| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/01870/и |
| Дугаар | 2286 |
| Огноо | 2020-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2286
| 2020 06 23 | 101/ШШ2020/02286 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-ы гаргасан,
Хариуцагч: Н-д холбогдох,
1,780,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, 2019 оны 06 дугаар сард найздаа зээлдүүлсэн хэдэн төгрөгөө авч чадахгүй байж байгаад тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тэгэхэд хариуцагч Нй нь туслахаар ажиллаж байсан. Бид эвлэрэхээр тохиролцож, найз маань тогтсон хугацаандаа мөнгөө өгсөн. Ингээд бид хоёрыг уулзсаны маргааш нь хариуцагч тал над руу утсаар “шүүхийн туслах байна, та бололцоотой бол 2,000,000 төгрөг зээлээч, би найдвартай хугацаанд нь өгнө” гэж хэлсэн.
Үүнээс хойш дахиад 3-4 удаа утсаар ярьсан тул миний бие түүнийг шүүхийн байгууллагад ажилладаг, цалинтай хүн юм байна гэж бодоод “ах нь тэтгэврийн зээл аваад 1,000,000 төгрөг өгч чадна, чи хугацаандаа өгчихөөрэй” гэж хэлээд зээлийн гэрээ байгуулж, өгсөн. Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шаардуулж байж 310,000 төгрөг төлж, утсаа ч авахаа больсон. Тэгэхээр нь би шүүх дээр ирж, боловсон хүч хариуцсан ажилтнаас хариуцагчийн утасны дугаарыг аваад, зөндөө залгаж шаардахад намайг шүүхэд хандаад хэрэггүй ээ, зохицуулна гэсэн юм.
Одоо миний бие хариуцагчид холбогдуулан үндсэн зээл 1,000,000 төгрөг, нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны хүү 280,000 төгрөгийг алданги 500,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баас хариуцагч Нйд холбогдуулан 1,780,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-д нэхэмжлэлийг хувийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гардуулж, шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 14:30 цагт товлосон боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Нйтэй зээлийн гэрээ байгуулж, 1,000,000.00 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирчээ /х.х-ийн 3 хуудас/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х нь нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч тус нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа эсэх
талаар хуульд заасан хугацаанд хариу тайлбар, татгалзал өгөөгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заажээ.
Тодруулбал, тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар хариуцаг нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар өгөөгүй болно.
Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Тус гэрээний 3 дугаар зүйлд зааснаар хариуцагч Нй нь 1,000,000.00 төгрөгийг сарын 70,000.00 төгрөгийн хүүтэйгээр 3 сарын хугацаанд ашиглаж, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нийт 1,210,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ /1,000,000x7%=70,000x3 сар=210,000+1,000,000=1,210,000 төгрөг/.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заажээ. Тайлбарлавал, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон тохиолдолд ийнхүү гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд гэрээ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчинтэй болдог.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн гэрээг талууд бичгээр байгуулсан байх тул тэдгээрийн хүүгийн талаарх тохиролцоо хуульд нийцсэн байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл хариуцагч Нй нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээл, зээлийн хүүнд 1,210,000.00 төгрөгийг төлөх үүргээ зөрчиж, нэхэмжлэгч Бд 310,000.00 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Нйд холбогдуулан үндсэн зээл 1,000,000.00 төгрөгөөс гадна 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүүнд 280,000.00 төгрөгийг алданги 500,000.00 төгрөгийн хамт тус тус нэхэмжилсэн.
Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагчийг зээлийн гэрээний хугацааг сунгах гэхээр олдохгүй байсан” гэж тайлбарласан. Гэвч уг үйл баримт бодитоор болсон эсэх нь тодорхойгүй ба зохигчид гэрээний хугацааг өмнөх нөхцөлөөр сунгахаар тохирсон бол тэдгээрт гэрээний 3 дугаар зүйлд зааснаар сарын 7 хувийн хүүг цаашид хэвээр үлдээх нэгдмэл хүсэл зоригтой байсан эсэх нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно” гэж, мөн 72 дугаар зүйлийн 72.7-д “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, хугацаа нь иргэний эрх зүй дэх эрх, үүргийг үүсгэх, хэрэгжүүлэх, өөрчлөх, дуусгавар болгох хууль зүйн фактын хувьд эхлэх, өрнөх, төгсөх мөчийг талууд гэрээгээр тохирсон бол тийнхүү сунгахдаа мөн адил харилцан тохирч сунгана.
Гэтэл талууд гэрээний хугацааг тухайлан сунгаагүй байх тул гэрээний агуулга /эрх, үүргийн нэгдэл/, хугацааг өмнөх нөхцөлөөр шинээр тоолж эхэлсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд, хариуцагч Нйгийн төлсөн 310,000.00 төгрөгөөс нэхэмжлэгч Бд төлбөл зохих зээлийн хүү 210,000.00 төгрөгийг хасч, үлдэх 100,000.00 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 900,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, түүнчлэн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.
Талууд, зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон бол Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт гэрээнд заасан хүүг төлөх үүрэг хамаардаг тул энэ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгээс алданги тооцож төлөх үүрэг үүснэ.
Гэвч нэхэмжлэгч Б нь үндсэн зээлийн үлдэгдлээс алдангийг тооцон гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 900,000.00 төгрөгөөс алдангийг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 450,000.00 төгрөг гэж тогтоов /900,000x0.5%=4,500 /1 өдрийн/ 4,500x221 хоног=994,500 төгрөг/.
Иймд, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 900,000.00 төгрөг, алданги 450,000.00 төгрөг, нийт 1,350,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 430,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР