Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 003

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж, 
нарийн бичгийн дарга: Ц.Саранцэцэг,
улсын яллагч: М.Отгонжаргал,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Зулхаш, 
шүүгдэгч А.Бауыржан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бауыржанд холбогдох 201604000226 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч дүү нарын хамт Баяннуур сумын 01 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,з Шонахун овогт Арыхын Бауыржан. Регистрийн дугаар БВ94071110.
Шүүгдэгч А.Бауыржан холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.Бауыржан нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 21 цагийн үед Баяннуур сумын 5 дугаарт багт оршин суудаг Б.Архалыхын гэрийн гадаа Б.Берикболын бие махбодид болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бауыржаны өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр найз Б.Архалагын хурим болсон. Найз Б.Архалыхын хуриманд оролцоод 19 цагийн үед тарсны дараа тэрээр биднийг гэртээ урьсан. Бид Б.Архалыхын гэрт нь очоод 2 цаг суугаад 21 цагийн үед тарсан. Би Б.Архалыхын гэрээс гараад бие засаад ирэхэд Ахжол, Б.Берикбол хоёр гадаа хэрэлдээд байсан. Б.Берикбол машин дотор сууж байсан.  Б.Берикбол хоёр гараараа машины хаалга бариад хүүхдүүдийг оруулахгүй сууж байсан. Ахжол Б.Берикболд “та яаж байгаа юм бэ, бид нар явах гэж байна, та мотоциклтой явж байгаа юм чинь унаад явчих” гэж хэлэхэд Б.Берикбол “чи ахын дүү надад юм заах болсон юм уу” гэж хэлсэн. Ахжол Б.Берикболыг чирээд машинаас буулгахад тэрээр Ахжолын нүүр лүү нэг удаа цохисон. Ахжол, Б.Берикбол нар нэг лүүгээ дайраад байхаар нь би тэр хоёрыг салгасан. Би Ахжолыг араас нь тэврээд авсан. Б.Берикболыг хажууд байсан залуучууд барьж авч салгасан. Би Б.Берикболоос болсон асуудлын талаар асуух гэж байхад Ахжол миний араас гүйж ирэхээр нь би түүний цээж нь тус газар  түлхсэн. Ахжол Б.Берикбол руу дайрсан. Би одоо болиоч гээд Ахжол руу хөлөө жийх үед Б.Берикбол хажуугаас орж ирсэн. Миний хөл Б.Берикболын гэдэс тус газар хүрсэн. Би Б.Берикболын биед хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг, 
- Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “... Иймд шүүгдэгч А.Бауыржаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай байна. Уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйл байхгүй. Шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл байхгүй” гэв. 
Мөн шүүх хуралдаанд: хохирогч Б.Берикболыг байцаасан тэмдэглэл, гэрч А.Мурагер, М.Ахжол, С.Гүлжаухар, Т.Айнур, Б.Архалых, К.Жумагали, Б.Мизамгүл, Т.Арманбек, С.Балапан, Х.Бекей, Х.Тойлыбай нарыг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
Шүүгдэгч А.Бауыржаны гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч А.Бауыржан нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 21 цагийн үед Баяннуур сумын 5 дугаарт багт оршин суудаг Б.Архалынхын гэрийн гадаа Б.Берикболын бие махбодид болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хохирогч Б.Берикболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Мурагерийн машины хойд талын хаалгыг онгойлгоод сууж байхад гэрээс Ахжол гарч ирээд хойд талын хаалгыг онгойлгоод бид нар явах гээд байна. Машинаас буучих гэж хэлэхэд би түүнд би чиний машинд суугаагүй, найз Мурагерийн машинд сууж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Ахжол надад дахиад машинаас буучих гэхээр нь би чи ахын дүү надад юм ярих болоогүй шүү гэж хэлэхэд тэр миний өмсөж явж байсан куртикний захаас барьж авахад би машинаас үсөрч газарт буусан ба бид хоёр нэг нэгийгээ барьж аваад заамдаж ноцолдож байхад хамгийн түрүүнд Бауыржан хүрч ирээд бид хоёрыг салгаж авсан. Дараа нь Ахжол надад дахиад дайрах үед Бауыржан намайг барьж авсан ба Бауыржан Ахжолыг гараар түлхэж хөлөө өргөх үед би хажуунаас гүйж Ахжол руу дайрахад Бауыржаны хөл нь миний гэдэс тус газар хүрсэн байсан. Бауыржан намайг албаар өшиглөсөн гэж худал хэлж болохгүй шүү дээ. Бауыржан бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал болоогүй. Бауыржан нь Ахжол бид хоёрыг салгах гээд явж байх үед Бауыржаны хөл нь миний гэдсэн тус газар хүрсэн үнэн. Бауыржаны хөл нь миний гэдэс тус газарт нэг аймаар хүчтэй хүрээгүй болно. Бауыржаны хөл нь миний гэдэс тус газарт хүрсний дараа миний гэдэс сонин болоод өвдөж эхэлсэн. Дараа нь Тойлыбай мотоциклыг өөрөө жолоодсон ба Арманбек бид хоёр хойд талд нь суугаад тэндээс хөдлөөд явчихсан байсан. Явж байх замдаа миний гэдэс тус газарт хүчтэй өвдөх үед би мотоциклыг зогсоосон ба бид гурав зам дагуу зогсож байхад бидний араас Мурагер машинтай ирээд намайг залуучууд өргөж аваад эмнэлэгт хүргэсэн болно. Энэ хэргийн улмаас миний өлөн гэдэс задарсан байсан ба өөр биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй болно. Миний хохирлыг барагдуулж өгсөн болно. Би эмнэлэгт хэвтсэн болон эмчилгээний зардлын мөнгийг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
    - Гэрч А.Мурагерийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... найз Архалыхын гэрийн гадаа миний машины цаана хоорондоо юм яриад зогсож байсан ба бид хоёр зогсож байхад машины хажууд хүүхдүүд хоорондоо зодолдсон дуу чимээ гарахаар нь Архалых бид хоёр машины хажууд гүйж очиход тэнд байсан хүүхдүүд хоорондоо сая Ахжол Берикбол хоёр хэрүүл маргаан хийж зодолдсон гэж ярьж байсныг сонссон юм. ... тухайн үед Ахжол Берикбол хоёр эхлээд хоорондоо хэрүүл маргаан хийж нэг нэгнийгээ дайрах үед тэр хоёрыг салгах гээд явж байсан Бауыржаны хөл нь Берикболын гэдэс тус газар хүрсэн байна гэж сонссон болно. Дараа нь Берикбол нь Тойлыбай, Арманбек хоёрын хамт мотоциклд суугаад тэндээс хөдлөөд явчихсан байсан ба тэдний араас 5-10 минутын дараа машинд суугаад хөдлөөд явж байх замдаа зам дагуу Берикбол мотоциклоос буучихсан газарт гэдэс маань өвдөж байна гэж сууж байхаар нь түүнийг Ахжол, Бауыржан, Арманбек, Тойлыбай бид дөрөв өргөөд машинд хэвтүүлээд эмнэлэг рүү явсан байсан. ...Миний бодож байгаагаар Бауыржаны хөл нь Берикболын гэдэс тус газарт болгоомжгүй хүрчихсэн байн байх. Яагаад гэвэл Бауыржан, Берикбол хоёр хоорондоо ямар ч муудалцаагүй шүү дээ" гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, 
    - Гэрч М.Ахжолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...  2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн үед найз нарын хамт нэг ангид хамт сурч байсан Архалыхын хуримын цайллаганд очсон байсан. ... орой 21 цагийн үед цагийг сайн санахгүй байна гэр гэрлүү явах гээд гадаа гарсан. Бид нар гэрээс гараад машины хажууд очтол найз Мурагерийн “Истана” маркын машины дотор гаднаас найз гэж явдаг буюу хөрш айлын залуу Берикбол нь суугаа байдалтай хаалгыг хоёр гараар барьж, хүн оруулахгүй байхаар нь би түүнд хандаж “Беку та одоо буугаарай бид нар явмаар байна. Та мотоциклоор явж байгаа юм байна” гэхээр тэр надад “Ахын дүү чи надад юм заах болоогүй” гэж машинаас буухгүй байсан ба би дахиад түүнд бид нар явлаа гэж хэлэхэд тэр “чи яах гээд байгаа хүүхэд юм бэ” гэж хэлсэн. Тэгэнгүүт би түүнийг барьж аваад машинаас буулгасан байсан. Машинаас буух үед тэр миний нүүр лүү нэг удаа алгадсан. Бид хоёр хоорондоо нэг нэгийгээ заамдаж аваад ноцолдох үед Бауыржан ирээд бид хоёрыг хоёр тийшээ гараараа түлхээд салгасан байсан ба дараа нь Бауыржан намайг барьж аван, тэр үед Берикболыг тэнд байсан залуучууд барьж авсан. Берикбол дахиад над руу дайрах үед Бауыржан намайг тавиад Берикболд боль гэж хэлээд хажууд очиход би Берикбол руу дайрсан ба энэ үед Бауыржан надад одоо больцгоо гэж хэлээд намайг гараар түлхэж над руу чиглэж хөлөө өргөх үед хажуугаар нь Берикбол гүйж иртэл түүний хөл нь Берикболын гэдэс тус газар хүрсэн байсан. Би энийг сайн харсан байсан. Миний бодож байгаагаар Бауыржан намайг салгаад барьж байгаа Берикбол над руу дайрах үед намайг тавиад түүнийг болиулах гээд Берикболын хажууд очоод одоо больцгоо гэж хэлж байхад араас нь би дайрч очиход намайг гараар түлхээд над руу хөлөө өргөх үед хөл нь Берикболд болгоомжгүйгээр хүрсэн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
    - Гэрч Т.Айнурын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн үед тэнд нэг сүртэй зодоон болоогүй, ямар ч гэсэн Ахжол, Берикбол хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн байсан ба дараа нь тэр хоёр нэг нэгийгээ барьж авах үед Бауыржан очиж салгаад явж байсан юм. Дараа нь Берикбол нь Тойлыбайгийн мотоциклд суугаад Арманбек гурав явчихсан байсан болно. ...Бид нар машинаар Архалыхын гэрээс гараад явж байх замд зам дагуу мотоцикл зогсож байсан ба мотоциклын хажууд Арманбек, Тойлыбай хоёр зогсож байсан. Харин Берикбол гэдэс маань өвдөж байна гэж хэлээд тэр хоёрын хажууд газарт сууж байсан болно” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, 
    - Гэрч К.Жумагалигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ахжол Берикбол хоёр нэг нэгэндээ дайрч, хоорондоо ноцолдох үед бид салгаж авсан. Дараа нь хүүхдүүдээс сонсоход Бауыржан Берикболыг салгах гээд хажууд нь зогсож байхад Ахжол гүйж ирэхэд түүнийг цаашаа бай гэж түүн рүү хөлөө урагшаа жийх үед Берикболын гэдэс тус газарт хүрчихсэн гэж ярьж байсан болно. Тэнд нэг сүртэй зодоон ч болоогүй шүү дээ. Ахжол Берикбол хоёр хоорондоо муудалцаж, нэг нэгэндээ дайрч, нэг нэгийгээ барьж аваад ноцолдох үед бид салгаж авсан. Болсон явдал энэ болно” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
    - Гэрч Т.Арманбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Бид тэр хоёрыг салгаж аваад явах гээд байх байхад Ахжол дахиад Берикбол руу дайрсан шиг болсон. Энэ үед Бауыржан Ахжолыг гараар цаашаа бай гэж түлхээд хөлөө өргөх үед хажуунаас нь гүйж очсон Берикболын гэдэс тус газарт хүрчихсэн болно. Гэхдээ Бауыржан тухайн үед Берикболыг санаатайгаар өшиглөх гэсэн бодол байгаагүй. Бауыржан хөлөө өргөж урагшаа жийх үед хөл нь санамсаргүйгээр Берикболын гэдэс тус газарт хүрчихсэн байсныг би сайн харсан. ... тухайн үед би Бауыржаны хажууд зогсож байсан болохоор Бауыржаны Ахжол руу чиглээд өргөсөн хөл нь санамсаргүйгээр хажуунаас нь гүйж ирсэн Берикболын гэдэс тус газар хүрчихсэн болно” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
    - Гэрч Х.Тойлыбайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Бауыржан Берикболыг салгаж аваад байж байхад Ахжол дайрах үед Бауыржан түүнийг гараар цаашаа бай гэж түлхэж хөлөө өргөхөд Берикболын гэдэс тус газар хүрсэн шиг болсон. ... дараа нь би мотоциклыг жолоодож явж байх замд Берикбол гэдэс тус газарт маань өвдөж байна гэхээр нь мотоциклыг зогсоох үед тэр буугаад гэдэс маань өвдөж байна гээд газарт хэвтсэн байсан. Бид гурав зам дагуу байж байхад би нарын араас Мурагерийн машинаар манай найзууд ирсэн байсан ба тэд машинхаас бууж ирээд Берикболыг өргөөд машинд хэвтүүлсэн байсан. ... Бид Берикболыг өргөж аваад эмнэлэг дотор байгаа өөрийн өрөөнд нь оруулсан байсан ба дараа нь эмч болон түүний аав, ээж нь ирсэн болно. ... Бауыржан хөлөөрөө Берикболын гэдэс нь тус газар өшиглөөгүй энэ талаар Берикболоос асуувал хэлэх байх. ... Бауыржан Ахжолын цээжин тус газар гараар түлхэж цаашаа бай гэж хэлээд хөлөө өргөх үед Берикбол хажуунаас орж ирэхэд Бауыржаны хөл Берикболын гэдэс тус газар санамсаргүй хүрсэн шиг болсон яагаад гэвэл Берикболын Бауыржан салгаж аваад хажууд нь зогсож байсан болно. Бауыржан Берикбол хоёр хоорондоо муудалцаагүй шүү дээ” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
    - Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 450 дугаартай дүгнэлтэд: “... Иргэн Берикболын биед хэвлийн битүү гэмтэл, өлөн гэдэсний язрал, задралт, цооролт хэвлийн гялтангийн, тархамал үрэвсэл, гиповолемия, ерөнхий хордлого зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй байна. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг, амь насанд аюултай заалтын 3.1.12 агуулах хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно” /хх-ийн 64 хуудас/,
    - Шүүгдэгч А.Бауыржаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...  тэгэхэд Ахжол Берикбол хоёр хоорондоо нэг нэгийгээ барьж аваад багалзуурдаж байхад би хажуугаар гүйж очоод тэр хоёрыг хоёр тийшээ түлхэж салгасан байсан. Би тэр хоёры салгасны дараа Берикбол нь Ахжол руу дайрахад би Ахжолыг араас нь тэвэрч явуулахгүй байсан. Энэ үед би Ахжолыг тавьж явуулаад Берикболын хажууд очоод одоо та нар боль гэж хэлэхэд миний араас Ахжол хүрч ирээд Берикбол руу дайрахад би түүний цээж рүү нэг удаа түлхээд одоо больцгоо гэж хэлээд хөлөө Ахжол руу урагшаа жийх мөчид Берикбол хөндлөнгөөс орж ирэхэд миний хөл түүний гэдэс тус газарт хүрсэн нь үнэн. Гэхдээ би Берикболыг санаатай өшиглөсөн асуудал байхгүй. Дээрээс нь тухайн үед бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй, харин би Ахжол руу дахин дахин боль гэж хэлээд байсан болно. Би Берикболыг өшиглөх ямар нэгэн шалтгаан байгаагүй болно. Тухайн үед би тэр хоёрыг салгах гэж явж байсан болохоос би тэр хоёрын хэн нэгнийг өшиглөх зодох гэсэн санаа зорилго байгаагүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бауыржанд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 
Иймд шүүгдэгч А.Бауыржаныг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бауыржанд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Бауыржанд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан /мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Бауыржан нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна .
Шүүгдэгч А.Бауыржанд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Бауыржан нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болно. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.8, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шонахун овгийн Арыхын Бауыржаныг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бауыржаныг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Бауыржанд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Шүүгдэгч А.Бауыржан нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Шүүгдэгч А.Бауыржан нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар А.Бауыржанд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар А.Бауыржанд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан А.Бауыржан нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бауыржанд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Бауыржанд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ДАУРЕНБЕК