Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2026/0195

 

 

      

 

 

 

 

 

 

 

 

  

         Н.Б нэхэмжлэлтэй

                 захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч М.Цэцэгмаа,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч

Нэхэмжлэгч: Н.Б

Хариуцагч: БХ аймгийн Нийгмийн даатгалын газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: БХ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0041 дүгээр шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Ж.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 111/2025/0048/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Бгаас БХ аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Тэтгэвэр тогтоохдоо эрх зүйн байдал дордуулсан хуулийг хэрэглэсэн нь хууль бус болохыг тогтоож, дахин тэтгэвэр тогтоохыг даалгах, тэтгэвэр тогтоолтоос үүссэн дутуу бодолтын зөрүү, хохирлыг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойших хугацаанд дахин тооцож, БХ аймгийн Нийгмийн даатгалын газраас гаргуулах”-аар маргасан байна.

2. БХ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0041 дүгээр шийдвэрээр:

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 20.4, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Бн “Тэтгэвэр тогтоохдоо эрх зүйн байдал дордуулсан хуулийг хэрэглэсэн нь хууль бус болохыг тогтоож, дахин тэтгэвэр тогтоохыг даалгах, тэтгэвэр тогтоолтоос үүссэн дутуу бодолтын зөрүү, хохирлыг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойших хугацаанд дахин тооцож, БХ аймгийн Нийгмийн даатгалын газраас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Тухайн шүүх 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 111/ШШ2026/0041 шийдвэрээрээ миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч шүүхийн уг шийдвэрт дурдсаны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Миний бие шүүх хуралдааны үеийн болон анхан шатны шүүхийн шийдвэрийн дараах хэд хэдэн баримтад үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргалаа. Үүнд: Анхан шатны шүүхийн тухайн шүүх хурал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч миний зүгээс гаргасан хэд хэдэн асуулт, гомдолд хариуцагч талаас хуулийн үндэслэлтэй хариу өгч чадаагүй. Тухайлбал:

3.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай /салбар/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн заалтад итгэлцүүрээр өсгөсөн орлогыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаарлах тухай ойлголт байхгүй байна, тухайн үед авч байсан миний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг л тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаарлахаар заасан байна Яагаад итгэлцүүрээр өсгөж хуулийн дагуу өнөөгийн үнэ цэнийг нь тооцсон орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаарлаж байгаа юм бэ гэсэн асуултад хуульд нийцсэн итгэл үнэмшилтэй хариулт өгч чадаагүй.

3.2. Монгол улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 231 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “... 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд албан журмын даатгуулагчийн хувьд Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай” гэсэн заалтыг яагаад миний тэтгэвэр тогтооход хэрэглэхгүй байгаа юм бэ гэсэн асуултад мөн үнэмшилтэй хариу өгч чадаагүй

3.3. Шүүх хурлын мэтгэлцээний үеэр шүүгч болон хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.4 дэх заалтыг амаар тайлбарлахдаа энэ заалт нь хуулийн Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүн хэсэгт байгаа учраас даатгуулагчийн тэтгэврийг тогтооход хэрэглэхгүй гэсэн утга санааг илэрхийлсэн. Энэ тайлбарыг би буруу гэж үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого гэсэн хэсэгт байгаа нь техникийн ангилал болохоос хуулийн заалтыг хэрэглэх хүрээг хязгаарлах үндэслэл биш юм. Хуулийн заалтыг бүлэг хэсгээр нь биш агуулга зорилгоор нь тайлбарлах ёстой. Энэ заалт нь зөвхөн шимтгэл тооцох тухай биш даатгуулагчийн эрхийг хамгаалах ерөнхий зарчмыг агуулсан заалт юм. Тэтгэвэр тогтоолт нь нийгмийн даатгалын харилцааны эцсийн үр дүн тул энэ заалтыг хэрэглэхээс татгалзах үндэслэл байхгүй. Мөн хуулийн эргэлзээтэй заалтыг иргэнд ашигтайгаар тайлбарлах зарчим бас зөрчигдсөн. Захиргааны ерөнхий хуулийн дагуу эргэлзээтэй заалтыг шүүх иргэнд ашигтайгаар тайлбарлах, бодит байдлыг бүрэн тогтоох үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй. 19.4 дэх заалт нь шимтгэл тооцох суурин дээр хязгаар тогтоосон, харин тэтгэвэр тэтгэмж тогтоохдоо баримтлах цалингийн дээд хэмжээг тодорхойлсон заалт юм.

Гэтэл Анхан шатны шүүх бичгээр гаргасан шийдвэртээ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.4 дэх заалтыг тайлбарлахдаа "дээрх заалт нь өндөр цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчаас их шимтгэл авахгүй байх, ... тэтгэврийн сангийн тэнцвэртэй, шударга байдлыг хангах, тэтгэврийг ижил суурь зарчмаар тогтоох зорилготой хязгаарлалтын зохицуулалт юм" хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийн агуулгыг хэт өргөтгөн тайлбарласан гэж үзэхээр байна.

3.4. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.4 дэх заалт нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоосон техникийн шинжтэй зохицуулалт бөгөөд уг заалтад өндөр орлоготой даатгуулагчаас их шимтгэл авахгүй байх, эсхүл тэтгэврийн сангийн шударга байдал, тэнцвэрийг хангах бодлогын зорилгыг илэрхийлсэн агуулга тусгагдаагүй байна.

3.5. Түүнчлэн, "их шимтгэл авахгүй байх" гэсэн дүгнэлт нь уг заалтын утгатай нийцэхгүй. Учир нь 19.4 дэх заалтын дагуу даатгуулагч нь тогтоосон дээд хэмжээнд хүрсэн тохиолдолд хамгийн их хэмжээгээр шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд энэ нь шимтгэл авахгүй байх бус, харин дээд хязгаартайгаар шимтгэл тооцох зохицуулалт юм.

3.6. Мөн нийгмийн даатгалын тогтолцоо нь шимтгэлийн хэмжээ, шимтгэл төлсөн хугацаанд суурилсан ялгавартай зарчимд үндэслэдэг бөгөөд тэтгэврийг "ижил суурь зарчмаар тогтоох тухай тайлбар нь нийгмийн даатгалын суурь зарчимд харшилж, удаан хугацаанд өндөр шимтгэл төлсөн даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих эрсдэлтэй.

3.7. Анхан шатны шүүх дээрх заалтыг тайлбарлахдаа хуульд тусгагдаагүй бодлогын болон үнэлэмжийн шинжтэй зорилгыг нэмж тайлбарласан нь шүүхийн хууль тайлбарлах эрх хэмжээний хязгаарыг давсан бөгөөд хуулийг үгчилсэн болон агуулгын хүрээнд тайлбарлах зарчимд нийцэхгүй байна.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.4 дэх заалтад анхан шатны шүүхээс өгсөн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ заалтын агуулга нь даатгуулагчийн эрхийг хамгаалах бөгөөд шимтгэл төлөлт, тэтгэвэр тогтоолт 2 салшгүй холбоотойг илэрхийлж байна.

3.8. Анхан шатны шүүхийн шүүгч бодлогын тайлбар хийсэн нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Шүүх хууль хэрэглэх, хуулийн заалтыг утгаар нь тайлбарлах үүрэгтэй болохоос хууль тогтоогчийн бодлогын зорилгыг өөрийнхөөрөө тодорхойлох хуульд байхгүй нийгмийн үзэл баримтлал нэмж тайлбарлах эрхгүй. Энэ тайлбар нь хууль тогтоох байгууллагын бүрэн эрхэд халдсан шинжтэй хууль тайлбарлах зарчимд нийцээгүй байна.

3.9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4  дэх заалтыг хэрэглэхдээ миний тэтгэвэр тогтоолгохоор сонгосон жил, саруудын цалин хөлсийг итгэлцүүрээр өсгөчхөөд итгэлцүүрээр өсгөөгүй тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаарлалт хийж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн. Энэ заалт нь миний сонгосон 5 жилийн сар бүрийн авч байсан бодит цалин тухайн үеийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг итгэлцүүр хэрэглэхээс өмнө хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаарлахаар байна уу үгүй юу гэдгийг жиших тухай ойлголт юм. Энэ заалтад "итгэлцүүрээр өсгөсөн орлогыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаарлах тухай ойлголт байхгүй", гэсэн миний нэхэмжлэлийн гол маргаанд хүлээн анхан шатны шүүх "үндэслэлгүй" гэсэн тайлбар өгснийг зөвшөөрөхгүй байна. Энд мөн л хуулийн эргэлзээтэй заалтыг иргэнд ашигтайгаар тайлбарлах зарчим зөрчигдсөн. Захиргааны ерөнхий хуулийн дагуу эргэлзээтэй заалтыг шүүх иргэнд ашигтайгаар тайлбарлах, бодит байдлыг бүрэн тогтоох үүргээ анхан шатны шүүх бас биелүүлээгүй.

3.10. Миний тэтгэврийг тогтоохдоо Хуулийг хэрэглэх дарааллыг буруу барьж, даатгуулагчийн эрхийг хязгаарласан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20.4-т: "Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан... жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна" гэж зааснаар бол дээд хязгаарыг итгэлцүүрийн өмнө хэрэглэхээр байгаа. Энэ заалт нь тухайн жил сарын бодит цалин, мөн тухайн оны дээд хязгаар хоёрын хооронд харьцуулалт хийнэ гэсэн утгатай юм.
 

Итгэлцүүрээр өсгөсөн дүн бол "тухайн үеийн цалин" биш, итгэлцүүр бол ХЯЗГААР тогтоох хэрэгсэл биш. Итгэлцүүрийн зорилго нь инфляц, худалдан авах чадварын өөрчлөлтийг саармагжуулах техникийн зохицуулалт юм.

Итгэлцүүр нь: цалинг "шинээр бий болгох" эсхүл хуульд заасан дээд хязгаарыг "давуулах, багасгах" үүрэггүй. Итгэлцүүрийг ашиглаад дараа нь дээд хязгаар тавих нь итгэлцүүрийн зорилгыг үгүйсгэж байна Буруу дараалал нь давхар хязгаарлалт үүсгэж байна.

3.11. Тэгвэл хуулийн зөв дараалал нь: 1. тухайн үеийн бодит цалин, 2 тухайн үеийн дээд хязгаараар шалгана. 3. зөвшөөрөгдсөн дүнд л итгэлцүүр хэрэглэнэ. Гэтэл миний тэтгэврийг тогтоохдоо: 1. бодит цалинг өсгөчхөөд 2 дараа нь дээд хязгаар тавьсан Үүний үр дүнд: миний тэтгэвэр хуульд заагаагүйгээр хязгаарлуулж, тэтгэврийн суурь хиймлээр багасч байна. Энэ нь 20 4-ийн агуулгыг гуйвуулсан хэрэглээ боллоо гэж үзэж байна. 20.4 нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хязгаарыг тухайн үеийн цалинтай харьцуулах зориулалттай. Харин итгэлцүүр хэрэглэсний дараах дүнд тухайн үеийн дээд хязгаарыг хэрэглэх нь хуульд тусгагдаагүй аргачлал юм. Өөрөөр хэлбэл хуулийн хэрэглээний дараалал алдагдсан эрх зүйн шинжтэй маргаан. Аргачлал хуульд Нийгмийн даатгалын сангаас нийцээгүй бол шүүх засаж залруулах үүрэгтэй. олгох тэтгэврийн тухай хуулийн 20.4 дэх заалт нь даатгуулагчийн тухайн үеийн бодит цалин хөлсийг "тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ"-тэй харьцуулах зориулалттай зохицуулалт юм

3.12. Гэтэл даатгуулагчийн сонгосон оны цалин хөлсийг өнөөгийн үнэ цэнэд шилжүүлэх итгэлцүүрээр өсгөж, улмаар түүнд тухайн үеийн дээд хязгаарыг хэрэглэсэн нь хуулийн 20.4 дэх заалтын агуулга, зорилгод нийцэхгүй байна.. Итгэлцүүр нь инфляцын нөлөөг арилгах техникийн арга болохоос цалин хөлсний дээд хязгаарыг тогтоох, эсхүл хязгаарлалт шинээр бий болгох үндэслэл биш юм. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг зөв үнэлэлгүйгээр маргаантай заалтыг хууль зүйн агуулгаас нь хэт өргөтгөн тайлбарлаж, итгэлцүүрийн хэрэглээг дээд хязгаар тогтоох хэрэгсэл мэтээр үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Итгэлцүүр хэрэглэсний дараах дүнг тухайн үеийн цалин хөлс гэж үзэх боломжгүй. Энэ заалтыг хэрэгжүүлэхдээ хуулийн хэрэглээний дарааллыг алдагдуулж, хуульд нийцээгүй аргачлал хэрэглэсэн нь хууль бус гэж миний бие нэхэмжлэлдээ үзсэнийг анхан шатны шүүх үгүйсгэж, хуулийг зөв хэрэглэсэн гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна.

3.13. Итгэлцүүр хэрэглэсэн орлогод тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаар тогтоож байгаа нь мөн НДЕХ-ийн 22-р зүйлийн 22.1-т заасан тухайн үеийн бодит цалин хөлсөнд итгэлцүүр хэрэглэж өнөөгийн үнэ цэнийг тооцох хуулийн агуулгыг үгүйсгэж байгааг анхан шатны шүүх ерөөсөө анзаараагүй.

Миний бие анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ “ Миний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Хуулийг хэрэглэх дарааллыг буруу хэрэглэсний улмаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7-р зүйлийн =Ц*(45%+(Ш241+*0.125%)) гэсэн томъёо, мөн хуулийн 20.1.-д заасан "Тэтгэвэр насны бүрэн тэтгэврийн сарын хэмжээ: Тцб тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно." гэсэн заалтуудаар бодогдсон тэтгэвэр маань хязгаарлагдаж, энэ 2 заалтаар бодогдсон хэмжээний тэтгэврээ авч чадахгүйд хүрсэн. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь: хэсэгтээ хуулийн энэ 2 заалтыг зөрчигдөөгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20.3 дахь заалтад заасан тухайн үеийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогод итгэлцүүр хэрэглэх заалтууд нь иргэний эрхийг хамгаалсан, төгрөгийн ханшийн уналтыг сэргээх зорилготой заалтууд юм.

Энэ 2 заалтад мөн итгэлцүүрээр өсгөсөн орлогод хязгаар хэрэглэх утга байхгүй Тухайлбал Нийгмийн даатгалын байцаагчийн өөрийнх нь бодсоноор итгэлцүүрээр өсгөсөн орлогод хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаарлалт хийсний улмаас миний тэтгэвэр 600 орчим мянган төгрөгөөр доогуур тогтож байгаа нь нотлогдож байсаар байтал энэ 2 заалтыг зөрчигдөөгүй гэж үзсэн нь Хуулийг иргэнд ашигтайгаар тайлбарлах, хэрэглэх зарчмыг алдагдуулж байна.

Нийгмийн даатгалын багц хуулиуд нь 2024 2025 оны эхнээс шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн хуулиуд, нийгмийн даатгалын байгууллага шинэ хуулиудын заалтыг буруу хэрэглэж байгаа, дарааллыг буруу барьж байгаа, хуулийн үгчилсэн утга санаанд нийцэхгүй программ зохиочхоод түүнийгээ хүн бүр дээр автоматаар хэрэглэж байгаа үйлдлүүдийг шүүх залруулах үүрэгтэй.

3.14. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа ганцхан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.4-ийг таны тэтгэврийг тогтооход хэрэглэхгүй гэж үзэж, миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тиймээс миний нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн, 7.1.1, 20.1-д заасан тэтгэврээ авч чадахгүйд хүргэсэн, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22.1-ийн ач холбогдлыг байхгүй болгосон, гэх мэт бусад заалтууд зөрчигдөж байгаа тухай гомдлуудад хуулийн үндэслэлтэй шийдвэр гаргаж чадаагүй, өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дутуу тогтоосон гэж үзэж давж заалдах шатанд гомдол гаргаж байна.

3.15. Миний бие БХ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 111/ШШ2026/0041 тоот шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд "Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, энэ хэргийг бүхэлд нь хянаж үзэхийг хүсэж байна.

Гомдлын шаардлага: Нэг. БХ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 111/ШШ2026/0041 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох, Хоёр. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тэтгэврийг дахин хуулийн зөрчилгүйгээр бодож, шинэчлэн тогтоох, учирсан хохирлыг нөхөн төлөхийг БХ аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Н.Б нь БХ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар[1] өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлын албаны Намын бүлгийн ажилтан Н.Бн ээлжийн амралтыг эдлүүлж, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.

3.2. Нэхэмжлэгч Н.Б нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр БХ аймгийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоох хүсэлт[2], өргөдөл[3] гаргасныг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар[4] сард олгох тэтгэврийн хэмжээг 1.110.835.00 төгрөгөөр тогтоожээ.

3.3. Тус тэтгэврийн хэмжээг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.Бгаас 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр БХ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад өргөдөл[5] гаргасан байх бөгөөд тус газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/368 дугаар албан бичгээр[6] “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон холбогдох журам зааврыг зөрчөөгүй байгааг уламжилж байна. Таны сонгосон хугацааны буюу 2009-2013 оны дундаж цалин сонговол 960431 /Есөн зуун жаран мянга дөрвөн зуун гучин нэгэн/ төгрөг болж тэтгэврийн хэмжээ буурахаар байгааг мэдэгдье” гэсэн хариуг нэхэмжлэгч Н.Бд хүргүүлсэн байна.

3.4. Анхан шатны шүүхээс “... БХ аймгийн Нийгмийн даатгалын газар иргэн Н.Бн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэн, тэтгэврийг тогтоосон нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар нотлогдох бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийг зөв хэрэглэн тэтгэврийг тогтоосон, хууль бус татгалзал гаргаагүй байх тул дахин тэтгэвэр тогтоохыг даалгах үндэслэлгүй, ... Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ., Монгол улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Итгэлцүүр батлах тухай 231 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан 2025 онд хэрэглэх итгэлцүүр /2011 онд 3.58, 2012 онд 2.86, 2013 онд 1.87, 2014 онд 1.69, 2015 онд 1.66/ болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно. гэж заасны дагуу бодсон нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэнгийн хийсэн бодолт, тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн тэтгэврийг 1,110,835 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй ... ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

3.5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн Зургадугаар бүлэг “Тэтгэвэр тогтоох, олгох”, 20 дугаар зүйл “Тэтгэвэр тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох” гээд, 20.1-д “Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно”, 20.3-д “Цалинд үндэслэсэн аргаар өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохдоо даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22.2-т заасны дагуу тогтоосон итгэлцүүр хэрэглэнэ”, 20.4-т “Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна” гэж тус тус заасан байна.

3.6. Хуулийн дээрх зохицуулалтаар “Тэтгэвэр тогтоох, олгох”-той холбоотой, тэтгэвэр тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хэрхэн тодорхойлох аргыг тодорхойлсон, тэтгэвэр тогтооход итгэлцүүр хэрэглэх, тэтгэвэр тогтоох орлогын хэмжээ ямар байх талаарх асуудлыг зааж журамласан байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотор дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодох ба цалинд үндэслэсэн аргаар өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Засгийн газраас баталсан итгэлцүүрийг хэрэглэхээр тусгайлан заасан байх бөгөөд даатгуулагчийн сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байхаар заасан байна.

3.7. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн Гуравдугаар бүлэг “Нийгмийн даатгалын шимтгэл”,  19 дүгээр зүйл “Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүн” гээд, 19.4-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна” гэж заасан байна.

3.8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд “Нийгмийн даатгалын шимтгэл”-ийн талаарх асуудлыг тус хуулийн гуравдугаар бүлгээр зохицуулж нийгмийн даатгалын шимтгэл, ногдох орлогын бүрэлдэхүүнийг тооцоолохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар зохицуулсан.

3.9. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.

3.10. Үүнээс үзэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг албан журмын даатгуулагчийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 792.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 7.920.000 төгрөг байх ба тус хэмжээгээр хязгаарлалт тогтоосон агуулгатай байна.

3.11. Хариуцагчаас нэхэмжлэгч Н.Бн тэтгэврийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгчийн сонгосон /хариуцагчаас санал болгосон нэхэмжлэгчид хамгийн өндрөөр тогтоох боломжтой онууд/ 2011-2015 онуудад авч байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 231 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан итгэлцүүрээр өсгөж, сард олгох тэтгэврийн хэмжээг 1.110.835.00 төгрөгөөр тогтоосон нь хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй байна.

3.12. Энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтоохдоо хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй, нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасны дагуу хариуцагч БХ аймгийн Нийгмийн даатгалын газраас тэтгэвэр тогтоолтоос үүссэн дутуу бодолтын зөрүү, хохирлыг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойших хугацаанд дахин тооцож, гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.13. Иймд нэхэмжлэгчээс “... Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг үндэслэн тэтгэвэр тогтоогоогүй нь эрх зүйн байдлыг дордуулсан, … Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай 20 дугаар зүйлийн 20.4 дэх заалтыг хэрэглэхдээ дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогын итгэлцүүрээр өсгөсөн дүнг тухайн үед мөрдөж байсан цалин хөлсний дээд хэмжээгээр хязгаарлах утгагүй, харин миний сарын цалин хөлсний хэмжээг тухайн үед мөрдөж байсан цалин хөлсний дээд хэмжээгээр жишиж, хязгаарлах тухай утга санааг илэрхийлсэн …” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

3.14. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”, 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.” гэж заасан.

3.15. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн маргаанд хамааралтай хуулийг хэрэглэх бөгөөд ийнхүү хэрэглэхдээ тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэхээр заасан байх бөгөөд энэ тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар тус харилцааг нарийвчлан зохицуулсан байна.

3.16. Анхан шатны шүүхээс ийнхүү тус хуулийн бүтцийг задлан шинжилж, хуулийн зохицуулалт маргаанд хамаарах нөхцөл бодит байдалд нийцэж буй эсэхэд харьцуулсан дүгнэлт, тайлбар хийх байдлаар маргаанд хамаарах хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхээр байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн “... Шүүх хууль хэрэглэх, хуулийн заалтыг утгаар нь тайлбарлах үүрэгтэй болохоос хууль тогтоогчийн бодлогын зорилгыг өөрийнхөөрөө тодорхойлох хуульд байхгүй нийгмийн үзэл баримтлал нэмж тайлбарлах эрхгүй. Энэ тайлбар нь хууль тогтоох байгууллагын бүрэн эрхэд халдсан шинжтэй хууль тайлбарлах зарчимд нийцээгүй, ... Захиргааны ерөнхий хуулийн дагуу эргэлзээтэй заалтыг шүүх иргэнд ашигтайгаар тайлбарлах, бодит байдлыг бүрэн тогтоох үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй ...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. БХ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0041 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                   М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 90 дэх тал

[2] Хэргийн 88 дахь тал

[3] Хэргийн 87 дахь тал

[4] Хэргийн 13 дахь тал

[5] Хэргийн 51-53 дахь тал

[6] Хэргийн 54-55 дахь тал