Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 7

 

Н.С-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн талаар

 

226/2018/00007/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч З.Энхцэцэг,
Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Уламбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ч,

Гуравдагч этгээд Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э нарыг  оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 156/ШШ2018/00127 дугаар шийдвэртэй, Н.С-ын нэхэмжлэлтэй “хууль бусаар цагдан хоригдсон 31 860 000 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, архивын лавлагааны хуулбар 18 000 төгрөг, нийт 34 878 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг  өмгөөлөгч Д.Ч-гийн давж заалдах гомдлоор 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өмнөдэлгэр сумын төвд Н.Эрдэнэбатын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдон 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон юм. 2010 оны 07 дугаар сарын 23-нд 5/111 тоот прокурорын тогтоолоор Н.Эрдэнэбат нь осгож нас барсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хууль бусаар цагдан хоригдсон 31 860 000 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, архивын лавлагааны хуулбар 18 000 төгрөг, нийт 34 878 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэбат, Түвшинбаатар, Эрдэнэ-Өлзий, Батмөнх нартай архи уугаад явахад Эрдэнэбат нас барсан байсан. Эрдэнэбат нас барсан гэж шалгагдаж байгаад би хүн алаагүй нь тогтоогдсон. Намайг хүн алсан гэж 10 сар цагдан хорьсон. Би энэ мөнгөө нэхэмжилнэ. Би эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авч 3 сая төгрөгийн өмгөөллийн хөлс төлсөн боловч, Д.Оюунцэцэг өмгөөлөгчид өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт, өмгөөллийн гэрээ маань алга болсон. Би 295 хоног цагдан хоригдсон. Би цагдан хоригдсон 295 хоногийн 1 өдрийг 108,000 /нэг зуун найман мянга/ төгрөгөөр бодож 31 860 000 төгрөг, Оюунцэцэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэн өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, архивын лавлагааны хуулбар 18 000 төгрөг, нийт 34 878 000 /гучин дөрвөн сая найман зуун далан найман мянга/ төгрөгийг нэхэмжилж байгаа. Миний нэхэмжилсэн мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Хэнтий аймгийн Прокурорын газрын туслах прокурор Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Хууль бусаар цагдан хоригдсон гээд байгаагийн үндсэн шалтгаан нь 2008 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Өмнөдэлгэр сумын төвд Эрдэнэбат гэгч хүн гадны нөлөөтэй нас барсан гэж цагдан хорьсон. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар нилээд олон хүн хамт архи уусан байсан. С-ыг хорих болсон шалтгаан нь тэдгээр хүмүүстэй хамт уусан байсан. Эрдэнэбат нас барсанд гадны нөлөөтэй байсан гэж үзэж цагдан хорьсон. 10 сар цагдан хорьсон гэж байна. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар онц хүнд гэмт хэрэгт цагдан хоригдсон. Эрдэнэбат нь тухайн үед цуг архи уусан хүмүүсээс өөр хүнтэй уулзаагүй байж байгаад нас барсан байсан...Иймд прокурор, шүүх, мөрдөн байцаагч нар хууль бусаар цагдан хорьсон асуудал байхгүй. Онц хүнд гэмт хэрэгт 10 сар цагдан хоригдож, дараа нь бусад таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж авч шалгахад боломжтой юм байна гэж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Өнөөдрийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй гэж үзэх үндэслэлтэй. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Одоогийн байдлаар түр хэрэгсэхгүй болгосон байгаа. Нэхэмжлэгч энэ мөнгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэрэгт анхнаас нь өмгөөлөгчөөр явж байсан. Тухайн үед эрүүгийн хэрэгт Оюунцэцэг өмгөөлөгчтэй байсан. Энэ хүмүүсийг бусдын амь насыг бүрэлгэсэн гэж цагдан хорьсон. Хэрэг шалгах явцад хүн нас барсан, хүмүүстэй архи уусан гэж зөвхөн яллах талыг баримталж шалгаад байсан. Тэр үед С болон бусад хүмүүс өөрсдөө шалгагдахаасаа эхэлж бид зодолдож, цохилцоогүй гэдгээ мэдүүлдэг байсан. Зарим хүмүүсийг нь Ганц худагт хүртэл тусгаарлаж хорьж байсан. Шинжээчийн дүгнэлтээр гадны нөлөөтэй гэсэн дүгнэлтийг баримталж тал бүрээс нь харж шалгахгүй байснаас болж эдгээр хүмүүсийг цагдан хорьсон. Би өөрийнхөө машинаар хүртэл ганц худгаас тэр хүмүүсийг очиж авч байсан. Гуравдагч этгээд энэ хүмүүсийг дахин энэ хэрэгт шалгах боломж байгаа гэж ярьж байна. Энэ хүмүүсийн хэргийг 5/68 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байгаа. Энэ хэргийг шалгаад бараг 2 жил болсон. Хэзээ хойно нь та нар битгий хэл ам хийгээд байгаарай, танхай гээд хэрэгсэхгүй болгоё гэж хэлээд Сүхбаатарыг Өршөөл үзүүлэх тухай хууль гарна гээд танхайн хэрэгт гарын үсэг зуруулсан байсан. Анх танхайгаар цагдан хориогүй, онц хүнд гэмт хэрэгт цагдан хорьж байгаад дахиж шинжээчийн дүгнэлт гаргаж байж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. 295 хоногийн хугацаагаар цагдан хоригдсоныг тухайн үед цалингийн доод хэмжээ 108.000 төгрөг байсан учраас 295 хоногийн 1 өдрийг 108.000 төгрөгөөр тооцсон. Эрүүгийн хэргийн шатанд Оюунцэцэг өмгөөлөгч өмгөөлөгчөөр оролцож байсан өмгөөллийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд алга болсон. Оюунцэцэг өмгөөлөгчтэй байсан материалыг эрж сураад хайхад Бор-Өндөрийн шүүхийн архивт байж байсан. 2017 онд Хэнтий аймгийн иргэний шүүхэд гэм хорын хохирлыг нэхэмжилж нэхэмжлэл гаргаж өгсөн чинь Цэрэндулам шүүгч манайх гэм хорын хохирлыг шийдэхээ больсон, хотод шийднэ гээд Баянзүрх дүүргийн шүүхэд өгчихсөн. Энэ хооронд энэ хүний өмнө нь төлж байсан өмгөөлөгчийн төлбөр төлсөн баримт, өмгөөллийн гэрээ нь байхгүй болсон байсан. Хэрэгт Оюунцэцэг өмгөөлөгчтэй байцаалтанд орж байсан баримтууд байгаа. Тэр баримтуудаар Оюунцэцэг өмгөөлөгчтэй өмгөөллийн гэрээ байгуулж ажиллаж байсан гэдэг нь харагдана. Архиваас тогтоолыг хуулбарлаж авахад 18.000 төгрөг төлсөн. Манайхан иргэний хэрэгт өмгөөлөгчийн төлбөр төлдөггүй гээд байдаг. Энэ бол эрүүгийн хэргийн гэм хорын хохирол учраас өмгөөлөгчийн хөлсийг төрөөс гаргаж шийдвэрлэж өгдөг юм билээ. Сүхбаатарын хувьд нэн ядуу өрхийн тоонд орчихсон, төрөөс картын бараанд орсон, төлбөрийн чадваргүй болсон байгаа. Өмгөөлөгчийн хөлсийг төлвөл 3 сая орчим төгрөг төлнө. Энэ хүн ийм байдалтай байгаа учраас би өмгөөлөгчийн хөлсөө аваагүй байгаа” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 156/ШШ2018/00127 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын нөөц сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 1 560 126 /нэг сая таван зуун жаран мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.С-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 33 317 874 /гучин гурван сая гурван зуун арван долоон мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар иргэн Н.С-ын нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ч давж заалдах гомдолдоо: Н.С нь үндэслэлгүйгээр 10 сар цагдан хоригдсоны гэм хорын хохирол 34.878.000 төгрөг нэхэмжилсэн ба үүнийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон. Мөн бид хөдөлмөрийн хөлс нэхэмжлээгүй, хууль бус цагдан хоригдсон хохирлыг нэхэмжилж байхад буруу тооцож зөвхөн өдрийн 8 цаг хоригдсон мэт үзэж 1517126 төгрөгийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 498.4, мөн тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гэм хорын хохирлыг тооцож нэхэмжилж байна.

Н.С-ыг хүний амь нас бүрэлгэсэн гэж хүнд гэмт хэрэгт холбогдуулж хохироосон хохирлыг нэхэмжилж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

             Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг төрийн нэрийн өмнөөс оролцуулах байтал бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т заасантай нийцээгүйгээс гадна прокурорт эрх үүрэг танилцуулах, нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариу тайлбар гаргуулах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг эдлүүлээгүй байна. Түүнчлэн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт болох нэхэмжлэгч Н.С-т холбогдох Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг “тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 02-ний өдрийн 156/ШШ2018/00127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Н.С нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДЭНСМАА

  ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                   Я.АЛТАННАВЧ