Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/14

 

Б.Өсөхбаярт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга    Н.Энхнаран

Прокурор    Э.Идэрбат

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч    Б.Туул

Насанд хүрээгүй хохирогчийнөмгөөлөгч    З.Нямсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч    Д.Урансувд

Шүүгдэгч    Б.Өсөхбаяр нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Туулын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Өсөхбаярт холбогдох эрүүгийн 1921006530383 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 2001 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, Сонгоол овогт Баярсайханы Өсөхбаяр, урьд

-    Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 02 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Баруун хотон” гэх газарт оршин суух хаягтай Цолмондоржийн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд
 
халдан дураараа авирласан, 16 настай хохирогч Ц.Гоомаралыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогч Ц.Гоомаралын хоолойг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбат шүүгдэгч Б.Өсөхбаярыг Ц.Гоомаралыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, зэвсэг хэрэглэн заналхийлсэн, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, Ц.Гоомаралын биед хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолоор:

-    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг буюу “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай” гэснийг хүчингүй болгож, шүүгдэгч Сонгоол овогт Баярсайханы Өсөхбаярыг Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

-    Шүүгдэгч Баярсайханы Өсөхбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдаж дураараа авирласан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-    Шүүгдэгч Б.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

-    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1,3,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаа/ сар 90 /ер/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

-    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өсөхбаярт оногдуулсан 6 /зургаа/ сар 90 /ер/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
-    Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,. ... шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туул 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Б.Өсөхбаярт холбогдох хэргийг буруу шийдвэрлэсэн, зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Б.Өсөхбаяр нь миний охиныг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн согтуугаар урт том хутгаар хоолойг нь зүсэж эмэгтэй хүүхдийн хоолойд засрашгүй сорви үлдээсэн явдалд гомдолтой байна. Хүн алахыг завдсан гэмт хэрэг үйлдээд байхад хуулийн байгууллага хэрэгтэнд бага ял оноож байна. Шийтгэх тогтоолд “шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн хоолойг хутгаар зүссэн үйлдэл гаргасан байх хэдий ч уг үйлдэлд хүнийг алах гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж болох хохирогчийг үхэлд зайлшгүй хүргэх боломжийг урьдчилан харж, хүсэж үйлдсэн байх зорилго сэдэлт байхгүй байх тул хүнийг алах гэмт хэргийн шинжгүй байна” гэж дүгнэж байгаа шүүхийн шийдвэр ойлгомжгүй, худлаа дүгнэсэн байна. Хэргийн бодит байдал нь гэрээсээ санаатай хутга авч гарч ирээд миний охиныг унтаж байхад хаалганы түгжээг хутгаар зүсэж орж ирлээ гэж айлгасан. Мөн хашгирвал ална, дуугарвал ална, надад хайргүй бол ална гэж хацар болон хоолойг нь тэр том аймшигтай хутгаар зүсэж гэмтэл учруулж алахыг завдаж ална гэсэн зорилгодоо хүрсэн байхад шүүх прокурор Б.Өсөхбаярыг өмгөөлж хамгаалсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Манай охиныг алахыг завдсан гэсэн өмгөөлөгч З.Нямсүрэнгийн санал зөв гэж үзэж байна. Би хохирлын талаар баримт гаргана. Хуулийг өмгөөлөгч шүүх дээр ярих болно. Миний охиныг алахыг завдсан явдалд гомдолтой. Хоолойд нь эдгэшгүй сорви үлдээсэн. Улаанбаатар хот руу очих ирэх зардал, мэс засал хийлгэх зардал, эм тарианы зардал зэрэг зайлшгүй зардлыг шүүх шийдвэрлээгүй нь буруу гэж үзэж байна. Миний охины гоо сайхныг алдагдуулсан явдалд хамаатан садан, эцэг эх, миний охины сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол их хэмжээгээр учирч байна. ... Миний охиныг алахыг завдсан хэрэгт ял оноож өгөхийг хүсэж байна.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туул гаргасан тайлбартаа: “Шөнө унтаж байхад хаалганы уяаг хутгаар зүсэж гэрт орж ирээд, миний охиныг “...хашгирвал ална...” гэж айлган сүрдүүлж авч гараад, хөдөө очиж хоолойг нь зүссэн байсан. Охины маань толгой нь хөдөлсөн байсныг бариулсан. Одоо хичээл сургуульдаа муудаж, сэтгэл санаа нь тогтворгүй, хүзүүндээ арилшгүй сорвитой болсон. Миний хувьд ялыг нь хөнгөн байна гэж үзэж байна. Мөн эмчилгээний зардал, Улаанбаатар хот руу явж ирсэн, Баян-Уул сумаас аймаг руу ирж явсан унааны зардлууд, өмгөөлөгчийн хөлс гээд нийт 6 694 000 төгрөг нэхэмжилсэн байгаа” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбартаа: “Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанаас эхэлж оролцсон. ... Энэ хэрэг дээр хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэг үндэслэлээр давж заалдсан. Шүүгдэгчийн хувьд үйлдэл, эс үйлдэхүй аль алийг нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аюултай нөхцөл байдлуудыг хийсэн. ...Иймд бидний зүгээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байвал ... давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж заасан. ... Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан завдалтаар зүйлчлэх нь зөв байсан. Иймд мөрдөн байцаалтад буцааж, хүн алахыг завдсан гэдгээр зөв зүйлчилж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаан дээр “...алахыг завдсан байна...” гэсэн саналыг гаргаж байсан. Шинжээчийн дүгнэлтээр “...амь насанд аюулгүй...” гээд хохирогчийн хоолойн зүсэгдсэн шарх нь хөнгөн гэмтэл гэж тогтоогдсон байгаа. Гэтэл үүнийг хоолой зүсэгдсэн гэдэг утгаар алахыг завдсан гэж үзэж байна. ...Хоолойд нь шарх сорви үүссэн гэдгийг мэдэж байгаа. Энэ шарх нь эдгэрсэн. Сорви нь арилаагүй байдалтай байгаа. Энэ сорвийг яаж арилгах, сорвины тосыг хэдий хугацаагаар яаж түрхэх зэрэг нь тодорхойгүй байгаа шүү дээ. Хагалгаанд орно гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримт нь шаардлага хангахгүй байна. ...Шүүгдэгчийн хувьд “...гарсан зардлыг төлнө...” гэдгээ шүүх хуралдаан дээр илэрхийлсэн байгаа. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Э.Идэрбат гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байгаа. ...Хутгыг “...Гоомаралыг айлгая. Хэрвээ эвлэрэхгүй гэвэл өөртөө гэмтэл учруулж айлгаж байгаад буцаад эвлэрье гэсэн санаа зорилготой авч гарсан...” гэдэг. ...Түүнээс биш “...чамайг ална...” гэсэн яриа болоогүй гэдэг нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр бүрэн тогтоогддог. Өсөхбаярт алах санаа зорилго байсан бол алах боломж, орон зай энэ хүнд байсан. Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тухайн үед гараагүй. Хоолойг нь зүссэн асуудлыг шүүгдэгчийн зүгээс тайлбарлахдаа “...хутга тулгаад алхаад явж байсан. Маралаа өөрөө огцом хөдлөөд ийм байдал үүссэн...” гэдэг. Тэр хурц хутгаар тийм хэмжээний зүсэгдэх нь тодорхой шүү дээ. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Өсөхбаярт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Өсөхбаярыг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 02 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Баруун хотон” гэх газарт оршин суух хаягтай Цолмондоржийн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдан дураараа авирласан, 16 настай хохирогч Гоомаралыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогч Гоомаралын хоолойг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нар өмнө нь үерхэж байгаад больсон гэх бөгөөд Б.Өсөхбаяр нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Гоомаралыг өөр хүүхэдтэй хамт явж байхыг харснаар түүнтэй орой уулзахыг хүссэн мессеж бичиж, утсаар залгахад Ц.Гоомарал ямар нэгэн хариу өгөөгүй байна. Ингээд шөнийн 01 цагийн орчим Б.Өсөхбаяр тэдний гэрт нь очиж хаалганы түгжээг зүсэж /хаалгаа уяагаар уясан/ ороод унтаж байсан Ц.Гоомаралыг гадагшаа дагуулж гараад хамт алхахгүй бол ална гэж заналхийлэн улмаар авч явсан хутгаараа хоолойг нь зүссэн үйлдэл хийсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, өөрөөр хэлбэл түүний хоолойг зүсэж алахад чиглэсэн үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжид нийцэж байна. Гэвч хохирогч нь зугтаан гэртээ очиж эмнэлгийн тусламж авснаар хохирогчийн амь нас хохироогүй байна. Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь хохирогчийн амь насыг хохироох бодит аюултай арга хэрэгслээр шууд санаатай үйлдэл хийсэн боловч эцсийн үр дагавар нь шүүгдэгчийн хүсэл зоригоос шалтгаалаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасан “завдалт” гэсэн ойлголтод хамаарна гэж үзлээ.

Гэтэл прокурор, анхан шатны шүүх дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахаас гадна оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд нийцсэн байх учиртай.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэдэг зарчимтай хэдий ч шүүхийн практикт хуулийг буруу хэрэглэх жишиг тогтоохоор, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхдээ шударга ёсны хэм хэмжээг илтэд алдагдуулсан тохиолдолд шүүх хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хэргийг буцаах эрхтэй юм.

Иймд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туулын гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Өсөхбаярт холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Өсөхбаярт холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2.    Хэргийг прокурорт очтол Б.Өсөхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
 
ДАРГАЛАГЧ    Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД    З.ЭНХЦЭЦЭГ

Ж.ДОЛГОРМАА