Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2026/0177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“МГ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч

Нэхэмжлэгч: “МГ” ХХК

Хариуцагч: ГА аймгийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: ГА аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0002 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 112/2025/0031/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “МГ” ХХК-аас ГА аймгийн Засаг даргад холбогдуулан “ГА аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаартай албан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. ГА аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0002 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасныг баримтлан “МГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ГА аймгийн Засаг даргад 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаар албан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Манай компани нь 2006 онд байгуулагдаж Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон Дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэйгөөр ГА аймгийн төвийн дулаан хэрэглэгчдийн 80 гаруй хувийг дулааны эрчим хүчээр 20 гаруй жил тасралтгүй ханган ажиллаж байна.

Энэ хугацаанд аймгийн төвийн дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн халаалтын 44.2 мегаватт хүчин чадалтай нэгдсэн 4 хэсэг зуух, 250-125 голчтой төв магистрал шугам, 250-80 голчтой салбар шугам бүхий 21000 метр дулааны шугам сүлжээний угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн хэрэглэгчдэд дулаан үйлдвэрлэн нийлүүлж байна. 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 208 дугаартай албан бичгээр ГА аймгийн Засаг дарга Г.Ч-д дээрх шугам сүлжээний газарт Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт хуульчлахдаа Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж хуульчилсан бөгөөд ийнхүү хамгаалалтын зурвас тогтоосноор тухайн хамгаалалтын зурвас дотор ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилчдын болон шугам сүлжээ, цаашлаад түүгээр зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой байна.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3.3 хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, М.С нарын “МГ” ХХК нь дулааны эрчим хүч нийлүүлж байх хугацаандаа хамгаалалтын зурвас тогтоох хүсэлтийг манай байгууллагад ирүүлж байгаагүй … аймгийн засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/414 дугаар захирамжаар Алтай хотод шинээр баригдах дулааны станцын 1, 2 дугаар хэлхээний шугам сүлжээнхий хамгаалалтын бүсийг тогтоосон учраас “МГ” ХХК-д давхардуулан хамгаалалтын бүс тогтоох боломжгүй гэсэн тайлбарыг үндэслэж, мөн тэдний … манай мэдээллийн санд хэргийн материалд өгсөн тов зургаар л байгаа болохоос тамга, тэмдэг гарын үсэг зурж баталгаажсан юм алга …” гэсэн тайлбарыг өгсөөр байхад Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 гэж дугаарлагдсан хэсэгт хүсэлтийг Аймгийн Засаг даргын тамгын газарт бүртгэж авсан талаар дурдсан атлаа түүнийг шийдвэрлээгүй байхад ... ганцхан хүсэлт л байсан гол нь зураг төсвөө ирүүлээгүй гэж болохоор юуг үндэслэж хамгаалалтын бүс тогтоосон шийдвэр гаргах вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан ... шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж тодорхойлсон атлаа шийдвэрлээгүй байгаа үйл баримт байсаар байхад 7 дахь хэсэгт ... аймгийн засаг дарга шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь алдаатай дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл манай компанийн хувьд Эрчим хүчний тухай хууль, эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрэмд зааснаар Аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлүүлэхээр өөр нь хандсан. Тухайн хүсэлтийг өөрийн харьяаны ямар бүтцийн нэгжээр гүйцэтгүүлэх нь тухайн албан тушаалтны эрх хэмжээний асуудал юм.

Үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.1-т “шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах завсар үйлчилгээг саадгүй явуулах, хүн амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно”, “Аймаг нийслэл сум дүүргийн засаг дарга эрчим хүчний шугам сүлжээ ашиглагч аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлт, эрчим хүчний шугам сүлжээний зураглалыг үндэслэн эрчим хүчний тухай хуулийн 33 2-т заасны дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулж тогтоохоор байна.” гэж дүгнэсэн мөртлөө зураглалыг хэн гаргахыг тодорхойлоогүй. Цаашлаад хариуцагчийн зурвасын зураг нь хэрэгт байгаа зураг хэлбэрээр манай мэдээллийн санд байгаа гэж тайлбарласаар байхад түүнд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 13 дугаар зүйл 13.1-д “Зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам, замын зурвас газар, тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна”, хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн нэгжийн газрын нэгдмэл сангийн тайланг жил бүр хянан нэгтгэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх, дээд шатны Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнах”, 3.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;” 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх; үндсэн чиг үүргийг Улсын хэмжээнд Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн орон нутагт Аймаг, нийслэлийн газрын алба зохион байгуулах үүрэгтэй” талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Гомдлын шаардлага: Иймд ГА аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 112/ШШ2026/0002 шийдвэрийг хүчингүй болгож ГА аймгийн засаг даргад 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаартай албан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. “МГ” ХХК-аас ГА аймгийн Засаг даргад холбогдуулан “ГА аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаартай албан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “МГ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

4. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

4.1. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 33.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна” гэж заасан.

4.2. Мөн Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.1-т “Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно”, 2.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж,  байгууллагаас ирүүлсэн хүсэлт, эрчим хүчний шугам сүлжээний зурвасын зураглалыг үндэслэн Эрчим хүчний тухай хуулийн 33.2-т заасны дагуу хамгаалалтын зурвасыг тогтооно”, 4.1-д “Эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ”, 4.1.1-д “шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршлын зураглалыг хийх, хамгаалалтын зурвасыг тогтоолгох тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаар гаргуулах” гэж тус тус заасан байна.

4.3. Хууль, дүрмийн дээрх зохицуулалтаас үзэхэд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвасыг тогтоохдоо эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж,  байгууллагаас ирүүлсэн хүсэлт, эрчим хүчний шугам сүлжээний зурвасын зураглалыг үндэслэн тогтоох хуулиар хүлээсэн үүрэг бүхий этгээд байна.

Харин “шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршлын зураглал”-ыг үйлдүүлж, хүсэлтэд хавсаргах үүргийг эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигчид хууль, дүрмээр хүлээлгэсэн байх тул шүүх хариуцагчийг эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигчийн эзэмшиж буй хамгаалалтын зурвасыг тодруулж тогтоох үүрэгтэй гэж үзэж, нэхэмжлэгч “МГ” ХХК-ийн “аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаартай албан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийг хангах хууль зүйн боломжгүй байна.

4.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “МГ” ХХК нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаар албан бичгээр “... Манай компани нь ГА аймгийн төв Е сумын төвийн дулаан эрчим хүч хэрэглэгчийн 80 гаруй хувийг нэгдсэн халаалтын зуух 4 хэсэгт 44.2 мвт хүчин чадалтай дулааны эх үүсвэрээр 250-125 голчтой төв магистрал, 250-80 голчтой салбар шугам бүхий 21000 метр гаруй дулааны шугам сүлжээгээр дамжуулан дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар хэсэгт зааснаар Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулж өгнө үү” гэх хүсэлтийг ГА аймгийн Засаг даргад гаргаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн 55 дугаарт 1 хуудас баримт бүртгэгдсэн бөгөөд дээрх үйл баримттай талууд маргаагүй байна.

4.5. Мөн ГА аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/414 дүгээр захирамжаар Алтай хотод шинээр баригдах дулааны станцын I, II хэлхээний шугам, сүлжээний трассыг 1-2 дугаар хавсралтаар баталж, хамгаалалтын бүсийг тэнхлэгээс 2 тийш, 5 метрээр тогтоосон гэх баримт хэрэгт авагдсан байна.

4.6. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “МГ” ХХК-аас хамгаалалтын зурвасыг тогтоолгохоор аймгийн Засаг даргад хандан хүсэлт гаргахдаа дээрх дүрэмд заасны дагуу эрчим хүчний шугам сүлжээний зурвасын байршлын зураглалыг хавсарган өгөөгүй, тус байршлын зураглалыг гарган өгөх үүрэг нь дүрмийн зохицуулалтаар нэхэмжлэгчид өөрт нь хамааралтай байх тул хариуцагчаас хамгаалалтын зурвас тогтоосон акт гаргаагүйг буруу гэж үзэх үндэслэлгүй юм.

4.7. Иймд анхан шатны шүүхийн “... “МГ” ХХК-аас шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршил зураглалыг хийж хүргүүлээгүй байхад “... халаалтын зуух 4 хэсэгт 44.2 мвт хүчин чадалтай дулааны эх үүсвэрээр 205-125 голчтой төв магистрал, 250-80 голчтой салбар шугам бүхий 21000 метр гаруй дулааны шугам сүлжээ ...” гэдгийг тодорхойлох боломжгүй бөгөөд шинээр баригдах дулааны станцын I, II хэлхээний шугам сүлжээний трассыг зураглал, хамгаалалтын бүстэй давхцаж байгаа зэрэг нөхцөл байдлыг судалж шийдвэрлэхгүйгээр шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргахыг аймгийн Засаг даргад даалгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тухайн хүсэлтийг өөрийн харьяаны ямар бүтцийн нэгжээр гүйцэтгүүлэх нь тухайн албан тушаалтны эрх хэмжээний асуудал, ... зурвасын зураг нь хэрэгт байгаа зураг хэлбэрээр мэдээллийн санд байгаа гэж тайлбарласаар байхад түүнд дүгнэлт хийгээгүй, ... Газрын тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн газрын алба зохион байгуулах үүрэгтэй талаар дүгнэлт хийгээгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

4.8. Харин нэхэмжлэгч нь хууль, дүрэмд заасан бүрдлийг хангаж өөрийн эзэмшиж буй шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоолгохоор хариуцагчид дахин хандах эрх нь нээлттэйг, уг хүсэлтийг шийдвэрлэх үүрэг хариуцагчид хамааралтайг, мөн шаардлага хангаж хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй, шийдвэрлэсэн боловч тус шийдвэр нь хууль, журам зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэгчээс эрх бүхий этгээдэд хандаж гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ГА аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                 М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ