Талууд 5.5 сая долларт 6 сая тонноос багагүй нөөцтэй орд худалдаж авья л гэж тохирсон. Нэхэмжлэгч нь хариуцагчийг үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна гэдэг. Үлдэгдэл 2.2 сая доллар авна гэдэг боловч 6 саяаас багагүй нөөцтэй ордыг өгөх үүргээ биелүүлээгүй. Мөн бичиг баримтаа өгөөгүй байсан болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдсон. Тамга тэмдэг бичиг баримт хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Үүргээ биелүүлсэн гэж байгаа бол бага нөөцтэй байдлаар тохиролцсон гэдгээ баримтаар нотлоогүй. Нөөц тогтоогдоогүй гэж байна гэтэл 2.2 сая тонноор боломжит нөөцийг тогтоосон. МУ-н хууль тогтоомжид зааснаар нөөцийг тогтоосон байдаг. Хэрэгт 2 өөр төрлийн дүгнэлт байгаа. Талууд өөр өөрийн ашигтай дүгнэлтийг барьж тайлбарлаж байна. Дээд шүүх гарын үсэг биш гэсэн дүгнэлтийг хуурамч гэдэг талаар дүгнэлт өгсөн. Дээд шүүхийн тогтоолыг маш сонин гэж байна гэтэл дээд шүүхийн тогтоолоор дүгнэсэн асуудлыг анхан шатны шүүх дахин дүгнэх боломжгүй. Буруу гэж үзвэл дээд шүүх өөрөө л хүчингүй болгох боломжтой юм. Монгол улсад байгаагүй гэдэг. Хилийн шалганаар гарсан баримтаар БНХАУ-н иргэн МУ-д байсан бөгөөд энэ нь нотариатын танхимаас гаргасан баримтаар нотлогддог гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Б.Мын нэхэмжлэлтэй, БХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч миний бие дараах тайлбарыг гаргаж байна. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17/32 дугаар албан тоот зэрэгт нэхэмжлэгч нь татгалзах эрхээ эдлэхээр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан атлаа ИХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг өөрт ашигтайгаар хуульд зааснаас өөрөөр буюу буруугаар тайлбарлан гэрээнээс татгалзахын хажуугаар гэрээний нийт төлбөрт авсан 3.300.000 ам.долларыг ч буцаан өгөхгүй мэтээр тайлбарлажээ. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч талыг гэрээнээс татгалзах үндэслэлгүй буюу дуусгавар болсон гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй гэж маргаж байгаа ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгоод буй ИХ-ийн 205 зүйлийн 205.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэнийг зөвтгөх үүднээс энэхүү тайлбарыг гаргаж байна. Ийнхүү хуулийг зөвтгөн тайлбарлаж буй нь хариуцагч нэхэмжлэгчээс 3.300.000 ам.долларыг буцаан авна гэсэн утга биш бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд түүний үр дагаврыг мөн үнэн зөв ойлгох ёстой гэдэг шаардлагаар ийнхүү тайлбар хийж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг хэрэглэж байгаа тохиолдолд түүнээс гарах эрх зүйн үр дагавар нь харилцан буцаан олгох харилцаа болж өөрчлөгдөх “ганцхан” үр дагаврыг агуулна. Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзсан л бол гэрээний зүйлийг харилцан буцаан өгөх үүрэг гэрээний талуудын хооронд үүснэ. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхийг эдэлсэн атлаа түүнээс урган гарах харилцан үүргийг биелүүлэхгүй гэж тайлбарлаж буй нь хууль зөрчсөн үндэслэлгүй тайлбар болно. Нэхэмжлэгч нь энэхүү үндэслэлийнхээ тайлбарыг ИХ-ийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтын агуулгаар зөвтгөсөн нь үндэслэлгүй болно. Учир нь ИХ-ийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан бөгөөд ийнхүү тусгахдаа хууль тогтоогч нь “хуулийн хүрээнд” гэх шаардлагыг тавьсан. Харин гэрээнээс татгалзсанаас үүсэх харилцан буцаах үүргийг байхгүй болгож буй байдал нь Иргэний хуулийн хүрээнд бус үндэслэгээ болно. Гэрээнээс татгалзах нь хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаах тухай харилцааг ойлгох бөгөөд энэхүү шинжээрээ ч гэрээ цуцлах гэх мэт харилцаанаас ялгагддаг. Гэтэл гол шинж болсон харилцан буцаах үүргийг үгүйсгэж, “гэрээнээс татгалзана” гэж үзээд буй нэхэмжлэгч талын тайлбар нь хуулиас хальсан үндэслэлгүй  болохыг анхаарч үзнэ үү. Хамгийн гол нь гэрээнээс татгалзах харилцаа нь дээрх шиг онцлогтой боловч хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй гэж хариу татгалзлынхаа үндэслэлийг болгож байгаа болно. Энэхүү хариу тайлбараараа юу тайлбарлахыг хичээсэн бэ? гэхээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхээ эдлэхээр шүүхэд хандаж байгаа бол тухайн эрхээ зөв ойлгон, түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ухамсарлан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэх ёстой гэдгийг тайлбарлахыг зорьсон болно. Дуусгавар болсон гэрээнээс ямар үндэслэлээр татгалзаад байгаа нь ойлгомжгүй юм гэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч М.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 99.1-д зааснаар хуралдаан дэг дарааллаар явагдсан. 103.2-т зааснаар татгалзал гаргаагүй. Иймд шүүгчийн гаргасан шийдвэртэй холбогдуулан татгалзах нь үндэслэлгүй бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэсэн тул хурлыг үргэлжлүүлье.

1-р хавтасны 43 дугаар талд худалдах худалдан авах гэрээ байдаг. Энэ гэрээнээс татгалзаж байна гэдэг. Энэ гэрээний дагуу 200 саяыг шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь төлбөрийг төлсөнөөр гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь төлбөрөө төлөөгүй гэдэг. Нөөцийн талаар талууд маргаж байна. Үүнийг төрийн байгууллага үзээд нөөцийг бага байна гэсэн байдаг. 3-р хавтасны 171-т нэмэлт гэрээ байдаг. Энд 1 180 000 долларыг хувьцааны төлбөрт тооцохоор заасан. Мөн хавтасны 173 дугаар талд байгаа баримтаар төлбөрийн талаар  тохиролцсон байдаг. Энд нэмэлт төлбөр гэж заасан байдаг. Гэрээний дагуу нөөц нь хүрээгүй боловч өмнөх хамтын ажиллагаагаа бодоод харилцан тохиролцлоо гэсэн байдаг. Энэ үед нэхэмжлэгч нь өөр олон тусгай зөвшөөрлийн талаар яригдсан байдаг. Энд цаашид хамтран ажиллахаар ярилцсан байдаг. Нэмэлт гэрээг нэхэмжлэгчийн ажлын байранд очиж гарын үсэг зурсан байдаг. Гэтэл гарын үсэг биш гэж гарсан нь гайхалтай. Дараа нь харин гарын үсгийг мөн гэж гаргасан. Гэрээнд өөрчлөлт хийх эрхгүй бол хууль зөрчсөн гэрээ юм. Талууд нэмэлт гэрээ байгуулаад төлбөрөө бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг шаардсан. Улсын бүртгэлд бүртгэгдсэн эрх шилжүүлэх гэрээ нь маргаан үүсгээгүй бол хүчин төгөлдөр болно. Татгалзаж байгаа гэрээ нь энэ гэрээ биш. Улсын бүртгэлд 200 саяын гэрээ л бүртгэгдсэн. Нэхэмжлэгч нь өөрийн гаргаж өгсөн баримтыг одоо үгүйсгэж байна. Хэрэв гэрээндээ нэмэлт оруулаагүй байсан юм бол зээлийн төлбөрт 1 180 000 тооцохыг яагаад зөвшөөрөөд байна вэ. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Гэрээнд гол хөрөнгийг тодорхойлж бичсэн. Гэрээгээр нөөцийг нарийн тохирсон. Мөн нөөц багасвал гэрээний үнийн дүн өөрчлөлт оруулахаар заасан. Мэйл нь хууль ёсны бус гэж байна. Үзлэгт бүгд оролцсон бөгөөд мэйл хаягийн эзэн Болор өөрөө ирж танилцсан. Ажиллагаанд бүгд оролцсон байж яагаад хууль ёсны бус гэж байна вэ. Харин орчуулгыг шүүхийн журмаар хийсэн. Орчуулгыг дахин хийлгэх гэтэл миний хүсэлтийг хангаагүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тухайн үед зөвшөөрөхгүй гээгүй. Тэгээд одоо хууль ёсны бус гэж байна. Иймд гэрээний дагуу мөнгөө төлсөн тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь зохигчийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, ЛХХК-ний 100 хувийн хувьцаа болон ашигт малтмалын 10559А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан иргэн Б.Мт шилжүүлэхийг БХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч БХХК нь гэрээ байгуулсан бөгөөд улмаар ашигт малтмалын нөөцтэй холбоотойгоор гэрээний үнэнд өөрчлөлт оруулж, төлбөрийг бүрэн төлсөн, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дахин шинжээч томилох тухай, хариуцагчийн өмгөөлөгч нь биелэгдсэн шийдвэр, шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийг цуцалж, маргаж буй компаний хувьцаа болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах тухай өмнө нь гаргасан хүсэлтээ тус тус дэмжсэн. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтүүдийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Энэ үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулсанаас хойш хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээ байгуулжээ. Энэ талаар хэн аль нь маргахгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ. Үүний дагуу гэрээ байгуулсан өдөр ЛХХК-ний үүсгэн байгуулагчийн шийдвэр гарч, үүсгэн байгуулагч Б.М нь өөрийн өмчлөлийн тус компаний нийт хувьцааг БХХК-д шилжүүлж байгаа талаар мэдэгдсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 11 дүгээр тал/ Улмаар тухайн үед ЛХХК-ний нийт хувьцаа нь гэрээний 2.4-т заасан гол хөрөнгө болох 10599А дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хамт БХХК-д шилжсэн талаар зохигч маргаагүй.

Зохигчийн маргаж буй ашигт малтмалын 10559А дугаар тусгай зөвшөөрөл нь Н ХХК-ний эзэмшилд байсан бөгөөд 2007 оны 12 дугаар сарын 29-ны өдөр ЛХХК-ний эзэмшилд шилжсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 15 дугаар тал/ Уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан ЛХХК-ний үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувийн хувьцааг өмчлөгч нь нэхэмжлэгч Б.М болох нь тус компаний улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбараар тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 46-49 дүгээр тал/ Иймд нэхэмжлэгч буюу худалдагч нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлсэн байна.

 

Гэрээний 2.4-т зааснаар худалдаж зүйлийн буюу ЛХХК-ний гол хөрөнгийг ашигт малтмалын 10559А тусгай зөвшөөрөл гэж тодорхойлжээ. Улмаар гэрээний 4.5-д зааснаар худалдагч буюу нэхэмжлэгч нь 10559А тусгай зөвшөөрлийн үнэн бодит, хууль ёсны, бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг хүлээсэн байна.

Гэрээний 9.2-т худалдагч гэрээг зөрчсөн гэж үзэх үйлдлийн талаар заасан бөгөөд 9.2.3-т “... гол хөрөнгийн эдийн засгийн эсвэл техникийн тоон үзүүлэлт худалдагчийн өгсөн тоон үзүүлэлтээс ноцтой зөрж буйг олж мэдвэл, нөөц 6 сая тонноос бага, ...” гэж заажээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь ЛХХК-ний хувьцааг, 6 сая тонноос багагүй нөөцтэй гэх 10559А тусгай зөвшөөрлийн хамт худалдах санал гаргаж, гэрээний талууд тохиролцсоны дагуу хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Гэвч Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Н/31 дугаар тушаалаар MV-010559 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэжээ. Ийнхүү бүртгэсэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ХХ-02-05 дугаар дүгнэлтэд MV-010559 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах геологийн нөөцийг бодитой болон боломжтой (В+С) зэргээр 2,263,791.40 тн хүдэр гэж тогтоосон байна. /хэргийн 6 дугаар хавтас 153-157 дугаар тал, хэрэгт ирүүлсэн нотлох баримт болох Дундговь аймгийн сумдын нутагт орших 2014-2015 онуудад явуулсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан/

Мөн энэхүү үйл баримт нь Ашиг малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Т/34 дугаар тушаалаар хүлээн авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн т/17-01-07 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. /хэргийн 4 дүгээр хавтас 62-66 дугаар тал/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь биет байдлын доголдолтой буюу анх тохиролцсоноос бага нөөц бүхий тусгай зөвшөөрөл /эд хөрөнгө/-г шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

           

Хариуцагч нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний үнийг анх 5,500,000 ам доллар гэж тохиролцсон боловч ашигт малтмалын нөөцтэй холбоотойгоор гэрээний үнийг 1,500,000 ам доллар болгон өөрчилж, уг төлбөрийг төлсөн гэж тайлбарласан. Харин нэхэмжлэгч нь нэмэлт гэрээ болон гэрээ дүгнэсэн баримтад гарын үсэг зураагүй, эдгээр нь хуурамч гэж маргаж байна.

 

Зохигч 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хувьцаа шилжүүлэх гэрээг гүйцэтгэсэн тухай тэмдэглэл буюу гэрээ дүгнэсэн баримтыг үйлджээ. Гэвч нэхэмжлэгч нь энэхүү баримтад гарын үсэг зураагүй гэж маргаснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20336 дугаар захирамжаар шинжээч томилсон. Улмаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6480 дугаар дүгнэлтээр хэргийн 3 дугаар хавтас 60, 61 дүгээр талд байх баримтад зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Б.Мын гэх гарын үсгийн туршилтын загвартай тохирохгүй байна гэж дүгнэсэн. /хэргийн 3 дугаар хавтас 156-157 дугаар тал/

Мөн зохигчид 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээний нэмэлт гэрээ гэж байгуулжээ. Гэвч нэхэмжлэгч нь энэхүү нэмэлт гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06823 дугаар захирамжаар шинжээч томилсон. Улмаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3276 дугаар дүгнэлтээр хэргийн 2 дугаар хавтас 224, 225 дугаар талд байгаа 2013.09.18-ны өдрийн “хувьцаа худалдах худалдан авах гэрээний нэмэлт гэрээ” гэсэн баримт дээрх шинжилж буй уугаржин монгол бичгээр үйлдсэн гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд харьцангуй чөлөөт болон туршилтын загвараар ирүүлсэн Б.Мын зурсан гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэж дүгнэжээ. /хэргийн 3 дугаар хавтас 17-18 дугаар тал/

 

Гэвч Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ШТ2019/00158 дугаар тогтоолд “2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын Хууль сахиулахын Их сургууль Шинжлэн Магадлахуйн Институтийн гаргасан 19/01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 2013.05.02, ...2013.09.18 огноотой ...баримтуудад зурагдсан гарын үсгийг Б.М зурсан байна гэсэн байх бөгөөд энэ баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д зааснаар “шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл”, 179.1.2-т заасан “шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон нотлох баримт хуурамч” гэсэн үндэслэлд тооцох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.” гэжээ.

Дээрх дүгнэлт болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/00716 дугаар шийдвэрээс үзэхэд хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6480, 3276 дугаар дүгнэлтүүд нь хуурамч гэсэн үндэслэлд хамаарна гэж дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор дүгнэсэн үйл баримтыг анхан шатны шүүх дахин нотлохгүй.

Иймд дээрх 6480, 3276 дугаар дүгнэлтүүд нь энэ шийдвэрийн үндэслэл болох боломжгүй юм.

 

Харин Хууль сахиулахын их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 19/01 дугаар дүгнэлтэд “2013.05.02 огноотой Хятад ханз үсгээр бичигдсэн баримтад зурагдсан гарын үсэг, 2013.09.18 огноотой Латин болон Хятад ханз үсгээр бичигдсэн баримтуудад зурагдсан гарын үсгийг Б.М зурсан байна” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь уг дүгнэлт нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт биш, энэ хэргийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тайлбарласан. Гэвч дээрх 19/01 дүгээр дүгнэлтийг Улсын дээд шүүхийн 001/ШТ2019/00158 дугаар тогтоолоор энэ хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн байна.

 

Энэхүү дүгнэлтэд дурдсан хэргийн 3 дугаар хавтас 60-61 дүгээр талд байгаа Хятад ханз үсгээр бичигдсэн 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн баримт, 2 дугаар хавтас 222-225 дугаар талд байгаа Латин болон Хятад ханз үсгээр бичигдсэн баримтыг тус тус “НТА” орчуулгын төв орчуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 143-154 дүгээр тал/ Уг орчуулгын үнэн зөв эсэх талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

Эдгээрээс үзэхэд зохигчид 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээг дүгнэж, харилцан тохиролцож баримт үйлдсэн гэж үзэхээр байх бөгөөд уг баримтын 1 дэх хэсэгт нийт нөөцийн эдийн засгийн үнэлгээ нь тухайн үеийн үнэлгээний 1/5-тэй тэнцэж байна гэж дүгнэжээ. Улмаар агуулгын хувьд гэрээний нөхцөлийг дахин тохиролцохоор заасан байна.

 

Дээрхээс үзэхэд зохигчийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээнд заасан 6 сая тонноос багагүй байх нөөц нь 2,263,791.40 тонн болж багассан байх тул гэрээний талууд 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэхээр байна. Уг нэмэлт гэрээний 1-д “үндсэн гэрээний эрх шилжүүлэх үнэнд өөрчлөлт оруулах, анх 5,500,000 ам доллар байсныг өөрчилж, 1,500,000 ам доллар болгов.” гэжээ.

Иймд зохигчид гэрээний үнийг 1,500,000 ам доллар болгож, өөрчилсөн гэж үзэх үндэслэлтэй. Ийнхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний үнийг багасгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 254 дүгээр зүйлийн 254.2-т нийцнэ.

 

            Улмаар хариуцагч тал нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээг дүгнэсэн баримтаар цаашид нөөцийг дахин тодруулж, гэрээний үнийн талаар дахин зөвшилцөхөөр заасан тул өмнөх болон цаашдын хамтын ажиллагааны үүднээс нэмэлт төлбөр төлж, мөн нэхэмжлэгчийн бусдаас авсан зээлийн төлбөрт 1,180,000 ам долларыг талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний төлбөрт тооцсон гэж тайлбарласан.

 

            Нэхэмжлэгч нь 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-н иргэн 6,140,000 юанийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээл олгогдсон талаар маргаагүй. /хэргийн 2 дугаар хавтас 200-203 дугаар тал/

            Үүний дараа зохигчид 2015 оны 12 дугаар сард хувьцаа шилжүүлэх нэмэлт гэрээг байгуулсан. /хэргийн 3 дугаар хавтас 171-173 дугаар тал/ Нэхэмжлэгч нь энэхүү гэрээг байгуулаагүй гэж маргаж байх боловч гэрээнд дээрх зээлийн гэрээний үндсэн зээл, хүүгийн хамт нийт 1,180,000 долларыг зохигчийн хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний төлбөрт тооцож хариуцагч тал барагдуулахаар тохиролцсон болохыг зөвшөөрч, улмаар энэ талаар маргахгүй байна. Улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хувийн зориулалтаар авсан зээлийн гэрээний төлбөрт нийт 1,180,000 ам долларын өрийг шилжүүлэн авсан болох нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн өрийн эрх үүргийг шилжүүлэх тухай гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 3 дугаар хавтас 178-179 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу авсан төлбөрийн тооцооллыг шүүхэд гаргасан. /хэргийн 3 дугаар хавтас 23 дугаар тал/ Хариуцагч нь уг тооцооны мөнгөн дүнг зөрүүтэй тайлбарласан боловч уг тооцоонд дурдсан мөнгийг өгөөгүй гэж маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмыг дагуу явагдах бөгөөд зохигчийн маргаагүй зүйлийг шүүх нотлох шаардлагагүй юм.

            Иймд нэхэмжлэгчийн хүлээн авсан болохоо зөвшөөрсөн дээрх тооцоонд заасан 2,400,007.82 ам доллар дээр 6,140,000 юаний зээлийн үндсэн төлбөр болон хүүг тооцож зээлийн гэрээний үүрэг буюу өрийг хариуцагч нь шилжүүлсэн авсан 1,180,000 ам долларыг нэмж тооцвол хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний дагуу нийт 3,580,007.82 ам долларыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Дээрх үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.2-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй юм.

Мөн зохигчид худалдах худалдан авах гэрээний үнэнд өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар төлбөрийг дутуу төлсөн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

 

            Түүнчлэн зохигчид маргаж буй ЛХХК-ний 100 хувийн хувьцаа болон 10559А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгчид өмнөх шийдвэрийн дагуу шилжсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчаас шаардах буюу шүүхийн журмаар хариуцагчаас гаргуулах зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эдгээр үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдож, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00716 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Б.М нь зохигчийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул ЛХХК-ний 100 хувийн хувьцаа болон ашигт малтмалын 10559А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан иргэн Б.Мт шилжүүлэхийг БХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1007 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01350 дугаар тогтоолоор 1007 дугаар магадлалыг хүчингүй болгож, 00716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Үүний дараа Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ШТ2019/00158 дугаар тогтоолоор дээрх 00716 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2018/01350 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлж шийдвэрлэсэн.

            Улмаар энэхүү шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар өмнөх биелэгдсэн шийдвэрийг цуцлах нь зүйтэй.

 

            Мөн тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00716 дугаар шийдвэрийг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00281 дүгээр захирамжаар албадан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн.

            Гэвч хариуцагч талын тайлбарт дурдсанаар энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийг цуцлах асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д хамаарахгүй. Харин мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хүсэлт гаргах эрх нээлттэй юм.

            Мөн зохигчийн маргаж буй гэрээний зүйлийг буцаан шилжүүлэх талаар нэхэмжлэгчид даалгах нь дээрх хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д хамаарахгүй. Үүнээс гадна хариуцагч нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэ асуудлыг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцэхгүй.

            Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзах, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, улмаар гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардах зэрэг маргааны хувьд нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хэдийгээр сөрөг шаардлага гаргаагүй боловч түүний үр дагаврыг гэрээний талуудын хооронд харилцан буцаахаар шийдвэрлэх боломжтой. Харин ийм төрлийн маргаанд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд биелэгдсэн шийдвэртэй боловч сөрөг шаардлага гаргаагүй бол шүүх буцаан шилжүүлэхийг даалгах боломжгүй юм.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.2, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч БХХК-д холбогдох зохигчийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, ЛХХК-ний 100 хувийн хувьцаа болон ашигт малтмалын 10559А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан иргэн Б.Мт шилжүүлэхийг БХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/00716 дугаар шийдвэрийг цуцалсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 68,566,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ГАНБОЛД