Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1449

 

 

 

 

 

 

 

   2023        11          23                                   2023/ШЦТ/1449

 

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч М.Очбадрах,

Шүүгдэгч Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Бд холбогдох эрүүгийн 2206 04788 0149 дугаартай  хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Я.Б.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Я.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Я.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Я.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнө нь үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-7 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-15 дахь тал/,

Хохирогч Х.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23, 110-111 дэх тал/,

Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29, 100-101 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12708 дугаартай Дүгнэлт /хх-ийн 38-39 дэх тал/,

Яаралтай түргэн тусламжийн хуудас /хх-ийн 48 дахь тал/,

Яллагдагч Я.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 99 дэх тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04/2693 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 103-104 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гийн мэдүүлэг /хх-ийн 107-108 дахь тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Я.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд *** гэртээ эхнэрийнхээ дүү болох Х.Нийг “архи уулаа гэж өөрийг нь буруутгалаа” гэх шалтгааны улмаас зүүн гарын шуунд 2 удаа, хэвлийн дээд хэсэгт 1 удаа тус тус хутгалж, түүний эрүүл мэндэд зүүн шуу, хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Я.Бгийн үйлдлийн улмаас хохирогч Х.Нийн биед зүүн шуу, хэвлийд шарх гэмтэл тогтоогдож, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12708 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Я.Бгийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны явцад гэрч Х.Аээс тодруулсны үндсэн дээр сэргээн дүрсэлбэл гэрч тагтны салхивчийг онгойлгоод эргээд гэрт орж ирэх үед шүүгдэгч Я.Б нь хохирогч Х.Нийн дэргэд хутгаа бариад зогсож байхаар нь хутгыг авч шидээд, арагш татаж буйдан дээр унагаасан байна. Харин энэ хооронд хохирогч гэрээс гарчээ. Өөрөөр хэлбэл Я.Б нь гэрч Х.Алийн үйлдлийн улмаас үйлдэл нь таслан зогсоогдоогүй буюу хохирогчид учирсан гарт 2 удаа, хэвлийн хэсэгт нэг удаа хутгаар гэмтлийг үүсгээд үйлдэл төгссөн байжээ. Түүнчлэн хохирогчид учирсан гэмтлийг гэрч Х.А Х.Нийн араас нь очихдоо мэдсэн байна.

Иймд шүүгдэгч Я.Бгийн үйлдлийг хүнийг алахаар завдсан шинжгүй байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Улсын яллагчаас “…шүүгдэгч Я.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Я.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Я.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Нийн эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ мансуурсан байдал тогтоогдоогүй, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Х.Нийн биед үүссэн гэмтэл нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12708 дугаартай дүгнэлтээр “…Х.Нийн биед зүүн шуу, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Б нь хохирогч Х.Нийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Хохирогч Х.Н нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч Я.Б нь хохирогч Х.Нт нийт 5.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан болно.

Мөн шүүгдэгч Я.Бгийн үйлдлийн улмаас хохирогч Х.Н нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах явцад Эрүүл мэндийн даатгалын сангаас 330.000 төгрөгийн зардал гарсан байх ба шүүгдэгч Я.Б нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Я.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Я.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Я.Б нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Я.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлж үзлээ.

Шүүгдэгч Я.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Я.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хохирогчийн санал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хавтаст хэргийн 43 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа

/хавтаст хэргийн 42 дахь тал/ зэрэг болно.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт 5 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Я.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Я.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Бд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Я.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Я.Бгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 5 /тав/ хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан ялаас хасаж, түүний эдлэх ялыг 925 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 925.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Х.Н нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ШИНЭХҮҮ