Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/199

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бк даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч М.П,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э /цахимаар/

шүүгдэгч М.Хн өмгөөлөгч Я.С,

шүүгдэгч Б.Сы өмгөөлөгч Х.З,

шүүгдэгч М.Х, Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ботахара сарик ургийн овгийн Мухайн Х, Ботахара сарик ургийн овгийн Баяугийн С нарт холбогдох 2313000950161 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б ургийн овгийн Мн Х,1965 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, Баян-Өлгий аймгийн Толбо сумын .... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ...

2. Монгол Улсын иргэн, Б ургийн овгийн Б.йн С, 1966 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, Баян-Өлгий аймгийн Толбо сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ............

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ өөрийн нэр дээр 2018, 2019 онуудад 445 хонь илүү бичиж 664.300 төгрөг, эхнэр Ү.Мийн нэр дээр 2018, 2019 онуудад 413 толгой хонийг зохиомлоор бичиж 673,200 төгрөг, хүү Х.Ны нэр дээр 2018, 2019 онуудад 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг, төрсөн ахынхаа хүү А.Ты нэр дээр 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож нийт 1928 толгой хонийг зохиомлоор худал бичиж нийт 3,002,500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.С нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ 2020 онд Ү.Мийн нэр дээр 256 толгой хонийг зохиомлоор бичиж 499,500 төгрөг, Х.Ны нэр дээр 335 толгой хонийг зохиомлоор бичиж 654,750 төгрөг, А.Ты нэр дээр 386 толгой хонийг зохиомлоор бичиж 753,000 төгрөг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал бий болгож нийт 997 толгой хонийг зохиомлоор худал бичиж нийт 1,907,200 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг:

1.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мэдүүлэхдээ: “Регистрийн дугаар болон тушаасан ноосны хэмжээг жагсаалтад бичиж илгэдэг гэж байна. Ноос, ноолуурын урамшуулал олгох журмын 2.17 дахь хэсэгт нэг бүрчлэн заасан байгаа. Хөдөө аж ахуйн тасгийн хийх ажлыг журмаар тогтоож өгсөн. Малчнаас ирж байгаа баримт, тодорхойлолтыг хүлээн авч, малчны овог, нэр хаяг, малын тоо зэргийг магадлан хянаж жагсаалт үүсгэн сум дүүргийн Засаг даргаар баталгаажуулан мэдээллийг 9 дүгээр сарын 5-ны дотор урамшууллын цахим системд үнэн зөв оруулна. Анхан шатны баримт, тайлан нэгдсэн жагсаалтын хамт аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуй асуудал хариуцсан мэргэжилтэнд хүргүүлнэ. Яллах дүгнэлтэд дурдсан хохирлыг нэхэмжилж байна...” гэв.

1.2. Шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын тамгын газрын хэлтэс агентлагт 2005 оноос эхэлж ажилласан. 1996 оноос эхэлж 2004 он хүртэл улс төрийн алба хаачиж байсан. Мал эмнэлэг, үржлийн улсын байцаагчаар ажиллаж байсан. 2001 онд Мал эмнэлэг, үржлийн тасаг гэж байгуулагдсан. Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга бөгөөд мал үржлийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байсан болохоос биш мэргэжилтний цалингаар цалинждаг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлэг, үржлийн тасаг гэж хоёр тасагтай болсон. Тухайн үед би мэргэжлийнхээ дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөө аж ахуйн тасагт мал бүртгэл үржил технологийн бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Тамгагүй, тусдаа төсөв байгаагүй Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын тамгын газраас цалин авдаг байсан. Засгийн газрын малчдад ноос ноолуурын урамшуулал олгох тогтоол гарсан. Тус тогтоолын дагуу ноос, ноолуурын урамшуулал авах малчдын нэрсийг гаргадаг байсан. Гэхдээ малчдад урамшуулал олгох падааныг сумын хөдөө аж ахуйн тасаг бичдэггүй. Зөвхөн ноос, ноолуурын холбоонд элссэн компани, хоршоонууд бичдэг байсан. н.Ха ахлагчтай хуучин ноосны үйлдвэрийн газар мөн К ХХК падаан бичдэг байсан. Падааныг засах, илүү дутуу зүйл бичих боломжгүй. Падааныг шивж бичиж Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын малын үржил хариуцсан мэргэжилтэнд явуулдаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд К ХХК падааныг шивж бид нар файлаар авдаг болсон. Би хэн нэгэнд давуу байдал бий болгосон гэж бодохгүй байна. Бичиж ирсэн падааныг хянаагүйн миний буруу. Энэхүү үйлдлээ хэзээ, Ха ч байсан хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тухайн падааныг бичсэн компанид бүх мэдээлэл байдаг. Би ямар нэгэн тамга тэмдэг ашиглаж, хэн нэгэнд давуу байдал бий болгоно гэж бодоогүй. 32 дахь жилдээ улсад ажиллаж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна...” гэв.

1.3. Шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: 2020 оны ноос, ноолуурын урамшуулал олгох шивэлтийг би хийсэн. Шүүгдэгч М.Хн ах нь нас барьсан гээд Казахстан Улсад явсан тул би падааныг нааж, жагсаалтыг нь гаргаж шивэлтийг нь шивж тус баримтыг тушаасан. Шүүгдэгч М.Х 2020 оноос эхэлж Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажилласан. Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр би, газар тариалангийн мэргэжилтэн х.Серикгүл бид хоёр үлдсэн. Мал зүйч мэргэжилтэй хүн байхгүй. Мал тооллогын А данс төрийн нууцад хамаардаг тул бидэнд байдаггүй. Дугаараар нь эрэмбэлж, наадаг. 2019 оны падааныг дугаарын эрэмбээр нагагүй гэж Баян-Өлгий аймагт зочид буудал хөлсөлж аваад 2 өдөр дугаарын эрэмбээр падааныг нааж байсан. 2019 оны 605 падаан тушаасан. Авлигатай тэмцэх газраас дуудаж энэхүү асуудлын талаар хэлэхэд би иргэний хариуцагч нарын нэрийг анзаарсан. Тухайн үед яагаад хянаагүй юм бол гэж бодсон. Тэрнээс өмнө энэхүү асуудлын талаар огт мэдээгүй. Падааныг засах ямар нэгэн эрх байхгүй. Тус падаанд мал тооллогын А данст байгаа малын тоо, ноос, ноолуурын тоо, тухайн иргэний мэдээлэл байдаг. Ноос, ноолуурын урамшуулал олгох журамтай танилцаагүй. Би 2019 онд анх ажилд орсон. Ноос, ноолуурын урамшуулал олгох падааныг хянаагүйн миний алдаа байсан. Ямар алдаа гаргаснаа би өөрөө сайн мэдэхгүй байна...” гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр  эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Малчин мал бүхий этгээд нь тухайн сумынхаа хөдөө аж ахуйн мэргэжилтэнд ноос тушаасан төлбөрийн баримтаа өгдөг. Баримтыг хүлээн авсан мэргэжилтэн аймаг дээрээ очиж ноос тушаасан малчдын нэгтгэл мэдээллийг Ноосны урамшууллын программд шивж оруулдаг. Программын нэрийг би мэдэхгүй байна. Программд бүртгэсэн мэдээлэл нь Хөдөө аж ахуйн яаманд хүргэгддэг. Мэдээллийг нэг ёсондоо үндэсний үйлдвэрлэлийн мэргэжилтэн, сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн хоёр тус тус программд мэдээллийг шивж оруулдаг. ...Дээрх хүмүүс нь хэдэн толгой малд хэдэн төгрөгийн урамшуулал авсан талаарх мэдээлэл нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн урамшууллын программд хадгалагдаж байгаа. Малгүй иргэд урамшуулал авах ёсгүй. Авсан тохиолдолд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21-23 дахь тал),

2.2. Гэрч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баян-Өлгий аймгийн хэмжээнд бол Керей үүлдрийн буюу ууцан сүүлт мах, өөхний чиглэлийн хонь байгаа юм. Ер нь бол Керей үүлдрийн хонийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд цөм сүргийг үржүүлдэг. Ингээд тус сумын залгаа болох Булган, Баяннуур, Улаанхус, Толбо, Цэнгэл, Сагсай суманд зөвхөн керей үүлдрийн хоньтой бусад сумд баяд, монгол, керей үүлдрийг давхар өсгөж үржүүлдэг. Керей үүлдрийн хониноос бүдүүн хуц-1,8 кг, төлгөн хуц-1,6 кг, эм хонь-1,3 кг, охин төлөг-1,1 кг ноос гарна гэж тооцдог. Үүнийг тооцсон журам гэж байхгүй. Үүнийг бол үүлдэр батлахдаа тухайн хонийг нэг бүрчлэн судалж үүлдэр угсааг бүртгэдэг бөгөөд ийнхүү үүлдэр бүртгэхдээ л ноосны гарцыг дээрх байдлаар тодорхойлсон байдаг. 1 хонийг 1,3 кг ноосоор тооцож, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 343 дугаар тогтоолын  1.2.2-т заасны дагуу 1500 төгрөгөөр тооцдог. Тус тогтоолд бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост болон бүдүүн ноост хонины нэгдүгээр зэргийн ноосонд гэхээр л манайх орчхоод байгаа юм. Ингээд бодохоор Баян-Өлгий аймгийн Керей үүлдрийн 1 хониноос 1,3кг х1500=1950 төгрөгөөр тооцдог. Ер нь бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Баян-Өлгий аймгийн малчдад ноосны урамшуулал олгохдоо 1,3 кг-аар тооцож урамшуулал олгодог. Яагаад чухам ийнхүү 1,3 гэж тооцдог бэ гэхээр би танд дээр хэллээ бүдүүн хуц-1,8 кг ноос гардаг хэдий ч нэг айл бүгд хуц малтай байна гэж байхгүй, 50 эм хонь тутамд 1 л хуц байх боломжтой, мөн эр хонины ноосны гарцыг тодорхойлоогүй учир нь эр хонийг бол хүнс, зах зээлд борлогддог учраас эр хониор тооцдоггүй. Мөн охин төлгөөр тооцох боломжгүй бүх айл охин төлөгтэй байхгүй. Ингээд ер нь айлын хотонд эм хонь ихэвчлэн байдаг. Мөн эр хонь, охин төлөгний ноосыг дундажлаад эм хонины ноосны гарцаар тооцож 1,3 кг гэж бодож ноосны урамшуулал олгодог. Мэдээж яамнаас олгож байгаа урамшууллыг маш олон мянган малчин өрх авч байгаа. Тэр болгонтой нь нэг бүрчлэн малын тоо толгой, хүйстэй нь харьцуулаад байх боломжгүй учраас сумаас ирсэн жагсаалтыг үндэслээд дунджаар 1,3 кг ноосны гарцтай гэж тооцож мөнгө олгогдог. Үүнийг тооцоход бол шууд кг-аар нь бодоод хонины тоо толгой гаргана гэж байхгүй. Учир нь малчид хонины ноосоо хувийн ноос авдаг компанид тушаадаг. Ингээд тухайн компани нь авсан ноосоо бичээд явуулдаг. Тухайлбал та 10 кг ноос аваад ноос авдаг газар тушаахдаа хажуу хөрш айлынхаа 10 кг ноосыг аваад явсан бол түүнийг тань дээр бичдэг. Нөгөө тушаасан ноосны кг зөрдөг. Тийм болохоор одоо яг хэдэн хониноос хэдэн кг тушаасан бэ гэдгийг тооцох хамгийн зөв арга бол малын А данстай нь тулгаж буюу нөгөө сумын Мал үржлийн тасгаас малын тоо толгойг бичиж явуулсан баримтыг л үндэслэж яам урамшуулал олгодог. Тэгэхээр дээрх тоог бодохдоо бол мөнгөн дүнг нь 1500 төгрөгт хуваахаар хэдэн толгой малтай байсан нь гарна. Мөн үүнийг бодохоос өмнө нэг зүйлийг хэлэхэд 2018 онд бол өөр журмаар бодогдож байсан. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 сарын 30-ны өдрийн 122 дугаар тогтоолыг дагаж мөрдөж байсан бөгөөд үүнд 1 кг ноосыг 1000 төгрөгөөр тооцож байсан. Баян-Өлгий аймагт 1 хониноос 1,3 кг гардаг гэж тооцохоор 1,300 төгрөг болдог. 2018 онд авсан мөнгө болох 268,200:1,300=206 толгой хоньтой, 2021 онд бол Засгийн газрын 343 дүгээр тогтоолын дагуу 1500 төгрөгөөр буюу Баян-Өлгий аймагт 1,3 кг ноос гардаг гэж үзээд 1950 төгрөгөөр тооцдог. Таны асууж байгаа мөнгөн дүнг бодоход бол 2019 онд 472,500:1950=242 толгой хоньтой, 2020 онд 193,500:1950=99 хоньтой гэж гарахаар байна. Тэгэхээр үүнийг бол дээрх аргаар бодоход  762,750:1950=391 толгой хонины урамшуулал авсан байна. А.Т нь 5 хонь тоолуулсан бол 5x1950=9,750 төгрөгийн урамшуулал авах ёстой. 2021 онд урамшуулал олгоогүй. Учир нь Ковидын үед эдийн засгийн хямралтай байна гээд ноосны урамшуулал өгөөгүй. 2022 оны урамшуулал бүр олгоогүй, Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам ямар ч хамааралгүй болчихсон. Татварын ерөнхий газарт е-баримт шивдэг болсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-34, 59-61 дэх тал),

2.3. Гэрч Б.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ”...2019 онд шивэлтийг Х өөрөө хийгээд падаан холбогдох баримтуудыг надад өгөөд би түүнийг нааж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тушаасан. Би сүүлд нэмэгдэж ирсэн хүмүүсийн шивэлтийг хийсэн. Х өөрөө аймгийн Хүнс хөдөө аж ахуйн тасагт хүргэх гэж байгаад Казахстан руу хүний бие муудлаа гээд яваад өгсөн тул би аймагт материал хүргэж өгсөн. 2020 оны шивэлтийг би хийж би аймгийн төвд оруулж тушаасан. Ноосны урамшууллыг өрхийн тэргүүн дээр гаргадаг юм уу яадаг юм гэдгийг би мэдэхгүй байна. Ноос тушаасан падааныг иргэд авч ирсний дагуу шивэлт хийгээд хүргүүлдэг. Падаан дээр хонины тоо толгой бичээстэй байдаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27-29 дэх тал),

2.4. Гэрч Д.Екийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... М.Х бол малчин өрх биш мал бүхий иргэн гэж явдаг. М.Х нь 2022 онд 100 толгой хонь тоолуулж байсан. Ү.М, Х.Н нар нь 2022 онд мал тоолуулаагүй. Би таныг малын А данс аваад ир гэхээр нь харахад 2019 онд М.Х нь 110 хонь тоолуулсан. 2020 онд 100 хонь тус тус тоолуулсан байсан. Харин М, Н нарт мал тоолсон баримт байхгүй байсан. Тэгэхээр мал тоолуулаагүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал),

2.5. Гэрч Х.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай “К” ХХК нь 2011 оноос хойш иргэдээс ноос авч эсгий үйлдвэрлэж байгаа. Ер нь бол Толбо сумын ноосыг голдуу авдаг юм. Ингээд ноос авч ирсэн иргэдийн ноосны жинг үзээд тухайн хүнд падаан бичиж өгөөд явуулдаг. Тухайн иргэн нь падаанаа аваад сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн дээр очоод падаанаа үзүүлдэг. Падааныг мэргэжилтэн нь үзээд Малын А данс бүхий мал тооллогын баримттай тулгаж шалгаж мал тоолуулсан байвал бүртгэж аваад аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт илгээж аймгаас Хүнс, хөдөө аж ахуйн яам руу явуулж, улмаар яамнаас тухайн иргэнд ноосны урамшууллыг олгодог. Падааныг үндэслэж ноосны урамшуулал олгоно гэж хэзээ ч байхгүй. Ийм юм байдаггүй юм. Магадгүй та надад 1000 кг ноос авч ирээд өглөө гэхэд би түүнийг авч ирж өгсөн гээд падаан бичиж өгнө. Гэтэл тэр хүн хөдөө аж ахуйн мэргэжилтэн дээр очиж бүртгүүлэх ёстой. Мэргэжилтэн нь түүнийг А данстай тулгаад аймаг руу, аймаг яам руу л илгээх ёстой. Урамшуулал олгох эсэх асуудлыг бол сумын мэргэжилтэн анхан шатанд бүртгээд аймаг руу илгээдэг болохоор манай компанийн падаанаар ноосны урамшуулал авна гэж хэзээ ч байхгүй. Падааныг бол хэнд ч хамаагүй ноос авч ирээд өгч байгаа хүнд л авч ирсэн ноосныхон хэмжээг тавьж өгөөд явуулдаг. Бид нар тэр хүнийг малтай юу, үгүй юу гэдгийг мэдэхгүй мэдэх шаардлага ч байхгүй. Хамгийн гол нь түүнийг цааш нь сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн л мэдэж цааш нь илгээх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Би Х, М, Н, Т нарыг танина. Нэг сумын хүмүүс гэдгээр танина, ямар нэгэн садан төрлийн холбоо хамаарал байхгүй. Т гэдэг залуу манайд ажиллаж байгаагүй. Аман гэдэг нь миний хүргэн ах бөгөөд тэр хүн манайд ажиллаж байгаагүй. Ер нь бол падааны 1 хувийг аваачиж өгдөг тэгэхээр ноос тушаасан иргэдийн нэрсийг сумын мэргэжилтэн рүү явуулдаг. Манай компанид нэрс нь цаасаар байгаа байх байвал танд гаргаад өгөхөд татгалзах зүйл байхгүй байна....

...Энэ бол огт худал. Над дээр ажил хийгээд жилийн дараа урамшууллаас цалин аваад байж байдаг хүн байна уу та эрүүл уХаар бодоод үздээ. Ажиллаж байгаа хүнээ би өдөр өдрөөр нь цалинжуулдаг. ...Ер нь би дээр хэлсэн би падаан бичээд өгдөг үүнийг үндэслээд мал тооллогын баримттай тулгаад аймгийн Хөдөө аж ахуйн газар руу сумын мэргэжилтэн илгээдэг. Ингээд бүх сумдын аймгийн Хөдөө, аж ахуйн газар нэгтгээд Хүнс, хөдөө аж ахуйн яам руу илгээж, улмаар бараг 1 жилийн дараа урамшуулал нь ордог...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-49 дэх тал),

2.6. Гэрч М.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... “К” ХХК нь ноос авдаг бөгөөд ноос тушаасан иргэдэд падаан бичээд өгдөг. Иргэд түүнийгээ сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэнд очиж бүртгүүлдэг. Тус мэргэжилтэн нь мал тооллогын баримттай тулгаад хэрэв малтай бол түүний судалгааг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар руу явуулж аймаг нь бүх сумдыг нэгтгээд Хүнс хөдөө аж ахуйн яам руу илгээж улмаар яамнаас малтай болон мал бүхий иргэдэд л ноосны урамшуулал олгодог. Малгүй хүнд ноосны урамшуулал олгодоггүй байх гэж би ойлгодог. Манай компани падаан бичдэг компани болохоос урамшуулал олгодог урамшуулалд нөлөөлдөг компани биш. Манайд иргэд ноосоо авч ирж тушаасны үндсэн дээр тэдэнд падаан бичиж л өгдөг. Бид нар хэн нь малтай хэн нь мал бүхий иргэд бэ гэдгийг мэдэхгүй. Манайх ноос авч ирж өгсөн иргэдийн бүртгэл л хөтөлдөг өөр зүйл хөтөлдөггүй. Энэ малын тоо толгойн тухайд гэвэл би дээр хэлсэн бид нар хэн нь малтай хэн нь малгүй гэдгийг мэдэхгүй. Ингээд иргэд малын ноос авч ирээд энэ тэр хүний ноос энэ миний ноос гэх мэтчилэн хэлдэг. Тэгэхээр түүнийг нь л бичиж авдаг. Тэгээд манайд мэдээж хэн хэдэн толгой малтай болохыг мэдэхгүй болохоор иргэдийн өөрсдийнх нь амнаас хэдэн малтай бэ гэж асуудаг, тэгэхээр тэр иргэний хэлсэн тоо толгойг нь судалгаандаа бүртгэдэг. Энэ бол яам руу явж ноосны урамшуулал өгөхөд ямар ч хамаарал байхгүй. Манай компани хэн хэдэн малтайг мэдэх боломж байхгүй. Харин үүнийг сумын мал үржлийн тасгийн мэргэжилтэн рүү явуулаад тэр хүн малын тоо толгойтой нь тулгалт хийж шивэлт хийх үүрэгтэй. Би Х, М, Н, Т нарыг танина. Нэг сумын хүмүүс гэдгээр танина. Ямар нэгэн садан, төрлийн холбоо хамаарал байхгүй. Надад 2018 оны иргэдийн нэрс байна. Гэхдээ би дээр ч хэлсэн, хэн нь хэдэн толгой малтай болохыг мэдэхгүй. Манай компанид ноос тушаасан иргэдийн судалгааг л бид нар компанийнхаа үйл ажиллагаанд ашиглахаар бүртгэж авдаг. Ингэхдээ тухайн ноос тушаасан иргэдээс хэдэн толгой малтай бэ гээд амаар асуудаг. Тэр хүмүүс бараг баримжаагаар л хэлдэг. Зарим нь өөрийнхөө нэрийг зарим нь өөр хүний нэрийг ч хэлээд ноос тушаадаг. Би ноосны урамшуулал олгоход нөлөөлдөг хүн биш. Миний бүртгэл судалгаа миний хувийнх болоод компани ашигладаг болохоос төр засаг албан ёсоор авч ашигладаг зүйл биш. Бид нар ноос авсан иргэдийн бүртгэлийг сумын мал үржлийн тасагт өгдөг яагаад гэхээр хэн хэн ноос тушаасан бэ гэдгийг тэр хүмүүс хардаг байх. Гэхдээ тэр хүмүүс цааш нь аймаг руу иргэдийн нэрсийг явуулахдаа өөрсдөө тулгалт хийгээд мал тоолуулсан бол цааш нь явуулах үүрэгтэй. Түүнээс биш манай бичгийг үндэслээд шууд аймаг явуулж болохгүй гэдгийг тэд ч мэднэ, яагаад гэвэл бид хэн хэдэн толгой малтайг мэдэх ямар ч боломжгүй. Тэгээд бид нарт малчдын судалгаа гаргах ямар ч үндэслэл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-52 дахь тал),

2.7. К ХХК-нд ноос тушаасан гэх иргэдийн судалгаа (1 дэх хавтаст хэргийн 54-58 дахь тал),

2.8. Иргэн М.Хн Х банкны ***** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 79-97, 122-128, 162-169 дэх тал),

2.9. Иргэн Ү.Мийн Х банкны ****** дугаартай, Х.Ны Х банкны ****** дугаартай, А.Ты  Х банкны ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд (1 дэх хавтаст хэргийн 98-116,117-119, 148-156, 171-175, 180-187 дахь тал),

2.10.  Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн М.Х, Ү.М, Х.Н, А.Т нарын 2018-2022 онуудад тоолуулсан малын тооллогын дэлгэрэнгүй лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 189-192 дахь тал),

2.11. Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5-р багийн Засаг даргаас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргаж өгсөн гэх 17 хуудас бүхий иргэн М.Хн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019, 2020, 2021, 2022 онуудын тооллогын маягт (1 дэх хавтаст хэргийн 194-211 дэх тал),

2.12. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай М.Хг Мал эмнэлгийн үржлийн тасгийн даргар томилсон тушаал  (1 дэх хавтаст хэргийн 229 дэх тал),

2.13. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/100 дугаартай М.Хг Засаг даргын Тамгын газрын даргаар томилох тухай захирамж (1 дэх хавтаст хэргийн 230 дахь тал),

2.14. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай Б.Сыг тус сумын Засаг даргын Тамгын газрын хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаал  (1 дэх хавтаст хэргийн 240 дэх тал), 

2.15. Яллагдагч М.Хн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ер нь бол прокурорын тогтоол дээр маш тодорхой байна шүү дээ. Түүнийг дахин дахин хэлээд байх шаардлага байна уу?, би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. ...Би ноосны падааны жагсаалтыг үндэслээд шивдэг байсан.  Би эхнэр, хүү, ахын хүү ноос авч байсан ба падаан бичигдээд  ирэхээр нь шивээд явуулчихсан  ...Би Сд юм хэлээгүй. С нь яаж шивснийг мэдэхгүй, ирсэн падааныг шивсэн байх....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 193-195 дахь тал),

2.16. Яллагдагч Б.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний хувьд падааныг үндэслээд шивсэн маань одоо алдаа болж байна. Би үнэнээ хэлэхэд мал тооллогын А данстай тулгаагүй. Тулгасан бол одоо ийм зүйл болохгүй байсан. Тухайн үед программ хаагдах хугацаа тулчихсан байсан бөгөөд А данстай тулгаж байхаар падааныг үндэслээд шивчихье гээд шивсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 205-207 дахь тал),

2.17. Иргэний хариуцагч А.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өөрийнхөө нэр дээр мал тоолуулж байгаагүй, манай аавын нэр дээр мал байсан тухайн малыг 2021 онд бүгдийг нь зараад Толбо сумаас Өлгий сум руу нүүж ирсэн. Одоогоор Өлгий суманд амьдарч байна. ... Би энэ талаар мэдэхгүй. Миний данс руу мөнгө ороход бол ноос авах үеэр ажил хийсэн тэр мөнгө байх гэж ойлгосон. ... Би ноос цуглуулдаг л байсан гэхдээ 3 жил яг тухайн ноосны үйлдвэрт ажиллаагүй. ...Би төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 219-220 дахь тал),

2.18. Иргэний хариуцагч Ү.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өөрийнхөө нэр дээр огт мал тоолуулж байгаагүй. Манай хүү дээр бол байхгүй. Нөхрийн нэр дээр бол хэдэн толгой мал байдаг. Гэхдээ яг хэдэн толгой мал гэдгийг би мэдэхгүй. Би миний нэр дээр хонины тоо толгойг нэмэгдүүлснийг мэдэхгүй, данс руу мөнгө ороход бол манай нөхөр шилжүүлж байна л гэж ойлгосон...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 220-221 дэх тал),

2.19. Иргэний хариуцагч Х.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өөрийнхөө нэр дээр огт мал тоолуулж байгаагүй. Би өмнө нь ч гэсэн танд хэлсэн Би миний нэр дээр хонины тоо толгойг нэмэгдүүлснийг мэдэхгүй. ...Би шаардлагатай бол төлж болно...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 223-224 дэх тал),

2.20. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/1655 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2018-2020 онд ноосны урамшуулалд хамрагдсан зарим иргэдийн мэдээлэл (3 дахь хавтаст хэргийн 78-79 дэх тал),

2.21. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А-336 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А-186 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А-126 дугаартай 2018, 2019, 2020 онуудад хонь тэмээний ноос бэлтгэж тушаасан  малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгосон тушаалууд, тушаалын хавсралтууд (3 дахь хавтаст хэргийн 80-93 дахь тал),

2.22. Иргэн Ү.М, Х.Н, А.Т нарын иргэний үнэмлэхийн лавлагаанууд (3 дахь хавтаст хэргийн 106-109 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.23. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

Шүүгдэгч М.Хн талаар:

- Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 214 дэх тал),

-Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 216 дахь тал),

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 150 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 226 дахь тал),

Шүүгдэгч Б.Сы талаар:

-Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 134 дэх тал),

-Иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 136 дахь тал),

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 135 дахь тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 228 дахь тал) ,

Гэрч С.Хы мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн “...Миний аав Б.С нь тайван дөлгөөн зантай, архи, тамхи хэрэглэдэггүй, ажилдаа хянамгай, бусадтай сайхан харилцаатай. Бид эцэг эхээс дөрвүүлээ. Бүгд гэр бүл болоод өрх тусгаарласан. Одоогоор аав, ээж маань Толбо  сумын 5-р багт хоёулаа амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг  (1 дэх хавтаст хэргийн 214 дэх тал) зэрэг нотлох баримтууд  хэрэгт цугларсан  байна.

2.24. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1.  Шүүхийн хуралдааны үед шүүгдэгч М.Хн өмгөөлөгч Я.Сээс “шүүгдэгч М.Хн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа. Хэн нэгэнд үүрэг болгосон, хамаатан садны хүмүүст давуу байдал бий болгосон нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй. Шүүгдэгч М.Хн үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай тул хэргийг прокурорын шатанд буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй...” гэсэн агуулгатай,  шүүгдэгч Б.Сы өмгөөлөгч Х.Заас “иргэний хариуцагч нарт ноосны урамшуулал олгох шивэлтийг хийхдээ мал тооллогын А дансанд тулгалт хийгээгүй ба ноос олгох компанийн падааныг үндэслэн тухайн падаанд бичигдсэн малын тоо толгойгоор шивэлт хийж ноосны урамшуулал олгогдсон явдал нь хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөл байдал харагдаж байна. Энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна.” гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай мэтгэлцсэн болно.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.3. Харин мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний хариуцагч Ү.М, Х.Н нараас мэдүүлэг авахдаа Үндсэн хуульд баталгаажуулсан гэр бүлийн гишүүний /М.Х/ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг сануулж, мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж мэдүүлэг авсан учраас мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

3.4. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Малчин мал бүхий этгээд нь тухайн сумынхаа хөдөө аж ахуйн мэргэжилтэнд ноос тушаасан төлбөрийн баримтаа өгдөг. Баримтыг хүлээн авсан мэргэжилтэн аймаг дээрээ очиж ноос тушаасан малчдын нэгтгэл мэдээллийг ноосны урамшууллын программд шивж оруулдаг....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21-23 дахь тал),

- Гэрч Б.Етын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баян-Өлгий аймгийн хэмжээнд бол Керей үүлдрийн буюу ууцан сүүлт мах өөхний чиглэлийн хонь байгаа юм. Ер нь бол Керей үүлдрийн хонийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд цөм сүргийг үржүүлдэг. ...Керей үүлдрийн хониноос бүдүүн хуц-1,8 кг, төлгөн хуц-1,6 кг, эм хонь-1,3 кг, охин төлөг-1,1 кг ноос гарна гэж тооцдог. Үүнийг тооцсон журам гэж байхгүй. Үүнийг бол үүлдэр батлахдаа тухайн хонийг нэг бүрчлэн судалж үүлдэр угсааг бүртгэдэг бөгөөд ийнхүү үүлдэр бүртгэхдээ л ноосны гарцыг дээрх байдлаар тодорхойлсон байдаг. 1 хонийг 1,3 кг ноосоор тооцож, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 343 дугаар тогтоолын  1.2.2-т заасны дагуу 1500 төгрөгөөр тооцдог. Тус тогтоолд бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост болон бүдүүн ноост хонины нэгдүгээр зэргийн ноосонд гэхээр л манайх орчхоод байгаа юм. Ингээд бодохоор Баян-Өлгий аймгийн Керей үүлдрийн 1 хониноос 1,3кг х1500=1950 төгрөгөөр тооцдог. Ер нь бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Баян-Өлгий аймгийн малчдад ноосны урамшуулал олгохдоо 1,3 кг-аар тооцож урамшуулал олгодог.

...Тийм болохоор одоо яг хэдэн хониноос хэдэн кг тушаасан бэ гэдгийг тооцох хамгийн зөв арга бол малын А данстай нь тулгаж буюу нөгөө сумын Мал үржлийн тасгаас малын тоо толгойг бичиж явуулсан баримтыг л үндэслэж яам урамшуулал олгодог. Тэгэхээр дээрх тоог бодохдоо бол мөнгөн дүнг нь 1500 төгрөгт хуваахаар хэдэн толгой малтай байсан нь гарна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-34, 59-61 дэх тал),

- Гэрч Д.Екийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... М.Х бол малчин өрх биш мал бүхий иргэн гэж явдаг. М.Х нь 2022 онд 100 толгой хонь тоолуулж байсан. Ү.М, Х.Н нар нь 2022 онд мал тоолуулаагүй. ...2019 онд М.Х нь 110 хонь тоолуулсан. 2020 онд 100 хонь тус тус тоолуулсан байсан. Харин М, Н нарт мал тоолсон баримт байхгүй байсан. Тэгэхээр мал тоолуулаагүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал),

- Гэрч Х.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай “К” ХХК нь 2011 оноос хойш иргэдээс ноос авч эсгий үйлдвэрлэж байгаа. Ер нь бол Толбо сумын ноосыг голдуу авдаг юм. Ингээд ноос авч ирсэн иргэдийн ноосны жинг үзээд тухайн хүнд падаан бичиж өгөөд явуулдаг. Тухайн иргэн нь падаанаа аваад сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн дээр очоод үзүүлдэг. Падааныг мэргэжилтэн нь үзээд Малын А данс бүхий мал тооллогын баримттай тулгаж шалгаж мал тоолуулсан байвал бүртгэж аваад аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт илгээж аймгаас Хүнс, хөдөө аж ахуйн яам руу явуулж, улмаар яамнаас тухайн иргэнд ноосны урамшууллыг олгодог. Падааныг үндэслэж ноосны урамшуулал олгоно гэж хэзээ ч байхгүй. Ийм юм байдаггүй юм. Магадгүй та надад 1000 кг ноос авч ирээд өглөө гэхэд би падаан бичиж өгнө. Гэтэл тэр хүн хөдөө аж ахуйн мэргэжилтэн дээр очиж бүртгүүлэх ёстой. Мэргэжилтэн нь түүнийг А данстай тулгаад аймаг руу, аймаг яам руу л илгээх ёстой. Урамшуулал олгох эсэх асуудлыг бол сумын мэргэжилтэн анхан шатанд бүртгээд аймаг руу илгээдэг болохоор манай компанийн падаанаар ноосны урамшуулал авна гэж хэзээ ч байхгүй....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-49 дэх тал),

-Гэрч М.Ейн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... “К” ХХК нь ноос авдаг бөгөөд ноос тушаасан иргэдэд падаан бичээд өгдөг. Иргэд түүнийгээ сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэнд очиж бүртгүүлдэг. Тус мэргэжилтэн нь мал тооллогын баримттай тулгаад хэрэв малтай бол түүний судалгааг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар руу явуулж аймаг нь бүх сумдыг нэгтгээд Хүнс, хөдөө аж ахуйн яам руу илгээж улмаар яамнаас малтай болон мал бүхий иргэдэд л ноосны урамшуулал олгодог. Малгүй хүнд ноосны урамшуулал олгодоггүй байх гэж би ойлгодог. Манай компани падаан бичдэг компани болохоос урамшуулал олгодог урамшуулалд нөлөөлдөг компани биш. Манайд иргэд ноосоо авч ирж тушаасны үндсэн дээр тэдэнд падаан бичиж л өгдөг. Бид нар хэн нь малтай хэн нь мал бүхий иргэд бэ гэдгийг мэдэхгүй. Манайх ноос авч ирж өгсөн иргэдийн бүртгэл л хөтөлдөг өөр зүйл хөтөлдөггүй...

... Харин үүнийг сумын мал үржлийн тасгийн мэргэжилтэн рүү явуулаад тэр хүн малын тоо толгойтой нь тулгалт хийж шивэлт хийх үүрэгтэй. Би Х, М, Н, Т нарыг танина. Нэг сумын хүмүүс гэдгээр танина. Ямар нэгэн садан, төрлийн холбоо хамаарал байхгүй....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-52 дахь тал),

- К ХХК-нд ноос тушаасан гэх иргэдийн судалгаа (1 дэх хавтаст хэргийн 54-58 дахь тал),

-Иргэн М.Хн Х банкны ***** дугаартай, Ү.Мийн Х банкны ****** дугаартай, Х.Ны Х банкны ****** дугаартай, А.Ты  Х банкны ******* дугаартай депозит  дансны дэлгэрэнгүй хуулганууд (1 дэх хавтаст хэргийн 79-97, 98-116,117-119, 122-128, 148-156,162-169, 171-175, 180-187 дэх тал),

-Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн М.Х, Ү.М, Х.Н, А.Т нарын 2018-2022 онуудад тоолуулсан малын тооллогын дэлгэрэнгүй лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 189-192 дахь тал),

-Иргэн М.Хн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019, 2020, 2021, 2022 онуудын тооллогын маягт (1 дэх хавтаст хэргийн 194-211 дэх тал),

-Яллагдагч М.Хн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би ноосны падааны жагсаалтыг үндэслээд шивдэг байсан.  Би эхнэр, хүү, ахын хүү ноос авч байсан ба падаан бичигдээд  ирэхээр нь шивээд явуулчихсан....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 193-195 дахь тал),

- Яллагдагч Б.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний хувьд падааныг үндэслээд шивсэн маань одоо алдаа болж байна. Би үнэнээ хэлэхэд мал тооллогын А данстай тулгаагүй. Тулгасан бол одоо ийм зүйл болохгүй байсан. Тухайн үед программ хаагдах хугацаа тулчихсан байсан бөгөөд А данстай тулгаж байхаар падааныг үндэслээд шивчихье гээд шивсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 205-207 дахь тал),

-Иргэний хариуцагч А.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өөрийнхөө нэр дээр мал тоолуулж байгаагүй, манай аавын нэр дээр мал байсан тухайн малыг 2021 онд бүгдийг нь зараад Толбо сумаас Өлгий сум руу нүүж ирсэн. Одоогоор Өлгий суманд амьдарч байна. ... Би энэ талаар мэдэхгүй. Миний данс руу мөнгө ороход бол ноос авах үеэр ажил хийсэн тэр мөнгө байх гэж ойлгосон. ... Би ноос цуглуулдаг л байсан гэхдээ 3 жил яг тухайн ноосны үйлдвэрт ажиллаагүй. ...Би төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 219-220 дахь тал),

-Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/1655 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2018-2020 онд ноосны урамшуулалд хамрагдсан зарим иргэдийн мэдээлэл (3 дахь хавтаст хэргийн 78-79 дэх тал),

- Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А-336 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А-186 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А-126 дугаартай 2018, 2019, 2020 онуудад хонь тэмээний ноос бэлтгэж тушаасан  малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай тушаалууд,  тушаалын хавсралтууд (3 дахь хавтаст хэргийн 80-93 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг  тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

3.5. Шүүгдэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Мал, эмнэлгийн үржлийн тасаг, Хөдөө аж ахуйн тасгийн даргаар тус тус ажиллаж байх хугацаандаа тус сумын малчин, мал бүхий иргэдэд олгох хонины ноосны урамшууллын  2018, 2019 онуудын мэдээллийг нэгтгэж, цахим санд оруулж, баримтыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлснээр Мал хамгаалах сангаас шүүгдэгчид 2018 онд 538,000 төгрөг, 2019 онд  472,000 төгрөг, нийт  1,010,700 төгрөгийн, шүүгдэгчийн эхнэр Ү.Мэд 2018 онд 268,200 төгрөг, 2019 онд 405,000 төгрөг, нийт 673,200 төгрөгийн, шүүгдэгчийн хүү Х.Нд 2018 онд 427,500 төгрөг, 2019 онд 405,000 төгрөг, нийт 832,500 төгрөгийн, шүүгдэгчийн төрсөн ахынхан хүүхэд А.Тд 2018 онд 427,500 төгрөг, 2019 онд 405,000 төгрөг, нийт 832,200 төгрөгийн хонины ноос бэлтгэж тушаасны мөнгөн урамшуулал тус тус олгогджээ.

3.6. 2020 оны Толбо сумын хонины ноосны урамшуулал авах иргэдийн мэдээллийг нэгтгэж, ноос тушаасан малчин, мал бүхий иргэдийн падааныг аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргэх ажлыг сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.С хариуцаж, иргэдийн мэдээллийг цахим санд оруулж, холбогдох баримтуудыг хүргүүлснээр иргэн Ү.Мэд 499,500 төгрөгийн, иргэн Х.Нд 654,750 төгрөгийн, иргэн А.Тд 762,750 төгрөгийн хонины ноосны урамшуулал тус тус  ологдсон байжээ. (1 дэх хавтаст хэргийн 194-211 дэх тал),

3.7. Жилийн эцсийн мал тооллогоор шүүгдэгч М.Хн нэр дээр 2018 онд  100 толгой хонь, 2019 онд 110 толгой хонь, 2020 онд 100 толгой хонь тоологдсон бол Ү.М, Х.Н нарын нэр дээр 2018, 2019, 2020 онуудад мал тоологдоогүй, иргэн А.Ты нэр дээр 2020 онд 5 хонь тоологдож, 2018, 2019 онуудад мал тоологдоогүй байна.  (3 дахь хавтаст хэргийн 194-211 дэх тал),

3.8. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 122 дугаар   тогтоолын хавсралтаар батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.2, 1.2.1, 1.2.2-т зааснаар боловсруулах үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчинд өмнөх жилийн эцсийн мал тооллогын А данс дахь малын тоо, үүлдэрлэг байдал, ашиг шим, ноосны чанараас хамааран нарийн, нарийвтар болон зарим бүс нутагт үржүүлж байгаа цөм сүргийн бүдүүвтэр ноост хонины ноос, тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөг, нэрлэн заасан бүс нутгаас бусад бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост болон бүдүүн ноост хонины ноосны кг тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгож байжээ. (1 дэх  хавтаст хэргийн 63-75 дахь тал)

3.9. Улмаар  Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 343 дугаар тогтоолын хавсралтаар “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталж, уг журмын 1.2, 1.2.1, 1.2.2-т зааснаар нарийн, нарийвтар болон зарим бүс нутагт үржүүлж байгаа цөм сүргийн бүдүүвтэр ноост хонины хэвийн үргэлж нэгдүгээр зэргийн ноос болон тэмээний эм ноосны кг тутамд 2000 төгрөг, нэрлэн заасан бүс нутгаас бусад бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост болон бүдүүн ноост хонины  MNS 0033:2007 стандартын шаардлагыг хангасан хэвийн үргэлж нэгдүгээр зэргийн ноосны кг тутамд 1500 төгрөгийн урамшуулал олгохоор заажээ. (1 дэх  хавтаст хэргийн 244-247 дахь тал)

3.10. Гэрч Б.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, “Керей” үүлдрийн  хонины мэдээлэл, ууцан сүүлт хонины цөм сүргийн босго үзүүлэлтүүдээс үзэхэд Баян-Өлгий аймгийн малчид керей үүлдрийн хонийг зонхилон үржүүлдэг бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус аймгийн малчдад ноосны урамшуулал олгохдоо 1 кг ноосыг 2019 он хүртэл 1000 төгрөгөөр үнэлж, 1 хонины ноосыг дунжаар 1,3 кг-аар тооцоолж 1300 төгрөг, 2019 оноос хойш  1 кг ноосыг 1500 төгрөгөөр үнэлж 1950 төгрөгийг тус тус олгодог байжээ. (1 дэх хавтаст хэргийн 32-34, 59-61, 70-76 дахь тал)

3.11. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд  шүүгдэгч М.Х нь 2018, 2019 онуудад Толбо сумын малчин, мал бүхий иргэдийн бэлтгэж тушаасан ноосны падааныг нэгтгэж, мэдээллийг цахим санд оруулснаар шүүгдэгч болон түүний эхнэр буюу иргэний хариуцагч Ү.М, төрсөн хүү Х.Н, төрсөн ахынхан хүүхэд А.Т нар нь нийт 1928 толгой хонины 3,002,500 төгрөгийн ноосны урамшууллыг илүү авсан үйл баримт нь тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч М.Х нь жилийн эцсийн мал тооллогоор 1) 2018 онд 100 хонь тоолуулж 130,000 төгрөг /1хонины урамшуулал 1300 төгрөг х 100хонь = 130,000 төгрөг/,  2) 2019 онд 110 хонь тоолуулж  214,500 төгрөгийн /1хонины урамшуулал 1950 төгрөг х 110 хонь = 214,500 төгрөг/ ноосны урамшуулал тус тус авах ёстой байтал 2018 онд 313 хонины 406,900  төгрөгийн /406,900 төгрөг : 1хонины  урамшуулал 1300 төгрөг =313 хонь/, 2019 онд 132 хонины 257,500 төгрөгийн /257,500 төгрөг : 1 хонины урамшуулал 1950 төгрөг =132 хонь/, нийт  445 толгой хонины 664,300 төгрөгийн урамшууллыг,

2. Иргэний хариуцагч Ү.Мийн  нэр дээр 2018, 2019  онуудад мал тоологдоогүй, ноосны урамшуулал олгогдох ёсгүй байтал 1) 2018 онд 206 хонины 268,200 төгрөгийн  /268,200 төгрөг : 1 хонины урамшуулал 1300 төгрөг =206 хонь/, 2) 2019 онд 207 хонины 405,000 төгрөг /405,000 төгрөг : 1хонины урамшуулал 1950 төгрөг =207 хонь/, нийт 413 хонины 673,200 төгрөгийн,

3. Иргэний хариуцагч Х.Ны нэр дээр 2018, 2019  онуудад мал тоологдоогүй, ноосны урамшуулал олгогдох ёсгүй байтал тэрээр 1) 2018 онд 328 хоньд олгогдох 427,500 төгрөг /427,500 төгрөг : 1хонины урамшуулал 1300 төгрөг =328 хонь/, 2) 2019 онд 207 хонины 405,000 төгрөг /405,000 төгрөг : 1 хонины урамшуулал 1950 төгрөг =207 хонь/, нийт 535 хонины  832,500 төгрөгийн,

4.  Иргэний хариуцагч А.Ты нэр дээр 2018, 2019  онуудад мал тоологдоогүй ноосны урамшуулал олгогдох ёсгүй байтал тэрээр 1) 2018 онд 328 хонины 427,500 төгрөгийн /427,500 төгрөг:1 хонины урамшуулал 1300 төгрөг =328 хонь/, 2) 2019 онд 207 хонины 405,000 төгрөг /405,000 төгрөг:1 хонины урамшуулал 1950 төгрөг =207 хонь/, нийт 535 хонины 832,500 төгрөгийн ноосны урамшууллыг илүү авсан байжээ.

5. Мөн шүүгдэгч Б.С нь 2020 оны Толбо сумын малчин, мал бүхий иргэдийн бэлтгэж тушаасан ноосны падааныг нэгтгэж, мэдээллийг цахим санд оруулснаар иргэний хариуцагч Ү.М, Х.Н, А.Т нар нь нийт  977 хонины 1,907,250 төгрөгийн ноосны урамшууллыг илүү авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Тухайлбал, иргэний хариуцагч Ү.М, Х.Н нар нь жилийн эцсээр мал тоолуулаагүй, ноосны урамшуулал авах ёсгүй мөртлөө иргэний хариуцагч Ү.М нь 2020 онд 256 хонины 499,500 төгрөгийн /499,500 төгрөг : 1хонины урамшуулал 1950 төгрөг =207 хонь/, иргэний хариуцагч Х.Н 335 хонины 654,750 төгрөгийн /654,750 төгрөг : 1хонины урамшуулал 1950 төгрөг =335 хонь/, иргэний хариуцагч А.Т жилийн эцсээр 5 хонь тоолуулж 9,750 төгрөгийн /1 хонины урамшуулал 1950 төгрөг х 5 хонь=9750 төгрөг/ ноосны урамшуулал авах байтал 386 хонины 753,000 /753,000 төгрөг: 1 хонины урамшуулал 1950 төгрөг =386 хонь/ төгрөгийн хонины ноосны урамшууллыг тус тус авсан байжээ.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.

          4.2. Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэг хамаарах бол “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөө зэргийг хамааруулдаг байна.

          4.3. “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх  зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж тус  тус хуульчилжээ.

4.4. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1-д “доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заасан байна.

4.5. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна:” гэж, мөн зүйлийн 12.1.7 дахь  заалтад “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал”, 12.1.10 дахь заалтад “хуульд заасан бусад албан тушаал.” гэж төрийн захиргааны албад хамаарах албан тушаалыг нэрлэж заажээ.

4.6. Шүүгдэгч М.Х нь 2011 оноос тус аймгийн Толбо сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар, 2016 оноос сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн даргын албан тушаалыг хашиж байгаад  2020 оноос  сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилогдсон нь  Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2020 оны Б/100 дугаартай захирамж, сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 02 дугаартай тушаал, төрийн албан хаагчийн анкет, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,  шүүгдэгч Б.С нь  2019 оноос Толбо сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа нь  сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны Б/05 дугаартай тушаал зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 229-230, 240, 2 дахь хавтаст хэргийн 100 дахь тал),

4.7. Дээрхээс үзэхэд шүүгдэгч М.Х, Б.С нарын гэмт хэрэгт холбогдох үед эрхэлж байсан сумын Засаг даргын Тамгын газрын тасгийн дарга,  мэргэжилтний албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд  хамаарч байх тул шүүгдэгч нарыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан буюу мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

4.8. Нийтийн  албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд  үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг онцлогтой.

4.9. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.” 6.3 дахь хэсэгт “албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”,  6.4 дэх хэсэгт “албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.” гэж тус тус нийтийн албан тушаалтны үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тодорхойлжээ.

4.10. Хэрэг, учрал болсон гэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 122 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын 3.4 дэх заалтад “боловсруулах үйлдвэрийн төлөөлөгч нь малчнаас ноос худалдаж авахдаа баримтыг завсаргүйгээр 3 хувь үнэн зөв үйлдэж, энэ журмын 3.2-т заасан дансны талаарх мэдээллийг малчнаар бичүүлэн 2 хувийг малчинд өгч, 1 хувийг өөртөө үлдээнэ”, 3.5 дахь заалтад “малчин урамшуулалд хамрагдах хүсэлт гаргахдаа энэ журмын 3.4-т заасан баримтын хувийг хавсарган мал сүргийн эрүүл мэндийн гэрчилгээний хамт сум, дүүргийн Мал эмнэлэг, үржлийн тасагт хүргүүлнэ.”, 3.6 дахь заалтад “Энэ журмын 1.3, 2.1-д заасан шаардлагыг хангаагүй эсхүл материал хүлээн авах, хугацаанаас хоцроосон, буруу ташаа мэдээлэл ирүүлсэн, материалыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй, баримт бичиг нь засвартай бол сум, дүүргийн Мал эмнэлэг, үржлийн тасаг материалыг хүлээн авахаас татгалзаж буцаана.” гэж, 3.7 дахь заалтад “Сум, дүүргийн Мал эмнэлэг, үржлийн тасаг энэ журмын 3.5-д заасан хүсэлтийг хүлээн авч, малчны нэр, хаяг, малын тоо, тушаасан ноосны хэмжээ, төрөл болон мал сүргээ мөн журмын 2.1.1-д заасан арга хэмжээнд хамруулсан талаарх анхан шатны баримтыг магадлан хянаж, жагсаалт үйлдэн сум, дүүргийн Засаг даргаар баталгаажуулах бөгөөд холбогдох материалын хамт аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага (цаашид “хөдөө аж ахуйн газар” гэх)-д жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор хүргүүлнэ.” гэж тус тус заасан байна.  (1 дэх  хавтаст хэргийн 64-69 дэх тал), 

4.11. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 343 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.10, 2.16, 2.17 дахь заалтад  төлөөлөгч нь малчнаас ноос худалдаж авахдаа баримтыг засваргүйгээр 3 хувь үнэн зөв үйлдэж, 2 хувийг малчинд өгснөөр тухайн баримтыг малчин мал сүргийн эрүүл болохыг баталгаажуулсан мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тодорхойлолтын хамт сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх ба Хөдөө аж ахуйн тасаг нь баримт, тодорхойлолтыг хүлээн авч малчны овог нэр, хаяг, малын тоо, тушаасан ноосны хэмжээ зэргийг магадлан хянаж, жагсаалт үйлдэн сум, дүүргийн Засаг даргаар баталгаажуулан мэдээллийг 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор урамшууллын цахим системд үнэн зөв оруулан, анхан шатны баримт, тайлан, нэгдсэн жагсаалтын хамт аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлэх бөгөөд ингэхдээ Хөдөө аж ахуйн тасаг нь журмын 1.3-т заасан үйлдвэрт ноосоо нийлүүлээгүй, 2.4-т заасан үйлдвэрийн жагсаалтад багтаагүй, мөн 2.13-т заасан шаардлагыг хангаагүй эсхүл материал хүлээн авах хугацаанаас хоцроосон, буруу ташаа мэдээлэл ирүүлсэн, материалыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй болон баримт бичиг нь засвартай тохиолдолд материалыг хүлээн авахаас татгалзаж буцаахаар заасан байна.  (1 дэх  хавтаст хэргийн 244-247 дахь тал),

4.12. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны Толбо сумын малчин, мал бүхий иргэдийн бэлтгэж тушаасан ноосны падааныг нэгтгэж, мэдээллийг цахим санд шүүгдэгч Б.С оруулснаар иргэний хариуцагч Ү.М тухайн онд 256 хонины 499,500 төгрөгийн, иргэний хариуцагч Х.Н 335 хонины 654,750 төгрөгийн, иргэний хариуцагч А.Т нь 386 хонины 753,000  төгрөгийн хонины ноосны урамшууллыг тус тус илүү авсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримттай шүүгдэгч Б.С нь маргаагүй боловч шүүх хуралдааны явцад  “шүүгдэгч М.Хн ах нь нас барьсан гээд Казахстан Улсад явсан тул би падааныг нааж, жагсаалтыг нь гаргаж шивэлтийг нь шивж тус баримтыг тушаасан. Мал тооллогын А данс төрийн нууцад хамаардаг тул бидэнд байдаггүй. Ноос, ноолуурын урамшуулал олгох падааныг хянаагүй нь миний алдаа байсан. Надад хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго байгаагүй. Иргэний хариуцагч Ү.Мийг танина. Бусад иргэний хариуцагч нарыг танихгүй.” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдон тогтоогдоогүй, зөвхөн малын А данстай тулгахгүйгээр падааныг үндэслэж цахим санд мэдээлэл оруулж, ажилдаа хайнга хандсан болохоос эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй, түүний үйлдэл нь хайнга хандах гэмт хэргийн шинжийг түлхүү агуулж байна гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргасан болно.

4.13. Шүүгдэгч М.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт “2020 оны 9 дүгээр сард Казахстан Улсад амьдардаг ахын маань бие муудаж, нас барьсан тул ажлаа шүүгдэгч Б.Сд үлдээгээд явсан” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч нарын мэдүүлгийг харьцуулж үзэхэд шүүгдэгч М.Х нь ах нь нас барсан гэх шалтгаанаар гадагш явахдаа ноосны урамшууллын материалыг бүрдүүлж өгөх, цахим санд оруулах ажлыг шүүгдэгч Б.Сд хариуцуулж үлдээжээ.

4.14. Улсын яллагчийн яллах талын нотлох баримтаар шинжлэн судлуулсан гэрч Б.Ерболат, Д.Ерланбек, Х.Ханат, М.Ергаж, яллагдагч М.Х, Б.С нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 32-34, 59-61, 35-36, 47-49, 50-52 дэх тал), К ХХК-нд ноос тушаасан гэх иргэдийн судалгаа (1 дэх хавтаст хэргийн 54-58 дахь тал), шүүгдэгч М.Х, иргэний хариуцагч Ү.М, Х.Н, А.Т нарын дансны хуулганууд (1 дэх хавтаст хэргийн 79-128,  162-169,  171-175, 180-187 дахь тал), 2018-2020 онд ноосны урамшуулалд хамрагдсан зарим иргэдийн мэдээлэл (3 дахь хавтаст хэргийн 78-79 дэх тал), Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018, 2019, 2020 онуудад хонь тэмээний ноос бэлтгэж тушаасан  малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгосон тушаалууд зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Б.С нь иргэний хариуцагч нарт эдийн засгийн давуу байдал бий болгож, ноосны урамшууллыг олгуулахын тулд зориуд ноосны падааныг хянахгүй байж, жилийн эцсийн малын А данстай тулгахгүйгээр цахим санд мэдээлэл оруулсан, эсхүл шүүгдэгч М.Хн захиас, даалгавраар нэр бүхий иргэний хариуцагч нарын  тушаасан гэх ноосны мэдээллийг илүү бичсэн, ноосны падааныг засварлаж хонины тоо, ноосны хэмжээг нэмэгдүүлсэн, зохиомол мэдээлэл оруулсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

4.15. Шүүгдэгч Б.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлгээс үзэхэд тэрээр 2020 оны Толбо сумын малчин, мал бүхий иргэдийн бэлтгэж тушаасан ноосны падааныг нэгтгэхдээ  сумын ноос тушаасан иргэдийн падааныг малын А данстай тулгаж хянахгүйгээр цахим санд оруулсан байх ба малчны малын тоо, тушаасан ноосны хэмжээ зэргийг магадлан хянаж, мэдээллийг цахим системд үнэн зөв оруулах, журамд заасны дагуу хянах үүргээ хэрэгжүүлээгүй буюу албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүрэгтэй хайнга хандсаны улмаас иргэний хариуцагч Ү.М, Х.Н, А.Т нарт 1,907,250 төгрөгийн ноосны урамшуулал олгогдсон гэж үзэхээр байна.

Тодруулбал, шүүгдэгчийг санаатайгаар, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор иргэний хариуцагч  Ү.М, Х.Н, А.Т нарыг ноосны урамшуулалд хамруулахын тулд жилийн эцсээр мал тоолуулаагүй гэдгийг мэдсээр байж анхан шатны баримтыг засах, хонины толгой, ноосны хэмжээг нэмэгдүүлэх, зохиомлоор илүү бичих зэрэг идэвхтэй үйлдэл хийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

4.16. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, албан ажилдаа хувийн сонирхлоор хандаж,  ноосны падааныг зориуд хянахгүй, малын А данстай тулгахгүй байж иргэний хариуцагч нарт давуу байдал бий болгож тэдгээрийг ноосны урамшуулалд хамруулъя гэсэн субьектив санаа, сэдэлттэй байсан нь тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3- дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдал нь улсын яллагчийн шинжлэн судлуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй болно.

4.17. Шүүгдэгч Б.С нь дээрх журмын дагуу малчин, мал бүхий иргэдийн бүрдүүлсэн баримт бичгийг магадлан хянаж, жилийн эцсийн мал тооллогын А данстай тулгаж, цахим системд үнэн зөв оруулах үүргээ биелүүлээгүйгээс  хэн нэгэнд хохирол учрах боломжтойг мэдэх боломжтой байсан ч энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас Мал хамгаалах санд хохирол учирсан байх бөгөөд  тэрээр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор зориудаар магадлан хянах үүргээ хэрэгжүүлэхгүй байж иргэний хариуцагч нарыг ноосны урамшуулалд хамруулах санаа, зорилготой байсан нь нотлогдоогүй учраас түүний үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж дүгнэлээ.

4.18. Мөн шүүгдэгч Б.Сы үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учраагүй учраас түүний өмгөөлөгчийн гаргасан хайнга хандах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

4.19. Иймээс прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

4.20. Харин шүүгдэгч М.Х нь Толбо сумын Засаг даргын тамгын  газрын Мал эмнэлэг, үржлийн тасаг, Хөдөө аж ахуйн тасгийн даргын албан тушаалыг хашиж, сумын 2018, 2019 онуудын хонины ноос бэлтгэж тушаасан малчин, мал бүхий иргэдийн ноосны мэдээллийг цахим санд оруулж, холбогдох баримтуудыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлэхдээ  өөрийнхөө нэр дээр 2018 онд 100 хонь, 2019 онд 110 хонь тоолуулсан, эхнэр Ү.М, хүү Х.Нурхулан, төрсөн ахынхаа хүү А.Т нар нь мал тоолуулаагүй гэдгийг мэдсээр байж ноосны урамшууллын цахим санд зохиомол мэдээлэл оруулж, урамшуулал авах нөхцөлийг бүрдүүлснээр өөрөө 2018, 2019 онуудад нийт  445 хонины 664,300 төгрөгийн, иргэний хариуцагч Ү.М нийт 413 хонины 673,200 төгрөгийн, иргэний хариуцагч Х.Н нийт 535 хонины 832,500 төгрөгийн, иргэний хариуцагч А.Т  нийт 535 хонины 832,500 төгрөгийн ноосны урамшууллыг тус тус авсан нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон учраас шүүгдэгчийг нийтийн албан тушаалтны хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1, 6.3 дахь хэсэг,  Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын 3.6, 3.7 дахь заалтад заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн ашигтай, давуу байдал бий болгосон гэж үзнэ.

Тодруулбал, шүүгдэгч нь ноосны урамшуулалд хамрагдах малчин, мал бүхий иргэдийн бүрдүүлсэн анхан шатны баримтыг магадлан хянаж, жагсаалт үйлдэн сум, дүүргийн Засаг даргаар баталгаажуулан, ноосны урамшууллын цахим санд оруулах үүргээ биелүүлэхдээ албан тушаалын  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг буюу ноосны хэмжээг илүү оруулж, өөртөө болон гэр бүлийн гишүүд, ахынхаа хүүхдэд урамшуулал олгогдох нөхцөлийг бүрдүүлэх, авах ёсгүй ноосны урамшууллыг авах  хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх  зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг  хийж өөртөө болон эхнэр, хүү,  дүүдээ давуу байдал бий болгосон байна.

4.21. Шүүгдэгч М.Хн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь албаны үүргээ биелүүлэхдээ падааныг нягтлан хянаж оруулах үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хайнга хандах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж улсын яллагчтай мэтгэлцсэн боловч шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал нь  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэлээ. Учир нь хайнга хандах гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон  албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол” гэж хуульчилсан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нийтийн албан тушаалтан М.Хн ноос тушаасан малчин, мал бүхий иргэдийн мэдээллийг цахим санд оруулж, холбогдох анхан шатны баримтуудыг хүргүүлэх албан үүрэг, бүрэн эрхээ ашиглаж өөртөө болон гэр бүлийн гишүүн, дүү нарт 3,002,500 төгрөгийн ноосны урамшуулал олгогдох нөхцөлийг бүрдүүлж эдийн засгийн ашигтай байдал бий болгож,  Мал хамгаалах санд  3,002,500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх шинжийг хангасан гэж дүгнэлээ.

4.22. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Х нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, түүнд холбогдох хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.

          4.23. Шүүгдэгч М.Хн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал ноосны урамшуулал авах зорилгоор гэмт санаагаа хэрэгжүүлсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

          4.24. Иймд шүүгдэгч М.Хг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед "... Малгүй иргэд урамшуулал авах ёсгүй. Авсан тохиолдолд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нэхэмжилнэ...” гэж мэдүүлжээ. (1 дэх хавтаст хэргийн 21-23 дахь тал),

5.2. Шүүгдэгч М.Хн үйлдсэн гэмт хэргийн улмаас Мал хамгаалах санд 3,002,500 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдон тогтоогджээ.

5.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж тус тус хуульчилжээ.

5.4.  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх бөгөөд ингэхдээ гэм хор учруулсан этгээд төдийгүй гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээдээс нэгэн адил хохирлыг гаргуулах нь  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

5.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар иргэний хариуцагч Ү.М, Х.Н, А.Т нарын дансанд ноосны урамшуулал орсон нөхцөл байдал тогтоогдсон учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Хаас 664,300 төгрөг, иргэний хариуцагч Ү.Мээс 673,200 төгрөг, иргэний хариуцагч Х.Наас 832,500 төгрөг, иргэний хариуцагч А.Таас 832,500 төгрөгийг тус тус гаргуулж Мал хамгаалах санд олгож шийдвэрлэлээ.  

5.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн  2.2 дахь заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цагаатгагдсан этгээд Б.Саас нэхэмжилсэн 1,907,200 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч М.Хг шүүхээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Х нь ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тогтмол орлоготой, төрийн байгууллагад олон жил ажилласан, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч, гэмт  хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг  нөхцөл байдал тус тус  тогтоогдож байна.  (1 дэх хавтаст хэргийн 214-216 , 150, 3 дахь хавтаст хэргийн 226 дахь тал),

2.4. Шүүгдэгч М.Хн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт  хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.5. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд талууд дараах дүгнэлтийг гаргав. Үүнд:

-Улсын яллагчаас “шүүгдэгч М.Хн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, шинж, гэмт хэргийн учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Хохирол 664,300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргаж байна. Энэхүү хэргийн улмаас цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй...” гэсэн агуулгатай дүгнэлтийг,

-шүүгдэгч М.Хн өмгөөлөгч Я.Сээс “...шүүгдэгч 58 настай, 2 жилийн дараа өндөр насны тэтгэвэрт гарна. Хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000 төгрөгийн торгох ял оногдуулж, тус торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд зааж өгөхийг хүсэж байна...” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж тус тус хуульчилжээ.

2.7. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, ялын төрлөөс торгох ялыг хасаж хуульчилсан байна.

2.8. Иймээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан  хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хуульчилсан байна.

2.10. Шүүх  шүүгдэгч М.Хн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, төрийн албанд олон жил ажилласан, 58 настай гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

2.11. Мөн шүүгдэгчийн орлого олох боломж, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.Хд сануулж шийдвэрлэлээ.

2.13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Гурав. Бусад асуудлын талаар

3.1. Цагаатгагдсан этгээд, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, цагаатгасан этгээд Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч М.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. 2313000950161 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мн Х, Бан С нарт холбогдох 2313000950161 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Бйн Сд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд Б.Сд холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Шүүгдэгч Б ургийн овгийн Мйн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн  гэмт буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М Хн нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 (есөн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.Хд сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Цагаатгагдсан этгээд Б.С, шүүгдэгч М.Х нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, цагаатгагдсан этгээдэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Хаас 664,300 (зургаан зуун жаран дөрвөн мянга гурван зуу) төгрөг, иргэний хариуцагч Ү.Мээс 673,200 (зургаан зуун далан гурван мянга хоёр зуу) төгрөг, иргэний хариуцагч Х.Наас 832,500 (найман зуун гучин хоёр мянга таван зуу) төгрөг, иргэний хариуцагч А.Таас 832,500 (найман зуун гучин хоёр мянга таван зуу) төгрөгийг тус тус гаргуулж Мал хамгаалах санд (Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам) олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт тус тус зааснаар  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 1,907,200 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

11. Цагаатгагдсан этгээд  Б.С нь хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, 2313000950161 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12.  Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ө.Б