| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2023/0372/З |
| Дугаар | 221/МА2026/0197 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2026/0197
“ОШ” НҮТББ-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч нар
Нэхэмжлэгч: “ОШ” НҮТББ
Хариуцагч: НЗД,
Хариуцагч: ХББОСЯ,
Хариуцагч: НЕА бөгөөд ХБХСГД,
Хариуцагч: БХТ
Гуравдагч этгээд: “ЭЭЖК” ХХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0081 дүгээр шийдвэртэй
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт хотын стандартын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Ч, Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2023/0372/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “ОШ” НҮТББ-аас НЗД, Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт хотын стандартын газрын дарга, БХТд тус тус холбогдуулан “... Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 тоот захирамжийн “ЭЭЖК” ХХК-д холбогдох хэсгийн 178061**** нэгж талбарын дугаар бүхий газрын усны онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 17806*****, 178******* нэгж талбарын дугаар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,
-2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-****, ХТХ2022/00-1** тоот архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,
-2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 002/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,
-2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1076/2022 дугаар магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0081 дүгээр шийдвэрээр:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 21.2.4, 21.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ОШ” НҮТББ-аас НЗД, Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн ерөнхий архитектор, БХТд тус тус холбогдуулан гаргасан “2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 тоот захирамжийн ЭЭЖК ХХК-д холбогдох хэсгийн 178061**** нэгж талбарын дугаар бүхий газрын усны онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 17806*****, 178******* нэгж талбарын дугаар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-****, ХТХ2022/00-1** тоот архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 002/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1076/2022 дугаар магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. “Нэг. "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэсэн дүгнэлтийн талаар, шүүхийн зүгээс гуравдагч этгээд "ЭЭЖК" ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗДд холбогдох хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 147 дугаар шийдвэрээр маргааны үйл баримтыг шийдвэрлэсэн гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасныг үндэслэжээ. Ийнхүү шийдвэр гаргахдаа дараах ноцтой хоёр алдаа гаргасан. Үүнд:
3.1.1. Шүүхийн дахин нотлох байх зарчмыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-д "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэх зарчим шүүхээр нотлогдсон үйл баримтын тухай хэрэглэх зарчим юм. Харин тухайн тохиолдол үйл баримтын тухайд бус журмыг тайлбарлан хэрэглэхтэй холбогдсон асуудал буюу хууль хэрэглээний асуудал. Хууль хэрэглээний асуудлыг өмнө өөр маргаанд өөр шүүх тайлбарлаж хэрэглэснийг жишиг болгон авч үзнэ гэвэл энэ нь манай улсын эрх зүйн тогтолцооны бус бүр Англи-Америкийн буюу жишгийн эрх зүйн тогтолцооны шийдэл болж хувирна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэрийн тухай заасан байх бөгөөд уг тогтоолын 2.2.3-д "дахин нотлох шаардлагагүй баримт"-ын тухай дэлгэрэнгүй тайлбарласан байна. Уг тайлбарт "Захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон ээж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрх нь нээлттэй ба шүүх тухай хэрэгт цугларсан нотлох баримтыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргана" гэж заасан.
"ЭЭЖК" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020.09.30-ны өдрийн А/1155 тоот захирамжийг "ЭЭЖК" ХХК-ийн нэхэмжлэлээр хянан хэлэлцэх Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 03 сарын 30-ны 147 дугаар шийдвэр гарсан. "ОШ" НҮТББ-ийн хувьд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 147 дугаар шийдвэртэй хэргийн аливаа оролцогч биш бөгөөд тухайн шийдвэрт заасан болон үндэслэсэн нотлох баримтыг талаар өмнө нь маргаж байгаагүй тул тухайн асуудлаар маргаж, шүүхээр хэлэлцүүлж, шүүхээр дүгнүүлж шийдвэр гаргуулах бүрэн эрхтэй. Нөгөө талаар уг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 147 дугаар шийдвэртэй хэргийн маргааны төрөл нь газрын маргаан байх бөгөөд газар эзэмших эрхийг газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгосон агуулга бүхий маргаан байдаг. Уг хэрэгт "ОШ" НҮТББ-ын маргааны үйл баримт, түүний хууль зүйн үндэслэлүүд болох Усны тухай хууль, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын талаар тухайн хэрэгт маргаагүй, энэ талаарх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 147 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-р хуудсанд дурджээ.
Мөн "ЭЭЖК" ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗД-ын 2020.09.30-ны А/1155 тоот захирамжийг хэлэлцсэн хэрэгт талууд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны "Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн шинэчлэн тогтоох тухай" 50 тоот тогтоолыг гаргаж өгөөгүй бөгөөд тус тогтоолоор усны хамгаалалтын бүсийн тогтоосон тухай тайлбарлаж дурдалгүй, маргаагүй тул шүүхээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ыг тухайн хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэж 2021.03 03-ны өдрийн 167 тоот шийдвэр гаргасан байдаг. Мөн дээрх шийдвэрээс үзэхэд өмнөх шүүхийн шийдвэрийн гол хууль зүйн үндэслэл болоогүй, талуудын маргаагүй асуудлыг "ОШ" НҮТББ-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх чухал ач холбогдолтой хууль зүйн асуудалд шүүх дүгнэлт өгөлгүй, хэргийг шийдвэрлэх үндсэн үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна.
3.1.2. Талуудын маргаж буй эсрэг сонирхол бүхий гол үйл баримтад дүгнэлт хийх шаардлагын тухайд,
Усны тухай хуулийн 22.2-д Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно" гэж заасан. Мөн хуулийн 11.1-д "Аймаа, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.4-8 "Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдэлийн мужийн заагийн хот, суурины, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох" гэж зааснаар Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх голын "Усны энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоохоор байна. Энэхүү бүрэн эрхийнхээ дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны "Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс бүсийн шинэчлэн тогтоох тухай" 50 тоот тогтоолоор Улаанбаатар хотоор дайран өнгөрч буй голуудын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг координатаар нь тэмдэглэн тогтоосон. Үүнд Дунд гол багтана. Ийнхүү Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоосон усны онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг өөр хэн нэгэн этгээд үйлдэл, шийдвэр, үйл баримтаар өөрчлөх эрх байхгүй. Харин тус хамгаалалтын бүсэд Усны тухай хуулийн 22 2.1.онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн урга ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно" гэж заасан дэглэм үйлчилнэ.
Харин мөн хуулийн 22.4-т "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно" хэмээн дээрх усны энгийн болон онцгой хамгаалалтын бүс дотор мөрдөх дэглэмийг нарийвчлан тогтоох эрхийг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгосон. Үүний дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар журам баталсан байдаг. Уг Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.4- т" Улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн барилга байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам гүүр, усан зогсоол, ус, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй" гэж заасан.
Журмын тус заалт нь НИТХ-аас Усны тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоосон онцгой хамгаалалтын бүс дотор дээр тоочиж нэрлэсэн барилга байгууламж барьж болох талаар эрх олгосон зохицуулалт юм. Хожим тус зохицуулалтын найруулгыг илүү тодорхой болгож БОАЖС, БХБС-ын 2023 оны А324/185 дугаар тушаалаар 2.4-д "Үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөшлуур, усны барилга байгууламж болон зам нүүр, усан зогсоол, ус, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламжийн онцгой хамгаалалтын бүсэд барьж болно" хэмээн өөрчлөн найруулсан. Түүнээс ИТХ-ын хуулиар олгосон бүрэн эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, тушаалаараа аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд хамтарсан туш хязгаарлах хуулийн эрх хэмжээ байхгүй. Хоёр сайд хамтарсан тушаалаараа хаана онцгой болон энгийн ийн хамгаалалтын бүсийг тогтоох талаар журамлах бус харин нэгэнт тухайн Аймаг, Нийслэлийн ИТХ-ын тогтоосон бүсэд ямар дэглэм журам үйлчлэх талаар "дэглэм мөрдөх журам-ыг тогтоох эрх хэмжээг Усны тухай хуулиар олгосон.
Эдгээр хуулийн хэм хэмжээг системчлэх аргын дагуу тайлбарлаж буюу хууль журмын зохицуулалтын байдал, бусад зүйл заалтууд хоорондын уялдаа холбоог нэгдмэл байдлаар тайлбарлаж харвал аль ч нөхцөлд тухайн маргаан бүхий газарт орон сууцны барилга байгууламж барихыг бүрэн хориглосон байна.
Нөгөө талаар үерийн далан барьсан нөхцөлд тухайн газар дэглэм үйлчлэхгүй гэж үзэхгүй гэдэг нь илтэд хуулийн болон журмын хэм хэмжээг буруугаар тайлбарласан байдаг. Зүй нь онцгой хамгаалалтын дэглэм бүхий газарт Үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр, усны барилаа байгууламж болон зам гүүр, усан зогсоол, ус, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламжийн л барьж болох бөгөөд бусад бүх барилга байгууламжийг хориглосон байхад шүүхээс далан барьсан л бол НИТХ-ын тогтоосон "усны энгийн болон онцгой" хамгаалалтын бүс үйлчлэхгүй "Иймээс онцгой хамгаалалтын бүсийн дотор далан бариад тус далангаас гадагш хэсэгт багтаж буй онцгой хамгаалалтын бүсэд бүх төрлийн барилга байгууламж барьж болно" гэх утга бүхий дүгнэлт хийсэн нь Усны тухай хуулийн 22.2.1-д заасныг шууд зөрчихөөр байна.
Дээрх логикоор тухайн дэглэм мөрдөх журмыг тайлбарлаж хэрэглэвэл аль ч голын онцгой хамгаалалтын бүс дотор журмын 2.4-0 заасан барилга байгууламжаас аль нэгийг нь тухайлбал "цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ барьж байгуулсны дараа түүнээс гадагш хэсэгт "онцгой хамгаалалтын дэглэм үйлчлэхгүй хэмээн бүх төрлийн барилга байгууламж барих болон Усны тухай хуулийн 22.2.1-ээр хориглосон бүх үйл ажиллагаа явуулж болохоор байна.
Хоёр. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг бүрэн ойлгоогүй тухайд:
3.2.1. Хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2022.01.11-ны өдийн А/17 тоот захирамжийн "ЭЭЖК" ХХК-д холбогдох хэсгийн Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгээр хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх хугацаанд НЗД-аас 2023.08.30-ны өдрийн "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай" А/1002 тоот захирамжаар Монгол улсын үндсэн хуулийн 6.1, 6.2 16.2, 19.1, МУЗЗНДНТУТХ-ын 66. 1, Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.4.3, 27.5, Газрын тухай хуулийн 4.1.2, 33.6, Усны тухай хуулийн 12.1.3, 12.14, 22.2.1, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 50-р тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журам" Дэд бүтцийн сайдын 2004 оны 130 тушаалаар баталсан "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.03-ны 8.1, 8.6, 8.7 дах хэсэг Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 01/13-01/023-02 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн" "ЭЭЖК" ХХК нь Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаа дэвсгэр Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулах, эд хөрөнгөд хохирол учруулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон тул" гэж үзэн "ЭЭЖК" ХХК-ийн 178061**** нэгж талбарын дугаар бүхий 29094 м.кв газраас 7844 м.кв хэсгийг хэсэгчлэн цуцалсан байдаг. Мөн тус үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2023.08.30-ны "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай" А/1000 тоот захирамжийн 1 дэх заалтаар "Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах "ЭЭЖК" ХХК нь Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт хууль зөрчиж барилга байгууламж барьж байгаа нь нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн тул хууль бус үйл ажиллагааг зогсоон, ашиглалтад ороогүй 2 барилгыг албадан буулгаж газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу шуурхай зохион байгуулахыг ... "ажлын хэсэгт" үүрэг болгосон. Нийслэлийн Засаг даргын дээрх 2023.08.30-ны А/1000 болон А/1002 тоот захирамжуудаар манай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж маргаж буй гурван нэгж талбар бүхий газраас 178061**** нэгж талбарын дугаар бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд багтсан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд тус байршил дээр баригдсан барилга, байгууламжийг буулгах тухай шийдвэр гаргасан.
3.2.2. Ийнхүү тухайн нэгж талбар дээр нэхэмжлэлийн шаардлага хангагдаж маргаж буй хэсэг хүчингүй болсон хэдий ч НЗД өөрөө 2022.01.11-ны өдрийн А/17 тоот захирамжаар зориулалтыг нь хууль бусаар "орон сууц" болгон өөрчилж олгосон бөгөөд дээрх байдлаар нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх нөхцөлд хүргэсэн тийнхүү олгосноос хүчингүй болгох хүртэл нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн бөгөөд цаашид акт хэрэгжих хүртэл зөрчигдсөөр байсан тул анхны маргаж буй 2022.01.11-ны өдрийн А/17 тоот захирамжийг 178061**** нэгж талбарын дугаар бүхий газрын хувьд ЗХШХШХТХ-ын 106.3.3-д "захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох" буюу "хууль бус байсан болохыг тогтоолгох" болгон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн маргасан.
3.2.3. Харин үлдэх 17806***** болон 178******* нэгж талбарын дугаар бүхий газар шийдвэр хэвээр тул Нийслэлийн Засаг даргын 2022.01.11-ны өдийн А/17 тоот захирамжийн дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхцуулсан "ЭЭЖК" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон барилгын баримт бичиг баталсан шийдвэрүүдтэй холбогдох шаардлага хэвээр болно.
3.2.4. Дээр дурдсанчлан НЗД өөрийн 2023.08.30-ны А/1000, А/1002 тоот захирамжаар "голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулах, эд хөрөнгөд хохирол учруулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон тул" гэдэг агуулгаар Засаг дарга захирамж гаргасан тул нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул мөн нэгэнт хуралд оролцож буй тул энэ хэсэгт нэхэмжлэгчийг дэмжиж оролцоно гэж хангалттай тодорхой байр сууриа илэрхийлсээр атал шүүхийн зүгээс уг нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй, энэ талаар ч шүүхийн шийдвэрт огт тусгаагүйд гайхширал төрж байна.
3.2.5. Зүй нь НЗД өөрийн гаргасан А/1000, А/1002 дугаар захирамжуудаар нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг зөвшөөрсөн нь баримтаар тодорхой болж, түүнийг төлөөлөгч нь зөвшөөрч буй тул дэмжиж оролцохоо илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасныг хэрэглэх нөхцөл бүрдсэн байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн А/1000, А/1002 дугаар захирамжуудын агуулгыг нэхэмжлэлийн шаардлагатай харьцуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цаг хугацаанд болсон нөхцөл байдлын өөрчлөлтийг дүгнэж бичих ёстой байсан ч энэ талаар огт дурдаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ойлгож, дүгнэж шийдвэр гаргаагүй харуулж байна.
3.2.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д "Иймд маргаа бүхий газар нь усны онцгой хамгаалалтын бүс тогтоох газар хамаарахгүй болох нь дээрх шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх тул хариуцагч захиргааны байгууллагыг "ЭЭЖК" ХХК-д усны онцгой хамгаалалтын бүсэд орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй" гэжээ.
3.2.7. НЗД-ын 2022.01.11-ны өдрийн А/17 тоот захирамжийг 178061**** нэгж талбарын дугаар бүхий газрын хувьд НЗД-ын А/1002 захирамжаар "дунд голын онцгой хамгаалалтын бүс"-д хамаарах хэсэг нь хүчингүй болсон. Захиргааны ерөнхий хуулийн 46.2-д "Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна" гэж заасны дагуу НЗД-ын А/1002 хүчинтэй хэвээр байгаа. Тус захирамжтай холбогдуулан "ЭЭЖК" ХХК маргасан боловч тус компанийн нэхэмжлэлтэй НЗД-ын 2023.08.30-ны А/1000, А/1002 тоот захирамжтай холбогдох маргаан бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байгаа. Үргэлжлүүлэн тогтоох буюу "хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага нь А/1000, А/1002 хүчинтэй хэвээр байгаа нөхцөлд утга учиртай. Гэтэл шүүхээс 178061**** нэгж талбарын хувьд НЗД-ын 2022 оны А/17 тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээрээ зөвхөн манай ТББ-ын нэхэмжлэлтэй 2022 оны А/17-г бус НЗД-ын 2023.08.30-ны А/1000, А/1002 тоот захирамжуудыг эчнээ шийдвэрлэж хүчингүй болгосон хууль зүйн үр дагавар бүхий шийдэл гаргасан байна.
3.2.8. Мөн дээрх дүгнэлтийг хийснээрээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 50 тоот тогтоолыг үгүйсгэсэн буюу тухайн хэсгээр хүчингүй болгосон шинжтэй байна. Хэрэгт НИТХ-ын 2016 оны 50 тоот тогтоол авагдсан бөгөөд Геодези зураг зүйн газраас тус тогтоолд үндэслэн "ЭЭЖК" ХХК-ийн эзэмшлийн 3 нэгж талбарын "дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг кадастрын болон сансрын зурагтай давхцуулан хэрэг ирүүлсэн байхад нэгэнт хүчин төгөлдөр байгаа НИТХ-ын тогтоол бөгөөд түүнтэй холбогдуулан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хүчингүй болгуулахаар маргаагүй байхад шүүхийн дээрх шийдэл, дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан "хэм хэмжээний хийсвэр хяналт" хийсэн шинжтэй бөгөөд НИТХ-ын эрх хэмжээнд халдсан дүгнэлт байна. Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлт НИТХ-ыг 2016 оны 50 тоот тогтоолоор усны хамгаалалтын бүс тогтоохдоо Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журам"-ыг зөрчиж Дунд голын онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон гэх хууль зүйн үр дагавар, утга буруутгал байгаа нь үндэслэлгүй юм.
3.2.9. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-д "Гуравдагч этгээд "ЭЭЖК" ХХК-д хариуцагч анхнаасаа /2008 он/ орон сууцны төсөл хэрэгжүүлэх зориулалтаар газар олгосон, уг газрын зориулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн асуудлаар зохих шатны захиргааны байгууллагад хандаж байсан нь НИТХ-ын тэргүүлэгчдийн 2007 оны 138, 2008 оны 18-р тогтоол, НЗД-ын 2008 оны 442 тоот захирамж, "ЭЭЖК" ХХК-ийн 2020.09 18-ны 34 тоот албан бичиг, 2021 оны 04 сарын 22-ны 27, 28 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчээс ".. өмнөх захирамжийн үйлчлэл сэргэх ёстой, шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр А/17 тоот захирамжийг гаргаж, орон сууцны зориулалтыг нэмж өөрчлөлт оруулсан нь хууль бус" гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй" гэсэн нь шүүх хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлтийг хийсэн байна.
3.2.10. Учир нь гуравдагч этгээд анх тус газрыг ямар зориулалтаар эзэмшиж байсан нь маргаан бүхий захиргааны актад огт хамааралгүй бөгөөд хамгийн сүүлд эзэмшиж байсан зориулалт нь ямар байсан бэ гэдэг нь хэрэгт хууль зүйн ач холбогдолтой. Гуравдагч этгээд "ЭЭЖК" ХХК-ийн газар эзэмших эрхийн зориулалтыг НЗД-ын 2013.10.18-ны А/951 тоот захирамжаар" ногоон байгууламж" зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон. Гуравдагч этгээд тус захирамжтай хуульд заасан журмаар гомдол гаргаж маргаагүй. Цаашлаад газар эзэмших эрхийн хугацаа дуусахад Нийслэлийн Засаг даргын 2018.11.27-ны А/1111 тоот захирамжаар газрыг 3 нэгж талбарт хувааж тус бүрийг нь үйлчилгээ, усан парк" болгон өөрчилж олгосон. Гуравдагч этгээд "ЭЭЖК" ХХК-ийн хувьд мөн л тус зориулалт дээр маргаагүй эзэмшиж байсан. НЗД-ын 2020.09.30-ны "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байгуулах тухай" А/1155 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.30-ны өдрийн 147 тоот шийдвэрээр НЗД-ын 2020.09.30-ны А/1155 тоот захирамжийг хүчингүй болгосон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018.11.27-ны А/1111 тоот захирамжийн үйлчилгээ, усан парк" зориулалт бүхий гэрчилгээ сэргэнэ. Харин гуравдагч этгээд нь "ЭЭЖК" ХХК нь Газрын тухай хуульд заасан журам процессын дагуу газрын зориулалт өөрчлүүлэх талаар хүсэлт гаргаагүй байсан бөгөөд НЗД-ын 2022.01.03-ны "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай "А/17 тоот захирамжаар "ЭЭЖК" ХХК-ийн газрын зориулалтыг нэгж талбар тус бүрээр "худалдаа үйлчилгээ, орон сууц, сургууль" "худалдаа үйлчилгээ, орон сууц, цэцэрлэг", "худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор орон сууц" болгон өөрчилсөн. Гэтэл шүүхээс газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт болон баримтууд авагдаагүй байхад тус захирамжаас урьд болон хойно гаргасан хамааралгүй захирамж болон хууль зүйн үр дагаваргүй албан бичгийг тус тус маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0081 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлж, тэдгээрт тулгуурлан захиргааны шийдвэр үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэхэд тайлбар хийж, шийдвэрийн үндэслэл болж буй хууль зүйн хэм хэмжээг уг хэргийн үйл баримттай дүйцүүлэн тайлбарлах замаар маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Тодруулбал,
2.1. Нэхэмжлэгчээс “... Нийслэлийн Засаг даргын 2008 оны 442 дугаар захирамжаар 11.8 га газрыг орон сууцны зориулалтаар газар ашиглах эрх олгосон, ... Газрын тухай хуулийн 44.8-д заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгоогүй, ... Газрын тухай хууль болон Усны тухай хуулийн 3.1.4-д заасныг зөрчсөн, ... Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөлт гарч байгаагүй байхад шууд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, ... Нийслэлийн Засаг даргын 2011 оны 256 дугаар захирамжаар газар ашиглах эрхийг “КБ” ХХК шилжүүлсэн, Улсын дээд шүүхийн 97 дугаар тогтоолоор 256 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/951 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эрхийг сэргээхдээ ногоон байгууламжийн зориулалтаар газар эзэмших эрх олгосон. Анхны газар ашиглах эрх сэргэх ёстой атал газар эзэмших эрх олгосон, ... 11.8 га ногоон байгууламжийн зориулалттай эзэмших эрх бүхий газраа Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3 хувааж 2944, 79875, 2642 болгуулахдаа тус бүрд нь зориулалтыг нь өөрчилсөн, ... Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 147 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон, ... 2021 оны А/653 тоот захирамжийн 1 дэх заалтаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл хугацаанд шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг зогсоосон боловч өөрийн гаргасан захирамжаа зөрчсөн шийдвэр гаргасан. Барилгын зөвшөөрөл шинээр олгосон болон магадлалын ерөнхий дүгнэлт хориглогдсон үйл ажиллагаанд хамаарч байна, ... Усны тухай хуулийн 22.2, 22.2.1-д тус тус заасныг зөрчиж, орон сууцны барилга бариулах зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан, ... Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд тус байршилд орон сууцны барилга баригдахаар тусгагдаагүй атал Барилга хот байгуулалтын яам Хот байгуулалтын тухай хуулийн 7.1.11, 7.5-д заасан чиг үүргээ зөрчиж зөвшөөрөл олгосон, ... БХТ дээрх хуулиуд болон норм нормативын баримт бичигт заасныг зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” гэж заасан.
2.3. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн эзэмшлийн газарт Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, ХТХ2022/00-****, ХТХ2022/00-1** тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 002/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл, 1076/2022 дугаар магадлалын дүгнэлт олгосонтой холбоотойгоор Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгүүдийг хүчингүй болгуулахаар маргаж байх боловч нийтийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хангуулахаар нэхэмжлэл гаргаж маргасныг бүрэн тодруулах шаардлагатай байх бөгөөд нэхэмжлэл хангагдсанаар нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх эсэх нь тодорхой, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442 дугаар захирамжаар “ЭЭЖК” ХХК-д Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай 11.8 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 256 дугаар захирамжаар тус газрыг “КБ” ХХК-д шилжүүлснийг “ЭЭЖК” ХХК-аас эс зөвшөөрч “... Нийслэлийн Засаг даргын 2011 оны 256 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 97 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2012 оны 97 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
2.5. Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А951 дүгээр захирамжаар “ЭЭЖК” ХХК-д 11.8 га газрыг ногоон байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1111 дүгээр захирамжаар талбайн хэмжээ, зориулалтыг “29444 м.кв газрыг үйлчилгээ”, “79875 м.кв газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор”, “2642 м.кв газрыг үйлчилгээ”-ний зориулалт болгон өөрчилсөн байна.
2.6. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1155 дугаар захирамжаар “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1111 дүгээр захирамжийн “ЭЭЖК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байх бөгөөд “ЭЭЖК” ХХК-аас шүүхэд тус захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 147 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
2.7. Харин Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжаар “ЭЭЖК” ХХК-ийн эзэмших эрх бүхий 29016, 29094, 47050 м.кв газруудад “орон сууц”-ны зориулалтыг нэмсэн өөрчлөлт оруулсан байна.
2.8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчны газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/13-01/023-02 дугаар дүгнэлтээр[1] “... Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах “ЭЭЖК” ХХК-ийн гүйцэтгэж байгаа “А” хотхоны 178061**** нэгж талбарын дугаартай 29094 м.кв эзэмшил газраас 7844 м.кв газар нь Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байна ...” гэж дүгнэсэн байна.
2.9. Дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1000 дугаар захирамжаар[2] “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭЭЖК” ХХК нь Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт хууль зөрчиж барилга барьж байгаа нь нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн тул хууль бус үйл ажиллагааг зогсоон, ашиглалтад ороогүй 2 барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/953 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэгт үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
2.10. Мөн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1002 дугаар захирамжаар[3] “ЭЭЖК” ХХК-д эзэмшүүлсэн 178061**** нэгж талбарын дугаар бүхий 29094 м.кв газраас 7844 м.кв газрыг хасаж, талбайн хэмжээг өөрчилжээ.
2.11. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч “ЭЭЖК” ХХК-аас НЗД, Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б, М.У нарт холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай А/1000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай А/1002 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/30 дугаар Захиргааны актыг түдгэлзүүлэх тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч М.У, Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нарын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/13-/023-02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 111 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
2.12. Гэвч нэхэмжлэгч “ОШ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй тус хэргийг шүүх шийдвэрлэснээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1000, А/1002 дугаар захирамжууд үндэслэлтэй эсэхэд тодорхой нөлөө үзүүлэх, уг захирамжуудын үндэслэлд хамаарах асуудлуудад дүгнэлт тайлбар хийгдэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасны дагуу хэргийг нэгтгэж, нэг мөр нэг ажиллагаагаар шийдвэрлэх нь хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүй байх, хэмнэлттэй байх зарчимд нийцэхээр байгааг анхан шатны шүүх онцгойлон анхаарах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.13. Түүнчлэн нэгэнт нэхэмжлэгчээс нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж маргасан байх тул шүүх Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 тоот захирамж гарсны дараах үйл баримт буюу 2023 оны үер болсонтой холбоотой үйл баримтуудыг буюу Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1000, А/1002 дугаар захирамжууд гарах болсон шалтгаан үндэслэл, түүнд хамаарах үйл баримтыг бүрэн тодруулах нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул энэ талаарх баримтуудыг хэрэгт цуглуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаар шийдвэр гарснаас хойшхи үйл баримт буюу уг маргаан бүхий газарт үерийн далан байгуулагдсан байх боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоол, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан усны энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд гуравдагч этгээд “ЭЭЖК” ХХК-д газар эзэмшүүлэх нь нийтэд хор хөнөөлгүй гэж үзэх эсэх талаарх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тус бүрийн тухайд шүүх авч үзэж, үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.
2.15. Нэхэмжлэгчээс “... Газрын тухай хуулийн 44.8-д заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгоогүй, Газрын тухай хууль болон Усны тухай хуулийн 3.1.4-д заасныг зөрчсөн, ... Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөлт гарч байгаагүй байхад шууд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, ... 2021 оны А/653 тоот захирамжийн 1 дэх заалтаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл хугацаанд шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг зогсоосон боловч өөрийн гаргасан захирамжаар зөрчсөн шийдвэр гаргасан, ... Барилгын зөвшөөрөл шинээр олгосон болон магадлалын ерөнхий дүгнэлт хориглогдсон үйл ажиллагаанд хамаарч байна, ... Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасны дагуу “онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, .... Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Дараахь бүсэд хэрэгжүүлэх хот байгуулалтын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтооно”, 23.1.2-т “усны эх үүсвэр, усан сан бүхий газрын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсэд” гэж заасан тус тус газарт хот байгуулалт, барилга байгууламжтай холбоотой ямар ч баримт бичиг анхнаасаа батлагдах хууль зүйн үндэслэлгүй, … Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолын дагуу усны болон энгийн хамгаалалтын бүс тогтоосонд тус газар хамаарч байгаа, ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоосон усны болон энгийн хамгаалалтын бүсийг өөр хэн нэгэн этгээд үйлдэл, шийдвэр, үйл баримтаар өөрчлөх эрхгүй, ... НЗД 2023 оны А/1000, А/1002 дугаар захирамжуудаар 178061**** нэгж талбарын дугаар бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд багтсан газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд тус байршил дээр баригдсан барилга байгууламжийг буулгах шийдвэр гаргасан хэдий ч 2022 оны А/17 дугаар захирамжаар маргаан бүхий газрын зориулалтыг “орон сууц” болгон өөрчилж олгосон байх бөгөөд орон сууцны барилга бариулах зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан, ... Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд тус байршилд орон сууцны барилга баригдахаар тусгагдаагүй атал Барилга хот байгуулалтын яам Хот байгуулалтын тухай хуулийн 7.1.11, 7.5-д заасан чиг үүргээ зөрчиж зөвшөөрөл олгосон, .... Улаанбаатар хотын дундууд урсан өнгөрдөг Дунд голын урсац зогсож тус голыг урсац зогсох, дунд голын ус, эрэг хөвөөг нийтээрээ чөлөөтэй ашиглах нийслэл хотын иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна” гэсэн тус бүртээ өөр өөр агуулга үндэслэлээр маргасан байхад шүүх эдгээртэй холбогдуулан хууль зүйн дүгнэлт, тайлбар хийгээгүй, орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон “хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан журамд нийцэхгүй байна.
2.16. Өөрөөр хэлбэл, шүүх Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 тоот захирамж гарахаас өмнөх үйл баримт болох “ЭЭЖК” ХХК-аас НЗДд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай” А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 147 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн зарим дүгнэлт болох “... Сэлбэ гол, Дунд голын 2.6 км үерийн далангийн засвар шинэчлэлийн ажилд зориулан төсөв баталж, үерийн далан байгуулагдсан, ... усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.4-т “... үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт ... зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасан нь маргаан бүхий газар үйлчлэхээр байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй ... “ЭЭЖК” ХХК-ийн эзэмшиж буй газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй” гэсэн хэсгийг шийдвэрийн үндэслэл болгож, “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн” гэсэн дүгнэлт тайлбар хийж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэл муутай болжээ.
2.17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан.
2.18. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 147 дугаар шийдвэр гарсны дараа 2023 онд үер болсонтой холбогдуулан НЗДас “... Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж багаа нь нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулах, эд хөрөнгөд хохирол учруулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1000, 1002 дугаар захирамжуудыг гаргасан байх бөгөөд захирамжуудад заасан тус нөхцөл байдал бодитоор үүсч бий болсон эсэхэд хамаарах хэрэгт хамааралтай ач холбогдолтой үйл баримтуудыг бүрэн тодруулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэхээр байхад шүүх энэ талаарх баримт нотолгоог бүрдүүлээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн маргасан үндэслэлд огт дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шүүх хэрэгт ач холбогдол бүхий баримт нотолгоог бүрдүүлэх, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт тайлбар хийж хэргийг шийдвэрлэх журамд нийцэхгүй байна.
2.19. Мөн нэхэмжлэлийн “... ХТХ2022/00-****, ХТХ2022/00-1** тоот архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 002/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагад хамаарах ХТХ2022/00-****, ХТХ2022/00-1** тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 002/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл хэрэгжиж дууссан гэж хариуцагч нараас тайлбарласан байх боловч шүүхээс энэ талаар тодруулах ажиллагаа хийлгүйгээр “... гуравдагч этгээдэд олгосон барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгаврын хүчинтэй байх хугацаа дууссан, энэ тохиолдолд нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актуудыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй” гэж дүгнээд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй байна.
Ийнхүү дээр дурдсанчлан анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэлийн зарим шаардлага, маргааны үйл баримттай холбогдуулан хууль зүйн дүгнэлт, тайлбар хийгээгүй, маргааны үйл баримт тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0081 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ