Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2026/0174

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

МУИС-н нэхэмжлэлтэй

               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч

Нэхэмжлэгч: МУИС

Хариуцагч: Т аймгийн Э сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: П.Б, Б.Ц, Ц.Б, Б.Ц, Б.Х, Б.О

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд П.Б, гуравдагч этгээд С.Б, Б.Ц, Б.Х, Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 123/2025/0047/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр:

 Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 35 дугаар зүйлийн 35.3.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч МУИС-н “Т аймгийн Э сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/286 дугаар захирамж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/113 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын тогтоолуудын дагуу 10.4 га газар эзэмших эрхийг МУИСд шилжүүлэхгүй байгаа Т аймгийн Э сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, МУИС-н 10.4 га газар эзэмших эрхийг баталгаажуулж гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах, Т аймгийн Э сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/312 дугаартай захирамж, 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/33 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2025/0113 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч талаас бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Монгол Улсын Засгийн газраас 2010, 2017, 2022 онуудад МУИС-н бүрэлдэхүүнд ХҮ (дээд) их сургуулийг нэгтгэх, тусгаарлах тухай шийдвэр гарч, улмаар тус сургуулийн баланс дахь хөрөнгө, эзэмшиж байсан газар эзэмших эрх МУИС-н балансад шилжүүлэх, буцаан шилжүүлэх эрх зүйн үр дагавар үүссэн. Тухайлбал:

(1) Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн "Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай" №15 дугаар тогтоолоор төрийн өмчийн ХҮ дээд сургуулийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож МУИСд нэгтгэхээр шийдвэрлэсэн. Мөн тогтоолын 8 дахь хэсгээр ХҮ дээд сургуулийн байр, эд хөрөнгийг МУИС-н балансад 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шилжүүлэх арга хэмжээ авахыг даалгаж шийдсэн. Засгийн газрын тус тогтоолыг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ" хэмээн тодорхой заасныг үндэслэл болгон баримталсан байх тул тус тогтоолоор МУИС нь ХҮ дээд сургуулийн эрх залгамжлагч болсон буюу эрх, үүрэг, хариуцлагыг залгамжилсан гэж үзэж байна.

(2) Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн "Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай" №131 дүгээр тогтоолоор ХҮ дээд сургуулийг Монгол Улсын их сургуулиас тусгаарлан ХҮ их сургууль болгон өөрчлөн зохион байгуулж, 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын үйл ажиллагааг бие даалган ажиллуулсугай хэмээн шийдвэрлэсэн. Улмаар тус тогтоолын 2 дахь хэсгээр МУИС-н балансад бүртгэлтэй байгаа ХҮ дээд сургууль байр, эд хөрөнгийг ХҮ их сургуулийн балансад шилжүүлэх арга хэмжээ авахыг даалгасан. Үүний зэрэгцээ тус тогтоолтой холбогдуулан Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн "Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай" өмнөх №15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "а" заалтын "ХҮ дээд сургууль", 8 дугаар зүйлийн "ХҮ дээд сургууль, ХҮ дээд сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль" гэснийг тус тус хассан. Үүний үр дүнд ХҮ дээд сургууль нь ХҮ их сургууль болж бие даасан хуулийн этгээд болсон бөгөөд өмнө нь МУИС-н балансад шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан шилжүүлэн авах эрх зүйн үр дагавар үүссэн юм.

(3) Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн "Төрийн өмчийн зарим боловсролын сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай" №293 дугаар тогтоолоор дээд боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан ХҮ их сургуулийг МУИС-н бүрэлдэхүүн сургууль болгон нэгтгэн зохион байгуулсан. Улмаар тогтоолын 52 дахь хэсгээр өөрчлөн зохион байгуулсан боловсролын сургалтын байгууллагын орон тоо, өмч, эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг даалгасан. Энэхүү хөрөнгө шилжүүлэх явцад Т аймгийн Э сумын Засаг даргаас 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №А/286 дугаар "Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай" захирамжаар ХҮ дээд сургуулийн Т аймгийн Э сумын 1-р багийн нутаг дэвсгэр дээр орших Х сууринд аялал жуулчлал, сургалтын баазын зориулалтаар эзэмшиж байсан 10.4 га газрын хэмжээг багасгаж 6.0 га болгон бууруулж газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгосон байна.

2.2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 31- ний өдрийн хяналт шалгалтаар МУИС-н эд хөрөнгийн эрхийн хувьд Т аймгийн Э сумын 1 дүгээр баг, Х сууринд байршилтай оюутны сургалт, дадлагын баазын газрын хэмжээг үндэслэлгүйгээр багасгаж газар эзэмших эрхийг шилжүүлж олгосон үйлдлийг илрүүлж улмаар уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэлийг МУИСд өгсний дагуу тус 4.4 га газрыг буцааж авч Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байна.

2.3. Захиргааны ерөнхий хуулийн өнөөгийн зохицуулалтаар бол тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" нөхцөлд иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхолд захиргааны зүгээс халдаж захиргааны акт гаргасан нөхцөлд тухайн актыг эрх зүйт төрийн "хуульд үндэслэх" зарчмыг зөрсөн алдаа гаргасан гэж үзэж илт хууль бус хэмээн тодорхойлдог. Иймээс газрын хэмжээг бууруулж олгосон Т аймгийн Э сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/286 дугаар "Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай" захирамж нь илт хууль бус захиргааны акт байх төдийгүй үлдэгдэл 4.4 га газрыг нэмж баталгаажуулахгүй байгаа үйлдлийг эс үйлдэхүй хэмээн үзэж байна. Одоо бодит байдал дээр МУИС-н эзэмшиж буй газрын зүүн баруун талд 4,4 га газрыг нэмж олгох бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг илтэд зөрчсөн, сургалтын байгууллагын боловсролын сургалтын зориулалтаар ашиглаж байсан газарт хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан учир гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

МУИС нь Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж МУИС-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3. Нэхэмжлэлийн “Т аймгийн Э сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/286 дугаар Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/113 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын тогтоолуудын дагуу 10.4 га газар эзэмших эрхийн МУИСд шилжүүлэхгүй байгаа Т аймгийн Э сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, МУИС-н 10.4 га газар эзэмших эрхийг баталгаажуулж гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах” шаардлагын тухайд:

3.1. Хэрэгт авагдсан Т аймгийн Э сумын Засаг даргын 1998 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дүгээр захирамжаар[1] тус сумын 1 дүгээр багийн Х нэртэй газарт Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд аялал жуулчлал, сургалтын баазын зориулалтаар 11.4 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, Э сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар захирамжаар[2] Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хүсэлтийг үндэслэн Х сууринд 10.4 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

3.2. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор[3] Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИСд нэгтгэсэн байх бөгөөд ийнхүү нэгтгэгдсэний дараа МУИС-н 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 8д/190 дугаар албан бичгээр[4] “... Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль нь ... МУИС-д нэгтгэсэн. Иймд “Х” аялал жуулчлал, сургалтын дадлагын баазыг газар эзэмших гэрчилгээний өмчлөгчийн нэр болон кадастрын зураглалыг МУИС-н Бизнесийн сургуулийн нэр дээр гаргаж өгнө үү” хэмээн Т аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газарт хандаж байсан байх боловч нэхэмжлэгчээс тус үйл баримттай буюу “10.4 га газрын кадастрын зургийг гаргаж өгөөгүй талаарх” захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй байна.

3.3. Харин тус албан бичгийг хариуцагчид хүргүүлснээс хойш 12 хоногийн дараа МУИС-н Бизнесийн сургуулийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 8/214 дүгээр албан бичгээр[5]  “... 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Т аймгийн Э суманд байрлах “Х сургалт дадлагын баазын кадастрын зургийг Т аймгийн “ттх” ХХК-аар хийлгэхэд бодит байдал дээр 63380 м.кв байна. Иймд: Х аялал жуулчлал, сургалтын дадлагын баазын газрын хэмжээ, өмчлөгчийн нэрийг МУИС-н Бизнесийн сургууль болгон өөрчлөх, “Х” сургалт дадлагын баазын хаалгыг хааж буусан айлын газрыг чөлөөлүүлж өгнө үү ...” гэсэн хүсэлтийг Т аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газарт гаргаснаас үзэхэд нэхэмжлэгчээс 10.4 га биш харин “газрын хэмжээг 6 га гэж тодорхойлж, газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргуулахаар хүсэлтээ илэрхийлж байжээ” гэж үзэх үндэслэлтэй байна.

3.4. Хариуцагчаас тус хүсэлтийг хүлээн аваад Т аймгийн Э сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/286 дугаар захирамжаар[6] тус сумын 1 дүгээр багийн нутаг Х сууринд “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль”-ийн 0117560 тоот гэрчилгээтэй аялал жуулчлал, сургалтын баазын зориулалтаар эзэмшиж байсан 6 га газрыг “МУИС-Бизнесийн сургууль”-д мөн зориулалтаар шилжүүлэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 000316607 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон, эдгээр үйл баримтыг үгүйсгэж нэхэмжлэгчээс маргаагүй байна.

3.5. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор[7] Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг Монгол Улсын их сургуулиас тусгаарлан ХҮ их сургууль болгон өөрчлөн зохион байгуулж, 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын үйл ажиллагааг бие даалган ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

3.6. Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар албан бичгээр[8] “... Т аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “Х” сургалт, дадлагын баазын зориулалтаар тус сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/286 тоот шийдвэрийг үндэслэн 6 га газрыг МУИС-н “Бизнесийн сургууль”-ийн нэр дээр 15 жилийн хугацаатай олгогдсоныг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нэр дээр шилжүүлэн газар эзэмших гэрчилгээг олгож өгнө үү” гэж, МУИС-н Бизнесийн сургуулийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8/182 дугаар албан бичгээр “... Х суурин дахь сургалтын дадлагын баазын зориулалтаар эзэмшиж байгаа Т аймгийн Э сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/286 тоот шийдвэрээр нэгж талбарын 18695308782150 дугаар бүхий 6 га газрын 000316607 дугаартай олгосон эзэмших эрхийн гэрчилгээг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг Т аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газарт гаргасан байна.

            3.7. Хариуцагчаас тус хүсэлтүүдийг үндэслэн Т аймгийн Э сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/113 дугаар захирамжаар[9] Х сууринд байрлах 6 га газрыг сургалт, дадлагын баазын зориулалтаар эзэмшигч МУИС-Бизнесийн сургуулийн газар эзэмших эрхийг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд тус зориулалтаар шилжүүлэн, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000006505 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

3.8. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаар тогтоолоор[10] Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг МУИС-н бүрэлдэхүүн сургуульд нэгтгэн зохион байгуулсан байх бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хяналт шалгалтын тайлангаар “МУИС-н Х сургалт дадлагын баазын эзэмшил газраас 4.4 га газар алдагдсан” гэсэн зөрчил илэрч, 4.4 га газрын асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг МУИС-н зөвлөл, захирал, ректорт тус тус даалгасан байна.

3.9. Гэвч нэхэмжлэгчээс маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар удаа дараа 6 га газрын хэмжээгээр хүсэлт гаргаж байснаас үзвэл нэхэмжлэгчээс 10.4 га газар эзэмшихээр хариуцагчид хандаж хүсэлт гаргаж байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд кадастрын зургийг 10.4 га газрын хэмжээгээр гаргуулахтай холбоотойгоор нэхэмжлэгчээс маргаагүй байна.

3.10. Мөн хэрэгт Т аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07/631 дүгээр албан бичигт[11]  “... CCLIS буюу Газрын кадастрын хуучин мэдээллийн санд 18695308782150 нэгж талбарын дугаараар 60000 м.кв газар нь МУИС-Бизнесийн сургууль /РД:******/-ийн нэр дээр бүртгэлтэй байна. Тус нэгж талбар нь 410457921 нэгж талбарын дугаар бүхий МУИС-н газартай бүхэлдээ давхцаж байх ба газрын хэмжээ өөрчлөгдөөгүй байна ...” гэсэн лавлагаа авагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.

3.11. Ийнхүү нэхэмжлэгчээс маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 8д/190 дугаар албан бичиг, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 8/214 дүгээр албан бичгүүдээр хүсэлт гаргахдаа 6 га газрыг эзэмших тухай хүсэлт гаргаж, кадастрын зураглалыг хийлгэж хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд дээрх хүсэлт, кадастрын зураглалыг үндэслэн Т аймгийн Э сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/286 дугаар захирамжаар 6 га газрыг МУИСд, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/113 дугаар захирамжаар[12] Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд тус тус газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэснийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.3-д “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:”, 38.3.3-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж заасныг зөрчсөн, хууль бус гэж үзэх, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

3.12. Анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч нь маргаж буй 4.4 га газрыг бусдын эзэмшлээс чөлөөлүүлэхээр хариуцагчид, эрх бүхий байгууллагад хандсан талаарх нотлох баримтыг гаргаж маргаагүй, мөн өөрөө газрыг кадастрын зураглалаа мэргэжлийн байгууллагаар хийлгэхдээ зөвхөн 6 га газрын зураглал хийлгэсэн байх тул нэхэмжлэгчийг маргаж буй 4.4 га газарт Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 8/214 тоот албан бичгээр “Кадастрын зураглалыг өнөөдрийг хүртэл хийлгүүлээгүй иргэн байна, ... уг газрын зургийг “ттх” ХХК-аар хийлгэхэд бодит байдал дээр 63380 м.кв газар байна” хэмээн 6 га газрыг эзэмших эрхтэйгээ зөвшөөрч, уг газраа Э сумын Засаг даргын 2016 оны А/286 дугаар захирамжаар эзэмшиж байжээ, … захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, илт хууль бус захиргааны акт” гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй …” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... Х сууринд аялал жуулчлал, сургалтын баазын зориулалтаар эзэмшиж байсан 10.4 га газрын хэмжээг багасгаж 6 га болгон бууруулж газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгосон байна, ... Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хяналт шалгалтаар ... газрын хэмжээг үндэслэлгүйгээр багасгаж газар эзэмших эрхийг шилжүүлж олгосон үйлдлийг илрүүлж улмаар уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэлийг өгсөн, ... Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт, ... 4.4 га газрыг нэмж олгох бүрэн боломжтой ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3.13. Нэхэмжлэгчээс 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 8/214 дүгээр албан бичгээр Т аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газарт гаргасан хүсэлтдээ “... Тухайн үеийн сургуулийн захиргаа гэрчилгээг үндэслэн кадастрын зураг хийлгүүлэх байтал өнөөдрийг хүртэл хийлгэлгүй явж ирсэн байна, ... 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Т аймгийн Э суманд байрлах “Х сургалт дадлагын баазын кадастрын зургийг Т аймгийн “ттх” ХХК-аар хийлгэхэд бодит байдал дээр 63380 м.кв газар байна …” гэж кадастрын зураглалыг анх хүргүүлсэн байх бөгөөд хариуцагчаас тус кадастрын зураглалыг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

3.14. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “нэмж газар эзэмших талаар хүсэлт гаргах боломжтой, манай эзэмшил газартай хил залгаа сул чөлөөтэй газар байгаа ...” гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгчээс цаашид одоо эзэмшиж буй газрын гуравдагч этгээдүүдийн эзэмшил газартай хиллэж байгаагаас бусад хэсэгт нэмж газар эзэмшүүлэх талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцагчид хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй байна. 

4. Нэхэмжлэлийн “Т аймгийн Э сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/312 дугаартай захирамж, 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/33 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

4.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж заасан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй”, 19.1.1-д “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, 21.2-т “Захирамжид өмчлүүлэх газрын байршил, зааг, зориулалт, өмчлөгч /өмчлөгчид/-ийн овог, эцэг /эх/-ийнх нь болон өөрийнх нь нэр, иргэний бүртгэлийн дугаар, 16 нас хүрээгүй гэр бүлийн гишүүний хувьд төрсний гэрчилгээний дугаар, газрын үнэ, газар тариалангийн зориулалтаар газрыг дундаа хэсгээр өмчилж авах бол дундаа хэсгээр өмчлөгч бүрт оногдох газрын хэмжээ, өмчлөгч бүрийн газрын заагийг тусгана” гэж тус тус заасан.

4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Т аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07/1232 дугаар албан бичгээр[13]1865308782150 /МУИС/, 18695308657327 /П.Б, Б.Ц/, 18695308745333 /С.Б, Б.Ц, Б.Х, Б.О/ нэгж талбарын дугаартай газрууд нь хоорондоо давхцалгүй байна ...” гэсэн хариуг анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

4.3. Мөн Э сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 533 дугаар захирамжаар П.Бд 1 дүгээр багийн нутаг Х сууринд байрлах Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн эзэмшил газраас 0.5 га газрыг ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгчээс маргаагүй байна.

4.4. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргаж байсан болон одоо эзэмшиж буй газартай нь гуравдагч этгээдүүдийн эзэмшлийн газар давхцалгүй болох нь эрх бүхий байгууллагаас ирсэн албан бичгээр тогтоогдсон, гуравдагч этгээдүүд нь өөрсдийн эзэмшлийн газрыг бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “... тус 4.4 га газрыг буцаан авч Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх, ... сургалтын байгууллагын боловсролын сургалтын зориулалтаар ашиглаж байсан газарт хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан ...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                 А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 100 дахь тал

[2] Хэргийн 1 дэх хавтас, 30 дахь тал

[3] Хэргийн 1 дэх хавтас, 38 дахь тал

[4] Хэргийн 1 дэх хавтас, 31 дэх тал

[5] Хэргийн 1 дэх хавтас, 65 дахь тал

[6] Хэргийн 1 дэх хавтас, 32 дахь тал

[7] Хэргийн 1 дэх хавтас, 36 дахь тал

[8] Хэргийн 1 дэх хавтас, 67 дахь тал

[9] Хэргийн  1 дэх хавтас, 35 дахь тал

[10] Хэргийн 1 дэх хавтас, 42 дахь тал

[11] Хэргийн 1 дэх хавтас, 102 дахь тал

[12] Хэргийн  1 дэх хавтас, 35 дахь тал

[13] Хэргийн 2 дахь хавтас, 176 дахь тал