Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2018/0554

 

2018 оны 9 сарын 10 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2018/0554

                                                                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: С******* дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: С******* дүүргийн Засаг дарга нь иргэн Б.Б миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх буюу жагсаал цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцэхгүй болохыг тогтоож, С******* дүүргийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/2293 тоот албан бичгийг хүчингүй болгох, Жагсаал цуглаан хийхийг бүртгэхийг С******* дүүргийн Засаг даргад даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б. Б миний бие нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр С******* дүүргийн 8-р хороо Тусгаар тогтнолын ордны урд талд жагсаал цуглаан хийхээр болсон тул бүртгүүлэх хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр С******* дүүргийн Засаг даргад гаргасан боловч хууль бусаар бүртгэхээс татгалзсан билээ. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд жагсаал цуглааныг бүртгэхээс татгалзах үндэслэлийг тодорхой тусгаж өгсөн байтал С******* дүүргийн Засаг дарга нь хуулинд огт байхгүй үндэслэл бүхий хариу ирүүлсэн нь хууль бус юм.

Иймд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, мөн зүйлийн 3-т зааснаар шийдвэрлэж С******* дүүргийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/2293 тоот албан бичгийг хүчингүй болгож, иргэн миний 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хийх жагсаал цуглааныг бүртгэхийг С******* дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Б.Б миний зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр С******* дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордны урд байрлах талбайд 50 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй жагсаал цуглаан хийхийг бүртгүүлэхээр С******* дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан.

Гэвч С******* дүүргийн Засаг даргаас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд байхгүй ...жагсаал, цуглаан зохион байгуулагдах өдрөөс 3 хоногийн өмнө манайд хандана уу гэсэн хариу өгсөн. Энэ хариуг татгалзсан хариу гэж үзэж байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд жагсаал цуглаан хийхээс 3 хоногийн өмнө мэдэгдэнэ гэсэн заалт байхгүй. Зөвхөн бүртгэнэ, бүртгэхгүй гэсэн хариуг өгөх ёстой. Миний хүсэлтийг хүсэлтийг хангаагүй, жагсаал, цуглаан хийхийг бүртгээгүй учраас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр жагсаал, цуглаан хийх гол зорилго нь: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа тэргүүтэй төрийн албан хаагчдын хууль бус үйлдэлтэй холбогдуулан миний бие сүүлийн 2 жилийн хугацаанд тэмцэж байна. Дээрх төрийн албан хаагчдын хууль зөрчсөн үйлдлүүдийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар болон Улсын ерөнхий прокуророос тогтоочихоод байхад Нийслэлийн Засаг дарга С.Б арга хэмжээ авахгүй байгаа. Иймд 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Нийслэлийн Засаг дарга С.Быг огцруулахаар өлсгөлөн зарлаж байсан.

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Монгол ардын намын Нийслэлийн хорооны бага хурал болно. Уг хуралдаанд Нийслэлийн Засаг дарга С.Б нь хууль, дүрмийг зөрчиж байгаа болон доорх албан тушаалтнууддаа хариуцлага тооцохгүй байна гэдгийг мэдээлэх зорилгоор жагсаал, цуглааныг хийх зорилготой байгаа. Миний бие сүүлийн 2 жилийн хугацаанд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албан тушаалтнууд хууль зөрчиж байна, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа талаар Нийслэлийн Засаг даргад удаа дараа гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүй. Гэтэл Авилгатай тэмцэх газраас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа нь 60 сая төгрөгийн хахууль авсан болохыг тогтоосон гэж мэдээлсэн. Миний гомдол мэргэжлийн хяналтын байгууллага болон бусэд эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар нотлогдоод байхад Нийслэлийн Засаг дарга арга хэмжээ авахгүй байгаа. Үүнийг олон нийтэд мэдээллэх зорилгоор жагсаал, цуглаан хийхийг бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Б 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр С******* дүүргийн 8 дугаар хороо Тусгаар тогтнолын ордны урд талд Жагсаал цуглаан хийх тухай хүсэлттэй танилцаж иргэн Б.Б нэхэмжлэлдээ Дүүргийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/2293 дугаар албан бичгийг бүртгэхээс татгалзсан гэж буруу ойлгосон байна. Манайх энэхүү албан бичгээр бүртгэж авахаас татгалзаж иргэн Б.Бийн хуулинд заасан эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж хохирол учруулсан үйлдэл байхгүй болно.

Дүүрэг Жагсаал, цуглаантай холбоотой албан бичиг төлөвлөхдөө Төрийн тухай хамгаалалтын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль Эрх зүйн хэлтэс мөн Тагнуулын байгууллагаас уг өдөр бүртгэгдсэн давхардсан бүртгэл байгаа эсэх, тус хугацаанд Төрийн өндөр дээд хэмжээний уулзалт байгаа эсэх талаарх мэдээллийг харгалзан хуулийн үндэслэн албан бичигт хариу өгдөг билээ.

Манай байгууллагаас иргэн Б.Бт өгсөн хариу нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан Жагсаал цуглаан бүртгэж авах эсэх асуудал биш харин Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу төрийн байгууллагаас иргэдтэй харилцаж байгаа асуудал юм.

Иймд манай албан бичигт гаргасан иргэн Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс С******* дүүргийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1/2293 тоот албан бичгээр татгалзсан хариуг өгсөн гэж үзэж байна. Уг албан бичгээр татгалзсан хариуг өгөөгүй бөгөөд иргэн Б.Бийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн зүйл байхгүй.

Бид ажлын 3 хоногт асуудлыг шийдвэрлэх ёстой. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга н.Т, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Ижилмөрөн зэрэг албан хаагчдаас тухайн газарт жагсаал, цуглаан хийгдэх эсэхийг лавласан. Төрийн тусгай хамгаалалтын газраас 14 хоногийн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс 7 хоногийн хугацаанд хийгдэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгдөг. Хэрэв нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу жагсаал, цуглаан хийхийг бүртгэвэл тухайн үед Төрийн өндөр дээд хэмжээний уулзалт болон бусад арга хэмжээ болох тохиолдолд үйл ажиллагаанд нь хүндрэл учруулах болно. Мөн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан С******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үзэсгэлэн худалдаа явагдсан. Иймд дээрх хариуг өгсөн. Энэ нь иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, эрхийг нь хязгаарласан зүйл биш. Иргэн Б.Б нь хэдийд ч манайд хандах эрх нь нээлттэй. Арга хэмжээ зохион байгуулагдах өдрөөс ажлын 3 өдрийн өмнө хандана уу гэсэн учир нь иргэний хүсэлтэд ажлын 3 хоногт хариу өгөх ёстой байдаг. Маргаан бүхий албан бичгээр иргэний эрхийг хязгаарласан зүйл байхгүй байхад хүчингүй болгуулах гээд байгааг ойлгохгүй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон бусад бичгийн нотлох баримтыг үнэлэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд С******* дүүргийн Засаг дарга нь иргэн Б.Б миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх буюу жагсаал цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцэхгүй болохыг тогтоож, С******* дүүргийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/2293 тоот албан бичгийг хүчингүй болгох, Жагсаал цуглаан хийхийг бүртгэхийг С******* дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр С******* дүүргийн Засаг даргад хандан 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр С******* дүүргийн 8 дугаар хороо Тусгаар тогтнолын ордны урд талд жагсаал цуглаан хийхийг бүртгэхийг хүссэн хүсэлтийг гаргасан байна.

Хариуцагч С******* дүүргийн Засаг даргаас 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1/2293 тоот албан бичгээр ...хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан төрийн өндөр дээд хэмжээний уулзалт, үзэсгэлэн худалдаа дүүргийн нутаг дэвсгэрт зохиогдохтой холбогдуулан жагсаал, цуглаан болон түүнтэй адилтгах арга хэмжээ явуулах хүсэлтийг бүртгэж авах эсэх тухай хариуг урьдчилан өгөх боломжгүй байгаа тул арга хэмжээ зохион байгуулах өдрөөс 3 хоногийн өмнө хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг нэхэмжлэгч Б.Бт өгсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч С******* дүүргийн Засаг дарга уг албан бичгээр жагсаал, цуглаан хийхийг хориглосон болон хориглоогүй талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д ... захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан.

Өөрөөр хэлбэл, иргэн Б.Б нь С******* дүүргийн Засаг даргад жагсаал, цуглаан хийх хүсэлт гарган хандахад, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ...арга хэмжээ зохион байгуулах өдрөөс 3 хоногийн өмнө хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж буй уг 1/2293 тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан актын шинжийг агуулаагүй буюу эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжгүй байна. Тус албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хориглосон, зөвшөөрсөн, журамласан шинжгүй, дангаараа шууд үр дагавар үүсгэхгүй юм.

Иймд нэхэмжлэгч иргэн Б.Бийн ...С******* дүүргийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/2293 тоот албан бичгийг хүчингүй болгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгчийн үлдэх шаардлага болох С******* дүүргийн Засаг дарга нь иргэн Б.Б миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх буюу жагсаал цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцэхгүй болохыг тогтоож, Жагсаал цуглаан хийхийг бүртгэхийг С******* дүүргийн Засаг даргад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Учир нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ..., З-д Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заасан.

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1-д дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгохзэрэг зорилгоор жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулахыг хориглон, тус тус тусгайлан нарийвчлан зохицуулжээ.

Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1/2293 тоот албан бичгээр нэхэмжлэгч дахин хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой талаар дурдсан байх бөгөөд энэ нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу 1/ шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол, 2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол, 3/ энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол гэсэн татгалзах үндэслэлүүд тогтоогдож байвал уг мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргах ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ, мөн зүйлийн 16/ ...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэж иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулан, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй гэж хуульчлан зохицуулжээ.

Иймд хариуцагч захиргааны байгууллагаас жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэхийг даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох С******* дүүргийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1/2293 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Бийн жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг бүртгэх эсэх талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч С******* дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ У.Б