Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2026/0155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ТХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Б.О, Б.Б

Нэхэмжлэгч: “ТХ” ХХК

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.О, Б.Б

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0893 дугаар

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, Э.М, хариуцагч Б.О, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 126/2025/0523/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ТХ” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.О, Б.Б нарт холбогдуулан “… Татварын улсын байцаагч нарын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн НА-34240000097 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0893 дугаар шийдвэрээр:

“Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.11, 36 дугаар зүйлийн 36.2.1, 36.2.2, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 18 дугаар зүйлийн 18.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгын татварын улсын байцаагч Б.О, Б.Б нарын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн НА-34240000097 тоот нөхөн ногдуулалтын актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хариуцагч анхан шатны эдгээр баримтууд үхэлдээ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, Аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах ёстой зардал мөн эсэхийг бүрэн дүүрэн тогтоолгүйгээр акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасанд нийцээгүй. Анхан шатны бусад баримтын хүрээнд татвар ногдох орлогоос хасах боломжтой зардалд хамаарах боломжтой зардлууд нэхэмжлэгчээс гарсан байхад түүнийг шалгаж тогтоогоогүй, тодруулаагүй, үнэлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч татварын улсын байцаагчид нь тухайн хяналт шалгалтыг 9 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байх бөгөөд татвар төлөгчөөс шаардлагатай баримт тайлбар мэдээллийг гаргуулан авч, татварын удирдлагын нэгдсэн систем дэх мэдээлэл болон гаалийн мэдээ зэргийг тулган шалгахад 2020 онд 1.446.110.446.00 төгрөг, 2021 онд 5.463.999.530.00 төгрөг, 2022 онд 10.791.601.267.000 төгрөг, нийт 17.701.711.243.00 төгрөгийн борлуулалтын орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж тайлагнаагүй нь ААНОАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1 "Энэ хуулийн 5.3- т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно", 7.4. Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно: 7.4.1. үйл ажиллагааны орлого: 8 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого 8.1. Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно: 8.1.1.бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого; заалтыг зөрчсөн зөрчилд Нөхөн ногдуулалтын акт тогтоосон.

Нэхэмжлэгч "ТХ" ХХК нь тухайн орлогыг тайлагнаагүй зөрчлөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд хасагдах зардал дээр маргаж маргаан таслах зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд хандсан.

3.2. Хасагдах зардлын тухайд: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ:, 29.1.1. анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх; Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.4. доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх: 16 дугаар зүйлийн 16.1. Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй: 16.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал; гэж заасан. Дээрх хуулийн заалтаас харахад Татвар төлөгч нь санхүүгийн анхан шатны баримтыг төлбөрийн баримтад үндэслэн хөтлөх үүрэгтэй бөгөөд хасагдах зардал нь дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байхыг шаарддаг тул ААНОАТ тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан нөхцөлийг нэгэн зэрэг хангахгүй байгаа зардлыг хасагдах зардалд тооцох хууль зүйн боломжгүй юм.

Нэхэмжлэгч талаас Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд татварын улсын байцаагчдын зүгээс шаардлагатай ажиллагааг бүрэн хийсэн, цаашид тодруулан шалгах шаардлага байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.О, Б.Б нар нь “ТХ” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 3424100257 тоот томилолтоор 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд хяналт шалгалт хийж, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн НА-34240000097 дугаар нөхөн ногдуулалтын актаар Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2.464.690.814.15 төгрөгийн нөхөн татвар, 985.876.325.66 төгрөгийн торгууль, 464.694.969.14 төгрөгийн алданги, нийт 3.915.262.108.95 төгрөгийг төлбөр ногдуулж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.

            3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            4. Дараах үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            4.1. Нэхэмжлэгч “ТХ” ХХК-аас Татварын улсын байцаагч нарын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн НА-34240000097 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар “... хасагдах зардалд орох худалдан авалт хийсэн нь санхүүгийн анхан шатны баримт, төрийн захиргааны байгууллагын албан бичгээр нотлогдож байхад хасаагүй, ... татварын хяналт шалгалтыг хуульд заасан томилолтын хугацаанд явуулах журмыг зөрчсөн, ... бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, ... малчдын гар дээрээс дахин давтагдашгүй дугаар авч баталгаажуулах бодит боломжгүй, ... бусад анхан шатны баримтаар худалдан авалт хийж зардал гаргаснаа нотолсон байхад үүнийг анхаарч хасалгүйгээр, компанийг дампууруулах хэмжээгээр татвар ногдуулсан нь үндэслэлгүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

            4.2. Харин хариуцагчаас “... хуульд заасны дагуу хасагдах зардал нь төлбөрийн баримтаар баталгаажсан байх шаардлагыг хангаагүй тул нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлтэй, ... төлбөрийн баримтыг нөхөн бүрдүүлэх 1 жилийн хугацаа байсан, ... хуулийн шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд зардлыг хасна гэснийг хангаагүй, ... татварын орлогоо тайландаа тусгаагүй, ... татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулсан” гэж тайлбарлан маргасан байна.

4.3. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болгож буй хэрэгт өгсөн болон бусад байгууллагаас шүүхийн журмаар нотлох баримтаар цуглуулсан баримтууд нь тус аж ахуй нэгжийн үндсэн үйл ажиллагааны дагуу, татварын хяналт шалгалтаар шалгасан хугацаанд хамаарах ямааны ноолуур, хонины болон тэмээний ноос худалдан авахтай холбоотойгоор бий болсон анхан шатны баримтууд гэж үзэхээр байна. Гэвч эдгээр баримтууд бүхэлдээ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах ёстой зардал мөн эсэхийг бүрэн дүүрэн хариуцагчаас шалгаж тогтоолгүйгээр маргаан бүхий актыг гаргасан ...” гэж дүгнэсэн нь буруу биш байна.

 

4.4. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Татварын хууль тогтоомжид хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 6.1.29-д “"татварын тайлан" гэж татварын албанаас баталсан маягтын дагуу татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан татварын суурь, албан татвар, төлбөр, хураамжийн ногдлын хэмжээг тодорхойлж, тайлагнах хуудсыг;”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.3-д “анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог”, 41 дүгээр зүйлийн 41.10-д “Татварын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй”, 41.10.3-д “татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримт болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар, лавлагаа гаргуулан авах”  гэж тус тус заасан.

4.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ТХ” ХХК нь Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 2021 онд 46.250 кг 5.221.840.000.00 төгрөгийн ноолуур, 50800 кг 258.570.000.00 төгрөгийн ноос, 2022 онд 24000 кг 2.932.800.000.00 төгрөгийн ноолуур 28.894 кг 204.130.800.00 төгрөгийн тэмээний ноосыг худалдан авч экспортод гаргасан, Гаалийн 2020-2022 оны экспортын мэдээгээр нийтдээ 17.711.711.243.75 төгрөгийн ямааны угаасан, зумалсан ноолуур, хонины угаасан ноос, тэмээний ноос зэргийг экспортод гаргаж, Хөдөө аж ахуйн биржийн 2020-2022 оны арилжааны мэдээ, худалдах, худалдан авах гэрээ, төлбөр хийсэн баримт зэргээр тэмээний болон хонины угаасан ноос, ямааны угаасан ноолуур зэрэг нийтдээ 8.413.210.000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсан байна.

4.6. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс гарган өгсөн баримтууд болон бусад байгууллагаас шүүхийн журмаар цуглуулсан баримтууд нь нэхэмжлэгч компанийн үндсэн үйл ажиллагаанд хамаарч байгаа эсэх, санхүүгийн анхан шатны баримтууд мөн эсэх, эдгээр баримтууд нь хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байх тул шүүх хэргийн үйл баримтад эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй байна.

4.7. Хариуцагчаас нэхэмжлэгч компанийг “татварын орлогоо тайлагнаагүй” гэж үзэж байгаа боловч нэхэмжлэгчээс анхан шатны худалдан авалт хийсэн баримтууд гэх нэхэмжлэхээр төлсөн баримтууд, дансны гүйлгээ зэрэг баримтуудыг нэг бүрчлэн тодруулж, тооцоог нарийвчлан гаргаж, эдгээр баримтууд хуулийн шаардлага хангаж байгаа эсэх, хэрхэн үнэлж, дүгнэсэн талаар маргаан бүхий актад тодорхой тусгагдаагүй, шүүхэд энэ талаар тодорхой ойлгомжтой тайлбар, баримт ирүүлээгүй байна.

4.8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.13-д “"дахин давтагдашгүй төлбөрийн дугаар" гэж худалдаа, үйлчилгээ эрхлэгч албан татвар суутган төлөгчийн татвар төлөгчийн дугаар, салбар, төлөөлөгчийн газартай бол салбарын дугаар, төлбөр тооцооны он, сар, өдөр, төлбөр тооцооны дэс дугаарыг дунд нь ямар нэг тэмдэгт хэрэглэлгүйгээр үргэлжлүүлэн тоон утгаар илэрхийлсэн дугаарыг;” Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж заасан.

4.9. Нэхэмжлэгчээс “малчдын гар дээрээс худалдан авалт хийсэн тул дахин давтагдашгүй төлбөрийн баримт гаргаж өгөөгүй тул манай компани хариуцлага хүлээхгүй” гэж тайлбарласан байна.

Хариуцагчаас “дахин давтагдашгүй төлбөрийн баримт байхгүй тохиолдолд албан татвар ногдох орлогоос хасах боломжгүй” гэж тайлбарласан байх боловч уг асуудал дээр дан ганц малчдын гараас худалдан авалт хийсэн нэхэмжлэгч хариуцлага хүлээх эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж дахин давтагдашгүй дугаар бүхий баримтууд авагдаагүй эсэх, эсхүл бусад этгээдийн үйл ажиллагаанаас болсон эсэхийг шалган тогтоох нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой ...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

4.10. Мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.1-д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх”, 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, 13.1.4.а-д “энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал;”, 13.1.4.б-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө худалдан авахтай холбогдон гарах зардал”, 13.1.5-д “зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн, эсхүл төлөхөөр тайлагнасан байх”, 18.4-т “Энэ хуулийн 8.1.2-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс уг орлогыг олохтой холбогдон гарсан энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж заасан.

4.11. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

4.12. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийн хүрээнд бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийн хүрээнд Татварын ерөнхий хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан баримтуудыг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах ёстой зардал мөн эсэхийг тодруулах үүрэгтэй байна.

4.13. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчээс гаргасан баримтуудыг үнэлсэн эсэх, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтууд нь хуульд заасан шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй, үнэлэгдэх боломжгүй эсэх, эдгээр баримтууд нь нэхэмжлэгч компанийн үндсэн үйл ажиллагааныд хамаарч байгаа эсэх, компанийн үйл ажиллагаатай холбогдуулан авсан зээлийн гэрээний хүү нь хасагдах зардалд хамаарч байгаа эсэх нь мөн тодорхой бус байна.

4.14. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... анхан шатны баримтууд нь бүхэлдээ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах ёстой зардал мөн эсэхийг бүрэн дүүрэн хариуцагчаас шалгаж тогтоолгүйгээр маргаан бүхий актыг гаргасан ... маргааны хувьд бодит байдалд анхан шатны бусад баримтын хүрээнд татвар ногдох орлогоос хасах боломжтой зардалд хамаарах боломжтой зардлууд бодитоор нэхэмжлэгчээс гарсан байхад түүнийг шалгаж тогтоогоогүй, тодруулаагүй, үнэлээгүй нь үндэслэлгүй болсон, ... татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт явуулахдаа хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч компанийн санхүүгийн анхан шатны баримтуудыг хянаж шалган, тодруулаагүй, ... зээлийн гэрээний дагуу төлөгдсөн хүү нь хуулийн дагуу хасагдах зардалд хамаарах эсэх, тайланд тусгасан алдангийг хасах нөхцөл байдлуудыг ... бүрэн шалган тогтоох ёстой боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй ...” гэсэн дүгнэлтийг буруу гэж үзэх боломжгүй байна.

            4.15. Иймд хариуцагч улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан холбогдох баримтуудыг бүрэн бүрдүүлэлгүйгээр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байх тул шүүхээс энэхүү үндэслэлд дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжийн хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар анхан шатны шүүхээс маргаан бүхий Татварын улсын байцаагч нарын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн НА-34240000097 дугаар нөхөн ногдуулалтын актыг дахин шинэ акт гаргах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч болон хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           М.ЦЭЦЭГМАА

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ