Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0165

 

 

 

 

                                                                                           

 

                                            

Б.БЦийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0969 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.БЦ

Хариуцагч: Туул голын сав газрын захиргааны дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.БЦ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

Хэргийн индекс: 128/2025/0545/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0969 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.БЦийг мэргэшлийн дагуу зохих албан тушаалд томилох, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Туул голын сав газрын захиргааны даргад даалгаж, үлдэх хэсэг болох өмгөөлөгчийн зардлыг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх “...Б.БЦийг мэргэшлийн дагуу зохих албан тушаалд томилох" шийдвэр гарсан нь биелэгдэх боломжгүй шийдвэр болжээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 08 сарын 25-ны өдрийн “Сав газрын захиргаадын бүтэц, тооны дээд хязгаар болон байршлыг шинэчлэн тогтоох тухай” А/685 дугаар тушаал гарсантай холбогдуулан Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Орон тоо, цалингийн санг шинэчлэн батлах тухай” А/73 дугаар тушаал гарсан. Энэхүү бүтцийн өөрчлөлтөөр тус газрын захиргаа нь өнөөдрийн байдлаар сул орон тоогүй ажиллаж байгаа нөхцөл байдал нь өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байдал үүсэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 62.1.3 дах хэсэгт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах;” гэж заасан байна.

Анхан шатны шүүхээс “...Б.БЦийг мэргэшлийн дагуу зохих албан тушаалд томилох” шийдвэр гарсан нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан А/685 дугаар тушаалыг зөрчсөн шийдвэр гарсан байна гэж үзэж байна. Иймд Б.БЦийг мэргэшлийн дагуу зохих албан тушаалд томилох бүрэн боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь “Шүүхийн шийдвэр нь Монгол улсад хүчин төгөлдөр хуулийн адил заавал биелэгдэх зарчим”-ийг алдагдуулсан байна гэж үзэж байна.

2.2. Анхан шатны шүүх Б/29 дугаар тушаалыг хүчингүй болгосон атлаа 2025 оны 1 сарын 6-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дугаар тушаалаар Б.БЦийг албан тушаалаас нь халсан байдаг ба 2025 оны 6 сарын 13-ны өдрөөс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 08 сарын 25-ны өдрийн “Сав газрын захиргаадын бүтэц, тооны дээд хязгаар болон байршлыг шинэчлэн тогтоох тухай” А/685 дугаар тушаалаар орон тооны цомхотгол хийгдсэн байх тул тус тушаал хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл буюу 2025 оны 8 сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган холбогдох дэвтэрт бичилт хийж олгох нь зүйтэй гэж үзэж байна.

2.3. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжгүй байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон боловч хэргийн нөхцөл байдал буюу нэхэмжлэл гаргаснаас хойш төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдөж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдсантай холбоотой Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох хугацааг буруу тооцсон” байх тул шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.БЦээс “Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.БЦийг мэргэшлийн дагуу зохих албан тушаалд томилох, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, өмгөөлөгчийн зардлыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Маргаан бүхий Б/29 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Дотоод аудитын хорооны 2025 оны 11 дүгээр тогтоол, Туул голын сав газрын захиргааны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.1, 4.3.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Захиргааны удирдлагын албаны менежер Батжаргалын БЦ нь албан тушаалд томилогдсон өдрөөс хойш хуульд заасан хугацааны дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хууль болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг ноцтой зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заагдсан “Нэгжийн үйл ажиллагаан дахь эрсдэлийг тооцож, бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх” чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, албан хэрэг хөтлөлтийг стандарт, зааврын дагуу хөтлөх, байгууллагын архивын нэгж бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих” чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2019 онд “Ховд тул” ХХК-тай төслийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч гэрээний үүргийн биелэлтийг хангуулаагүй, хяналт тавиагүй нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийг зөрчсөн болох нь Үндэсний аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02/53 САГ-2020/111/СТА-ТШЗ дугаартай албан шаардлага, Үндэсний аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1049/А0175042. СНАГ-2025/259/НА-СТА- ТШЗ дугаартай албан шаардлагаар тогтоогдож байх тул Б.БЦийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон Захиргааны удирдлагын албаны менежерийн албан тушаалаас халж“ шийдвэрлэсэн байна.

5. Хэргийн нөхцөл байдлын талаар:

5.1. Анх Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Төрийн албаны тухай хуулийн 47.1.4, 47.2, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Огийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн №10/02 тоот удирдамжаар хийсэн дотоод аудитын ажил, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 02/5693 тоот албан бичиг, Туул голын сав газрын захиргааны Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 8.5, 8.15-д заасныг тус тус үндэслэн Захиргааны удирдлагын албаны даргын, Усны менежмент, төлөвлөлтийг зохицуулах албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс тус тус халсан байна.

5.2. Дээрх Б.БЦийг ажлаас халсан Б/02 дугаар тушаалыг Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 206 дугаар тогтоолоор хүчингүй болгож, тус газрын Захиргааны удирдлагын албаны менежерийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргаж, зохих журмын дагуу ажил хүлээлцүүлэхийг даргын үүрэг гүйцэтгэгч (Б. н)-д үүрэг болгожээ.

5.3. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04/1178 дугаар албан бичгээр дээрх тогтоолыг хариуцагчид хүргүүлж, тогтоолын хэрэгжилтийг хангаж, холбогдох баримтыг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна.

5.4. Үүний дагуу Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Б.БЦийг Захиргааны удирдлагын албаны дарга /менежер/-ын албан тушаалд 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс томилж, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/241 албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

5.5. Гэвч хариуцагч 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.БЦийг маргаан бүхий Б/29 дугаар тушаалаар ажлаас дахин халсан, уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5.6. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 08 сарын 25-ны өдрийн А/685 дугаар тушаалаар Сав газрын захиргаадын бүтэц, орон тооны дээд хязгаар болон байршлыг шинэчлэн тогтоож, Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/73 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргааны удирдлагын албаны менежер албан тушаалын орон тоо нь хасагджээ.

6. Анхан шатны шүүх “ ... Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөхөд хуульд заасан мэдүүлэг гаргах хугацаа дуусаагүй байсан ч ажлаас чөлөөлөгдсөнөөр мэдүүлэг гаргах боломжгүй болсон, харин 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр буцаан томилогдсоноос хойш хуульд заасан 30 хоногийн хугацаа болоогүй байхад 3 хоногийн дараа ажлаас халсан тохиолдолд мэдүүлгийг гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй болно. ... Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор[1] нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг[2] хүчингүй болгож, ажилд буцаан томилохыг даалгасан байхад 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажилд томилсон шийдвэр гаргаад 3 хоногийн дараа маргаан бүхий тушаал гаргасныг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. ... Иймд Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны Б/29 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

7. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдсантай холбоотой ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл шийдвэрлэх бодит боломжгүй болсон байхад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хэрхэн хангахтай холбоотой хариуцагчид сонгох боломж олголгүй, дүйцэх албан тушаал гэж ямар албан тушаалыг хэлж байгаа, тухайн албан тушаалын сул орон тоо байгаа эсэхийг тогтоохгүйгээр шууд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр болсон байна.    

8. Хэрэгт авагдсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/685 дугаар тушаалаар[3] нэхэмжлэгч Б.БЦийн ажиллаж байсан Захиргааны удирдлагын албаны менежерийн албан тушаалын орон тоо хасагдсан байгаагаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн албан тушаалыг эрхэлж байсан тохиолдолд ч энэхүү орон тоо хасах тушаал гарах байсан, нэхэмжлэгч энэ үеэс Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааны аль нэгээр хангагдах эрх үүсэж, харин хариуцагчид уг хуульд заасан сонгох боломжийн аль нэгийг хэрэгжүүлэх үүрэг бий болжээ.

8.1. Энэ тохиолдолд шүүх маргаан бүхий тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон ч байхгүй орон тоонд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоох боломжгүй тул хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг “орон тоо хасагдах” хүртэл буюу ажилгүй байсан хугацааны олговрыг урьд эрхэлж байсан цалингийн хэмжээгээр олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

8.2. Харин орон тоо хасагдсан нөхцөл байдал нь хууль бус тушаалтай шалтгаант холбоогүй тул тухайн үед хэрэгжүүлэх ёстой Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: ... 62.1.4.төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгохгэж заасан сонгох боломжийг хариуцагчид олгох нь зүйтэй.

8.3. Учир нь хариуцагч захиргааны байгууллага орон тоо хасагдсан нөхцөл байдалтай холбоотойгоор хуульд заасан дээрх эрхээ хэрэгжүүлж Захиргааны удирдлагын албаны даргын албан тушаалын чиг үүрэгтэй мэргэжил, мэргэшлийн хувьд адил албан тушаалын орон тоо байгаа эсэх, байгаа бол томилох, ажлын байраар хангах, сул орон тоо байхгүй бол нэг удаагийн тэтгэлэг олгох зэргээр хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байхад хариуцагчийг сонгох боломжийг хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн гэж шууд дүгнэх, нэхэмжлэгчийг ямар албан тушаалд томилох боломжтой байсан нь тодорхойгүй байхад ямар албан тушаалын цалин хөлс авч чадаагүй хохирсон гэж үзэж, цалин хөлстэй тэнцэх олговор олгох нь тодорхойгүй тул урьд эхэлж байсан албан тушаалын цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл олгохыг даалгах боломжгүй, биелэгдэхээргүй байна.[4] Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй.

8.4. Гэтэл анхан шатны шүүх “... Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас хууль бусаар чөлөөлсөн нь тогтоогдсон, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших хугацаанд түүний ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан, дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих, ажлын байраар хангуулах эрхтэй байх тул түүнийг мэргэжлийн дагуу зохих албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дугаар тушаалаар Б.БЦийг албан тушаалаас нь халсан байдаг ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 08 сарын 25-ны өдрийн А/685 дугаар тушаалаар орон тооны цомхотгол хийгдсэн байх тул тус тушаал хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл буюу 2025 оны 6 сарын 13-ны өдрөөс 2025 оны 8 сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг тооцож ... олгох байсан ...” гэснийг хангах үндэслэлгүй.

9.1. Учир нь нэхэмжлэлийн “2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага нь Төрийн албаны зөвлөлийн 206 дугаар тогтоолоор хууль бус болох нь тогтоогдсон 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар хууль бус тушаалын улмаас цалин хөлсгүй байсан хугацааны хохирлын нэхэмжлэл байх бөгөөд мөн хариуцагч нь хэлбэрийн төдий ажилд томилсон боловч ажил эрхлүүлж, цалин хөлс олголгүй, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дахин халсан хууль бус Б/29 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгч нь үргэлжлэн хохирсон байх тул анхан шатны шүүхээс “2025 оны 01 сарын 06-наас хойш орон тоо хасагдсан 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох”-ыг даалгасан хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасанд нийцсэн байна.

10. Харин түүнээс хойших хугацаанд учирсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг хэрэглэж олгох үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.4-т заасан нэмэгдэл баталгааг хариуцагч нь хэрхэн хангахаас шалтгаалж, нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу хохирлоо зохих журмаар нэхэмжлэх эрхтэй.

11. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт “... 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс  2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 64.1.4-т заасны дагуу нэмэгдэл баталгааг зохих журмаар хангахыг хариуцагчид даалгах” гэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0969 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Б.БЦийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.БЦт 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган холбогдох дэвтэрт бичилт хийхийг, мөн Төрийн албаны тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.4-т заасны дагуу Б.БЦийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зохих журмаар хангахыг хариуцагч Туул голын сав газрын захиргааны даргад тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БААТАРХҮҮ

 

             ШҮҮГЧ                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

 

             ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[