Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
Хэргийн индекс | 112/2017/0015/З |
Дугаар | 111/ШШ2017/0039 |
Огноо | 2017-12-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 111/ШШ2017/0039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Цэрэнчимэд,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга болон Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдох Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамж, Хөх морьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгож, өөр ажилд томилохыг Хөх морьт сумын Засаг даргад даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Цэрэнчимэд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гантулга, хариуцагч Н.Үйтүмэн, Б.Батнасан, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Хариуцагч Н.Үйтүмэн, Б.Батнасан нар Говь-Алтай аймгаас онлайнаар шүүх хуралдаанд оролцсон бөгөөд нэхэмжлэгч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн болно. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэрэнчимэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Засаг даргын Тамгын газарт 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн нийгмийн ажилтнаар түр томилогдон ажиллаж байгаад нийгмийн ажилтан Н.Жамъянмаа өөр ажилд шилжиж, 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар жинхлэгдэн ажиллаж байтал сумын Засаг дарга Н.Үйтүмэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А/66 дугаар захирамжаар намайг ажлаас халсан. Иймд Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамж, Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Цэрэнчимэд шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Т.Цэрэнчимэд миний бие 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтнаар ажилд орсон билээ. Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар ажлаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг баримтлан ажлаас чөлөөлсөн. Энэ заалт нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлс бууруулахгүйгээр иргэний мэргэжлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжиүүлэх гэж заасан байдаг тул намайг цалин бууруулахгүйгээр өөр ажилд оруулахыг Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтрийг ажилгүй байсан хугацааг нөхөн бичилт хийлгэж өгнө үү, бусад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэв.
Хариуцагч Б.Батбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сумын Засаг даргын Тамгын газар нь Монгол улсын засгийн газрын 425 дугаар тогтоолын дагуу 14 орон тоотой ажиллахаар тогтоосон байдаг. Сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын Нийгмйин ажилтны орон тоог хасаж, Байгаль орчин бодлого хариуцсан түшмэл, улсын байцаагчийн орон тоог нэмсэн. Иймд Засаг даргын Тамгын газрын Нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Т.Цэрэнчимэдийг орон тооны цомхотголоор ажлаас нь чөлөөлсөн гэв.
Хариуцагч Н.Үйтүмэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Цэрэнчимэд нь Засаг даргын Тамгын газарт нийгмийн ажилтан хийж байгаад 2016 оны 12 дугаар сард орон тооны бүтцэд өөрчлөлт орж, хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар нь 14 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд сул орон тоо байхгүй тул өөр ажилд томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Ариунсанаа дүгнэлтдээ: Т.Цэрэнчимэд нь ганцаараа гэр бүлээ тэжээж байгаа тул хоёр талаасаа буулт хийгээд, сүүлийн гурван шаардлагыг биелүүлээсэй гэж бодож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэрэнчимэд нь Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамж, Хөх морьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд эрхэлж байсан ажил болох Хөх морьт сумын Нийгмийн ажилтны албан тушаалд тогтоолгохнэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, харин ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, өөр ажилд томилохыг Хөх морьт сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгээс татгалзаж, үлдснийг өөрчлөн, нэмэгдүүлсэн.
Шүүх хуралдаан дээр энэхүү шаардлагаа дэмжиж тодруулсан тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд:
Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөн баталжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж заасан. Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөн баталсан тус сумын Засаг даргын 2016 оны А/66 дугаар захирамж нь захиргааны актын хуульд заасан дээрх шинжийг агуулаагүй байна. Тодруулбал, сумын Засаг даргын Тамгын газар нь баталсан орон тоогоор байнга ажиллах тул тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан гэж үзэхгүй, мөн тухайн байгууллагын зорилго, чиг үүргийг батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай албан тушаалын орон тоо, ажил үүргийн хуваарийг баталдаг тул гадагш чиглэсэн шинжгүй, төрийн байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд гарсан захирамж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж заасны дагуу Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Засаг даргын 2016 оны А/66 дугаартай Сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөх тухай захирамжийг хүчингүй болгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Хоёр. Хөх морьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч Т.Цэрэнчимэд нь Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар тус Тамгын газрын Нийгмийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан ба маргаан бүхий Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөн баталж, Нийгмийн ажилтны орон тоо хасагдаж, Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоо хэвээр үлдсэн байна.
Улмаар Говь-алтай аймгийн Хөх морьт сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/01 дүгээр тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтууд, сумын Засаг даргын 2016 оны А/66 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийг нийгмийн ажилтны албан тушаалаас чөлөөлжээ.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдагын тухай хуулийн 33 дугаар 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө. гэж зааснаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно. гэж заасны дагуу төрийн албан хаагчийн баталгаагаар хангах үүрэгтэй. Үүний дагуу Т.Цэрэнчимэдэд хуульд зааснаар тэтгэмж олгохоор дээрх тушаалд тусгасан байна.
Нэхэмжлэгч Т.Цэрэнчимэдийн ажиллаж байсан сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтны орон тоо нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн, маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа хийх, хувийн хэрэг нээх, хяналтын дагалдах хуудас хөтлөх зэрэг ажиллагааг хийгээгүй болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдох боловч сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй, хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй гэж дүгнэлээ.
Түүнчлэн шинээр бий болсон гэх сумын Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоо нь өмнө байсан орон тоо бөгөөд иргэн З.Нүрзэд ажиллаж байгаад Хөхморьт сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамжийн дагуу Хөх морьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар түүнийг ажлаас чөлөөснийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 111/ШШ2017/0016 дугаар Шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй.
Гурав. Т.Цэрэнчимэдийг өөр ажилд томилохыг Хөхморьт сумын Засаг даргад даалгуулах, Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Т.Цэрэнчимэдийн ажиллаж байсан сумын Нийгмийн ажилтны албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр хасагдсан, түүнийг өөр албан тушаалд томилохыг сумын Засаг даргад даалгах, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэлгүй гэж үзэн дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Цэрэнчимэдийг өөр ажилд томилохыг Хөх морьт сумын Засаг даргад даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулахтухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Цэрэнчимэд ...урьд эрхэлж байсан ажил болох Хөхморьт сумын Нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох... нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА
ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ
ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН