| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2020/0011/Э |
| Дугаар | 2020/ДШМ/13 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2020/ДШМ/13
Б.Ганчулуунд холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Б.Ганчулуун нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ганчулууны гаргасан давж заалдах гомдлоор Б.Ганчулуунд холбогдох эрүүгийн 1921005360359 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Хиад ухаанууд овогт Баттулгын Ганчулуун, урьд
- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн.
Шүүгдэгч Б.Ганчулуун нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой 22 цагийн үед Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хөлхүү далан” гэх газраас хохирогч *******ын эзэмшлийн 83 хонь, 12 ямаа нийлсэн нийт 95 тооны бог малыг хулгайлж, хохирогчид 9080000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбат шүүгдэгч Б.Ганчулууныг бусдын олон тооны малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч Хиад ухаанууд овогт Баттулгын Ганчулууныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганчулууныг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганчулуунд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 28 хоногийн хорих ялаар тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганчулуунд оногдуулсан 5 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганчулууны цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
- Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ганчулууны ЖМ93022638 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ганчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, … шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ганчулуун 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Гомдол гаргах учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийн дагуу ял шийтгэл оногдуулсан тухайд 83 хонь, 12 ямаа нийт 95 тооны мал хулгайлсан хэргийг би ганцаараа үйлдээгүй бөгөөд тухайн үед намайг хулгайлчих гэж өдөөн хатгасан Төмөрхуяг, Отгонзаяа гэх хүмүүс оролцсон. Төмөрхуягтай хөдөө таарах үед одоо Батбаярынхан баярт явна тэгэхээр мал нь харах хүнгүй үлдэнэ. Тэр хооронд хэдэн хонь тасдаад хулгайлчих гэж надад хэлсэн би тухайн үед архи уусан байсан болохоор өөрийн мэдэлгүй архиныхаа халуунд хулгайлчихсан. Би энэ үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. Иймд 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн энэхүү мал хулгайлсан гэх хэрэгт дээр дурдсан хүмүүс болох Төмөрхуяг, Отгонзаяа нарыг холбогдуулан шалгаж өгнө үү. Миний ялыг хөнгөлж өгнө үү гэж хүсэж байна. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор юу хийж байгаагаа гүйцэд ухаараагүй тийм зүйл хийсэн. Би маш их гэмшиж байна. Энэхүү хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцааж шалгуулж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: “Ганчулуун энэ хэргийнхээ талаар ярихдаа “би энэ хэргийг ганцаараа хийгээгүй Отгонзаяа, Төмөрхуяг нартай хамт хийсэн. Тийм болохоор энэ асуудлыг үнэн зөвөөр шийдүүлмээр байна” гэдэг асуудлыг ярьдаг. Хоёрдугаарт, “...би өмнөх хэргүүдээ тодорхой яриагүйгээс болж миний ял нэмэгдээд байна. Иймд бүх хэргийг маань нэгтгэж шалгаж өгнө үү” гэсэн саналыг гаргасан. Ингээд өмнөх хэргүүдийг нь судалж үзэхэд, Ганчулуун 2019 оны 07 сарын 31-ний өдөр хулгайн хэргээр 3,5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Гэтэл одоогийн таслагдаж байгаа хэрэг нь 07 сарын 20-ны өдөр үйлдэгдсэн. Тухайн 20-ны өдөр үйлдэгдсэн хэргийг хохирогч нь 23-ны өдөр мэдэж, малаа буцааж аваад “...цагдаагийн газарт мэдэгдэнэ...” гэж хэлсэн байдаг. Энэ хүн өөрөө өөрийгөө илчлээгүй. Хамгийн гол нь шүүх хуралтай байсан учир шүүх дээр ирээд байсан. Энэ хооронд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байсан боловч энэ тухай асуудал шалгагдахгүй байж байгаад түүнийг таслагдаад ялаа эдэлж байхад араас нь төлөөлөгч очиж шалгасан байдаг. Ингэснээр Ганчулууны эрх зүйн байдал үнэхээр дордож байна. Иймд энэ хүний “...шалгуулъя, асуудлаа нэг мөр шийдвэрлүүлье...” гэж хүсэж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж гомдлыг нь дэмжиж оролцож байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ганчулууны давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Б.Ганчулуун нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой 22 цагийн үед Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хөлхүү Далан” гэх газраас хохирогч П.Батбаярын эзэмшлийн 83 хонь, 12 ямаа буюу нийт 95 тооны бог малыг хулгайлж, хохирогчид 9,080,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хохирогч П.Батбаярын мэдүүлэг, гэрч Н.Отгонзаяа, Э.Энхбат, О.Төмөрбаатар нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Ганчулууны үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийг зөв зүйлчилсэн байна.
Шүүгдэгч Б.Ганчулуунд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд, зөвхөн шүүгдэгч Б.Ганчулууны шүүх хуралдаанд гаргасан “энэ хэргийг Н.Отгонзаяа, Төмөрхуяг гэх хүмүүстэй хамтран үйлдсэн” гэх мэдүүлэгт хөтлөгдөн хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ганчулууны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Ганчулууны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Л.НАРАНБАЯР