Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 6

 

Ч.Г-ын нэхэмжлэлтэй, Б.М-эд

холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2018/00008/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Уламбаяр,

     Нэхэмжлэгч: Ч.Г,

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Ж,

     Хариуцагч: Б.М,

     Хариуцагчийн өмгөөлөгч: Н.С нарыг  оролцуулан,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 157/ШШ2018/00018 дугаар шийдвэртэй, Ч.Г-ын нэхэмжлэлтэй, Б.М-эд холбогдох “экскаваторын түрээсийн төлбөр 45.400.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.Г-ын давж заалдах гомдлоор 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би  Б.М-ийн экскаваторыг нэг сарын 10.000.000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, Б.М-ийн 50001023050000021 тоот дансанд 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр  би өөрийнхөө 5007133379 тоот данснаас 33.640 ам долларыг шилжүүлсэн.

Удалгүй Б.М нь экскаватороо түрээслэхээ больсон тул миний бие түрээсийн үлдэгдэл мөнгөө буцаан авахаар болж тооцоо нийлсэн бичвэр үйлдэж аль аль нь гарын үсгээ зурсан,  мөнгөө 2014 оны 10 дугаар сард багтаан буцаан төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл М нь нэг ч төгрөгийг надад буцааж өгөөгүй тул  Б.М-ээс түрээсийн мөнгө /түрээслээгүй буюу экскаватор ашиглаагүй хугацааны түрээс/ 45.400.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М-ийн экскаватор нь 2014 оны 5 сарын 18-ны өдрөөс ажиллаад, хоёр сар хүрэхгүй хугацаанд  2014 оны 8 сарын 20-ны өдөр ХАС банк М-ийг төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар экскаваторыг ачиж авч явсан.

2014 оны 9 сарын 06-ны өдөр М бид хоёр гар бичвэр үйлдэж тооцоо нийлж гарсан зардлаа тооцож 45.400.000 төгрөгийн өртэй гарч ирсэн. Тооцоо нийлсэн бичвэр дээр ДЕМО-300 загварын молтокийг барьцаанд үлдээсэн. Тооцоог 1 сарын хугацаанд дуусгавар болгоно гэж хоёр талаасаа харилцан тохиролцсон. Үүнээс хойш нэг сар битгий хэл нэг ч төлбөр өгөөгүй явж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. М-ийг төлбөрөө гүйцэд дуусгасан үед молтокийг эргүүлж өгөхөд  бэлэн  гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р Д нь Ч.Г-ын Б.М-ээс нэхэмжлээд байгаа экскаваторын түрээсийн төлбөрт 45.400.000 төгрөгөөс 40.300.720 төгрөгийг би нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа юм.

Учир нь Б.М-ээс түрээслэж байсан Хас банкны лизингээр авсан экскаваторын түрээсийн төлбөр Ч.Г-ын данснаас шилжүүлсэн 33.240 ам.долларын 23.000 ам.долларыг Р Д би төлсөн юм. Ингэхдээ Ч.Г-ын 5007133379 тоот данс руу өөрийн 5006777042 тоот данснаас 2014.05.13-ны өдөр шилжүүлсэн юм.

Мөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаартай аудитын дүгнэлтээр экскаваторын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 40.300.200 төгрөг нь Б.М-ээс миний авах ёстой авлага гэж үзсэн. Б.М-ээс Ч.Г-ын нэхэмжлээд байгаа 45.400.000 төлбөрийг түүний молдокийг ашигласан хугацаанд оруулан бид 3 тооцоо нийлсэн. Ч.Г-ын нэхэмжлэлтэй Б.М-эд холбогдох иргэний хэргийн шийдвэр нь Р Д миний эрх ашгийг хөндөхөөр байх тул би  бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Ц.Г-ын Б.М-ээс экскаваторын түрээсийн төлбөр 45.400.000 төгрөг нэхэмжилж байгаатай холбогдуулаад энэ нэхэмжлэл Р Д-гийн эрх ашгийг хөндөхөөр байна гэж үзээд бие даасан шаардлага гаргасан.

Бие шаардлага гаргасан гол агуулга Г М-ээс нэхэмжлээд байгаа 45.400.000 төгрөгөөс 40.300.720 төгрөгийг Р Д нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Учир Мөнгөнсүхээс түрээсэлж байсан Хас банкны лизингийн экскаваторын түрээсийн төлбөр нь Г-ын данснаас шилжүүлсэн 33.240 ам доллараас 23 ам долларыг 2014 оны 5 сарын 12-ны өдөр Г-ын данс руу шилжүүлсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Мөн аудитын дүгнэлтэд тодорхой тусгагдсан байгаа. Тийм учраас М-ээс авах ёстой авлага гэж үзэж байна. Г-ын нэхэмжлээд байгаа 45.400.000 төгрөгөөс 40.300.720 төгрөгийг М-ээс гаргуулж өгнө үү гэж бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие  Ч.Г-ын нэхэмжлэлийн шаардлагатай  хамт шийдвэрлүүлэхийн тулд  сөрөг нэхэмжлэлийн шаардлага  гаргаж байна. Үүнд миний эзэмшлийн DMB-300 загварын 44.224.500 төгрөгийн үнэтэй молдокны үнийг Ч.Г-аас нэхэмжилж байна. Эксковатор ашиглаагүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл 45.400.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар миний DMB-300 молтокийг Ч.Г барьцаанд авсан, ингэхдээ барьцааны зүйлийг ашигласан гэж үзэж байна. Гэрээг анх байгуулсан Р Д, Ч.Г нартай үлдэгдэл төлбөрт молдокоо өгөхөөр харилцан тохиролцсон байсан юм. Иймд Ч.Г-аас DMB-300 маркийн молдокны үнэ болох 44.224.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ганцацралын ярьж байгаа худлаа. Уурхай нөхөрлөлийн журмаар ажиллаж байсан. Тухайн үед уурхай ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын газраас зогсоосон байсан. Харин экскаватор молток ажиллахгүй гэсэн шалтгаанаар зогсоогүй. Анхнаасаа Ганцацрал бид хоёрын ярьсан зүйл биш. Р Д бид гурав цуг ярилцаж тохиролцсон. Энэ 33.640 ам доллараар экскаваторын төлөгдөөгүй төлбөрөө төлөөд экскаваторыг хямдхан түрээслэнэ гэж тохиролцсон. Анхнаасаа би хэлж байгаа, Г-ын бид хоёрын яриа биш. Гуравдагч этгээдийн шаардлага дээр ч мөн адил ашигласан молтокоор тооцож хаасан. Тооцоог бид гурав хийсэн. Манай гэрийн гадаа Г ирээд гарын үсэг зурсан ийм тооцоо бий. Өмнөх тооцоо бичгээр хийгдээгүй ч гэсэн энэ нь хамтран ажиллах гэрээ байсан. Ерөнхийдөө энэ гэрээ биелэгдсэн. Уурхай зогссон болон экскаватор зогссон нь аль аль талаасаа болсон. Үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй байна. Молтокоор хаая гэж бид гурав тохирсон зүйл байгаа. Би хавтаст хэргийн 14-р талд байгаа молтокоор хаая гэсэн тайлбар бичсэн. Мөн хх-ийн 122-р талд аудитын газар надаас тайлбар авсан. Би  төлбөрийг молтокоор хаая гэж тайлбар гаргасан гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 157/ШШ2018/00018 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М-ээс 45.400.000 /дөчин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан 31.008.200 /гучин нэгэн сая найман мянга хоёр зуу/ төгрөгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р Д-д, 14.391.800 /арван дөрвөн сая гурван зуун ерөн нэгэн мянга найман зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Ч.Г- нарт тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг болон хариуцагч Б.М-ийн нэхэмжлэгч Ч.Г-аас 44.224.500 /дөчин дөрвөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385.000 /гурван зуун наян таван мянга/ төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359.453 /гурван зуун тавин есөн мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379.072 /гурван зуун далан есөн мянга далан хоёр/ төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлээж, хариуцагч Б.М-ээс 312.991 /гурван зуун арван хоёр мянга есөн зуун ерөн нэг/ төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р Д-д, 229.909 /хоёр зуун хорин есөн мянга есөн зуун ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г нарт тус тус олгохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй, хууль хэрэглээ болон нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхэд гол ач холбогдол бүхий оролцогчдын хооронд үүсч буй харилцааг үнэн зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй бөгөөд хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.

Шүүх нэхэмжлэгч Ч.Г, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р Д нарын харилцааг тодорхойлохдоо шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2014 оны 5 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарыг дуустал хамтран ... жонш олборлох үйл ажиллагаа явуулж байсан...” гэж тодорхойлжээ. Үүнээс үзэхэд шүүх уг харилцааг хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн байх ба хуулийн ямар үндэслэлээр энэхүү харилцааг тодорхойлсон нь эргэлзээтэй байна.

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллахыг ойлгох ба Иргэний хуулийн 477 дүгээр зүйлийн 477.4-т уг хамтран ажиллах гэрээгээр “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, туүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна" мөн хуулийн 478 дүгээр зүйлийн 478.8-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна" гэж хуульчилсан.

Тэгвэл шүүхийн шийдвэрт дурдсанчлан Ч.Г-, Р Д нар хамтран жонш олборлох үйл ажиллагаа явуулж, цаашлаад энэхүү хамтран ажиллах үйл ажиллагаанд зориулан экскаватор түрээслэн ашигласнаас олсон ашиг, орлого үр шим нь дундын өмч болж, нэхэмжлэгч Ч.Г- мөн адил ашиг, орлого хүртэж байсан эсэхийг тогтооход, шууд үгүйсгэгдэж байна.

Р Д нь энэхүү үйл ажиллагаанаас олсон бүх ашиг орлогыг өөртөө авдаг байснаас үзвэл уг хоёр этгээдийн хооронд үүссэн харилцаа нь хамтран ажиллах гэрээний харилцаа биш болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ч.Г- ч хамтран ажиллах гэрээний харилцаа байхгүй гэдгээ анхан шатны хуралд тодорхой мэдүүлдэг бөгөөд энэхүү хэрэгт хамтран ажиллаж байсан талаархи ямар ч нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх дээрх байдлаар дүгнэж байгаа нь анхнаасаа зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэж байна.

Ийнхүү шүүх Ч.Г, Р Д нарын харилцааг буруу тодорхойлсоноос үүдэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ч.Г, Р Д нар нь хамтран жонш олборлох үйл ажшлагаа явуулж байсан ба энэхүү үйл ажиллагаанд зориулан Б.М-ийн эзэмшлийн экскаваторыг түрээслэхээр харилцан тохиролцсон гэсэн нь энэхүү экскаваторын түрээсийн төлбөртэй холбоотой харилцаа үүсэх үндэслэл, оролцогчдыг мөн адил буруу тодорхойлсоныг харуулж байна.

Шүүх Р Дг экскаваторын төлбөрт зориулан мөнгө шилжүүлсэн гэдгийг нотлох баримт байхгүй байхад түүний шаардлагыг ханган шийдвэр гаргасан.

Хариуцагч Б.М нь хамгийн анх /өмгөөлөгчгүй байхдаа/ шүүхэд гаргасан тайлбартаа дээрх мөнгийг Ганцацралд өгөх талаар маргаагүй бөгөөд Р Д дээрх мөнгийг шилжүүлсэн талаар огт тайлбардаа дурьдаагүй түүнчлэн экскаваторын түрээсийн төлбөрийг буцаан олгохтой холбоотойгоор нэхэмжлэгч Ч.Г-д 45.400.000 /дөчин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг олгохоор тохиролцсон нь 2014 оны 9 сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогддог.

Хариуцагч Р Д-гийн шүүхэд гаргасан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Г-ын банкин дах дансанд Р Д-гээс 2014 оны 5 сарын 12-ны өдөр 23.000 ам.доллар шилжсэн байх хэдий ч мөнгөн гүйлгээний утга, зориулалт бичигдээгүй байх тул үүнийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг экскаваторын түрээсийн төлбөрт зориулан мөнгө шилжүүлсэн гэдгийг нотлосон баримт гэж үзэхгүй юм.

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хэлж буй банкны мөнгөн гүйлгээний шилжүүлэг нь уг экскаваторын төлбөртэй холбоотой харилцаанаас гадна тусдаа бие даасан харилцаа буюу ачаа ачилттай холбоотой Р Д, Ч.Г болон “Дэрбумба” ХХК нарт хамаарах мөнгөн гүйлгээ байсан ба үүнтэй холбоотой бүх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан.

Гэтэл нотлох баримггай холбоотойгоор шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ч.Г- нь дээрх ам.долларыг Р Д нь ачаа ачилтын хөлс гэж шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч 2 дугаар хавтаст хэргийн 94-132 хуудсанд авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гаалийн мэдүүлгийн хавсралт зэрэг нь 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох баримтууд байна.

Иймд ...Р Д нь экскаватор түрээслэх зорилгоор Б.М, Ч.Г нартай харилцан тохиролцож Ч.Г-ын данс руу 23.000 ам.доллар шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэлээ” гэснээс үзэхэд шүүх хэт нэг талыг баримталсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу үнэлэн тайлбарлаж дүгнэлт гаргасан нь илт байна.

Шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... үнэлнэ” гэж заасныг зөрчин хэрэгт ач холбогдол бүхий хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүрийг авч үзэн бодитойгоор үнэлээгүй байна.

Нэхэмжлэгч талаас 23.000 ам.долларын банкны мөнгөн шилжүүлэг нь “Дэрбумба” ХХК, Р Д, Ч.Г- нарын вагон ачилтын гэрээтэй холбоотой мөнгө болохыг нотлох дансны хуулгууд, гаалийн мэдүүлэг, төмөр замын наклад, төлбөр төлсөн баримт, 2014 оны 5 сарын 08-ны өдөр “Дэрбумба” ХХК-тай ачаа ачилтын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтьг шүүхэд гаргаж өгсөн.

Гэтэл шүүх шийдвэртээ дээрх тооцоо нийлсэн актыг огт дурдаагүй. Энэхүү тооцоо нийлсэн акт нь шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдсан хугацаа буюу 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ачилт хийсэн ба түүний тооцоог суүлд гарган 2014 оны 5 сарын 08-ны өдөр тооцоо нийлэн Р Д Ч.Г- нарт өр үүсгэсэн болохыг харуулах ач холбогдол бүхий нотлох баримт юм.

...Шүүх энэхүү илт хууль зөрчсөн үйлдлийг мэдсээр байж Р Дгийн шаардлагын тодорхой хэсгийг ханган шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй нь тодорхой болно.

Ийнхүү шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р Дгийн шаардлагын тодорхой хэсгийг ханган шийдвэрлэхдээ оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр буюу 33.640 ам.долларын 23.000 ам.доллар нь 68.3 хувь гэж тооцоолон 31.008.200 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн тодорхой үндэслэл байхгүй бөгөөд экскаваторын төлбөрт Р Д өөрийн хөрөнгөө оруулсан гэж дүгнэсэн нь шүүх хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан Ч.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлүүлэхээр  гомдол гаргалаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрдэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р Д нь “Ч.Г-ын Б.М-ээс нэхэмжилсэн экскаваторын түрээсийн төлбөр 45 400 000 төгрөгнөөс 40 300 720 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р Д-гийн нэхэмжлэлийг хариуцагч Д.М-д 2017 оны 12 сарын 08-ны өдөр,  нэхэмжлэгч Ч.Г-д 2017 оны 01 сарын 15-ний өдөр тус тус гардуулсан  байна./хх-47, 141/,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд маргааны зүйлийн талаар шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болдог.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж үүрэг хүлээдэг учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах тэдгээрт тайлбар өгөх” эрхийг эдэлдэг.

Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нарт нэхэмжлэгч Ч.Г-ын нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Д.М-ийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулах, хариу тайлбар гаргуулах эдгээр ажиллагааг огт хэрэгжүүлээгүйгээс, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн төдийгүй мэтгэлцэх эрхээр хангаагүй  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгч Ч.Г-ын давж заалдах гомдолд  дүгнэлт өгөх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 384950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 157/ШШ2018/00018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Ц.Г-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 384950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА

 

  ШҮҮГЧИД                                             З.ЭНХЦЭЦЭГ

 

                                                                                                   Я.АЛТАННАВЧ