Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 70

 

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00541/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 497 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй

“Г.Ц-ыг архины албадан эмчилгээнд хамруулах” тухай иргэний хэргийг

          Архины эмчилгээнд хамрагдаж буй Г.Ц-ын хүсэлттэй давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас шүүхэд гаргасан хүсэлтдээ:

...Г.Ц- нь удаа дараа архидан согтуурсан үедээ зөрчил үйлдэж, Цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдэн, гэр орондоо байнга түгшүүр төрүүлдэг байх тул хуульд заасны дагуу албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 497 дугаар шийдвэрээр:

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Г-ийн Ц-ыг албадан эмчилгээнд явуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Г.Ц-ыг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар гүйцэтгэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Архины эмчилгээнд хамрагдаж байгаа этгээд Г.Ц- давж заалдах гомдолдоо:

Миний бие Г.Ц- нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хүргэгдэн ирсэн. Би албадан эмчилгээнд ортлоо архи хэрэглэдэггүй. Би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний нөхөр П.С- нь Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ажилладаг тул өглөө эрт ажилдаа явж 3 хүүхэд гэртээ үлддэг. Гэтэл хүүхдүүд маань хичээлдээ явахгүй, хоол ундаа хийж идэж чадахгүй хэцүү байгаа тухайгаа нөхөр маань ярьсан. Миний дунд хүү С.Х- гэрээсээ гараад буцаж ирэхгүй 8 хоносон хичээлдээ ч яваагүй байна. Аав, ах 2 нь хайгаад олдохгүй байсан тул Цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Иймд ар гэрийн байдлыг минь харалзан ойлгож намайг эндээс чөлөөлж өгч тусална уу. Би энд байх хугацаандаа их зүйл ойлгосон гэжээ.

ХЯНАВАЛ:

          Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас шүүхэд гаргасан хүсэлтдээ... Г.Ц- нь удаа дараа архидан согтуурсан үедээ зөрчил үйлдэж, Цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдэг тул хуульд заасны дагуу албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх Г.Ц-ыг албадан эмчилгээнд эмчлүүлэхээр явуулж шийдвэрлэжээ.

Г.Ц- энд байх хугацаандаа их зүйл ойлгосон. Ар гэрийн байдлыг минь харгалзан ойлгож намайг эндээс чөлөөлж өгч тусална уу гэжээ.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд” гэж өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг” ойлгоно гэжээ.

Г.Ц- нь согтуурах, мансуурах донтой өвчтэй болсон этгээд мөн эсэх тухай эмнэлгийн дүгнэлт гараагүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ нь  Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Архинд донтох өвчтэй нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон...”, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Сум, баг, хорооны Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, цагдаагийн байгууллага, иргэн нийгмийн хэв журам зөрчсөн этгээдийг энэ хуулийн З дугаар зүйлд заасан өвчтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар эмнэлгийн байгууллагад хүсэлт гаргаж болно”, 6 дугаар зүйлийн 6.1.З-т “тухайн этгээд согтуурах, мансуурах донтой өвчтэй болсон тухай эмнэлгийн дүгнэлт”-ийг  Сум, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллага нь гаргаж өгөх үүрэгтэй гэсэн заалттай нийцэхгүй байна.

Дээр дурдсан хуулийн дагуу Г.Ц-ыг согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг эмчийн дүгнэлтээр тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 497 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Г.Ц- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

                                            

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ       

                                                               ШҮҮГЧИД                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ