| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2020/0037/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 33
Б.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0037/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Батсүх
Хохирогч З.Б-
Шүүгдэгч Б.А-
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ын А-д холбогдох, 1918007610573 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч З.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шиийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Боржигон овогт Б-ын А-.
Шүүгдэгч Б.А- нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Оргил” худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талын төв засмал зам дээр 86-45 СЭҮ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Кролла “ маркийн машин жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч З.Б-г мөргөж эрүүл мэндэд нь баруун шилбэ, шаант ясны битүү хугарал, баруун чихэнд шарх, өвдөгний үений холбоосын гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Боржигон овгийн Б-ын А-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Б.А-г 450 нэгжтэй тэгцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүгдэгч Б.А- нь торгох биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.т зааснаар хохирогч З.Б- 8.206.267 төгрөг нэхэмжилснээс 2.762.456 төгрөг хангаж, нэхэмжпэлийн шаардлагаас 3.650.569 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.793.242 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж,
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт иргэний хариуцагч Б.Б- 2.320.000 төгрөг, шүүгдэгч Б.А- 450.000 төгрөг тус тус төлснийг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч З.Б- давж заалдах гомдолдоо:
Хохирогчийн зүгээс маш их гомдолтой байна, энэ хүний буруутай үйлдлээс болоод насан туршдаа хохирлоо, ахиж хүчний байгууллагт ажиллах боломжгүй болсон, би хэвтрийн байхдаа найз, танил талынхаа машинд бензин хийж, гуйж Улаанбаатар эмнэлэг, Дархан дотор, хамгийн сүүлд Мөрөнд ээж дээрээ очихын тулд хүний машинд бензин хийж явсан.
Гэтэл шатахууны зардал гаргаж өгсөнгүй, хүнээр харуулаад хэвтэрт байгааг Б.А- өөрөө харсан, би түүнийг дуудаж гуйгаад ирүүлж байсан. Харах хүнгүй болоод аргаа бараад ээж дээрээ очсон. 2020 оны нэг сард бүтэн ажлаагүй нь тодорхой байхад 12 сарын жишгээр 1-р сарын цалингийн зөрүү гаргаж өгч болох л байсан. Бүхэл бүтэн хүний амьдралыг өөрчилчихөөд Б.А- гэмшихгүй, ойлгохгүй байгаад гомдож байна.
Би яах аргагүй хүний гарт ороод, хамт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэр бүлийн ах эгч хоёроор харж асруулж байсан. Бие засах, хот руу хагалгаанд явах зэрэгт эрэгтэй хүн, хоол унд хувцас хунар гээд эмэгтэй хүн гээд тэдгээр хүмүүс их тус болсон.
Миний өвдөгний үеийн ясны хугарал, бяцралын талаар шүүх эмнэлгийн дүгнэлтэнд дурдаагүй байна. Өвдөгний үений яс хэд хэд хугарч, бяцарсан байсан учраас хагалгаанд орсон. Шүүх хурал болсоноос хойш Улаанбаатар хотод “Сонгдо” эмнэлэгт 820 000 төгрөгийн төлбөртэй эмчлүүлсэн. Түүний хүчинд хөл маань үл ялиг нугарах маяг орсон .Удаан эмчлүүлж чадаагүй үнэтэй учраас. Би цэргийн байгууллагт нэр хүндтэй алба хашиж, нэр хүнд сайтай гадаадад мэргэжил дээшлүүлэх гэж байсан.
Одоо өмнөх шигээ ажиллах боломжгүй болсон учраас сэтгэл санааны хувьд хүнд байна. Залуу хүн учраас цаашид гэр бүлээ тэжээх зайлшгүй шаарлага гарч хөдөлмөрлөх хэрэгтэй тул эмчлүүлэх шаардлагатай байна. Намайг өвдөхөд ээж маань зээл авч өгч зээлийн хүү гэж 400 000 гаран төгрөг төлж байна. Энэ бүхэн А-гийн буруутай үйлдэлээс болсон гэж үзэж байна.
Надад хүнээс асруулсаны хөлс 640.000 төгрөг, 1, 2-р сарын цалин 985.284 төгрөг, шатахууны зардал 360.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. бусад зардлыг би иргэний журмаар нэхэмжилнэ гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч З.Б- тайлбартаа:
Миний бие энэхүү ослоос болж ихээхэн хохирсон. Анхан шатны шүүх хохирол төлбөрийг тооцохгүй орхисонд гомдож байна. Хүүхэд маань эрүүл мэндийн шалтгааны улмаас байнга эмчилгээтэй байдаг. Энэхүү ослоос болж хүүхэд минь маш хүнд байдалд байна. Миний бие анхан шатны шүүх хуралд оролцож чадаагүй нь эрүүл мэндийн шалтгаанаас болсон. Одоо ч гэсэн хөл маань үнэхээр хүнд байгаа. Нийт дөрвөн төрлийн хагалгаанд орсон. Хохирол төлбөрөө гаргуулж авах саналтай байна. Маш их гомдолтой байна. Өмгөөлөгч минь анхан шатны шүүх хуралд миний эрх ашгийг бүрэн хамгаалаагүйд гомдож байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.А- тайлбартаа:
Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Хохирол хор уршгийн талаар түүний өмгөөлөгч анхан шатны шүүх хурал, урьдчилсан хэлэлцүүлэг дээр бүхий л баримтыг дурдаж танилцуулж байсан. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдол дээр гаргах тусгайлсан саналгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл:
Шүүгдэгч Б.А- нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Оргил” худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талын төв засмал зам дээр, 86-45 СЭҮ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Кролла “ маркийн машин жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2.д заасан ...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна... гэсэн,
мөн дүрмийн 16.1.д заасан ...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө... гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч З.Б-г мөргөж эрүүл мэндэд нь баруун шилбэ, шаант ясны битүү хугарал, баруун чихэнд шарх, өвдөгний үений холбоосын гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.А-гийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох:
Тухайн үед болсон үйл баримт болон шүүгдэгч, хохирогчийн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч О.О-, Б.Б- нарын мэдүүлэг, /х.хийн 50-51.,44-46-р хуудас/ хохирогчид үзлэг шинжилгээ хийсэн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019-11-04-ний өдрийн 925 дугаар дүгнэлт, 2019-12-02-ны өдрийн 1004 дүгээр дүгнэлт, / х.хийн 69-70., 75-76 -р хуудас / тээврийн хэрэгсэлийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн 2019-11-06-ны өдрийн 54 дүгээр дүгнэлт, / х.хийн 56-57-р хуудас / болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, / х.хийн 6-12., 14-р хуудас / хохирогч З.Б-гийн өвчний түүх х.хийн 26-35-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирол, хор уршигийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулсан., мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хуульд заасны дагуу бэхжүүлсэн, холбогдох дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан байна.
Харин хохирогч З.Б-гийн биеийн эрүүл мэндийн байдал, өвчний явцаас үзэхэд хүнээр асруулах зайлшгүй шаардлагатай байсан нь тогтоогдсон, мөн гэрт нь түүнийг асрах хүн байхгүй тул И.А-ээр асруулсан болох нь ам бүлийн тодорхойлолт, өвчний түүх зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул И.А-ээр асруулж байсны төлбөр 640.000 төгрөг, мөн цалин олгосон баримтыг үндэслэн цалингийн зөрүү 985.284 төгрөг, түүнчлэн хүний машинд шатахуун хийж Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлсэн, Дархан-Уул аймагт эмнэлэгт үзүүлж боолт хийлгэж явсан болон Хөвсгөл аймаг руу ээж рүүгээ хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул шатахууны зардал 360.000 төгрөг, нийт 1.985.284 төгрөгийг шүүгдэгч Б.А-гаас гаргаж хохирогч З.Б-д олгохоор шийдвэрлэж энэ талаар бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эм, эмчилгээний зардал, эд хөрөнгөнд учирсан хохирол болон бусад хохиролын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлах болохыг цаашид анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 51 дугаар шийтгэх тогоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.т зааснаар гэснийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар... гэж өөрчлөн.,
тогтоох хэсэгт ...Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Б.А-гаас асаргааны төлбөр 640.000 төгрөг, цалингийн зөрүү 985.284 төгрөг, шатахууны төлбөр 360.000 төгрөг, бүгд 1.985.284 төгрөг гаргаж хохирогч З.Б-д олгосугай... гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Хохирогч З.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР