| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2020/01585/и |
| Дугаар | 184/ШШ2020/02027 |
| Огноо | 2020-06-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2020/02027
| 2020 06 18 | 184/ШШ2020/02027 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Б- овогт Б-гийн П- /РД:-/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Б- овогт Г-ын Д- /РД:-/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 15,295,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Г.М-, иргэдийн төлөөлөгч Ш.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.П- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б- овогтой П- нь Сонгинохайрхан дүүргийн -д өөрийн эзэмшлийн ногооны талбайд 2014 оноос хүнсний ногоо, жимс жимсгэнийн мод бут тарьж байгаа. 2016 онд тарьсан 270 ширхэг үхрийн нүд, 2018 онд тарьсан 1,800 ширхэг үхрийн нүд, 300 ширхэг алим, 25 ширхэг чавга, 100 ширхэг агч бургас, 300 ширхэг гүзээлзгэнийн бут ургаж байсан. 2019 оны 12 сарын 08-ны өдөр ирж хашаагаа янзалж эргэн тойрон бүтэн болгосон. 2019 оны 12 сарын 10-ны өдрөөс хойш Г.Д-ийн адуу орой орж хоноод өглөө 9-11 цагийн хооронд гаргаж байсан нь контейнерийн, худгийн хүлэмжийн нөмөрт хонож байсан нь камерийн бичлэгээр нотлогдож байгаа. Энэ хугацаанд би 89915355 утас руу 10 удаа залгаж “мод бут сүйтгэчих вий, усалгааны систем хага гишгэчихдэг шүү, ноднин тэгсэн” гэж анхааруулж хэлж байсан. Гэвч 2020 оны 02 сарын 04-ний өдөр хүртэл адуугаа оруулсаар адуу нь мод идэж, хүлэмж урж, орж хоносон хэвээр байсан. Энэ хугацаанд дараах хохирлууд гарсан. Хүлэмжийн хаалга эвдэж, хар тор урсан. Хажуугийн гялгар уут цөмлөж урж гарсан 550,000 төгрөг, усалгааны хар хоолой 1,200м хагарсан. Үүнийг 1м нь 1000 төгрөгөөр бодоход 1,200,000 төгрөг, угсралтын ажлын хөлс 300,000 төгрөг, гүзээлзгэнийн бут 300 ширхэг 4500 төгрөгөөр бодоход 1,350,000 төгрөг, үхрийн нүдний бут нийт 2070 ширхэг бутнаас /15% хасаад ургаагүй/ 2018 оны 1530 ширхгийг 5500 төгрөгөөр тооцоход 8,415,000 төгрөг, 2016 оны 270 ширхгийг 6500 төгрөгөөр тооцоход 1,755,000 төгрөг, 25 ширхэг чавганы мод 35,000 төгрөгөөр тооцоход 875,000 төгрөг, агч бургас мод 100 ширхгийг 35,000 төгрөгөөр тооцоход 350,000 төгрөг, алимны тулгуур мод 200,000 төгрөг, бусад зардал 300,000 төгрөг, нийт 15,295,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү. 2019 оны 02 сард бас адуугаа оруулж 3 эгнээ 450м усалгааны шланк хагалж, хэрэглэх аргагүй болгож мод хугалж байсныг уулзаж, хэлж анхааруулж байсан. 16,000,000 төгрөгийн өртөг бүхий 300 ширхэг алимны мод, хашааны эвдрэл, 2016 оноос 2019 оны 4 жилийн хөдөлмөр болон тарих, услах, зэрлэг түүх, бордоо хийх зэрэг зардлыг нэхэмжлээгүй болно. Өмнө нь Г.Д-ийн адуу ордог байсан талаар нэхэмжлэгч өөрөө хэлж байсан. Мөн тухай бүрдээ анхааруулж хэлж байсан. Тэгэхэд дахин адуу нь орж ирсэн. Камерийн бичлэгт байгаа адуунууд ихэнх нь бараан зүсмийн адуунууд байдаг. Г.Д-ийнхоос өөр айл тэр хавьд өвөлжөөгүй. Тарьсан мод болон бүтээн байгуулалтын талаар бичлэгүүд нь байгаа. Г.Д-ийн адуу гэдгийг гэрчээр нотлуулсан. Манайх өөрсдөө хувийн компаниар хохирлын үнэлгээгээ гаргуулахад 38,000,000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Гэхдээ 15,295,000 төгрөг шаардсан байгаа” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би - тоот хаягт оршин суудаг. Надад Б.П-ы нэхэмжлэлийн дагуу мэдэгдэх хуудас ирсэн. Би энэ нутагт 1990 оноос хойш одоог хүртэл оршин сууж байгаа. Би хөрш Л- гэх айлтай ярьж тохиролцон адуугаа 2019 оны 12 сарын 25-ны өдөр ногооны талбайд оруулсан. Энэ Л- гэж айлын зүүн залгаа П-, Хадаа гэж айлын талбай бий. Энэ талбайд намар 10 сараас эхлэн айлуудын үхэр битүү орсон байсан. Миний адуугаа хийж байгаа талбайн эзэн Л-, эхнэр А- нар П-ы манаач болох Ц-д хэд хэдэн удаа утсаар хэлсэн байдаг. Манайх энэ Л- гэж айлын хашаанд гурван жил адуугаа хийхэд мод болон хүлэмж, бут сөөг сүйтгэж урсан гомдол гарч байгаагүй бүрэн бүтэн байгаа” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм хорын хохиролд 15,295,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэм хор учруулсан нь тогтоогдсон байх ёстой. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг. Энэ хэргийн хүрээнд адуунаас хохирол учирсан гэдэг нь тогтоогдоод, адуу хэний өмчлөлийнх гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Нотолгоо байхгүй. Камерийн бичлэг гэж ярьж байгаа боловч тэр бичлэгээр тогтоогдохгүй байгаа. Монгол улсын тухайд адууны им тамгаар эзнийг нь олох боломжтой байдаг. Гэтэл камерийн бичлэгээс үзэхэд адууг хэний адуу гэдгийг тогтоох боломж байхгүй им тамга нь харагддаггүй. Мөн адууны зүсээр тогтоогдох боломжтой боловч камерийн бичлэгээр бас ямар зүсмийн адуу болох нь тодорхой харагддаггүй. Энэ утгаараа адуу хэний өмчлөлийн адуу байсан нь тодорхойгүй. Камерийн бичлэг дээр адуу тууж байгаа хүүхдийн асуудал яригддаг. Хүүхэд бол чухал биш. Адуу унаад явж байгаа хүүхэд мод сүйтгэх эсэх нь логикоор бодоод үзэхэд мод сүйтгээд явахгүй. Монгол адуу бол бут иддэггүй гэдгийг ямар ч Монгол хүн мэднэ. Үхэр биш. Ургасан бут модыг адуу идсэн гээд байгаа нь үндэслэлгүй. Тухайн малынхаа шинжээс шалтгаалаад мод бут идэх нь хамаардаг. Тэгэхээр эндээс харахад танин мэдэхүйн чиглэлээр ч тэр энэ байдал нь үгүйсгэгдэж байна. Ийм их хэмжээний тохижуулалт, сайжруулалт хийж мод бут тарьсан байсан гэдэг нь бас эргэлзээтэй байна. Тэр их мод, бут тарьж ургуулсан гэж байгаа хэдий ч тэрийг баталсан зураг нэг ч байдаггүй. Зургаас харахад модны тогоо, нуруу зэрэг нь нар салхинд юм уу, өөр шалтгаанаар юм уу, элэгдсэн зэрлэг ургасан байсан. Хэдэн жилийн өмнөх, ашиглахгүй байсан талбай байх магадлалтай зураг харагдсан. Хэрвээ 2014 оноос мод бут тарьж байсан бол үр шимээ өгч байсан талаар ямар ч зураг байхгүй. Тэгэхээр Г.Д-ийн адуунаас үүдэх хохирол гэж үзэх шалтгаан тогтоогдохгүй байгаа. Тэр хавьд байдаг адуутай айл гэдэг үүднээс шүүхэд хандаад байгаа юм. Хохирлоо хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн гээд байгаа. Гэтэл хөрөнгийн үнэлгээний байгууллага тухайн захиалга өгсөн хүний талд үйлчилдгийг мэднэ. Тухайн учирсан хохирлын талаар анхан шатны санхүүгийн баримт байхгүй. Санхүүгийн анхан шатны баримт байх ёстой байхад баримтгүй байж өөрсдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалаад нотолж чадахгүй байна. Адаглаад нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл ургац тарьсан, ургац ургасан эсэх тэр талаар нотолсон баримт байхгүй. Жишиг үнийн аргаар үнэлсэн үнэлгээ нотолгооны ач холбогдолтой байж чадахгүй. Хэний буруутай үйлдэл гэдгийг нотолж чадаагүй. Харуул хамгаалалт байхгүй гэдгийг өөрсдөө хэлсэн. Өөрсдөө торон хашаагаа уначихдаг гэж хүлээн зөвшөөрч хэлж байна. Хажуугийн айлын хашаа зүгээр байхад өөрсдийнх нь хашаа унаж байгаа нь өөрсдийнх нь хариуцлага, харуул хамгаалалтын асуудалтай холбоотой. Хэрэг дотор байгаа баримтаас харахад 450,000 төгрөгийн цалин олгож, хашаагаа харуулахаар ногоочинтой тохирсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харахад ногоочин нь хариуцах ёстой байгаа юм. Бичлэг дээр байгаа хүүхэдтэй холбоотой өөрийн зүгээс тайлбарлахад хохирол учруулахгүй гэж адуугаа авч явж байгаа гэж тайлбарлаж бас болохоор бичлэг байсан. Тухайн мэдээллийг өгч байгаа агуулга нь өөр байхаар бичлэг байсан. Гэм буруутай эсэх нь нотлогдохгүй байгаа. Гэм буруутай нь гарцаагүй нотлогдох ёстой. Гэтэл нотлогдоогүй учраас өмчийн эзэн өөрөө хариуцлагаа хүлээнэ. Б.П- аж ахуй эрхэлж байсан нь үнэн л юм бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Б.П- нь Г.Д-ид холбогдуулан гэм хорын хохиролд 15,295,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргав.
Б.П- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Г.Д-ийн адуу нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайд орж хүлэмж болон усалгааны хоолой эвдэж, тарьж ургуулсан жимсний мод, бутыг идэж 15,295,000 төгрөгийн хохирол учруулсан...” хэмээн тайлбарлав.
Хариуцагч Г.Д- “...нэхэмжлэгчийн талбайд орсон адуу нь Г.Д-ийн өмчлөлийн адуу биш, түүний адуу болох нь баримтаар нотлогдоогүй, мөн тухайн талбайд нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээний мод, бут байсан эсэх нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй, гэм буруугийн шалтгаант холбоо тогтоогдоогүй...” гэж маргав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооноос хариуцагч Г.Д-ийн нэр дээрх малын А дансны бүртгэлийг, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс Г.Д-ийн мэдүүлгийг тус тус нотлох баримтаар гаргуулж, гэрчээр Ц.А-, Б.Ц-, Д.Нарангарав нарыг асууж, Сиди бичлэгт үзлэг хийх зэргээр хэргийн оролцогчийн хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх бүхий л ажиллагааг хийсэн байна. /58-65, 98,99, 101-105, 106-115/
Нэхэмжлэгчийн хүсэлтээр цуглуулсан дээрх нотлох баримтаар хариуцагч Г.Д-ийн өмчлөлийн адуу Б.П-ы талбайд орж хохирол учруулсан болохыг нотлох нотолгооны ач холбогдолтой хэмээн нэхэмжлэгч тайлбарладаг боловч гэрч Ц.А-, Д.Нарангарав нар нь “...Г.Д-ийн адуу орж байсан талаар мэдэхгүй...” гэж мэдүүлдэг, Сиди бичлэгт байгаа дүрс бичлэгт буусан адууны дүрс харагдах байдлын хувьд бүдэг, малын им тамга нь тодорхойгүй, бараан зүсмийн өнгөтэй хэд, хэдэн тооны адуу бичлэгт харагдах боловч Г.Д-ийн адуу болох нь тогтоогдохгүй байна.
Хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсан Б.Ц-гийн мэдүүлгээр “...нэхэмжлэгчийн талбайд Г.Д-ийн адуу ороод гардаг, зарим үед хэний адуу гэдгийг мэдэхгүй хүүхэд туугаад явж байдаг, цагаан өнгийн Г.Д-ийн машин байсан...” гэж тайлбарладаг боловч гэрч Б.Ц- нь нэхэмжлэгч Б.П-аас цалин авч 4-10 сард ногоочноор ажилладаг талаар мэдүүлдэг, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлснээр Ц.Ц- нь хөдөлмөрийн гэрээгээр цалин авч нэхэмжлэгчийн эзэмшлийн хашааг манадаг талаар тайлбарласан тул гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй гэж үзэж болохоор байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Рашаант өртөөнд байрлах талбай нь нэхэмжлэгч Б.П-ы эзэмшил, өмчлөлийн газар болох нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчээс энэ талаар баримтыг ирүүлээгүй боловч хариуцагч Г.Д-, түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар хуульчилсан ба гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруутай үйлдэл байхыг шаардана.
Хавтаст хэрэгт цугларсан баримтаар Б.П-ы эзэмшлийн талбайд Г.Д-ийн өмчлөлийн адуу орж мод, бут идэж, сүйтгэн хохирол учруулсан болох нь нотлогдоогүй, нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдсонгүй.
Тиймээс нэхэмжлэгч Б.П-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Д-ид холбогдох гэм хорын хохиролд 15,295,000 төгрөг гаргуулах тухай Б.П-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Б.ХИШИГБААТАР