Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Б.Алтансүх

Улсын яллагч                                                      Б.Батбаяр

Хохирогч                                                              Т.Нэргүй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Гал овогт Пушкагийн Наранбаатарт холбогдох эрүүгийн 201710010033 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд  сумын Сүлд баг Залуучуудын гудамж 10-07 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Гал овогт Пушкагийн Наранбаатар  РД/АС79082731/

Яллагдагчаар татах тогтоолоор: шүүгдэгч П.Наранбаатар нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 05 цаг 00 минутын үед Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах Залуучуудын 10-07 тоотод эхнэр Т.Нэргүйг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө эхнэр маань ажлаасаа ирэхгүй байхаар нь би гэрээсээ гарч ажил дээр нь очтол эхнэр маань ажил дээрээ байхгүй байсан. Тэгээд явж байгаад найзтайгаа таарч нэг шил архи уугаад гэртээ харьтал эхнэр маань гэртээ ирсэн байсан. Тэгээд хоорондоо маргалдаж, би эхнэрийнхээ зүүн талын гуя руу 1 өшиглөж, нүүрэнд нь алгадсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэрээсээ уучлалт гуйсан ба бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч Т.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нөхөртэйгээ 14 жил хамт амьдарч байна. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18  цаг 30 минутад би ажилтай байсан. Ажлын цаг дуусч би ажлын газрын хэдэн хүмүүстэй хамт Заан зоог орж хоол идсэн. Ингээд ярилцаж суусаар байтал орой 01  цаг болсон байсан тул би гэртээ харьсан. Гэртээ харьсан чинь нөхөр маань гэртээ байхгүй байсан ба хүүхдүүдээсээ аав нь хаана байгаа юм бэ гэхэд таныг хайх гээд гараад явсан гэж хэлсэн. Удалгүй нөхөр маань орж ирээд намайг хаагуур яваад, утсаа авахгүй байсан юм бэ гэж уурлаад толгойн тус газарт 2  удаа цохьсон. Би гэрээсээ гарч ээж рүүгээ утсаа ярьсан. Нөхөр маань надаас уучлалт гуйсан, бид сайн дураараа эвлэрсэн тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

- 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Т.Нэргүйн биед баруун өгзөгний гадна дээд  хэсэгт, зүүн өгзөгний гадна дээд хэсэгт нурууны ар доод хэсэгт цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтлүүд нь  хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтлүүд нь нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт,  дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох  журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно гэжээ.
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 тал/
  • Хохирогч Т.Нэргүйн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд гаргасан П.Наранбаатартай сайн дураараа эвлэрсэн талаарх хүсэлт зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч П.Наранбаатар нь согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 05 цаг 00 минутын үед Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах Залуучуудын 10-07 тоот өөрийн гэртээ эхнэр Т.Нэргүйг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч П.Наранбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Наранбаатар, хохирогч Т.Нэргүй нар нь шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж  мэдүүлдэг ба мөн шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн болно.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д “энэ хуулийн 25.1-д заасан гэмт хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн бол”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч П.Наранбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч П.Наранбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гал овогт Пушкагийн Наранбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч П.Наранбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч П.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Наранбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар П.Наранбаатар, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ