Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/210

 

2023        11            23                                           2023/ШЦТ/210

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Ө.Н,

            Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн  13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бийн Ад холбогдох эрүүгийн 2335000000134 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 24-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн ...... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Х овогт Бийн А, /РД: .................../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байх иргэн Б.Бын Монгол гэрийн хаалга дотор талаасаа цоожтой, өрх нь хаалттай байхад зөвшөөрөлгүйгээр тооноор нь нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан,

Тухайн үедээ хохирогч Я.Эийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Шүүгдэгч Б.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-12 дахь тал тал);

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-14 дэх тал);

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17-18 дахь тал);

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 32-34 дэх тал);

Хохирогч Я.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 04 сарын 11-ний орой гэртээ 4-7 насны хооронд дахь 2 хүүхдийнхээ хамт унтахаар болж 2 хүүхдэдээ голын ор засаж өгөөд унтуулчхаад өөрөө зүүн орон дээрээ зурагтаа асаагаад үзээд хэвтэж байсан. Тухайн үед би гэрэл унтраачихсан, гэрийн хаалга дотор талаасаа цоожтой, өрх хаалттай байсан. Ингээд би зүүрмэглэж байгаад унтчихсан байсан, нэг мэдэхэд гэнэт миний дээрээс хүн дараад авах шиг болсон, би нүдээ нээгээд харахад зурагт унтраалттай, өрх хойш нь дэлгээд сөхөөд хаячихсан, өрхөөр од, сар харагдаж байсан. Ингээд би хэн бэ гэхэд би Б байна гэж хэлээд зүүн гараараа миний баруун гарыг дараад, баруун гараараа дотоожийг доош шувтлах гэж 2-3 удаа оролдоход би туслаарай гэж орилоод том охины нэрийг дуудсан. Тухайн үед том охин сэрэхгүй, бага хүү сэрээд уйлаад байсан бөгөөд би удаа дараа орилж байгаад том охиныг сэрээгээд охин миний ээжээс холдооч гэж уйлахаар ээжийн охин гэрлээ асаагаарай гэж хэлээд тухайн хүний үснээс зулгааж, чихнээс нь мушгисан. Тухайн үед охин гэрэл асаах үед над дээрээс босоод миний хажууд саарал өнгийн куртик юм уу пальто тавьчихсан байсан. Тухайн пальто гартаа аваад надаас нүүрээ нуугаад хаалга руу эргэхэд цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цоохор пүүзтэй байсан юм. Тэгээд хаалганы дотор цоож хэзээ хэрхэн яаж тайлсан талаар мэдэхгүй, хаалга шууд түлхээд гараад явчихсан. Би тухайн үед араас нь гүйж гараад өөрийн нөхөр Б.Бтой яриад өрхөөр хүн орж ирээд намайг хүчиндэхийг завдаж байна гэж хэлээд дуудлага өгсөн. Удалгүй нөхөр гаднаас саарал өнгийн пальто өмссөн, цэнхэр өнгийн өмдтэй залуу аваад орж ирээд цагдаа дуудсан. Тухайн үед манай гэрт би болон манай 4-7 насны хооронд 2 хүүхдийн хамт байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Сүүлд нөхөр тухайн үл таних залууг авч гэрт ирсэн. Тухайн хүн намайг дарах үед маш их хэмжээний архи согтууруулах ундаа үнэртэж байсан юм. Би тэр хүнийг танихгүй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Би Өгөөж караоке бааранд Б.Атэй таараагүй манай гэрээс гараад зугтахдаа шууд хаалга түлхээд гараад явчихсан, хаалганы түгжээ тайлаагүй, орж ирсний дараагаар тайлсан юм шиг байналээ. Манай гэрийн хаалганы дотор талын түгжээ хажуу тийшээ түлхэж хийдэг, чанга түгжээтэй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39, 41-42 дахь тал);

Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 04 дүгээр сарын 11-ний орой гадуур таксинд явж байтал шөнийн 3 цагийн үед байх эхнэр залгаад хаана юу хийгээд яваад байгаа юм бэ, сая манай гэрт өрхөөр хүн орж ирээд намайг хүчиндэхийг завдаад гараад зугтчихлаа, хашааны хаалгаар гараад дээшээ эргээд явсан гэх тул би эхнэртэй утсаар ярингаа гэрийн зүг эргээд тухайн үед хэрхэн яаж очсон талаараа мэдэхгүй, ямар учиртай залуу юм бэ, хэн юм бэ гэж асуухад мэдэхгүй танихгүй залуу саарал өнгийн пальто өмсчихсөн, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу хорооллын эхэнд гүйгээд гараад ирэх шиг болсон. Ингээд би саарал пальто өмссөн байгааг хараад хашаанд шахаж зогсоогоод суу гэхэд үгүй яасан юм гэж хэлээд надтай заамдалцаад авсан. Тухайн үед надаас жижиг биетэй залуу байсан тул гарыг нь өчөөд машины арын суудалд суулгаад гэрийн гадна очоод гэртээ ороход эхнэр, охин хоёулаа хараад мөн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал);

Гэрч Б.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 04 дүгээр сарын 12-ны 04 цаг өнгөрч байхад очиход манай дүү байсан ба цагдаагийн алба хаагч нар ирээгүй байсан, биднийг очсоны дараа удалгүй ирсэн, манай дүү архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Түүний дараа тэр айлын эмэгтэй, эрэгтэй хоёртой уулзаад би нөхөртэй нь уулзахад нөхөр нь би гэртээ байхгүй таксинд явж байсан, танай энэ дүү чинь манай гэрийн өрхөөр ороод зурагт унтраагаад хаалга онгойлгоод манай эхнэрийг хүчиндэхийг завдсан, хөлийг нь маажсан сорви нь хүртэл байгаа гэж хэлсэн, манай төрсөн дүү Б.А согтуу ухаангүй, нэлээн согтсон байсан тул дүүг маань их согтсоныг далимдуулан худлаа ярьж байна гэж бодсон, Тэгээд өглөө өөрийн төрсөн дүү Б.Аг ухаан орохоор нь ярилцсан ба аниа би хаана байгаа юм бэ? гэхээр нь чи цагдаа дээр байна, шоронд орох гэж байна, яах гэж айлын гэр рүү тооноор нь орсон юм гэхэд аниа би айлын гэр рүү ороогүй шүү дээ,  эхнэр хаалга тайлахгүй болохоор нь гэр рүү орсон гэж хэлсэн. Тэгээд юу болсон юм, гэрийн эзэн залуу ингэж хэлж байна гээд тэр эмэгтэйн нөхрийн хэлсэн зүйлийг өөрийн төрсөн дүүд хэлэхэд дүү Б.А одоо яанаа, одоо яадаг юм болоо гээд айж сандарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал);

Гэрч Ц.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр шөнө нөхөр Б.А гэртээ ирээгүй, 2023.04.12-ны өглөө үүрээр манай хадам эгч Б.З нь над руу А / Б.А/ цагдаа дээр байна, чамайг дууд гэнэ айлын гэрлүү орсон байна гэж 04:12 цагийн үед хэлсэн. Урьд өмнө 1 жилийн өмнө байх цаг хугацааг тодорхой сайн хэлж мэдэхгүй байна, тэдний ах дүү нарын хүмүүс манай гэрт байхад гэрийн хаалга цоожтой онгойлгохгүй болохоор нь согтуу тооноор 1 удаа орж ирж байсан удаатай. Манайх 5 настай охинтой. 1 нас 5 сартай охинтой, 2 хүүхэдтэй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал);

Гэрч П.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө миний гар утас руу Б.А өөрийнхөө 95........24 гэсэн дугаараас залгаад Өгөөж баарнаас гараад явж байна гээд ярьсан. Би тэгээд хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад би гэр рүүгээ харилаа гэж ярисан, гар утсаар ярихдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юм. Түүнээс хэсэг хугацааны дараа, 01-02 цагийн үед сүүлийн хүнийг хүргэж өгөөд харих гэж явж байхдаа Агийн гар утас руу залгахад нэг танихгүй эрэгтэй хүн гар утасны дуудлагыг аваад утасны эзэнтэй ярья гэхэд утасны эзэн ярих боломжгүй байна, энэ хүн согтуу манай гэрийн өрхөөр орсон байна гэх мэт зүйл яриад цагдаа дээр очно гэж хэлсэн. Аймгийн цагдаагийн газарт очиход цагдаагийн алба хаагч нар Б.Аг аваад ирсэн. Б.А архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал);

Насанд хүрээгүй гэрч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр орой аав гэртээ байхгүй, би ээж, дүүгийн хамтаар байж байгаад унтсан. Унтаж байхад зурагт асаалттай байсан ба кино үзэх үү? яах уу гэж бодож байгаад өглөө хичээлтэй гэж бодоод унтчихсан. Өрхний дээр хар өнгийн зүйл байхаар нь би зарим шувуунууд хар өнгөтэй байдаг учраас хар шувуу байна гэж бодоод унтчихсан. Тэгээд унтаж байтал манай төрсөн ээж Я.Э, Наа миний охин гэрлээ асаагаарай гэж хэлсэн. Би тэгэхээр нь гэрлээ асаахад нэг танихгүй хүн нэг юм шүүрээд гэрээс гараад явчихсан, юу авч явсныг би хараагүй. Тэрний дараа ээж, аав руу залгаад гар утсаар яриад танихгүй хүн өрхөөр орж ирсэн талаар хэлсэн. Удалгүй аав нэг эрэгтэй хүн дагуулаад ирсэн бөгөөд миний санаж байгаагаар жинсэн өмдтэй хүн байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал);

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаартай “Б.Агээс хураан авсан гутал нь харьцуулах шинжилгээнд тэнцэж байна. Мөн гэрэл зургийн үзүүлэлт дээрх зураг 8, 9 гэж дугаарласан гутлын улны мөрний хэлбэр дүрс, хээн зураглал, өлмийн зураас доторх хэсгийн өргөн, өсгийн өргөн зэрэг ерөнхий шинж тэмдгээр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Б.Агийн гэх гутлын улны дардастай харьцуулах боломжтой. Шинжилж буй гэрэл зургийн үзүүлэлт дээрх зураг №8, 9 гэж дугаарласан гутлын улны мөрийг харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Б.Агээс хураан авсан гэх гутлын улны дардастай харьцуулан шинжлэхэд өлмийн хэсгийн зураасны дотор талын өргөний хэмжээ 10,6 см, өсгий хэсгийн өргөн нь 9,6 см хэмжээтэй байх бөгөөд хэлбэр дүрс хээн зураглал зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 80-83 дахь тал)-үүдээр шүүгдэгч Б.А нь 2023 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байх иргэн Б.Бын Монгол гэрийн хаалга дотор талаасаа цоожтой, өрх нь хаалттай байхад зөвшөөрөлгүйгээр тооноор нь нэвтэрч орсон, тухайн үедээ хохирогч Я.Этэй хүчээр бэлгийн харьцаанд орохыг оролдсон үйл баримтууд тогтоогдож байна.

1. Шүүгдэгч Б.Аг Хохирогчийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байх иргэн Б.Бын Монгол гэрийн хаалгыг дотроосоо түгжээтэй байхад зөвшөөрөлгүйгээр тооноор нь орж тухайн гэртээ амарч байсан хохирогч Я.Эийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, унтаж байхад дээр нь гарч, зүүн гараараа баруун гарыг нь дарж, баруун гараараа түүний дотоожийг доош шувтлах гэж 2-3 удаа оролдож, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан үйл баримт тогтоогдож байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол”  хүчиндэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд хүчээр хурьцал үйлдсэн, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 191 дугаартай “Үзүүлэгч Я.Эийн биед баруун гарын бугуйн үений дотор хэсэгт, баруун хөлийн шилбэний урд доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун гарын бугуйн үений дотор хэсэгт, баруун хөлийн шилбэний урд доод хэсэгт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 65-66 дахь тал)-ээр шүүгдэгч Б.А зүүн гараараа хохирогч Я.Эийн баруун гарыг нь дарсан үйлдлийн улмаас баруун гарын бугуйн үений дотор хэсэгт зулгаралт гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.А нь 2023 оны 4 дүгээр сарын 11-12-нд шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Я.Эийг гэртээ унтаж байхад нь гэрийнх нь тооноор орж, хүчиндэхийг завдах үед хохирогч Я.Э сэрж, том охиноо дуудан сэрээж, гэрэл асааснаар шүүгдэгч Б.Агийн үйлдэл таслан зогсоогдсон байна.

Гэмт хэрэг үйлдэхээр завдах ойлголт нь хууль зүйн хувьд гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхлэсэн байх, халдагын обьектод хор уршиг учрах бодит заналхийлэл учирсан байх, гэмт хэргийн обьектив талыг хэрэгжүүлж эхэлсэн боловч гэмт хэрэг төгсөөгүй байх, гэмт хэрэг төгсөөгүй нь гэмт этгээдийн хүсэл зоригоос гадуур, түүний үйлдлийг таслан зогсоосон өөр обьектив шалтгааны үйлчлэлтэй холбоотой байх гэсэн шинжийг агуулах, зөвхөн шууд санаатайгаар хэрэгждэг гэмт үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Агийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас түүний үйлдэл таслан зогсоогдсон нь тогтоогдож байх тул Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байрлах иргэн Б.Бын монгол гэрт, түүний зөвшөөрөлгүйгээр, тооноор нь хууль бусаар нэвтрэн орж, түүний эхнэр Я.Э болон түүний хоёр хүүхдийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан байна.

Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэгт хуульчлагдсан Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон байрны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд Энэ хуульд заасан “орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Я.Эийн монгол гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарна.

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байх иргэн Б.Бын Монгол гэрийн хаалга дотор талаасаа цоожтой, өрх нь хаалттай байхад зөвшөөрөлгүйгээр тооноор нь нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан үйлдэл нь Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Я.Э мөрдөн байцаалтын шатанд: “Надад учирсан хохирлыг Б.А бүрэн төлж барагдуулсан, надаас уучлалт гуйсан. Бэлнээр 2 сая төгрөг өгсөн. Надад гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал)-ийг үнэлээд шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Агээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

II. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байх иргэн Б.Бын Монгол гэрийн хаалга дотор талаасаа цоожтой, өрх нь хаалттай байхад зөвшөөрөлгүйгээр тооноор нь нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Мөн тухайн шөнө иргэн Б.Бын эхнэр хохирогч Я.Эийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, түүнийг унтаж байхад дээр нь гарч зүүн гараараа баруун гарыг нь дарж, баруун гараараа түүний дотоожийг доош шувтлах гэж 2-3 удаа оролдож, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 115 дахь тал)-аар тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Агийн хувийн байдлын талаар Гэрч Б.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.А нь төлөв даруухан, өөрийн дуртай сэдвээр ярихаар их яриасаг, ямар нэг муу зан байдаггүй, бусадтай эелдэг боловсон яриасаг, элдэв муу зуршилгүй, ажилсаг, хөдөлмөрч, бусдад тусархуу, цэвэрч нямбай хүн, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал), Гэрч Х.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.А нь төлөв даруухан, бусадтай эелдэг боловсон харилцаатай, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, хүний үгнээс гардаггүй, ажилсаг, хөдөлмөрч, бусдад тусархуу, цэвэрч нямбай. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаг, өөр ямар нэг муу зуршилгүй эдийн засгийн хувьд Улаангом сумын 9 дүгээр багт өөрийн гэсэн хашаатай, 8 ханатай Монгол гэрт амьдардаг, суудлын нэг автомашинтай өөр эд хөрөнгө байхгүй, Б.А болон түүний эхнэр тогтмол цалинтай, өрхийн амьжиргааны түвшин дундаж өрх юм. Хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйж, сэтгэл санааны дэмжлэг болгож 2 сая төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал)-үүд тус тус авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ялын доод хэмжээг зохицуулаагүй боловч гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ял төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байх ёстой. Өөрөөр хэлбэл, завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур тогтоодог болно.

Иймд шүүгдэгч Б.Агийн хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг баримталсан болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан ялыг тус тусад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.Ад зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаа эдлэж дууссан өдрөөс эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ад энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бийн Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдсан” гэмт хэрэг үйдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ сар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.Ад зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

6. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаа эдлэж дууссан өдрөөс эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

7.  Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ад энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ