Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 1485

 

 

 

 

            2020        04          30

                                 101/ШШ2020/01485

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б гаргасан,

Хариуцагч: Н холбогдох,

Дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ... тоот захирамжаар Б, П нараас 189,279,077 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нь уг шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан ...тоотод байрлах ... м.кв талбайтай орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 238,381,000.00 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна.

Би, Н ны 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/373 тоот мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээж аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргасан. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн бүсэд байршилтай, эрэлт хэрэгцээ ихтэй, 2014 онд ашиглалтанд орсон бөгөөд 3 цонх нь наран талдаа, 16 давхар орон сууцны 8 давхарт байрладаг учраас өндөр үнээр үнэлэгддэг.

Бид, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ... зарын сайтаас харахад хотын төвийн бүсэд байрлалтай манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй 3 өрөө орон сууцууд 260,000,000-300,000,000 төгрөгийн ханштай байна. Иймд, Н-стомилогдсон хөндлөнгийн шинжээч болох “В” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар захирамжаар Баас 189,249,077.00 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 19261702 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч П, Б нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгчийн өмчлөлийн ... орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хураасан.

Төлбөр хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч Баас 500,000,000.00 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч “Х” ХХК-иас шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тул 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “В” ХХК-ийг шинжээчээр томилсон Тус компанийн дүгнэлтээр барьцааны зүйлийг 238,381,000.00 төгрөгөөр үнэлсэн байсныг талуудад 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/373 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Манай байгууллага албадан дуудлага худалдааны үнэлгээг зохих ёсоор явуулсан тул хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баас хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ... тоот захирамжаар Х ХХК -ийн гомдолтой Б, П нарт холбогдох 189,249,077.00 төгрөг гаргуулах тухай эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталжээ /х.х-ийн 5-7 хуудас/.

 

Тодруулбал, Б, П нараас үндсэн зээлийн үлдэгдэл 166,266,975.00 төгрөг, зээлийн хүү 22,968,305.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,797.00 төгрөг, нийт 189,249,077.00 төгрөгийг гаргуулж Х ХХК -нд төлөх, төлөөгүй тохиолдолд******* тоот улсын бүртгэлийн дугаартай ...хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн талуудын эвлэрлийн баталсан байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар уригдагч буюу төлбөр төлөгч нар эвлэрлийн гэрээг сайн дураар биелүүлээгүй учраас тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай ... тоот гүйцэтгэх хуудсыг олгосон байна /х.х-ийн 4, 30, 31 хуудас/

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өгсөн баримтаар тус байгууллага нь төлбөр төлөгч нараас 189,249,077.00 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн дээрх захирамжийг албадан биелүүлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 19261702 тоот тогтоол гаргаж, энэ талаар төлбөр төлөгч нарт мэдэгджээ /х.х-ийн 36, 37 хуудас/.

 

Улмаар хариуцагч Н-с Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 9, 38-46 хуудас/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гээд 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заажээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Н-с хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

 

Хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгч Б, Н нараас хариуцагч Н-т2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр маргааны зүйл болсон нэхэмжлэгчийн өмчлөлийн ...хаягт байрлах орон сууцны зах зээлийн үнийг 500,000,000-580,000,000.00 төгрөг гэснийг төлбөр авагч Х ХХК -иас үл хүлээн зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ /х.х-ийн 11, 47-53 хуудас/.

 

Ингээд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 37 тоот тогтоолоор дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоохоор “В” ХХК-ийг томилсон ба тус компанийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар тухайн үл хөдлөх хөрөнгийг 238,381,000.00 төгрөг гэж үнэлжээ /х.х-ийн 54, 59-78 хуудас/.

 

Энэхүү дүгнэлтэд тусгагдсанаар барьцаа хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоохдоо ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн орон сууцыг бодит байдалтай танилцаж, үнэлгээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, “В” ХХК-ийн дүгнэлтэд уг үнэлгээг ямар эх сурвалж үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн ханш хэд байгаа зэргийг тус тус судалж, дүгнэсэн байна. 

 

Хөрөнгийн үнэлгээний тухай 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хараат бус байх” гэж, түүнчлэн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж тус тус заасан бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хөрөнгийн үнэлгээчин Б нь тусгай зөвшөөрөлтэй, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байгаагаас гадна В ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг ажээ /х.х-ийн 74, 75 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3.-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б нь “В” ХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, уг орон сууцны зах зээлийн ханшийг 238,381,000.00 төгрөгөөс илүү гэж маргаж буй тохиолдолд үүнийг баримтаар нотлох ёстой бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй, харин хариуцагч Н нь хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон ажиллагаа нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “В” ХХК-ийг маргааны зүйл болох орон сууцыг бодитоор үзэж, дүгнэлтийг гаргаагүй гэсэн боловч тус компанийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар орон сууцны байдалтай танилцаж, дотоод зохион байгуулалт, ашиглалтын талаарх зураг авч, хэмжилт хийсэн талаар тодорхой дурдсан байна.

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б-ы гаргасан хариуцагч Н-т холбогдох ... тоот улсын бүртгэлийн дугаартай ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай ... өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР