Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 8

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г.О-д холбогдох  иргэний хэргийн талаар

 

226/2018/00693/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Уламбаяр,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б-г оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 156/ШШ2018/00302/И дугаар шийдвэртэй, “А ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.О холбогдох “захиалгаар орон сууц бариулах гэрээг цуцлаж, байр чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-н давж заалдах гомдлоор 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Арвайхээр хурд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.О нь “А ” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 13-нд байр худалдан авах захиалгын гэрээг 1м2 –ийг 1300000 төгрөгөөр нийт 76,2 м2 орон сууцыг 99060000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Оюун нь манай компанид байрны урьдчилгаанд 30136000 төгрөгийг 2015 оны 11 сард төлсөн боловч одоог хүртэл байрны үлдэгдэл 68924000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд “А” ХХК нь хариуцагч О-с байраа чөлөөлүүлж, уг байрыг борлуулж, урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс тодорхой хувийг суутгаж буцаан олгоно. Иймд хариуцагч О-с Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Хэрлэн хорооллын А-55 дугаар байрны 13 тоот 3 өрөө байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оюун нь манай компанитай 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр болох 297180000 төгрөгөөс 2200000 төгрөг өгч үлдэгдэл 27518000 төгрөгийг 2014 оны 10 сарын 30-ны дотор төлнө гэсэн боловч үлдэгдлийг 2015 оны 11 сард төлсөн. Бид орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардахад Оюун нь тэтгэвэртээ гарч байгаа хүү Чинбаяр орон сууцны зээлэнд хамрагдах гэтэл банк зээл өгөхгүй байна гэсэн. Тухайн үед бүх банк ипотекийн зээл олгож байсан.  Зээлэнд хамрагдах боломжгүй боллоо оронд нь хонь, ямаа өгөх санал тавихад нь бид тодорхой шалтгааны улмаас татгалзсан. 2017 оны 6 сард гэрээ байгуулж 9 сард төлж дуусгахаар тохиролцсон боловч одоог хүртэл төлөөгүй. Иймд байраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Г.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК-ийн барилга анх эхлэхэд уг байрны 1 давхарт худалдаа үйлчилгээ явуулах зорилгоор 20 сая төгрөгийн урьдчилгаа төлж байр захиалсан. Худалдааны төв баригдахгүй гэхээр нь өгсөн урьдчилгаагаа авъя гэхэд “Арвайхээр хурд” ХХК нь манай барьсан орон сууцнаас дуртай байраа худалдаж ав, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр шийдвэрлэж өгнө гэхээр нь уг байрыг сонгосон. Хас банкинд зээл авах хүсэлт гаргахад бүтэх эсэх нь тодорхойгүй байж байгаад ипотекийн зээл хаагдахад манай хүүг Хас банкинд дансгүй учраас зээл олгох боломжгүй гэсэн юм. Үүнээс хойш ипотекийн зээлийг аль ч банк хүлээж авахгүй байгаа тул байраа барьцаалж зээл авах боломжгүй болсон. Өөрсдийн боломжоор байрны үлдэгдэл төлбөрөө 2 сая, 3 саяаар төгрөгөөр төлөе гэхэд заавал бөөнөөр нь авна гэдэг байсан. Би 2018 оны 4 сарын 17-ны өдөр 10 сая төгрөгийг “Арвайхээр хурд” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Манайх байрны төлбөрөө ямар ч байсан 2018 оны 6 сард багтаан төлөх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 156/ШШ2018/00302 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.2-т зааснаар Арвайхээр хурд ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О-д холбогдох “захиалгаар орон сууц бариулах гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо: хариуцагч Г.О нь байрны төлбөрт 40718000 төгрөгийг төлсөн ба нийт төлбөрийн 50 хувийг төлөөгүй байхад 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр бидний дунд байгуулсан гэрээний 3.1-д заасан үүргээ хариуцагч нь биелүүлээгүй байтал Иргэний хуулийн 249 дүгээр  зүйлийн 249.2-т зааснаар гэрээг цуцлалгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 249 дүгээр  зүйлийн 249.1-д гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг  биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан байна.  Манай компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ хангалттай биелүүлсэн. Оюунд үлдэгдэл 58924000 төгрөгийг 2018 оны 6 сард багтаан төлөх ямар ч баталгаа байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч “А  ” ХХК нь хариуцагч Г.О   холбогдуулан “захилгаар орон сууц барих гэрээг цуцалж, байр чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.О   нь  байрны үлдэгдэл төлбөр 68 924 000 төгрөгийг төлнө, гэрээ цуцлах, байрыг чөлөөлүүлэхийг зөвшөөрөхгүй   гэжээ. 

“А  ” ХХК нь Г.О   2014 оны 9 дүгээр  сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 54 айлын орон сууцны 4 давхрын 14 тоот 3 өрөө орон сууцыг 1 метр квадратыг 1300000 төгрөгөөр тохиролцож 99 060 000 төгрөгөөр худалдах,  хариуцагч Г.О   урьдчилгаа 30 136 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 68 924 000 төгрөгийг төлөөгүй  талаар зохигчид маргаагүй байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэ талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Худалдагч “Арвайхээр хурд” ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах 10 давхар орон сууцны 13 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авагч Г.О  шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн, худалдан авагч Г.О   орон сууцны үнийн үлдэгдэл 68 924 000 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.   

Хариуцагч Г.О   нь гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч “А ” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй боловч, орон сууцны үнийн үлдэгдэл 68 924 000 төгрөгийг шаардаагүй, харин “гэрээг, цуцалж байрыг чөлөөлүүлэх” шаардлагыг гаргажээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар “Арвайхээр хурд” ХХК нь гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагч Г.О  мэдэгдээгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Иймд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Гэхдээ анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-г баримтлах байтал 249 дүгээр зүйлийн 249.2-г баримталсан нь буруу байх тул шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

“А ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 156/ШШ2018/00302 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ ...249 дүгээр зүйлийн 249.2..” гэснийг “...225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1..” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “Арвайхээр хурд” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДЭНСМАА

 

                                                 ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Я.АЛТАННАВЧ