| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/00677/и |
| Дугаар | 2317 |
| Огноо | 2020-06-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2317
| 2020 06 26 | 101/ШШ2020/02317 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Б ХХК-нд холбогдох,
16,123,852.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан тул одоо товчхон дараах тайлбарыг гаргаж байна.
Манай компани хариуцагч Б ХХК-тай2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл 24 сарын хугацаатай төмөр зам, суман шилжүүлэг зэрэгт тогтмол хугацаанд техникийн үзлэг хийх, урсгал засвар хийх, ажлын хөлсийг тухай бүрт төлж байх гэрээ байгуулсан. Гэрээний 2.2-т гэрээний төлбөрийг улирлын хөлс 2,149,847.00 төгрөг ба гэрээ байгуулснаас хойш хариуцагч нь 2016 оны 1-9 сар хүртэл хүртэл ажлын хөлс төлөөгүй тул бид нар хэлцэл байгуулж, ажлын хөлсийг 22,500,000.00 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон. Уг төлбөрийн 2,500,000 төгрөгт нүүрс, 20,000,000.00 төгрөгт хөөрөг авч төлж дуусахаар тохирсон.
Гэвч үүнээс хойш 2016 оны 4 дүгээр улирал, мөн 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр
улирлын төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа өмнөх хурал дээр нүүрсний асуудал хөндөгдсөн тул 1 тонныг 85,000.00 төгрөгөөр бодож 32 тонн нүүрсийг 2016 оны сүүлээр нэг удаа нийт 2,720,000.00 төгрөг, 2017 онд 1 тонныг 95,000 төгрөгөөр бодож, 16 тонн нүүрс авсан. Нийт нүүрсний тооцоог 4,240,000.00 төгрөгөөр тооцож үүнээс өмнөх хэлцлийн 2,500,000.00 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1,740,000.00 төгрөгийг нэхэмжлэлийн үндсэн үнэ, алданги 870,617.00 төгрөгийг хасаад 13,513,235.00 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч тал нүүрсний тухай огт хүлээн зөвшөөрөхгүй байж байгаад өнөөдөр зөвшөөрч байна, энэ талаар захирлаас нь тодруулж асуухад рес өгсөн гэсэн, бэлэн мөнгө бас өгч тэрхүү асуудал дууссан. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000.00 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй. 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Х ХХК-ийн албан бичиг, мөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн болоод 2016 онд нийт 3 албан бичиг байгаа. Уг албан бичиг дээр 2016 оны 4 дүгээр улирлын тооцоог бараагаар барагдуулсан, 2017 оны 1, 2, 3 дугаар улирлын мөнгө төлөгдөөгүй гэж бичсэн байна.
Нийт 4 жилийн өмнөх асуудал тул би өөрөө үүнд оролцож байгаагүй, манай компанид нэхэмжлэх огт ирж байгаагүй, бид нэхэмжлэгч талд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ цуцлах албан тоот өгч байсан. Иргэний хуульд гэрээний чөлөөт байдал, тэгш эрхтэй оролцох ёстой талаар заасан байдаг бөгөөд 3.7, 4.2-т тус тус зааснаар манай тал гэрээгээ цуцлах санал тавихад нэхэмжлэгч тал огт хүлээж аваагүй, 5.2-т зааснаар хууль ёсны эрх ашигт огт хохирол учруулж болохгүй тул бид нар гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж байсан.
Нэхэмжлэгч нь 2 тусдаа гэрээг хольж тайлбарлаж байна, Цын гарын үсэг зурсан тул төлбөрийг тодорхой хэмжээнд төлж байсан. Хариуцагч тал улиралд ганц, хоёр удаа тагнуул хийж байгаа тул ирдэг байсан гэсэн. Иргэний хуулийн 8.1.5-д заасан гэм хор учруулж хүндэтгэлгүй хандаж байна, 8.1.6-д зааснаар бид нар санал хэлж төлж чадахгүй байгаа талаар хэлсэн байхад төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй мөнгө нэхэж байна, мөн 9.1.7-д зааснаар боломжгүй гэдгээ тайлбарлаж байхад мөнгө нэхэж байна, 11.2-т зааснаар гарцаагүй байдалд учруулах гэм хор, 12-т зааснаар Толгойт өртөөнөөс нэхэмжлэгч тал нүүрс авсан байсан, 13.3-т зааснаар гэрээгээ цуцлах гэтэл нэхэмжлэгч тал гэрээ нэгэнт хийсэн тул 10,000,000.00 төгрөг авна гэж байна,
Түүнчлэн 40.2-т зааснаар хуулийн дагуу хүсэлт тавьж байхад хүлээн зөвшөөрөхгүй байна, 43.3, 45, 46.3-т зааснаар гэрээ ерөнхий захирлын гарын үсэггүй хуурамч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл, гэхдээ нэгэнт Ц гарын үсэг зурсан тул тодорхой төлбөр төлье гэсэн, 48.2-т зааснаар өөрт ашиггүй бол татгалзаж болдог, 56.1.1, 57, 58.3.4, 58.6-д зааснаар төөрөгдсөн байна гэдгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдсэн, 58.7-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээд гэрээ хийсэн, 202-т заасан стандарт нөхцлүүд гэрээнд ороогүй, 202.3-т зааснаар албан бичиг өгсөн, 202.2.8, 202.2.11, 202.2.13, 204.1-т зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн албан тоот өгсөн, 209-т зааснаар төлбөрийн чадваргүй болсон тул үүрэг гүйцэтгэхээс татгалзсан,
Бас 221.1-т зааснаар талууд гэрээнээс татгалзах болно, 221.2-т заасан давагдашгүй хүчин зүйл үүсэж манай компани төлбөрийн чадваргүй болсон, 249.1-т зааснаар гэрээний ихэнхи төлбөрийг төлсөн, үлдсэн төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар хэлсэн, 355.2, 356.1, 357, 364.2, 367 дах заалтууд гэрээнд байдаг. 2 гэрээг хольж тайлбарлаж, нүүрс авсан байж аваагүй гэж доромжилж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч Б ХХК-д холбогдуулан 16,123,852.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн төлбөр 10,749,235.00 төгрөгөөс 1,740,000.00 төгрөг, алданги 5,374,617.00 төгрөгөөс 870,617.00 төгрөгөөс тус тус татгалзаж, нийт 13,513,235.00 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Б ХХК-тайзамын урсгал засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Тодруулбал, тус гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшиж, ашигладаг 0.579 км урттай төмөр зам, 2 ширхэг иж бүрэн суман шилжүүлэг болон 5 ширхэг авто гарамд техникийн үзлэг, урсгал засвар хийхээр тохиролцсон байна /х.х-ийн 10-12 хуудас/.
Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч Б ХХК нь бараа бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахтай, уг агуулахад ачаагаа хүргэхэд төмөр замаар тээвэрлэх шаардлагатай байдаг бөгөөд тус компани дээр дурдсан 0.579 метр урт төмөр замыг эзэмшдэг бол харин нэхэмжлэгч Х ХХК нь зам төмрийг засварладаг мэргэжлийн байгууллага ажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудыг тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг эсэхийг тодруулахаар тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2020/09819 тоот захирамжаар нотлох баримт бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингээд Зам, тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн баримтаар тус яамны сайдын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 159 тоот тушаал болон 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 190 тоот тушаалаар хариуцагч Б ХХК-д өмнө нь олгосон төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээний хугацааг нь сунгасан бол мөн уг яамны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 368 тоот тушаалаар нэхэмжлэгч Х ХХК-ийн дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар арчлалт хийх тусгай зөвшөөрлийн хугацааг тус тус сунгасан байна /х.х-ийн 81-100 хуудас/.
Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “төмөр замын объект гэж төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хэлнэ” гэж, мөн 3.1.2-т “суурь бүтэц гэж төмөр замын шугамын дээд, доод бүтэц болон гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж, өртөө, зөрлөг, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол холбоо, мэдээллийн барилга байгууламж, гарам, хориг хашаа зэрэг техник технологийн иж бүрдлийг хэлнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Б ХХК нь дагнасан хэрэглээний төмөр замын объектыг эзэмшдэг бол нэхэмжлэгч Х ХХК нь дагнасан хэрэглээний төмөр замын объектод засвар үйлчилгээ хийх эрхтэй этгээд ажээ. Энэ талаар тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “дагнасан хэрэглээний зам гэж эзэмшигчийн өөрийн хэрэгцээг хангах буюу гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан салбар замыг хэлнэ” гэж, мөн 3.1.16-д “суурь бүтэц эзэмшигч гэж суурь бүтцийг өмчлөх буюу эзэмших эрхтэй, суурь бүтэц ашиглах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ” гэж, түүнчлэн 3.1.20-д “дагнасан хэрэглээний зам эзэмшигч гэж эзэмшилдээ дагнасан хэрэглээний замтай хуулийн этгээдийг хэлнэ” гэж тус тус заажээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ..................” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус зааснаар зохигчдод төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох тусгай зөвшөөрлийг олгосон ба талууд энэ талаар маргаагүй.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн хооронд үйлдсэн засварын ажил гүйцэтгэснийг хүлээн авсан тухай акт зэргийг үзвэл нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б ХХК-ийн эзэмшлийн дагнасан хэрэглээний 17 метр зам, 2 ширхэг суман шилжүүлэг, 5 ширхэг гармыг засварлахаас гадна техникийн үзлэг хийж, эвдэрсэн хэсгийг засварлаж, гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгдөг байжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын тохиролцсон ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гүйцэтгэгч нь хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх ба тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх учиртай.
Зохигчдын байгуулсан гэрээний 2 дугаар зүйл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар талууд нэг улирлын төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан дүнгээр 2,364,832.00 /НӨАТ/ төгрөгөөр тохирч, хариуцагч нь тухайн улиралд гүйцэтгэсэн ажлыг дүгнэсэн актыг үндэслэн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч Б ХХК-д холбогдуулан 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны бүх улирлын төлбөрт 9,009,235.00 төгрөг, алдангид 4,504,000.00 төгрөг, нийт 13,513,235.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч Б ХХК-иас нэхэмжлэгч Х ХХК-нд төлбөл зохих төлбөрийн хэмжээ 22,500,000.00 төгрөг байснаас 2,500,000.00 төгрөгийг бэлэн мөнгө эсхүл нүүрсээр төлж, үлдэх 20,000,000.00 төгрөгт хөөрөг өгөхөөр болжээ /х.х-ийн 13 хуудас/.
Тодруулбал, зохигчдын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны өглөг, авлагын үлдэгдэл тооцоо нийт 22,500,000.00 төгрөг байснаас хариуцагч нь нэхэмжлэгчид 2,500,000.00 төгрөгийг нүүрсээр, 20,000,000.00 төгрөгийг уулын гүний мөсөн болор мана хольцтой хөөргөөр тус тус төлсөн талаар маргаагүй.
Үүнээс өмнө нэхэмжлэгч Х ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Б ХХК-д хүргүүлсэн албан тоотыг үзвэл 2015 оны төлбөр 9,459,328.00 төгрөг дээр 2016 оны 1 дүгээр улирлын төлбөр 2,374,832.00 төгрөг нэмэгдэж, мөн 2015 оны 09 дүгээр сарын зам засах, нурмаг ачааны талбай барих ажлын үлдэгдэл төлбөр 6,819,130.00 төгрөгийн хамт нийт 18,643,290.00 төгрөг болсноос хариуцагч нь нэхэмжлэгчид 6,085,800.00 төгрөгийн үнэ бүхий метал төмөр өгч, үлдэх 12,557,490.00 төгрөгийг төлөхийг мэдэгдэж байжээ /х.х-ийн 14 хуудас/.
Мөн нэхэмжлэгч Х ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Б ХХК-д хүргүүлсэн албан тоотод дурдсанаар 2015 оны урсгал арчилгааны зардал 8,599,388.00 төгрөг, 2016 оны 1, 2, 3 дугаар улирлын төлбөр 6,449,541.00 төгрөг /НӨАТ ороогүй/, нийт 15,048,929.00 төгрөг дээр 2015 оны 09 дүгээр сарын зам барих, нурмаг ачааны ажлын үлдэгдэл 6,819,130.00 төгрөг нэмэгдэж, үүнээс хариуцагчийн нэхэмжлэгчид өгсөн 6,085,800.00 төгрөгийн үнэ бүхий метал төмрийг хасч, үлдэх 15,782,259.00 төгрөгийг нэн даруй төлөхийг шаардсан байна /х.х-ийн 15 хуудас/.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны өглөг, авлагын үлдэгдэл 15,782,259.00 төгрөг байсан боловч 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үүн дээр бусад төлбөр нэмэгдэж, нийт 22,500,000.00 төгрөг болсныг хариуцагч нь тийнхүү бараа бүтээгдэхүүнээр төлж барагдуулжээ.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК-иас 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Б ХХК-д хүргүүлсэн албан тоотод дурдсанаар хариуцагч нь 2016 оны бүх улирлын төлбөрийг бараа материал оролцуулж төлсөн боловч 2017 оны эхний 3 улирлын төлбөр 7,094,495.00 /НӨАТ орсон/ төгрөгийг төлөөгүй ба энэ талаар хариуцагч компанид 2017 оны эхний 3 улирлын төлбөр 7,094,495.00 төгрөгийг нэн даруй төлөх тухай мэдэгдлийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн байна /х.х-ийн 16 хуудас/.
Гэвч хариуцагч нь 2017 оны эхний 3 улирлын төлбөрийг төлөөгүйгээс гадна 4 дүгээр улирлын төлбөр буюу тухайн жилийн нийт 9,459,328.00 /НӨАТ орсон/ төгрөгийг төлөөгүй учраас нэхэмжлэгч Х ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Б ХХК-д төлөхийг шаардаж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохыг мэдэгдсэн байна /х.х-ийн 17, 18 хуудас/.
Тодруулбал, нэхэмжлэгч Х ХХК-ийн зүгээс 1 улирлын төлбөрийг 2,149,847.00 /НӨАТ ороогүй/ төгрөгөөр тооцож, хариуцагч Б ХХК-иас 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 4-н улирлын төлбөрт нийт 10,749,235.00 төгрөг нэхэмжилснээс хариуцагч нь 2016 оны 4 улирлын төлбөр болох 2,149,847.00 төгрөгийг төлсөн байна.
Мөн талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр хариуцагч Б ХХК нь 2016 онд 1 тонн нь 85,000.00 төгрөгийн үнэтэй нийт 2,720,000.00 төгрөгийн үнэ бүхий 32 тонн нүүрс, 2017 онд 1 тонн нь 95,000.00 төгрөгийн үнэтэй 1,520,000.00 төгрөгийн үнэ бүхий нийт 4,240,000.00 төгрөгийн үнэтэй нүүрсийг нэхэмжлэгч Х ХХК-нд төлсөн байна.
Үүнээс хариуцагч компанийн төлсөн 4,240,000.00 төгрөгийн үнэ бүхий нүүрснээс 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн актад дурдсан 2,500,00.00 төгрөгийн үнэтэй нүүрсийг хасч тооцвол 1,740,000.00 төгрөгийн үнэ бүхий нүүрс нэхэмжлэлийн шаардлагаас хасагдаагүй байжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч Х ХХК-нд 2016 оны 4 дүгээр улирлын төлбөр 2,149,847.00 төгрөгийг төлсөн учраас үлдэх 2017 оны 4-н улирлын төлбөр болох 8,599,388.00 төгрөгөөс дээр дурдсан 1,740,000.00 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг хасвал хариуцагчийн төлбөл зохих төлбөр 6,859,388.00 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээгээр үүрэг хүлээсэн төлбөр төлөгч буюу хариуцагч нь төлбөрийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой ба ийнхүү биелүүлээгүй тохиолдолд үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б ХХК нь 6,859,388.00 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна. Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д “Дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гээд 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж тус тус зааснаар үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч “Харгуйн хурдатгал” ХХК-ийг 2017 оны 4-н улирлын урсгал засварын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй гэж маргасан. Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид улирал бүрийн гүйцэтгэсэн ажлыг актаар хүлээн авч, баталгаажуулсан байх тул хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байна /х.х-ийн 19-28 хуудас/.
Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.
Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4-т тус тус зааснаар талууд нэг улирлын төлбөрийг тухайн улиралд гүйцэтгэсэн ажлыг дүгнэсэн актыг үндэслэн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор төлөхөөр тохирч, хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр болжээ.
Гэвч хариуцагч тал 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн төлбөр төлөх тухай албан шаардлагыг хүлээн авсан боловч үлдэгдэл 6,859,388.00 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх ба хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгааг үндэслэн 3,429,694.00 төгрөг гэж тогтоов.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” байх тухай зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б ХХК нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас 6,859,388.00 төгрөгийг төлж чадаагүй гэсэн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 6,859,388.00 төгрөг, алданги 3,429,694.00 төгрөг, нийт 10,289,082.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,224,153.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР