Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2415

 

 

 

 

 

            2020        07          02

                                 101/ШШ2020/02415

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Ш СӨХ гаргасан,

 

Хариуцагч: М-д холбогдох

 

            Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 511,064.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч К, хариуцагч М, нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“... тоотод оршин суудаг хариуцагч М 2016 оны 1 дүгээр сараас хойш орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг төлөөгүй. Түүнтэй энэ талаар уулзахаар янз бүрийн шалтгаан хэлээд явдаг. Манай сууц өмчлөгчдийн холбооны хувьд тухайн байрны дээвэр, хана, цахилгаан, сан техникийн засвар үйлчилгээ, хог ачих зэрэг ажлаа хангалттай хийдэг.

 

Хүүхдийн цэцэрлэг болон байр хоорондын хашааг албан ёсоор бид хүлээн аваагүй боловч цэвэрлэдэг. Урьд өмнө барилга нурааж, барих гээд өндөр хашаа барьсан байхад нь нэг хэсэг буюу 3 сарын хугацаанд цэвэрлээгүй үе байсныг нуухгүй. Гэвч одоо бол шинэ цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж ус зайлуулах хоолой хийх болон бусад тохижуулах ажил хийгдэж байгаа учраас цэвэрлэх асуудлыг манай сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцахгүй.

Иргэний хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг баримтлаад хариуцагч М-гийн 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг нэхэмжлэхгүйгээр татгалзсан. Тиймээс 2017 оны 4 сар, 2018, 2019 он, 2020 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрт нийт 511,064.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манайх 2 ширхэг ариун цэврийн өрөөтэй, унтлагын өрөөний ариун цэврийн өрөөгөө огт ашигладаггүй. Учир нь, байнга бөглөрдөг, мөн цэцэрлэгийн хашаанаас манай гэрийн цонхны доод хэсгийг нэхэмжлэгч нь огт цэвэрлэдэггүй. Би, уг хашааг нураахад хогийг нь цэвэрлээд өгөөч гээд 150,000.00 төгрөгийг тус байгууллагад өгсөн. Гэтэл одоо болтол цэвэрлээгүй, ялаа шумуул, үнэр танар муухай учраас бид нар цонхоо ч онгойлгож чадахгүй, амар тайван амьдарч чадахгүй байна.

 

Би, 2017 оны 4 сар, 2018, 2019 он, 2020 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй.  Гэвч төлөхгүй байгаа шалтгаан бол дээр дурдсан хогийг огт цэвэрлээгүй 1 жил гаруй болсон. Ийм байдалтайгаар уг сууц өмчлөгчдийн холбоо нь ажил хийгээгүй байхад нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш-оос хариуцагч Мд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 511,064.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Хариуцагч М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийг орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг зохих ёсоор хангаагүй, цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хангалттай хийдэггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

 

            Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн засаг даргаас 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ш СӨХ-д 36 тоот дугаартай гэрчилгээ олгож, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэжээ.

 

Тус гэрчилгээг үзвэл нэхэмжлэгч Ш СӨХ-ныгүйцэтгэх захирлаар Кг томилсныг мөн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж, мөн Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг хэлнэ” гэж тус тус заасан.

 

            Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбоо нь хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг орон сууц өмчлөгчдөөс бий болгосон хуулийн этгээдийн эрхгүй холбоо юм.

 

            Хэдийгээр сууц өмчлөгчдийн холбоо нь ийнхүү хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд тус харилцаанд оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд түүнчлэн Иргэний хуулийн 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, зөрчил гаргасан тохиолдолд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй этгээд болно.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд холбооны Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг зохицуулсан ба тэрээр тус 12.4.4-т зааснаар энэхүү хууль болон Иргэний хуулийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, тухайн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

            Иймд, нэхэмжлэгч Ш СӨХ-г гүйцэтгэх захирал К төлөөлж, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг орон сууц өмчлөгчөөс шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болно.

 

            Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сууц өмчлөгчийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний тогтоосон зардлын хэмжээ болон хариуцагч М-г ... тоот хаягт орших орон сууцны өмчлөгч эсэх талаар маргаагүй ба тэрээр 2017 оны 4 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны зардалд нийт 511,064.00 төгрөгийг төлөөгүй байна.

 

              Гэвч хариуцагч Мгийн зүгээс нэхэмжлэгч Ш СӨХ-г орон сууцны ойр орчмын талбайн хогийг цэвэрлэдэггүй гэж маргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үгүйсгээгүй. Тодруулбал, хариуцагчийн өмчлөлийн орон сууцны цонхон талын хогийг нэхэмжлэгч нь 3 сарын хугацаанд цэвэрлээгүй ажээ. Энэ тохиолдолд хог цэвэрлэх зардал сарын 1,500 төгрөгийг хариуцагч тал төлөх нь шударга биш тул нэхэмжлэлийн шаардлагаас 4,500 төгрөгийг хасч тооцох нь зүйд нийцнэ.

 

            Харин бусад сарын хувьд хариуцагч нь хариу тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй учраас нэхэмжлэгчийг 1 жилийн турш маргаж байгаа тухайн газрын хогийг цэвэрлээгүй гэж шууд буруутгах үндэслэл болохгүй.

 

            Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 107 дугаар зүйлийн 107.2 болон 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Гэтэл хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгчийг 1 жилийн турш маргаж байгаа тухайн газрын хогийг цэвэрлээгүй” гэх тайлбараа баримтаар нотлохгүй байх тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

 

Сууц өмчлөгчдийн холбоо нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд орон сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлд энэ талаар гомдол гаргах, засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй болон холбооны үйл ажиллагааг шалгуулахаар холбогдох байгууллагад хүсэлт тавьж, шийдвэрлүүлэх эрхтэй.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-ийн “Орон сууц өмчлөгч нь .................дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж, мөн 148 дугаар зүйлийн 148.2.3-д “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” үүрэгтэй гэж заасан.

 

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцож, төлөх үүрэгтэй.

 

 Иймд, зохигчид 511,064.00 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй ба 3 сарын хогны мөнгө 4,500 төгрөгийг хасахад 506,564.00 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус зааснаар хариуцагч Мгээс 506,564.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,982.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 15,847.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНДАЛБАЯР