Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0407/З |
Дугаар | 128/ШШ2018/0639 |
Огноо | 2018-10-16 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2018/0639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч Ж.Э, Э.Э нарыг оролцуулан,
Нэхэмжлэгч: А ХХК *****
Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э.
Нэхэмжлэлийн шаардлага: ...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нарын 2016 оны 06 сарын 28-ны өдөр тогтоосон 250022758 тоот актын гянтболдод ногдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
... Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нар нь А ХХК-ийн 2011-2015 оны албан татварын ноогдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт бүрэн шалгалт хийж, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 250022758 тоот актаар 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 43,123,480.0 төгрөгийн 10 дугаар сарын 15-ны өдөр 66,846,502.0 төгрөгийн үнэлгээ бүхий жонш, 08 дугаар сарын 26-ны өдөр 670,797,648.0 төгрөгийн гянтболд экспортолсон боловч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.14, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3.2, 47.5 заалтыг тус тус зөрчсөн гэж Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.1.3,47.3, Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 38 тоот тогтоолыг үндэслэн 41,194,555.5 төгрөгийн нөхөн татвар, 2,358,366.6 төгрөгийн торгууль, 7,668,358 төгрөгийн алданги, нийт 61,221,280 төгрөгийн төлбөр ноогдуулсныг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд ...17.1.6 татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах гэж заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
Татварын улсын байцаагчид хяналт шалгалтын явцад А ХХК-ийн 2014 оны 08 болон 10 дугаар сард нийт З-н удаа экспортолсон гянтболд болон жоншны ашигт малтмалын нөөц ашигласны нөхөн төлбөр, түүнд ноогдуулсан торгууль, алдангийг тооцохдоо эрх бүхий байгууллага Эрдэс баялаг, эрчим хүчний яамны албан ёсны цахим хуудсаар нийтэд мэдээлэгдсэн тухайн сарын уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ буюу жишиг үнэ, бүтээгдэхүүний тоо, хэмжээ, Гаалийн ерөнхий газрын экспортолсон бүтээгдэхүүний нэр төрөл, агуулгыг тодорхойлсон лабораторийн дүгнэлт, тус компанийн өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлож борлуулсан экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг үндсэн баримтаар нь нягтлан шалгаж, баримтжуулаагүйгээр зөрчлийг тогтоон холбогдох тооцоолол тодорхойгүй байдлаар татварын улсын байцаагчийн 210020529 дугаарын акт тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 29.1.1 татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх эрхтэй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө, ТЕГ-ын даргын 2014 оны А/101 тоот тушаалаар батлагдсан татварын албаны Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 6.4.3: ...шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах..., 6.4.4: ...илэрсэн зөрчил бүрт дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөх...зөрчлийг баримтжуулна... 6.4.5: Татварын хяналт шалгалтад хамрагдсан татварын төрөл тус бүрийн ноогдуулалт,...татварын дүнг үндсэн баримтаар нь хянан шалгаж илүү, дутуу төлөлтийн тооцоог тулгана, 6.4.10: татварын хяналт шалгалтын үр дүнтэй холбоотой судалгаа, тооцооллыг нэгтгэх, тооцооллыг хийж нягтлан, ...акт...үйлдэхэд бэлтгэнэ гэсэн заалт болон 7 дугаар зүйлийн 7.4.4: ...Акт, дүгнэлтийн хэвлэмэл хуудасны тэмдэглэх, үндэслэл бүхий тогтоох хэсэгт бичигдсэнээс бусад акт, дүгнэлтийг үйлдэх болсон үндэслэл, шалтгааныг дурьдсан мэдээлэл, тухайлбал ...нотлох баримтыг нэг бүрчлэн гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Татварын улсын байцаагчийн актад Татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд тус компанитай холбоотой 412,731,488.0 төгрөгийн 3 ширхэг гаалийн экспортын мэдээллийг татварын тайлан, анхан шатны баримттай тулган шалгалаа гэжээ. Энэ нь тус компанийн 3 удаагийн экспортын борлуулалттай тохирч байгаа боловч ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцсон нь тодорхой бус байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47-р зүйлийн 47.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулга нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн уурхайн эдэлбэрээс өөрөө болон бусдаар олборлуулж худалдсан, эсхүл уг эдэлбэрээс худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөд орших бөгөөд нэхэмжлэгчийн тухайд ашигт малтмалын ашиглалтын МҮ-***** дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг боловч уурхайн талбайд 2011, 2012 онд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь, мөн тухайн орнуудад экспортолсон жоншийг орон нутгийн бичил уурхай эрхлэгч нөхөрлөл болон хувь хүнээс худалдан авсан болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй болно.
Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн өөрөө олборлолт явуулахыг шаардаагүй байх бөгөөд өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас бусад этгээдээр ашигт малтмал олборлуулж худалдсан, шалгахаар ачуулсан болон ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөх үүрэгтэй байна. Гэтэл тус компаны хувьд жоншны ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байх ба гянтболдыг бусдаас худалдан авч борлуулсан байхад, мөн 2014 оны гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл дээр жоншны баяжмалын агуулгын хувийг ФК-70% гэдгийг Гаалийн байгууллага баталгаажуулсан байдаг. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 47-р зүйлийн 47.1-ийг зөрчиж татвар ногдуулсан байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбараа:
... Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч Ж.Э, Э.Э нар А ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 250022759 тоот актаар 61,221,280 төгрөгийн төлбөр тавьсан. Энэ актыг үндэслэлгүй гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 зүйлийг үндэслэн акт гаргасан байдаг. А ХХК-д жоншны уурхай байдаг. Гэвч гянтболдын орд байхгүй тийм ашиглалтын лиценз ашигладаггүй. Иймд маргаан бүхий актын гянтболдод холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Э, Э.Э нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
Тус компанид татварын хяналт шалгалт хийх явцад татварын албаны мэдээллийн сангаас АБ ХХК-тай холбоотой 3 ширхэг хөндлөнгийн мэдээлэл гарсан. Энэ мэдээллээр 2014 оны 8 дугаар сарын 12 нд ФК-70% 21,457.16 кг жонш, 8 дугаар сарын 26-нд 21,000 кг гянт болдын хүдэр, 10 дугаар сарын 15-нд 2,220 кг гянт болдын баяжмал экспортолсон гаалийн мэдээлэлтэй байсан.
А ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ба аж аухйн нэгжийн орлогын албан татварын төрлөөр тайлан өгсөн байсан тул эдгээр ашигт малтмал экспортолсны орлогыг тайлагнасан гэж үзэж, ашигт малтмалын нөөц ашигласны татвар ногдуулсан. АМНАТ ногдуулахдаа олон улсын зах зээлийн үнийг жишиг болгон авсан бөгөөд жишиг үнийг УТОХГ-ын эрдэс баялгийн хэлтсээс авсан болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 47-р зүйл, 47-р зүйлийн 47.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулга нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн уурхайн эдэлбэрээс өөрөө болон бусдаар олборлуулж худалдсан, эсхүл уг эдэлбэрээс худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөхөд оршино гэжээ.
Тус компани нь шалгалтын явцад гаалийн мэдээг үгүйсгээгүй бөгөөд жоншны олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг болохоо нотолсон. Харин гянтболдын орд эзэмшдэггүй, гянтболдыг бусдаас худалдан авсан гэсэн нотлох баримтаа авчирч өгөөгүй болно гэжээ.
Хариуцагч Ж.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
...А ХХК-тай холбоотойгоор 2014 онд 3 удаа гаалийн мэдээ орж ирсэн байдаг. Бид гаалийн мэдээг шалгалтанд ашигладаг. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу ил тодын тайлан гаргасан учраас түүнд хамрагдуулан борлуулалтын орлогод акт тавиагүй. Ашигт малтмалын нөөц хэрэглэсэнд холбогдуулж акт тавьсан. А ХХК нь жоншны зөвшөөрөл эзэмшдэг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тавихдаа экспортолсон орлогын хувийг хамруулсан. Хамруулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг үндэслэн олон улсын зах зээлийн үнийг жишиг болгож нэмэлт болон үндсэн хувиар тооцож акт ногдуулсан. Гаалийн мэдээгээр гаргаж өгсний дагуу гянтболд борлуулсан гэж үзээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улс авах ёстой. Гаалийн мэдээ орж ирээгүй бол бид акт гаргахгүй. Татвар төлөгч татварын шалгалтад нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргасан тайлан нотлох баримтуудыг гаргаж өгсөн түүнд татвар ноогдуулалт тавиагүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан. Гянтболдын орд эзэмшдэггүй гэсэн нотлох баримтыг авчирч өгөөгүй гэв.
Хариуцагч Э.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
... Бид ямар нэгэн хараат байдлаар үйл ажиллагааг явуулаагүй. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх үүрэгтэй. А ХХК нь энэ үүргээ зөрчсөн байна. Яагаад зөрчсөнөө тайлбарлах, нотлох зүйл байхгүй явсаар байгаад маргаан бүхий актыг тавиулсан. Татвар төлөх үүргээ А ХХК хүлээх ёстой учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нарын 2016 оны 06 сарын 28-ны өдөр тавьсан 250022758 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа ...250022758 тоот актын гянтболдод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан болно. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч татварын улсын байцаагчийн үйлдсэн актыг зөвхөн Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр маргаж байгаа гэж тодруулсан ба мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж тодруулсан гэж үзэж, холбогдох ажиллагааг хийхгүйгээр зөвхөн тодруулсан шаардлагын хүрээнд нотлох баримт цуглуулж хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүхээс тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хууль, хууль тогтоомжийн хэм хэмжээг тайлбарлан дор дурдсан байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэр бүхий татварын улсын байцаагчид А ХХК-ийн 2011-2015 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 250022758 дугаар актаар[1][1] 780.767.630.00 төгрөгийн зөрчилд 41.194.555.50 төгрөгийн нөхөн татвар, 12.358.366.60 төгрөгийн торгууль, 7.668.358.00 төгрөгийн алданги нийт 61.221.280.10 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Нэхэмжлэгч нь борлуулсан экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг үндсэн баримтаар нь нягтлан шалгаж баримтжуулахгүйгээр зөрчлийг тогтоосон, тооцооллын хувьд тодорхойгүй байдлаар акт тогтоосон нь Татварын ерөнхий хууль болон Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг зөрчсөн, үүнээс болж эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэж маргажээ.
Хариуцагч нар нь ... татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх үүрэгтэй, гаалийн байгууллагаас гаргаж өгсөн мэдээний дагуу төлбөр тавьсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч А ХХК нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан овоо нэртэй газарт 26,79 гектар талбай бүхий MV-18782 дугаартай жонш олборлох эрх бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ажээ. Энэ утгаараа уг компани нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу харъяа Татварын хэлтэст хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч юм.
А ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 124.30 тонн хайлуур жоншны хүдэр, 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 21.00 тонн, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.22 тонн нийт 23.22 тонн гянтболдын хүдэр баяжмал экспортолсон болох нь татварын албаны цахим мэдээлийн сангаас авсан баримт[2][2], Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн архиваас авсан баримт[3][3], Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 11209100814Е30547, 02214100614Е30010, 07214100314Е30005 дугаартай гаалийн экспортын мэдүүлгээр[4][4] тус тус нотлогдож байна.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т: анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, 18.1.13-т: татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах хэмээн татвар төлөгчийн үүргийг хуульчилсан бол мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д: татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх хэмээн татварын улсын байцаагчийн эрхийг заажээ.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө", 47.2-т: Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно: 47.2.1: экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.4-д: Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна, мөн 47.6-д: Энэ хуулийн 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална, 47.12-т: Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийн харгалзан Засгийн газар нийтэд зарлана, 47.10-т: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ногдох тухайн улирлын төлбөрийг ... төсөвт төлнө гэж заажээ.
Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын зах зээлийн үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох бөгөөд зах зээлийн үнийн өсөлт, мөн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч нэмэлт төлбөрийг төлөхөөр, татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, татвар төлөгчөөс тайлбар, лавлагаа гаргуулан авч, зөрчлийг тогтоон, акт, үйлдэх эрхтэй байна.
Шүүх Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам[5][5]-ыг бүрэн эхээр нь нотлох баримтаар авсан ба уг журмын 6 дугаар зүйлийн 6.4.3-т: Татварын хяналт ... шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах зэрэг асуудлаар татвар төлөгч, ... холбогдох хүмүүстэй ... ярилцлага хийж болох бөгөөд тухай бүр ярилцлагын тэмдэглэл хөтлөн ярилцсан талаар ..., 6.4.4-д: Мэдээллийн сангийн мэдээлэл, ... татвар төлөгчөөс ирүүлсэн баримт бичиг, ... зэрэг холбогдох баримт бичигт үндэслэн татварын хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил бүрт дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөх, ... зэргээр зөрчлийг баримтжуулна, 6.4.5-д: Татварын хяналт шалгалтад хамрагдсан татварын төрөл тус бүрийн ногдуулалт, төсөвт төлсөн, суутган тооцсон татварын дүнг үндсэн баримтаар нь хянан шалгаж, илүү, дутуу төлөлтийг тооцоог тулгана, 6.4.10-д: Татварын хяналт шалгалтын үр дүнтэй холбоотой судалгаа, тооцооллыг нэгтгэх,... акт... түүний батлагдсан хавсралт маягтын үзүүлэлтийг алдаагүй, үнэн зөв гаргах, татварын хяналт шалгалтын үр дүнг гаргахад боломжтой мэдээлэл цугларсан эсэхийг нягтлан хянаж, ... тооцооллыг хийж нягтлан, татварын хяналт шалгалтыг дуусгаж, акт ... үйлдэхэд бэлтгэнэ гэж зохицуулсан бол, мөн журмын 7 дугаар зүйлийн 7.4.4 Акт, дүгнэлт-ийн үргэлжлэл хавсралтад: Акт, дүгнэлтийн хэвлэмэл хуудасны тэмдэглэх, үндэслэл бүхий тогтоох хэсэгт бичигдсэнээс бусад акт, дүгнэлтийг үйлдэх болсон үндэслэл, шалтгааныг дурдсан мэдээлэл, тухайлбал: ... эрсдлийн үнэлгээ, мэдээллийн сангийн мэдээлэл, шалгалтад ашигласан бусад санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн баримт, холбоотой талуудаас авсан тодруулга, мэдээлэл, ... илрүүлсэн зөрчлийн утга агуулгыг татварын төрлөөр нь ангилан, зөрчсөн хуулийн заалтыг зөрчил тус бүрээр тодруулан бичиж, дээрх зөрчилд хариуцлага хүлээлгэсэн хуулийн заалт,... үндэслэлийг тус бүрээр тогтоосон нөхцөл байдал, нотлох баримтыг нэг бүрчлэн ... тэмдэглэл хийнэ гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч нь дээрх журмын дурдсан заалтуудыг хариуцагч нараас шийдвэр гаргахдаа зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. Тодруулбал, эрх бүхий татварын улсын байцаагчид татварын албаны цахим мэдээллийн сангийн[6][6] А ХХК-тай холбоотой хөндлөнгийн мэдээлэл болох гаалийн экспортын мэдээнд үндэслэн зөрчлийг тогтоож, хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах зорилгоор ярилцлагын тэмдэглэл[7][7] үйлдэж, татварын улсын байцаагчийн хавсралт маягтаар хариуцлага хүлээлгэсэн тооцооллыг[8][8] зөрчил тус бүрээр бичиж акт тогтоосон болох нь татвар төлөгчийн хяналт шалгалтын баримтаар тогтоогдож, журам зөрчсөн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.
Ннэхэмжлэгчийн зүгээс манайх зөвхөн жонш олборлох эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, гянболдыг олборлоогүй, бусдаас авсан, олборлолт явуулаагүй, хувь хүнээс авсан, өөр компани манай компаний нэрээр өөр этгээд экспортод гаргасан, бид хилээр гаргасан боловч худалдаж авна гэчихээд аваагүй хилийн цаана байгаа гэх зэргээр тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй, учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.10-д зааснаар уурхайн эдэлбэрээс олборлож худалдахаас гадна худалдахаар ачуулсан бүх төрлийн бүтээгдэхүүнд ногдох төлбөрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн хувиар төлөх үүрэгтэй байна. Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах асуудлыг зохицуулсаны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.13, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн ...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нарын 2016 оны 06 сарын 28-ны өдөр тогтоосон 250022758 тоот актын гянтболдод холбогдох эхсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН