| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2022/00067/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/81 |
| Огноо | 2023-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/81
2023 11 27 2023/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* од холбогдох эрүүгийн 2340000000056 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль, татвар эдийн засагч мэргэжилтэй, Төмөр замын цехэд ачигч, буулгагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/201 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* .
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан цагдаа ******* хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэж, хүч хэрэглэж улмаар түүний хамар тус газар мөргөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Мөн цагдаа ******* албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 3,720,000 төгрөг төлсөн. Би болсон үйл явдлыг санахгүй байна” гэв.
Эрүүгийн 2340000000056 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:
-Хохирогч ******* 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 09 сарын 30-ны өдөр цагдаагийн хэлтсийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 15 цагийн орчим байх цагдаагийн ахлагч Д.Э цагдаагийн хэлтсийн гадаа байж байхад нэг жаахан хүүхэд тоглоомын талбайн тэнд нэг согтуу хүн байна, бид тоглоомын талбай орж чадахгүй байна гэх утга бүхий юм хэлчихээд хариу хэлэхийн завдалгүй гүйгээд явчихсан юм билээ, ингээд тухайн хүн болох ******* ыг цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* ар гэрт нь хүлээлгэн өгөх шаардлагатай гэж үзээд хэлтэс дээр авчирсан. Энэ үед тухайн залуу хашгирч орилоод цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй, бидэн рүү дайраад байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулаад байсан тул Цагдаагийн албаны тухай хуулинд заасны дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав хэрэглэсэн. Ингээд хүн ирж автал суулгаж байя гээд жижүүрийн үүдний өрөөний сандал дээр суулгаад, хяналтандаа байлгах явцад миний бие танайхаас ямар хүн дуудах вэ, утасны дугаарыг нь өг, би дуудъя гэх утга бүхий юм ярьж байтал ******* гэнэт босож миний хамарт маш хүчтэйгээр санаатайгаар мөргөсөн. Дахин эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Миний хамар хугарч муруйсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
-Гэрч ******* 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 09 сарын 30-ны өдөр Д.Э хэлтсийн гадаа машинаа асаах гээд байж байхад хажууд нь ойр зуурын юм яриад байж байхад 15:00 цагийн орчим эрэгтэй эмэгтэй 2 жаахан хүүхэд гүйж ирээд цагдаа нараа тоглоомын талбайн тэнд нэг согтуу ах чулуу шидээд яваад байна. Бид нар очиж тоглож чадахгүй байна гэж хэлээд гүйгээд яваад өгсөн. Тэгээд тэнд би М хүүхдийн заасан газарт буюу 40 дүгээр байрны тоглоомын талбайд очиход ******* гэгч нь 40 дүгээр байрны машины зогсоолын хойд талд газар хэвтэж байсан ба нэлээн согтуу байхаар нь ар гэрт нь хүлээлгэн өгье гэж бодоод цагдаа дээр авчирсан. Харин ******* нь гадаа ирээд ойрд хавьд байх хүмүүс рүү хашгираад байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад байсан тул гав хэрэглэсэн. Ингээд жижүүрт ажиллаж байсан цагдаагийн дэд ахлагч ******* ар гэрээс нь хүн дуудах гээд асуумж авч ярилцаж байхад нь мөргөөд хамрыг нь гэмтээсэн гэсэн. Энэ байдлыг би дараа нь сонссон яг хажууд нь байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
-Гэрч Т.Т2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 09 сарын 30-ны өдөр 15 цаг өнгөрч байхад цагдаагийн хэлтсийн байр руу орж ирэхэд цагдаагийн дэд ахлагч *******, ******* гэх хүнийг ар гэрт нь хүлээлгэж өгнө гээд хэлтэс дээр авчирч байсан, тухайн асуудал нь цагдаагийн ахлагч Д.Э гадаа машинаа асаах гээд байж байхад нь нэг жаахан хүүхэд нэг согтуу хүн тоглоомын талбайн тэнд чулуу шидээд байна хүүхдүүд бид нар ойртож чадахгүй, тоглож чадахгүй байна гэж хэлчихээд хариу сонсолгүй гүйгээд явчихсан юм билээ, тэгээд цагдаагийн дэд ахлагч ******* очиход 40 дүгээр байрны сагсны шийд орчим ******* хэвтэж байсан гэсэн. Тэгээд тухайн үедээ согтолт ихтэй байхаар нь ар гэрт нь өгөхөөр хэлтэс дээр авчирсан юм билээ, ******* нь цагдаагийн хэлтсийн гадаа ирээд цагдаа нар руу дайраад ажлыг нь хийлгэхгүй байсан мөн хэлтэс дээр орж ирээд хашгираад байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулаад жижүүрт гарч байсан дэд ахлагч ******* руу хашгираад байсан тул нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав хэрэглээд ирж авах хүн дуудах гээд жижүүрийн үүдний өрөөнд сандал дээр түр суулгаж байсан, энэ үед жижүүрийн цагдаа дэд ахлагч ******* та цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж болохгүй, ар гэрээсээ дуудах хүний утасны дугаарыг өг, би дуудаж хүлээлгэж өгье гэж ярьж байтал ******* гэнэт босож ирээд ******* хамрыг мөргөчихсөн ийм л асуудал болсон. Дахин түүний биед халдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
-Гэрч Д.Э 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 09 сарын 30-ны өдөр 15 цагийн орчим байх цагдаагийн хэлтсийн үүдний дэлгүүрийн үүдний зогсоол дээр миний автомашины аккумлятор суугаад би өөр машинаас холбож асаах үйлдэл хийж байх үед 2 жаахан хүүхэд гүйж ирээд сагсны шийд дээр тоглох гэсэн нь нэг согтуу ах чулуу шидээд яваад байна. Бид нар тоглож чадахгүй байна гээд үг хэлэхийн завдалгүй гүйгээд явчихсан. Энэ үед цагдаагийн дэд ахлагч ******* 40 байрны ойролцоох тоглоомын талбай орчмоос ******* мөргөсөн хүнийг авчирсан юм билээ. ******* мөргөсөн гэдгийг сүүлд нь сонссон хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
-Гэрч М.М 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр буюу 2023 оны 09 сарын 30-ны өдөр 15 цаг дөнгөж өнгөрч байхад цагдаагийн хэлтсийн гадаа Д.Энхбат ах машиныхаа аккумляторыг дэд ахлагч М.М ахын машинтай холбож асаах гэж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр жаахан хүүхэд гүйж ирээд 40 байрны тоглоомын талбайн тэнд нэг согтуу ах тоглоомын талбай шийдний орчим чулуудаад бид тоглож чадахгүй байна гэж хэлчихээд үг хэлэхийн завдалгүй гүйгээд явчихсан. Тэгээд тэнд ******* бид хоёр сонссон болохоор тухайн газарт нь очиход ******* гэгч нь тоглоомын талбай дээр унтаж байсан. Ингээд бид ар гэрт нь хүлээлгэж өгье гээд цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм. Тухайн хүн хэлтсийн гадаа ирчихээд дотогшоо орохгүй гээд нэлээн шаардлага эсэргүүцээд байсан учир ******* ард нь гавлаад хэлтэс дотор оруулсан. Энэ үед дэд ахлагч ******* ар гэрээс нь хүн дуудах гэж утасны дугаар асууж байхад түүнийг мөргөж хамрыг нь гэмтээсэн юм билээ” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Т 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 509 дугаартай “1.******* биед хамар яс, баруун ухархайн хананы хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* хамар тус газар мөргөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Мөн шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
-хохирогч ******* 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/, гэрч ******* ийн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Т.Төгөлдөрийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Д.Энхбатын 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч М.М 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Т 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 509 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Хууль сахиулагч гэх ойлголтод олон нийтийн эрх ашгийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг цагдаагийн алба хаагч хамаарах ба хууль зөрчсөн иргэдээс тэднийг эсэргүүцэх, албан үүргээ гүйцэтгэхэд нь саад болох тохиолдол цөөнгүй гардаг тул энэ үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавих, нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардах, гэмт хэрэг, зөрчлийн ул мөрийг бэхжүүлэх, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг хангах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд учирсан саадыг арилгах зорилгоор хүнийг тодорхой байр, газрыг орхин явахгүй байх, эсхүл өөр газар шилжин байрлахыг шаардах, гэмт хэрэг, зөрчлийн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай хуулиар хориглосноос бусад баримт эд зүйлийг гаргаж өгөхийг шаардах, цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэхээр шаардлага тавих эрхтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ба энэ гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй бөгөөд хүч хэрэглэн эсэргүүцсэн үеэс төгс үйлдэгдсэн тооцогддог байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан ба энэ гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хөнгөн хохирол учирсан үеэс гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байх тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* хамар тус газар мөргөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Мөн шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч ******* ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхээс шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед хөнгөн гэмтэл учруулсан байна.
Хохирогч ******* “Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүр цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* би 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа ******* гэгчид мөргүүлж, биедээ гэмтэл авсан. ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр миний эмчилгээний зардалд 4 сая төгрөг өгөхөөр болсон. Эмчилгээний мөнгө өгвөл миний бие гомдолгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь хохирогч *******ахатжанд эмчилгээний зардал 3,720,000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн, шүүх хуралдааны товыг хохирогч *******ахатжанд мэдэгдэхэд “би хохирлыг бүрэн авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариуг өгсөн, хохирогч нь 4 сая төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч эмчилгээтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд учруулсан хохиролд 3,720,000 төгрөгийг өгсөн байх тул шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч ******* ын үйлдсэн гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* ын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг зүй зохисгүй хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал, эрх зүйн мэдлэг, ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч нь ******* ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 7 (долоон) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч ******* од эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан эмчилгээний зардалд 3,720,000 төгрөгийг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/201 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлж дууссан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хэнтий аймгийн дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 7 (долоон) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, ******* ыг 7 (долоон) сарын хугацаанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч ******* од оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 3,720,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 7 (долоон) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* ыг 7 (долоон) сарын хугацаанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ******* од оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
7.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 3,720,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ