| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0194/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/186 |
| Огноо | 2023-10-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Дорждэрэм |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/186
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,
хохирогч Ш.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч К.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Кийн Жад холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овогт Кын Ж, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн амьдардаг, Б аймгийн Ө сумын 04 дүгээр багт оршин суудаг, урьд нь Б аймаг дахь Сум дундын шүүхийн:
(1) 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
(2) 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б аймгийн Сум дундын шүүхийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,
(3) 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,
(4) 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ял,
(5) 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 00000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял,
Сум дундын 2 дугаар шүүхийн:
(6) 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 00000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял,
Х дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн:
(7) 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 00000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял,
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн:
(8) 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0000000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж байсан, РД:00000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч К.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 00 цагаас 04 цагийн хооронд Б аймгийн Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн Ш.Бийн өмчлөлийн “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, бэлэн 170.000 төгрөг, “Кастр-5” тамхи 12 хайрцаг, “Кастр-3” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Mevius” хөх тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Mevius” улаан тамхи 2 бодол, 4 хайрцаг буюу 24 хайрцаг, “Ессе чэнж” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Ессе” ногоон тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Улаан шонхор” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “LD” тамхи 10 хайрцаг, “Болор” 0.75 литрийн архи 4 ширхэг, “Алтан түрүү” 0.75 литрийн архи 1 ширхэг, “Arkhi” 0,75 литрийн архи 1 ширхэг, “Ерөөл” 0.5 литрийн архи 1 ширхэг, ууттай шоколад 6 боодол, тамхины асаагуур 1 ширхэг, ментос бохь 2 хайрцаг, шилтэй огурцы 1 ширхэг, барааны сагс 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 904.100 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг, яллах, өмгөөлөх талын дүгнэлт.
1.1. Шүүгдэгч К.Ж мэдүүлэхдээ: “...би гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй” гэв.
1.2. Хохирогч Ш.Б мэдүүлэхдээ: “...Миний хохирлыг барагдуулж өгвөл гомдол санал байхгүй. Хяналтын камерын цаг нь Улаанбаатар хотын цаг дээр байдаг” гэв.
1.3. Улсын яллагчаас “шүүгдэгч К.Жын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,
1.4. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “нотлох баримтуудаар шүүгдэгч К.Жыг тухайн цаг хугацаанд дэлгүүрт орсон эсэхийг бүрэн нотолж чадаагүй. Түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.2. Б аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа А.Е, Д.Е нарын илтгэх хуудас /хавтаст хэргийн 05 дахь тал/,
2.3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-11 дэх тал/,
2.4. “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэгүүд /хавтаст хэргийн 12-13 дахь тал, СД бичлэг/,
2.5. Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 01/185 дугаартай албан бичиг, хавсралтаар гаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-26 дахь тал/,
2.6. Мөрдөгчөөс хохирогч Ш.Бийн өмчлөлийн “Т” нэртэй дэлгүүрийн байршлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
2.7. Хохирогч Ш.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 45 дахь тал/,
2.8. Гэрч Ж.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
2.9. Шинжээч “А” ХХК-ны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-23-0055 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 54-58 дахь тал/,
2.10. Шүүгдэгч К.Жын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч К.Жын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
3.1. Хэргийн үйл баримт
Шүүгдэгч К.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 00 цагаас 04 цагийн хооронд Б аймгийн Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн Ш.Бийн өмчлөлийн “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, бэлэн 170.000 төгрөг, “Кастр-5” тамхи 12 хайрцаг, “Кастр-3” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Mevius” хөх тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Mevius” улаан тамхи 2 бодол, 4 хайрцаг буюу 24 хайрцаг, “Ессе чэнж” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Ессе” ногоон тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Улаан шонхор” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “LD” тамхи 10 хайрцаг, “Болор” 0.75 литрийн архи 4 ширхэг, “Алтан түрүү” 0.75 литрийн архи 1 ширхэг, “Arkhi” 0,75 литрийн архи 1 ширхэг, “Ерөөл” 0.5 литрийн архи 1 ширхэг, ууттай шоколад 6 боодол, тамхины асаагуур 1 ширхэг, ментос бохь 2 хайрцаг, шилтэй огурцы 1 ширхэг, барааны сагс 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 904.100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн Ш.Бээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,
3.1.2. Б аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа А.Е, Д.Е нарын илтгэх хуудас /хавтаст хэргийн 05 дахь тал/,
3.1.3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-11 дэх тал/,
3.1.4. “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэгүүд /хавтаст хэргийн 12-13 дахь тал, СД бичлэг/,
3.1.5. Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 01/185 дугаартай албан бичиг, хавсралтаар гаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-26 дахь тал/,
3.1.6. Хохирогч Ш.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Т” гэх супермаркет ажиллуулдаг ба хоёр давхарт нь өөрсдөө амьдардаг юм.
2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 07 цаг 30 минутын үед манай хүү Б.Т намайг сэрээж “би хичээлд явахаар босож дэлгүүрээс нойтон салфетка авахаар ороход дэлгүүрийн хаалга нь онгорхой байна” гэж надад хэлсэн юм. Тэгээд би дэлгүүр лүү очиж үзэхэд хаалга нь онгорхой байхаар дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд 04 цагийн үед хүн орж эд зүйл авсан бичлэг байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай дэлгүүрийн гадна үүд хэсэг рүү харсан 1 ширхэг, дотор талд 4 ширхэг хяналтын камер байдаг. Манай дэлгүүрийн хаалга болон цонх бүрэн бүтэн ямар нэгэн эвдэрсэн, хагалсан зүйлгүй байлаа.
...Манай дэлгүүрээс мөнгө хийж тавьдаг хайрцаг дотор байсан задгай мөнгөнөөс 170.000 төгрөг, “Кастр-5” тамхи 12 хайрцаг, “Кастр-3” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Mevius” хөх тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Mevius” улаан тамхи 2 бодол, 4 хайрцаг буюу 24 хайрцаг, “Ессе чэнж” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Ессе” ногоон тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Улаан шонхор” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “LD” тамхи 10 хайрцаг, “Болор” 0.75 литрийн архи 4 ширхэг, “Алтан түрүү” 0.75 литрийн архи 1 ширхэг, “Arkhi” 0,75 литрийн архи 1 ширхэг, “Ерөөл” 0.5 литрийн архи 1 ширхэг, ууттай шоколад 6 боодол, тамхины асаагуур 1 ширхэг, ментос бохь 2 хайрцаг, шилтэй огурцы 1 ширхэг, барааны сагс 2 ширхэг алдагдсан болно.
...хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгийг үзэхэд дэлгүүрт хулгайгаар орсон хүн бол манай багийн иргэн Кын Ж гэх залуу мөн байсан ба уг залууг сайн таньдаг учраас анх хараад шууд таньсан.
...К.Ж нь манай дэлгүүрийн хяналтын камерт тод бичигдсэн бөгөөд хаалгаар орж ирээд мөнгө авч байсан бичлэгт бичигдсэн царай зүс болон биеийн хэлбэр, явсан хөдөлгөөн зэрэг шинж тэмдгээр шууд таньж байгаа болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 45 дахь тал/,
3.1.7. Гэрч Ж.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт техник хяналтын ажилтнаар ажилладаг, Кийн Ж гэх хүнийг маш сайн таньдаг бөгөөд Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0000000000дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, тус аймгийн Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосон шийдвэрийн дагуу хяналт тавьдаг учраас таньдаг.
Тус аймагт зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн К.Жыг миний бие хариуцаж тухайн үеийн маршрутыг хянаж суудаг.
...К.Жын тухайн өдрүүдэд явсан маршрутыг танай байгууллагад гаргаж өгсөн. Ялтан К.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гараагүй бөгөөд тухайн үеийн маршрутыг үзэхэд Ө сумын 04 дүгээр багт байрлах “Т” супермаркетад очсон бөгөөд дэлгүүрийн 10-15 метрийн зайд очсоныг цахим хяналтын системээс тогтоосон.
“Т” супермаркетын хяналтын камераас хурааж авсан гэх бичлэгийг үзэхэд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтан Кын Ж мөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд сард 2-оос доошгүй удаа биечилсэн хяналт тавьж ажиллана гэсэн заалтын дагуу ялтан К.Жтай сард 1-2 удаа заавал биечлэн уулзаж хяналт тавьдаг. Тийм учраас К.Ж гэдгийг бичлэгээс нэг л удаа хараад түүний шар царай болон монхор хамар, явдал, биеийн хэлбэрээс шууд таньсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
3.1.8. Шинжээч “А” ХХК-ны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-23-0055 дугаартай “...“Кастр-5” 1 хайрцаг тамхи 5.400 төгрөг, “Кастр-3” 1 хайрцаг тамхи 4.800 төгрөг, “Mevius” хөх 1 хайрцаг тамхи 3.600 төгрөг, “Mevius” улаан 1 хайрцаг тамхи 3.700 төгрөг, “Ессе чэнж” 1 хайрцаг тамхи 4.300 төгрөг, “Ессе” ногоон 1 хайрцаг тамхи 4.300 төгрөг, “Улаан шонхор” 1 хайрцаг тамхи 2.500 төгрөг, “LD” 1 хайрцаг тамхи 3.100 төгрөг, “Болор” 0.75 литрийн архи 1 ширхэг 23.800 төгрөг, “Алтан түрүү” 0.75 литрийн архи 1 ширхэг 17.400 төгрөг, “Arkhi” 0,75 литрийн 1 архи 19.900 төгрөг, “Ерөөл” 0.5 литрийн 1 ширхэг архи 12.000 төгрөг, ууттай шоколад кг 18.000 төгрөг, тамхины асаагуур 1 ширхэг 1.500 төгрөг, ментос бохь 1 хайрцаг 13.500 төгрөг, шилтэй огурцы 1 ширхэг 3.500 төгрөг, барааны сагс 1 ширхэг нь 35.000 төгрөг болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчээс “гэм буруугүй” гэх тайлбарыг, түүний өмгөөлөгчөөс “Шүүгдэгч К.Ж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэж дүгнэлтээ гаргасан боловч хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч К.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 00 цагаас 04 цагийн хооронд Б аймгийн Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн Ш.Бийн өмчлөлийн “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 904.100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.
5. Энэ хэргийн хохирогч, гэрч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөс энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдсон, хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж дүгнэлээ.
6. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
7. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн;”-ээр... тодорхойлжээ.
8. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
9. Мөн хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан гэмт хэргийн энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
10. Хохирогч Ш.Бийн өмчлөлийн “Т” нэртэй дэлгүүр нь хохирогчоос хүнс, ахуйн шинжтэй худалдааны үйл ажиллагаа байнга явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
11. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч К.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 00 цагаас 04 цагийн хооронд Б аймгийн Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн Ш.Бийн өмчлөлийн “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хөшиж онгойлгож, хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нийт 904.100 төгрөгийн бэлэн мөнгө, эд зүйлийг тус тус хулгайлсан үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч К.Ж нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
12. Улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч К.Жын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
13. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч К.Жын амар хялбар аргаар хөрөнгөтэй болох гэм буруугийн санаатай хэлбэр, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
15. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
16. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5. “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасныг үндэслэн гэмт хэргийн хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тооцсон болно.
17. Шүүгдэгч К.Жын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Бт бэлэн 170.000 төгрөг, “Кастр-5” тамхи 12 хайрцаг /1 хайрцаг нь 5.400 төгрөг/, “Кастр-3” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг /1 хайрцаг нь 4.800 төгрөг/, “Mevius” хөх тамхи 1 бодол буюу 10 хайрцаг /1 хайрцаг нь 3.600 төгрөг/, “Mevius” улаан тамхи 2 бодол, 4 хайрцаг буюу 24 хайрцаг /1 хайрцаг нь 3.700 төгрөг/, “Ессе чэнж” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг /1 хайрцаг нь 4.300 төгрөг/, “Ессе” ногоон тамхи 1 бодол буюу 10 хайрцаг /1 хайрцаг нь 4.300 төгрөг/, “Улаан шонхор” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг /1 хайрцаг нь 2.500 төгрөг/ , “LD” тамхи 10 хайрцаг /1 хайрцаг нь 2.500 төгрөг/, “Болор” 0.75 литрийн архи 4 ширхэг /1 ширхэг нь 23.800 төгрөг/, “Алтан түрүү” 0.75 литрийн архи 1 ширхэг /17.400 төгрөг/, “Arkhi” 0,75 литрийн архи 1 ширхэг /19.900 төгрөг/, “Ерөөл” 0.5 литрийн архи 1 ширхэг /12.000 төгрөг/, ууттай шоколад 6 боодол /1 кг нь 18.000 төгрөг/, тамхины асаагуур 1 ширхэг /1.500 төгрөг/, ментос бохь 2 хайрцаг /1 хайрцаг нь 35.000 төгрөг/, шилтэй огурцы 1 ширхэг /3.500 төгрөг/, барааны сагс 2 ширхэг /1 ширхэг нь 35.000 төгрөг/ буюу нийт 904.100 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байна.
18. Иймд шүүгдэгч К.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүнээс гэмт хэргийн хохиролд 904.100 төгрөг гаргуулан хохирогч Ш.Бт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
19. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч К.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 8 сар 21 хоногоор тогтоох” дүгнэлтийг,
20. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Аээс “....шүүгдэгч К.Жад оногдуулах хорих ялыг багасгаж өгөх” гэх дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Жын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
22. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.
23. Шүүгдэгч К.Жад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.
24. Шүүгдэгч К.Жын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1987 онд төрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд нь хулгайлах болон бусад гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал тогтоогджээ.
25. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
26. Шүүгдэгч К.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Жыг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч К.Жад оногдуулсан 3 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
28. Мөн шүүгдэгч К.Ж нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0000000000дугаартай шийтгэх тогтоол, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 00000000000дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг ял эдэлж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2. “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч К.Жад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.
29. Шүүгдэгч К.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
30. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт ирүүлсэн хохирогч Ш.Бийн өмчлөлийн “Т” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг болох 1 ширхэг СД дискэд хуулбарлан ирүүлсэн 4 бичлэгийг эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалав.
31. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К.Жад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Кийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Жыг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жад оногдуулсан 3 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч К.Жад Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0000000000дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Жаас гэмт хэргийн хохиролд 904.100 төгрөг гаргуулан хохирогч Ш.Бт олгосугай.
6. Шүүгдэгч К.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт ирүүлсэн хохирогч Ш.Бийн өмчлөлийн “Т” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг болох 1 ширхэг СД дискт хуулбарлан ирүүлсэн 4 бичлэгийг эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К.Жад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч К.Жад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т