Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,

Улсын яллагч Б.Батбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа,

Шүүгдэгч Н.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Намжилийн Болдбаатарт холбогдох эрүүгийн 201710010008 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг Сургуулийн 1-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Боржигон овгийн Намжилийн Болдбаатар /РД: TГ84072618/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Болдбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах БНХАУ-ын консулын байрны баруун талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 59-92 ДГО улсын дугаартай “Митcyбиши лансер” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн , мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Мөн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Л.Нэргүйн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Болдбаатар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өглөө нь манай найз охин Даваасүрэн Улаанбаатар хотоос Замын-Үүд суманд ирчихсэн Гөлөгөөгийнд байна гэж залгахаар нь би өөрийн эзэмшлийн 59-92 ДГО улсын дугаартай машинаа жолоодоод Гөлөгөөгийнд очсон Гөлөгөөгийн гэрт бид гурав 0.5 литрийн пиво, 2.5 литрийн пиво хувааж уусан тэгээд 15 цагийн орчимд эгчийн хүүхдийг сургуулиас авах зорилготой Даваасүрэн бид хоёр Гөлөгөөгийн гэрээс гараад дүүгийн анги дээр ирсэн анги нь тарсан байхгүй байсан. Даваасүрэнд Замын-Үүд сумыг танилцуулах гээд БНХАУ-ын консулын байрны баруун талд Наран бөөний төвийн уулзвараар эргэх уулзвар дээр саарал өнгийн машин явж байхаар нь буруу талаар нь буюу баруун талаар нь гүйцэд түрүүлээд Наран бөөний төв рүү эргэх гэтэл явган хүний замаар нь ахимаг насны эмэгтэй явж байгаад газар унасан тэгээд намайг машинаасаа буухад тэр эмэгтэй намайг мөргөчихлөө гээд орилоод босож ирэхээр нь биеийн байдлыг нь асуухад миний хөл өвдөөд байна гээд цагдаа дуудсан. Машин гулгаад шон очиж мөргөсөн. Тэгэхдээ Л.Нэргүйн биед гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хx-ийн 40/,

- Хохирогч Л.Нэргүй мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сүлд багийн нутаг дэвсгэрт байх БНХАУ-ын консулын замын эсрэг талд явган хүний замаар явж байхад ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүг рүү чиглэн 59-92 ДГО дугаартай автомашин нь урд явж байсан машинаа гүйцэд түрүүлэх гэж байгаа юм шиг баруун талаар нь их хурдтай явж байгаад намайг мөргөж унагаасан. Тэгээд машины жолооч машинаасаа бууж ирэхгүй байсан хэсэг хугацааны дараа зорчигчийн суудал дээр сууж байсан эмэгтэй миний биеийн байдлыг асуухад миний бие өвдөөд байна цагдаа дууд гэж хэлсэн жолооч нь бууж ирээд би таныг мөргөөгүй гэж хэлээд машиндаа сууж хөдөлгөөнд оролцох гэж байгаад шонгийн мод мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хx-ийн 17-19/,

- Хохирогч Л.Нэргүй шүүхийн шатанд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зарлагдсан шүүх хуралд хохирогч би эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болсон. Хохирогч миний зүгээс шүүгдэгч Н.Болдбаатарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч Болдбаатар нь надад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ /хх-ийн 88/,

- Гэрч П.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд: “2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Замын-Үүд суманд ирсэн би найз Гөлөгөөтэй уулзаж архи уусан... тэгээд 14 цагийн үед Болдбаатар ирэхээр нь дахин 1 шил талын хар архи задалж уусан тэгтэл 15 цагийн үед Болдбаатар дүүгээ сургуулиас авна гээд намайг хамт явъя гээд өөрийнхөө ногоон өнгийн суудлын автомашиныг жолоодож бага сургууль ортол дүү нь тарчихсан гээд буцаад Гүн буудал руу явж байтал Хятадын консулын газрын харалдаа төв зам дээр явган зорчигч эмэгтэйг машинаараа мөргөөд мөн хажуу тийш шон мөргөж зогссон” гэсэн мэдүүлэг /хx-ийн 21-22/,

- Гэрч П.Гөлөгөө мөрдөн байцаалтын шатанд:  "2016 оны 12 дугаар сарын 28-ны өглөө орон нутгийн суудлаар Даваасүрэн ирээд бид хоёр Болдбаатарыг дуудаж 0.5 литрийн пиво хувааж уусан пиво ууж дуусчихаад Болдбаатар, Даваасүрэн хоёр гараад явсан... Даваасүрэн залгаад осол гаргасан талаар нь ярихаар нь осол гарсан газар очиход Болдбаатарын тухайн үед жолоодож явсан ногоон өнгийн машин шонгийн мод мөргөсөн зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №01 тоот дүгнэлт: "59-92 ДГО улсын дугаартай Митcyбиши Лансер маркийн суудлын автомашины жолооч Н.Болдбаатар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: a.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн , мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Мөн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн” гэсэн дүгнэлт /хх-ийн 36/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт: “Л.Нэргүйн биед зүүн хөлийн дунд чөмөгний доод 1/3 ташуу далд хугарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо... Учирсан гэмтлийн зүүн хөлийн дунд чөмөгний доод 1/3 ташуу далд хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт цээжний зөөлөн эдийн гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 29/,

- Н.Болдбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 50, 5/,

- Н.Болдбаатарын иргэний үнэмлэхний лавлага, 3-р багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 51-52/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судласан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.  

Дээрх нотлох баримтуудаар Н.Болдбаатар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах БНХАУ-ын консулын байрны баруун талд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж иргэн Л.Нэргүйн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Н.Болдбаатарын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Н.Болдбаатар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч Н.Болдбаатарын “…Гөлөгөөгийн гэрт бид гурав 0.5 литрийн пиво, 2.5 литрийн пиво хувааж уусан… БНХАУ-ын консулын байрны баруун талд Наран бөөний төвийн уулзвараар эргэх уулзвар дээр саарал өнгийн машин явж байхаар нь буруу талаар нь буюу баруун талаар нь гүйцэд түрүүлээд Наран бөөний төврүү эргэх гэтэл явган хүний замаар нь ахимаг насны эмэгтэй явж байгаад газар унасан тэгээд намайг машинаасаа буухад тэр эмэгтэй намайг мөргөчихлөө гээд орилоод босож ирэхээр нь биеийн байдлыг нь асуухад миний хөл өвдөөд байна гээд цагдаа дуудсан...машин гулгаад осол гаргасан” гэсэн, хохирогч Л.Нэргүйн “...БНХАУ-ын консулын замын эсрэг талд явган хүний замаар явж байхад ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүгрүү чиглэн 59-92 ДГО дугаартай автомашин нь урд явж байсан машинаа гүйцэд түрүүлэх гэж байгаа юм шиг баруун талаар нь их хурдтай явж байгаад намайг мөргөж унагаасан...” гэсэн, гэрч П.Даваасүрэнгийн “...би найз Гөлөгөөтэй уулзаж архи уусан... тэгээд 14 цагийн үед Болдбаатар ирэхээр нь дахин 1 шил талын хар архи задалж уусан… Гүн буудал руу явж байтал Хятадын консулын газрын харалдаа төв зам дээр явган зорчигч эмэгтэйг машинаараа мөргөөд мөн хажуу тийш шон мөргөж зогссон” гэсэн мэдүүлэг болон жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс Н.Болдбаатарт холбогдох хэргийн зүйлчилэл зөв, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Болдбаатарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Н.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, бичиг баримтаар ирсэн Н.Болдбаатарын 840462 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, 59-92 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Н.Болдбаатарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол төлбөргүй тул 59-92 ДГО улсын дугаартай “Митcyбиши лансер” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Намжилийн Болдбаатарыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Намжилийн Болдбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Намжилийн Болдбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, бичиг баримтаар ирсэн Н.Болдбаатарын 840462 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, 59-92 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Н.Болдбаатарт олгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 59-92 ДГО улсын дугаартай “Митcyбиши лансер” маркийн тээврийн хэрэгсэлийг шүүгдэгч Н.Болдбаатарт олгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Намжилийн Болдбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Батсайханд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ