Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 004

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Саранцэцэг,
орчуулагч: А.Еркегүл, 
улсын яллагч: М.Отгонжаргал,
хохирогч: Н.Сулубай, 
шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Зулхаш, 
шүүгдэгч С.Сейтхожа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн С.Сейтхожад холбогдох эрүүгийн 201604000274 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Шүүгдэгч С.Сейтхожа: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Шеруши төлек овогт Сандалын Сейтхожа, БЭ77061312 регистрийн дугаартай, 1977 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. 

Шүүгдэгч С.Сейтхожагын холбогдсон гэмт хэргийн талаар / яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч С.Сейтхожа нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Буянт сумын 3 дугаар багийн иргэн Н.Сулубайг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
    - Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Сейтхожагын өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шар нуур гэдэг газар хашаа барихаар очсон. Би 2016 оны 11 дүгээр сарын 19-ээс 20-ны өдөр мал хариулаад явж байхад Н.Сулубай надтай ирж уулзсан. Н.Сулубайд би “чи уул руу үхэр гаргасан байна, буулгаад ир, өөр газар бэлчээж болно, чи миний газар хашаа хороогоо барьчхаад малаа яагаад хариулж чадахгүй байна” гэж хэлсэн. Н.Сулубай надад чи зунжингаа манай малыг хөөсөн, би малаа хаана хариулахаа өөрөө мэднэ гэж хэлсэн. Н.Сулубай хонь хариулаад явж байсан гэж хэлсэн нь худал. Н.Сулубайгийн дүү нь хонь хариулж байсан. Н.Сулубай надтай ирж уулзахдаа гэрийнхээ зүгээс ирсэн ба буцаад гэр лүүгээ яваад өгсөн би зодоогүй. Бид хоорондоо газар нутгийн маргаантай байсан нь үнэн..” гэх мэдүүлэг,    
    - Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Сулубайгийн өгсөн: “...Тухайн үед эцэг эх маань Өлгий явсан байсан. Тухайн өдөр миний дүү хонь хариулж байсан. Орка гэдэг хүний хоньтой манай хонь нийлэх гэж байсан. Би гэрээсээ гараад харахад дүү маань малаас ирсэн байсан. Би дүүдээ “чи яагаад хүрээд ирсэн юм бэ, хонь нийллээ шүү дээ гэхэд” дүү маань надад “би даараад хүрээд ирлээ” гэж хэлсэн. Би хонь руугаа явж байхад С.Сейтхожа малаа туугаад ирж байсан. Би С.Сейтхожатай мэндлэхэд тэрээр надад “үхрээ буулгаад ир” гэж хэлсэн. Би хонь нийлэх гэж байна гэж хэлсэн. Нэг мэдэхэд С.Сейтхожа намайг ташуураар ороолгож цохисон. Дараа нь юу болсныг мэдэхгүй. Би ухаан алдсан байсан. Ямар ч байсан намайг ташуураар цохисныг мэдэж байна. Би эрүүл мэндээр хохирсон боловч эмчлүүлсэн баримтаа гаргаж өгч чадаагүй ба цаашид нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг,     
Мөн шүүх хуралдаанд: “... хохирогчийг байцаасан тэмдэглэл, гэрч Т.Бейсенби, Т.Нурболат, Б.Батмөнх, Н.Бадамцэрэн, Б.Орал, С.Асан, Х.Наурызхан, Н.Ахтилек нарыг асуусан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
1. Шүүгдэгч С.Сейтхожагын гэм буруугийн талаар:   
    - Шүүгдэгч С.Сейтхожа нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Буянт сумын 3 дугаар багийн иргэн Н.Сулубайг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хохирогч Н.Сулубайгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Сейтхожа гэх залуу миний хажууд хүрч ирээд тэр ууланд байгаа үхэр танайх юм уу гэж асуусан тэр үед би тиймээ манай үхэр гэж хэлэхэд чи очоод тэр үхэрнүүдээ очоод туугаад буулгаад яв тэр газар миний газар гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд манай хонь айлын хоньтой нийлэх гээд байна. Би тийшээ явж байна үхэрнүүдийг буулгавал та өөрөө очоод буулгаад ир гэж хэлсэн. Энэ үед Сейтхожа надад чи хэнтэй юу яриад байгаагаа мэдэж байна уу гэж хэлсэн. Тэгэхэд би түүнд би хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна. Би хүнтэй л ярьж байгаа юм биз дээ гэхэд чи муу яах гээд байгаа юм вэ чи ингэж яваад нэг л өдөр үхнэ биз дээ, газар дээр багтахгүй байгаа юм уу гэж хэлэхэд би түүнд та намайг яагаад хэл амаар доромжлоод байгаа юм вэ. Би таны хэлсэн үг болгоныг цагдаад хэлнэ гэхэд чи цагдаадаа хэлээд надаас олж иднэ гэж бодоо юу, чи муу цаашдаа хэнтэй юу ярихаа мэдэж явах болно гэж хэлээд миний толгойны зүүн чихний дээд хэсэгт ташуураар нэг удаа ороолгоод цохиод авсан тэр үед миний толгой өвдөж эргээд би манараад уйлаад зогсож байсан. Нэг мэдэхэд Сейтхожа миний хажуунаас явчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, 
    - Гэрч Н.Бадамцэрэнгийн /хоч нэр Бадамханд/ хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын сүүл үед би гэртээ ганцаараа сууж байхад Н.Сулубай гэх хүүхэд манай гэрт уйлаад хүрч ирээд намайг Сейтхожа /Соха/ ташуурдаж зодлоо. Манай гэрт хүн байхгүй болохоор нь танайд ирлээ гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, 
    - Гэрч Т.Нурболатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...  аймгийн төвд байж байхад миний хүү болох Сулубай надруу утасдаж мал хариулаад явж байхад Сейтхожа ирээд ташуурдаж зодлоо гэж хэлсэн. Тэгээд би орой 17 цагийн үед хөдөө гэртээ буцаад очиход Сулубайгийн толгой нь хавдсан гэртээ сууж байсан. Тэгээд би түүнээс юу болсон талаар дэлгэрүүлж асуухад би хонь хариулаад явган явж байхад Сулубай миний хажууд морьтой хүрч ирээд ташуураар ташуурдаж зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, 
    - Насанд хүрээгүй гэрч Н.Ахтилекийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Сулубай надад чи яагаад хүрээд ирсэн юм вэ мал Оркагийн малтай нийлэх юм шиг байна. Би очоод хариулаад ирье гээд гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гэрт буцаад хүрээд ирсэн. Ирэхдээ түүний толгой нь хавдсан, уйлсан байсан. Тэгээд би түүнээс юу болсон талаар асуухад би хонь хариулахаар явж байх замдаа Сейтхожа /Соха/ гэх залуу намайг ташуураар толгой тус газарт минь цохиж зодлоо. Миний толгой өвдөөд байна. Чи мал руу өөрөө яваад ир гэж хэлээд өөрөө аймаг руу явсан ба аав ээж нар руу утасдаж ярихаар болж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, 
    - Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 534 тоот дугнэлт: “... Иргэн Н.Сулубайгийн биед тархины доргилттой, зулай, дагзны хэсгийг бүхэлдээ хамаарсан даралттай, зулайнд хавдартай, зүүн хацарт хавдартай, цус хуралттай, хавдартай, зүүн талын чихний доод талд хуйханд цус хуралттай хавдартай, дагзанд хавдартай байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн болно” /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Шүүгдэгч С.Сейтхожагын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах боловч шүүгдэгч, хохирогч нар эвлэрэх боломжгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Сейтхожагын гэмт үйлдэл нь хөнгөн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна. 
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 534 дугаартай дүгнэлт эргэлзээтэй учир хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгахын тулд нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцаах тухай санал гаргаж мэтгэлцсэн болно. 
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хянаж үзэхэд хэсгийн төлөөлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0739 дугаартай Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч эмчид 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 2 хоногт дүгнэлт гаргахыг даалгасан байх ба уг тогтоолын дагуу Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хайрат 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 534 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргажээ.  
Дүгнэлт гаргахын өмнө шинжээчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлд заасан шинжээчийн эрх үүргийг танилцуулж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлагыг урьдчилан сануулж,шинжээч эрх үүрэгтэй танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Нөгөө талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нь уг шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй болно. 
Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заасныг анхаарч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шинжээчийн дүгнэлт” эргэлзээтэй гэх үндэслэлээр хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцаах тухай саналыг хүлээн авах боломжгүй байна. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Сейтхожад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэг бүртгэлтийн явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Сейтхожаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ялаар шийтгэх нь зүйтэй байна. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч С.Сейтхожад оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч С.Сейтхожад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг /эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1/ ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Сейтхожагаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагчийн яллагдагчаар татах тогтоолд С.Сейтхожаг бусдад төлөх төлбөргүй гэж ирүүлсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Сулубайгаас: “эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлэх болно” гэж хохирол төлбөр нэхэмжлэх баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй тул цаашид хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ташуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч С.Сейтхожагын өмчлөлийн 79-18 БӨТ улсын дугаартай Спринтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Сейтхожад гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Сейтхожа нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шеруши төлек овогт Сандалын Сейтхожаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Сейтхожаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар С.Сейтхожад оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч С.Сейтхожагаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ташуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч С.Сейтхожагын өмчлөлийн 79-18 БӨТ улсын дугаартай Спринтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар хохирогч Н.Сулубай нь өөрт учирсан хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 
8. Шүүгдэгч С.Сейтхожад гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Сейтхожад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ДАУРЕНБЕК