Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 173

 

 

      Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу, 00 тоотод байрлах Төрийн банк РД/-/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Дөмбөн 0 дугаар баг, 00-00 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Цэрэндоржийн Оюунцэцэг /РД:ЗЮ66020709/,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Дөмбөн 0 дугаар баг, 00 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт, Мөнх-Оргилын Ариунтунгалаг /РД: ЗЮ90100108/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 22.612.851,18 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа, хариуцагч Ц.Оюунцэцэг, М.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Оюунцэцэг нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төрийн банкны Хөтөл тооцооны төвөөс №0 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 23.900.000 төгрөгийг сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний 6.2.1, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 6.3 дахь заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал үүссэн, зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т авсан зээлийн буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчиж нэхэмжилсэн өдрийн байдлаар 182 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Ц.Оюунцэцэг, М.Ариунтунгалаг нарт банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас хүргүүлж зээлээ төлөхийг шаардахад шаардлагыг биелүүлэхээс зайлсхийж хариуцагчийн хүсэлтээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж төлбөрийн хуваарийг нэг сараар хойшлуулж өгсөн ч зээлийн гэрээ зөрчиж зээлээ төлөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн зээл 21.078.507,23 төгрөг, хүүгийн төлбөр 1.534.343,95 төгрөг нийт 22.612.851,18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдөр 23.900.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй зээл авсан байгаа. 2019 оны 10 дугаар сараас хойш хугацаа хэтэрч манай талаас үндсэн зээл болох 21.078.507 төгрөг, үндсэн зээлийн хүү болох 1.534.343 төгрөг, нийт 22.612.851 төгрөгийг нэхэмжилж байгаа. ...Нэгэнт банкнаас хугацаатай, хүүтэй зээл авсан юм чинь зээлээ төлнө. Гэрээн дээрээ цаг хугацаандаа төлнө гээд гарын үсэг зураад авсан болохоор хүүг төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Заавал төлөх ёстой... Гэрээг цуцалж зээлийг хүүгийн хамт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн зээлээ төлнө гэсэн хүсэлттэй байгаа. Хүүг төлөхгүй. ...Би хүүг нь төлөхгүй үндсэн зээлээ төлөөд явна гэсэн бодолтой байгаа. ...Би цалингаасаа төлнө. Тэрнээс бөөнөөр нь төлөх боломж байхгүй. ...Би уг нь амрах болоогүй байсан. Гэтэл материал байхгүй болчихлоо гээд хүмүүсээ амрах болоогүй байхад амраачихсан. Тэгээд амраад орох болоогүй байж байсан чинь дахиж дунд нь дуудаад хэдхэн хоног ажиллуулаад буцааж амраагаад 2, 3 тасраад амарчихсан. Тэгэхээр цалин багассан гэв.

 

Хариуцагч М.Ариунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн зээлээ төлөөд хүүг төлөхгүй гэж бодож байна. ...Үндсэн зээлээ төлье гэсэн бодолтой байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Ц.Оюунцэцэг, М.Ариунтунгалаг нарт холбогдуулан үндсэн зээл 21.078.507,23 төгрөг, хүү 1.534.343,95 төгрөг бүгд 22.612.851,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч нар үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүүг төлөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөтөл тооцооны төв нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Ц.Оюунцэцэг, М.Ариунтунгалаг нартай зээлийн 140400256863 дугаартай гэрээг байгуулан 23.900.000 төгрөгийн зээлийг олгосон /хх-4-6/ байна. Зээлийн гэрээ байгуулахдаа Ц.Оюунцэцэгийн цалин, гэрийн тавилга барьцаалсан болох нь хавтаст хэргийн 6 дугаар талын ард авагдсан барьцааны зүйлийн жагсаалт гэх хэсгээр тогтоогдож байна.

Хариуцагч Ц.Оюунцэцэг нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10 дугаар сарын төлөлтийг хойшлуулах хүсэлт /хх-9/ гаргасан учир нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн 2019 оны 10 дугаар сарын 05-нд төлөх хугацааг хойшлуулж 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 140400256863-Н дугаартай гэрээ /хх-7/ байгуулсан бөгөөд энэ гэрээ нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 140400256863 тоот гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний бусад зүйл заалт хэвээр мөрдөгдөнө гэж тохирцгоосон байна. Гэрээгээр 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн зээлийн графикийн дагуу төлөхөөр талууд тохиролцсон /хх-7 ар тал/ ингэж гэрээ байгуулахдаа хамтран зээлдэгч М.Ариунтунгалагаар гэрээнд гарын үсэг зуруулаагүй/хх-ийн 07/ байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж заасан бөгөөд энэ хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүсдэг байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх заалтын дагуу 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 140400256863 дугаартай гэрээгээр Ц.Оюунцэцэг, М.Ариунтунгалаг нар нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд хариуцан гүйцэтгэх үүрэг бүхий гүйцэтгэгчид байсан байна. Гэтэл нэхэмжлэгч Төрийн банк нь 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 140400256863-Н дугаартай зээлийн гэрээндээ хамтран хариуцагч гэх М.Ариунтунгалагаар гарын үсэг зуруулаагүй байгаа нь М.Ариунтунгалагийг хамтран үүрэг гүйцэтгэх үүрэг бүхий хариуцагч гэж үзэх боломжгүй болгож байна. Иймд М.Ариунтунгалагийг хариуцагч гэж нэр заан зээл, зээлийн хүү төлүүлэхээр шаардаж байгаа Төрийн банкны шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Ц.Оюунцэцэг нь зээлийн гэрээ цуцалж зээлийг хүүгийн хамт нэхэмжилж байгаа нэхэмжлэгч талын шаардлагаас үндсэн зээлийг төлнө харин хүүг төлөхгүй гэж байгаа ч хүү төлөхгүй гэж тайлбарлаж байгаа үндэслэлээ нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй энэ талаараа нотолж чадахгүй байна.

Хариуцагч Ц.Оюунцэцэг нь гэрээ байгуулж авсан 23.900.000 төгрөгөөс гэрээний хугацааг хойшлуулах үед үндсэн зээлд 2.522.487,45 төгрөг, хүүнд 2.787.664,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.696,06 төгрөг төлсөн нийт 21.377.512,55 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба шүүхэд нэхэмжлэл гаргах үед зээлийн үлдэгдэл 21.078.507,23 төгрөг, хүү 1.534.343,95 төгрөг болсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч Ц.Оюунцэцэг нь удаа дараа зээл, зээлийн хүүг зээлийн хуваарийн дагуу төлөөгүй нь гэрээний 2.2.1-д заасан ноцтой зөрчил бөгөөд 6.2-т зааснаар банкны санаачилгаар гэрээг цуцалж зээл, зээлийн хүүг гаргуулахаар Ц.Оюунцэцэгээс нэхэмжилж байгаа банкны шаардлага үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж заасан бол Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгалж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас хариуцагч Ц.Оюунцэцэг нь үндсэн зээл, түүний хүү, хугацаандаа зээл төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манайх ковид 19 цар тахал гарсантай холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/174 тоот Төрийн банкны захирлын тушаалын 1 дүгээр хэсгийн 1.1-д зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүүг авахгүй гэж заасны дагуу хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс хойш нэмэгдүүлсэн хүү аваагүй одоо ч нэхэмжлээгүй гэж тайлбарлаж байна.

Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Оюунцэцэгээс зээлийн үлдэгдэл 21.078.507,23 төгрөг, хүү 1.534.343,95 төгрөг нийт 22.612.851,18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банканд олгож, хариуцагч М.Ариунтунгалагт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.014 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Оюунцэцэгээс 271.014 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банканд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Оюунцэцэгээс зээлийн үлдэгдэл 21.078.507,23 төгрөг, хүү 1.534.343,95 төгрөг нийт 22.612.851,18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банканд олгож, хариуцагч М.Ариунтунгалагт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.014 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Оюунцэцэгээс 271.014 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банканд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор бичгээр үйлдэх бөгөөд үүнээс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   А.НАРАНТУЯА