Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга           Б.Алтансүх

Улсын яллагч                                                       С.Болорчулуун

Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч          Э.Батбаяр

Насанд хүрээгүй хохирогч                                        Б.Отгонжаргал

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгдарь

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Цагаан  нарыг оролцуулан шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Буржан овогт Пүрэвжавын Анхбаярт холбогдох эрүүгийн 201710010233 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас, 5 сар, 7 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Замын-Үүд сумын ЕБ-ийн 1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч, ам бүл 4, эмээ, ээж, дүүгийн хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 149 дүгээр байрны 17 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Буржан овогт Пүрэвжавын Анхбаяр /РД:ПГ00291516/

Прокурорын яллагдагчаар татах тогтоолоор:  шүүгдэгч П.Анхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн орчим Замын-Үүд сумын 3 дугаар баг ТЧ-3-ын засмал зам дээр 26-47 улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хажуу тал руу онхолдуулж хохирогч Б.Отгонсүрэнд 3255.000 төгрөгний хохирол,  хохирогч Б.Отгонжаргалын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй шүүгдэгч П.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байсан. Би гэрээсээ найз Тамираатай хамт гараад явж байтал найз Анар-Эрдэнэ утсаар залгаад хүрээд ир гэж дуудсан юм. Тэгээд бид хоёр Хараа дэлгүүрийн тэнд очтол Анар-Эрдэний дүү нь бид нарыг дагуулан Анар-Эрдэнэ дээр очтол  Анар-Эрдэнэ машин бариад явж байсан. Тэгээд бид нар хойшоо явж байгаад согтууруулах ундааны зүйл худалдан аваад задлаад өгөхөд нь би амссан.  Гэтэл Анар-Эрдэнэ машинаа бариад явж чадахгүй, машиныхаа доод эд ангийг замын ховилд шүргээд байхаар нь би машиныг нь барьсан. Ингээд явж байгаад зам тээврийн осол гаргасан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм болчимгүй байдал гаргахгүй... гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр 7 цагийн орчимд Тамираа найз маань надруу утсаар залгаж гараад ир гэж хэлсэн. Удалгүй Тамир, Тайванбат, Анхбаяр, Анар-Эрдэнэ, Оюунбат нар сараал өнгийн машин барьчихсан ирсэн бөгөөд бид нар Анар-Эрдэний гэрлүү нь явж байгаад онхолдсон. Одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Отгонсүрэнгийн мэдүүлэг  /хх-ийн 40 тал/

Насанд хүрээгүй гэрч Ж.Анар-Эрдэний мэдүүлэг  /хх-ийн 44 тал/

Насанд хүрээгүй гэрч Ц.Тайванбатын мэдүүлэг /хх-ийн 45 тал/

Насанд хүрээгүй гэрч Х.Тамирын мэдүүлэг /хх-ийн 46 тал/

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 31-34 тал/\

- 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 430 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Отгонжаргалын биед Th12, L1, L3 нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана гэжээ.

- 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 26-47 ДГА  улсын дугаартай Самсунг СМ5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Пүрэвжавын Анхбаяр нь МУ-ын ЗХД-ын 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/Тухайн тээврийн хэрэгслин ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх: 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. МУ-ын ЗХД-ийн 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.3 Тээврийн хэрэгслийн хурдыг суурийн газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэжээ.

- П.Анхбаярын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 88 тал/

- Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 тал/

- Б.Отгонжаргалын гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 98 тал/

- Иргэний нэхэмжлэгч Б.Отгонсүрэнгийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйгүй, сайн дураараа эвлэрсэн талаарх хүсэлт /хх-ийн 121 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч П.Анхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг ТЧ-3-ын засмал  зам дээр 26-47 улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хажуу тал руу онхолдуулж хохирогч Б.Отгонсүрэнд 3255.000 төгрөгийн хохирол,  хохирогч Б.Отгонжаргалын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдана гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч П.Анхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч П.Анхбаяр, насанд хүрээгүй хохирогч Б.Отгонжаргал, иргэний нэхэмжлэгч Б.Отгонсүрэн нар нь сайн дураараа эвлэрсэн, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д “энэ хуулийн 25.1-д заасан гэмт хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн бол”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу насанд хүрээгүй шүүгдэгч П.Анхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ

Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буржан овогт Пүрэвжавын Анхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч П.Анхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч П.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Анхбаярт авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар П.Анхбаяр, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ